| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0175/э |
| Дугаар | 0197 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 0197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Б.Алтанцэцэг
хохирогч : Б.Б
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.
шүүгдэгч: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрхий мэргэн овогт М Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806092230105 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э овогт Мн Э,19 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний дугаар ангид ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн дүгээр хороо Дэнжийн дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:
Холбогдсон хэргийн талаар:
М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 04-нээс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал нэртэй зочид буудалд иргэн Б.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Генерал зочид буудалд найзтайгаа байсан. Нөгөө өрөөнд хохирогч Б хоёр найзтайгаа сууж байсан. Тэгээд хоорондоо маргалдаад, зодолдоод байсан. Би гадаа салхилаж байтал Б хана руу хараад шээж байсан. Тэгээд намайг юм асуухад хариулахгүй ханатай яриад зогсож байхаар нь залуу хүн ингэж болохгүй дотогшоо ор гэж хэлчихээд, буудлын ресепшинд энэ хүнээ анхаарч, хараач ээ гадаа хөлдөж үхлээ гээд дотогшоо оруулж өгсөн. Би өрөөндөө ороод угаалын өрөө орох гэтэл Б өрөө онгорхой байсан. Б намайг хараад ороод ир гэхээр нь би гадаа байхад нь оруулж өгсөн учраас баярлалаа гэж хэлэх гэж байна гэж бодоод ортол гэнэт хувцасаа тайлаад өрөөндөө хамт байсан залуутайгаа нийлээд намайг зодоод байсан. Би орилоод өрөөнөөс гартал манай хоёр найз, Э гээд залуу машин барьж өгөх гээд ирсэн эрүүл байсан. Тэр залуу салгаж авсан. Цагдаа руу аваад явах гэтэл Б явахгүй гээд байхаар нь нэг мөргөсөн. Бй хамт намайг зодоод байсан залуу цаанаас нь гараад ирсэн. Миний толгой хавдсан боловч би эмнэлэгт үзүүлээгүй гэртээ харьсан. Буудлын ресепшн Билгүүний хамарнаас цус гарсан гэж хэлсэн. Бид хоёр тохиролцоод 1.800.000 төгрөг гарсныг, мөн цаашид гарах хохирлыг төлнө гээд нотариатаар батлуулаад төлөхөөр болж тохирсон байгаа гэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 9 цаг 40 минутын үед манай өрөөнд орж ирээд маргалдаад, намайг орон дээр дарж байгаад зодсон. Тэгээд найзууд нь орж ирээд аваад гарсан чинь дахин орж ирээд намайг чирж байгаад мөргөсөн. Миний хамар хугарсан, нүдний хугархайн яс цөмөрсөн байсан. Би 1 дүгээр эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Ойрын хугацаанд хамрын хагалгаанд орно. Эмчилгээний зардал 1.700.000, 500.000 төгрөгийн баримт байгаа гэв.
Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр найз Ө.Э уулзаад Генерал баарны зочид буудалд орсон. Бид хоёр уг буудалд орохоосоо өмнө өөр Ибиза бааранд ороод нэг шил архи уусан байсан болохоор буудалд ороод шууд унтсан. Өглөө нь босоод Алдар спорт хорооны хажууд байрлах цайны газарт орчихоод үүдэнд нь байдаг АПУ нэрийн барааны дэлгүүрээс архи аваад буудалдаа эргэж ирсэн. Архи уусан байсан болохоор унтчихсан байсан нэг сэртэл орой харанхуй болчихсон байсан. Би тамхи татах гэж гараад тамхиа татчихаад эргээд өрөөндөө орох гээд явж байтал манай өрөөний хажуугийн өрөөний хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь хартал 2 залуу сууж байснаа намайг ороод ир гэсэн. Нэг залуу нь унтаж байсан нэг нь надтай танилцаад надад архи өгсөн. Тэгээд сууж байтал нэг залуу миний толгой руу шууд цохиод авсан. Би доошоо толгойгоо дараад суутал намайг цохиод байсан. Тэгэхээр нь би уг өрөөнөөс мөлхөөд гартал манай хоёр найз нөгөө өрөөнөөс гараад ирсэн. Тэгээд бид нар буудлаас гарч явж байгаад эргээд утасаа асуухаар иртэл намайг зодсон залуу коридорт зогсож байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд нүүрэн тус газарт нь цохитол нөгөө залуу намайг тэврээд авсан. Тэгэхээр нь би толгой орчим газарт нь хэд хэдэн удаа цохиж байтал манай найз Э ирээд бид хоёрыг салгасан. Би тухайн залууг танихгүй ямар нэгэн маргалдах шалтгаан байгаагүй. Намайг өрөөндөө дуудаж оруулаад архи өгсөн гэжээ. /хх-ийн 16/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр найзтайгаа 2 пиво аваад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Генералууд баарны дээд талын буудлын 204 тоот өрөөнд орж Б, Х бид 3 нэг литрийн Чингис архи, Сэнгүр пиво 2 ширхэгийг хувааж уусан. Нэг мэдэхэд би согтоод буудлын коридорт үл таних хүнтэй маргаад хамар луугаа цохиулчихсан хамарнаас цус гарсан байсан. Би Б, Х нарыг дуудсан боловч өрөөнөөс гарч ирээгүй явчихсан байсан юм шиг байсан. Буудлын ажилтан цагдаад дуудлага өгсөн юм шиг байсан. Цагдаа ирээд намайг авч явсан. Би яагаад өрөөнөөс гарч яагаад хүнд зодуулсан талаараа ерөөсөө мэдэхгүй байгаа юм. Хамарнаас маш их хэмжээний цус гарсан байхад л би сэргэсэн гэжээ. /хх-н 7-13/
Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн ажил болох Генерал буудал дээр ажил дээрээ ирээд ээлжээ Х гэх ресепшингээс авсан чинь өглөө 10.00 цагт бүх өрөө хүнтэй байсан. Өрөөнөөс гарахыг шаардахад 202 тоот өрөөний хүмүүс гарахгүй сунгуулна гээд байсан. Тэгээд удаагүй байж байтал Батлан хамгаалахын цоохор хувцастай эмэгтэй хүн орж ирээд 202 тоот өрөөнд байгаа 2 хүнийг сунгуулна гарахгүй шүү гэж хэлээд мөнгийг нь төлөөд явсан. Тэгээд тэр хоёр тэндээ хонохдоо ийм асуудал гаргасан байх. Бүх зүйл камерт бичигдсэн гэжээ. /хх-н 17-18/
Гэрч Ө.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр би Өмнөд суданд хамт үүрэг гүйцэтгэсэн Эй уулзсан. Бид хоёр эхлээд Ибиза бааранд орж суусан. Тэнд Э найз гэх эмэгтэй байсан бид гурав баарнаас бараг өглөө болж байхад гарсан. Тэндээсээ Генерал баарлуу очоод тэндхийн буудалд Э бид хоёр унтаад үлдсэн. Бид хоёр өглөө 10.00 цагийн орчимд босч ирээд замын эсрэг талд байдаг цайны газарт орж хоол унд идчихээд тэндээсээ мөн нэг шил архи аваад, том савтай пиво хоёрыг аваад нөгөө өрөөндөө буцаж ирсэн. Би архинаас уугаагүй пиво л уусан. Э архи уугаад байсан. Бид хоёр нэг ортой өрөөнд орсон байсан юм. Тэгээд намайг унтаж байхад нөгөө өрөөний залуучууд манай өрөөнд орж ирээд архи авч явж байсныг би харсан. Удалгүй Э гараад ирье гээд гарсан ба буцаж орж ирээд гадаа нэг залуу хөлдөх гээд байж байхаар нь оруулж ирлээ гэж хэлсэн. Тэгээд 2-3 цагийн дараа дахин гарч явчихаад эргэж орж ирэхдээ намайг зодчихлоо гэж хэлсэн. Би Э хажуугийн өрөөнд ороод хэрэггүй наадуул чинь шоронд орж байсан байгаагүй гээд л