Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00809

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-6-11 тоотод оршин суух Бадарч овогтой Билэгмаагийн /ФМ-53110565 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга  Ө.Энхбаатар, хүсэлт гаргагч Б.Билэгмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Хүсэлт гаргагч Б.Билэгмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б.Билэгмаа миний бие нь 1976 онд УБДС-ийн орос хэлний ангийг төгсөөд Ховд аймгийн АДХГЗ-ны Боловсролын хэлтсийн даргын 1976-08-18-ны өдрийн 40 тоот тушаалаар Ховд аймгийн Алтай  сумын 8 жилийн сургуульд нөхөр Б.Томоожавын хамт орос хэлний багшаар томилогдон ажилласан.2009 онд тэтгэвэрт гарахдаа хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тус 1976-1981 оны хооронд ажилласан 5 жилийн хугацааг тооцуулж чадаагүй юм.... Иймд 1976-08-18-наас 1981-08-20 хүртэл Ховд аймгийн Алтай  сумын 8 жилийн сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Билэгмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасаныг хангах үндэслэлтэй байна.

Бадарч овогтой Билэгмаа нь 1976 оны 08 дугаар сарын 18-наас 1981 оны 08 дугаар сарын 20-нийг өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан нь Ховд аймгийн боловсролын хэлтсийн даргын 1976-08-18-ны өдрийн 40 дугаар тушаалын баталгаат хуулбар, Ховд аймгийн Архивийн тасгийн 2016-05-02-ны өдрийн 697 лавлагаа, гэрчүүдийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр болон, сурагчийн хувийн хэргүүдийн баталгаат хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.Иймд хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Бадарч овогтой Билэгмааг 1976 оны 08 сарын 18-ны өдрөөс 1981 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Билэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 сарын 26-ны өдөр Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.

3. Энэ шийдвэр  танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