маргаад байсан хэрэггүй шүү гэж хэлж байсан. Бид хоёр гадагшаа хамт явж байсан Б гэдэг залууг дуудсан чинь ирсэн. Бид гурав гадаа гараад тамхи татаж байтал Э дотогшоо ороод ирий гээд орчихоод гарч ирэхгүй удаад байхаар нь араас нь ортол урдаас гараад ирсэн. Тэгээд бид гурав Генерал бааранд орж пиво ууж сууж байтал Э хүнтэй маргах гээд байсан. Тэгэхээр нь Эйг буцаагаад буудал руу оруулсан. Б бид хоёр баарыг хаатал нь суусан. Б эхнэр ганцаараа байгаа гээд явахаар нь би Эг яаж байгаа бол гэж бодоод буудал руу ороход унтаж байсан нөгөө өрөөний залуучууд нь ч унтаж байсан би тэгээд л яваад өгсөн. Бх бид хоёрыг өрөөнд байж байхад Э гарч явчихаад хажуугийн өрөөнд дуу чимээ гараад байхаар нь очтол Э хажуугийн өрөөний нэг залуутай зууралдчихсан байж байсан. Би тэр хоёрыг салгасан өөр зүйл болоогүй гэжээ. /хх-н 19-21/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23-24/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 13668 дүгнэлт:
1.Б.Б биед хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 25/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 26-28/
М.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29 /,
М.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 57/, хохирогчийн эмчилгээний зардлын тараах баримтууд /хх-н 60-67/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 68/
Хяналтын камерын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 69-70/
М.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 51/, прокурорын тогтоол /хх-н 52-53/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 54-56/ зэрэг болно.
М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 04-нээс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал нэртэй зочид буудалд иргэн Б.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд: Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 13668 дүгнэлтээр Б.Б биед хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 25/, хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Нэг мэдэхэд би согтоод буудлын коридорт үл таних хүнтэй маргаад хамар луугаа цохиулчихсан хамарнаас цус гарсан байсан. Би Б, Х нарыг дуудсан боловч өрөөнөөс гарч ирээгүй явчихсан байсан юм шиг байсан. Буудлын ажилтан цагдаад дуудлага өгсөн юм шиг байсан. Цагдаа ирээд намайг авч явсан. Би яагаад өрөөнөөс гарч яагаад хүнд зодуулсан талаараа ерөөсөө мэдэхгүй байгаа юм. Хамарнаас маш их хэмжээний цус гарсан байхад л би сэргэсэн гэсэн мэдүүлэг /хх-н 7-13/, шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... сууж байтал нэг залуу миний толгой руу шууд цохиод авсан. Би доошоо толгойгоо дараад суутал намайг цохиод байсан. Тэгэхээр нь би уг өрөөнөөс мөлхөөд гартал манай хоёр найз нөгөө өрөөнөөс гараад ирсэн. Тэгээд бид нар буудлаас гарч явж байгаад эргээд утасаа асуухаар иртэл намайг зодсон залуу коридорт зогсож байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд нүүрэн тус газарт нь цохитол нөгөө залуу намайг тэврээд авсан. Тэгэхээр нь би толгой орчим газарт нь хэд хэдэн удаа цохиж байтал манай найз Эирээд бид хоёрыг салгасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
М.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул М.Энхмөнхийг бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э овогт М Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э торгох ялыг 2 сарын дотор нэг сард 300.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. М.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 8 дугаар гудамжны 495 тоотод оршин суудаг, /РД: / М.Э 6.000.000 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн 16 дугаар хороо 44 дүгээр байрны 16 тоотод оршин суух /РД: / Б.Б олгосугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Эавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН