| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0017/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга А.Арай,
Улсын яллагч Н.Анхбаяр,
Хохирогч Б.О,
Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Ш овогт Э.Э-д холбогдох эрүүгийн 1803008720448 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавьяа шагналгүй, урд,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Э-н Э
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Э.Э нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн эмнэлгийн буудлын арын замд “Toyota Ора” загварын 48-56 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.”...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Оыг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн оройн 20 цаг 40 минутын орчим Яармагийн эмнэлгийн буудал дээр гарцаар гарч яваад осол болсон. Би явган хүний гарцаар гарч явахад машин нэлээн зайтай байсан шиг санагдсан боловч маш хурдтайгаар ирж намайг мөргөсөн. Ослоос авсан гэмтлээс үүдэлтэй 3.600.000 төгрөгийн зардал гарсан. Би тодорхой хугацаанд ослын улмаас ажлаа хийх боломжгүй болсон учир ажилгүй байсан хугацааны цалин 4.400.000 төгрөг болсон. Одоогийн байдлаар эмчилгээ дуусаагүй бөгөөд цаашид хагалгаанд орох шаардлагатай. Мөн хагалгааны дараа гам барьж хэвтрийн дэглэм барих ёстой. Би Нүүдлийн соёл иргэншлийн Олон улсын хүрээлэнд ажилладаг. Би нэмэлт зардал буюу шууд бус хохирлыг нэхэмжлэхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 7.800.000 төгрөгнөөс 800.000 төгрөгийг авсан учир үлдэгдэл 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах зардлыг би өөрөө төлнө” гэв.
Хохирогч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг 40 минутын үед Яармагийн эмнэлэгийн буудлын урд талын автобусны буудлаас автобусанд суух зорилготойгоор авто замын ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй зорчих хэсгийн баруунаас зүүн чиглэлтэй урсгалын 2 дугаар эгнээнд ганцаараа зам хөндлөн гарах гээд явж байхад автомашин нэлээн хурдтай ирж мөргөсөн”...гэжээ. / хх-19-21-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн №12454 тоот дүгнэлтэд: “...Б.Оы биед баруун богтос ясны далд хугарал, хэвлий, зүүн өвдөг, шилбэ, баруун гуя, өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. / хх 64-р тал/,
Техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №750 тоот магадлагаа: “...Тоёота Ора маркийн 48-56 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. /хх 80-81-р тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-12/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-91/, Ял шийтгэлийн хуудас /хх-62/, хохирогчийн хохиролын баримтууд /хх-36-48/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн эмнэлгийн буудлын арын замд “Toyota Ора” маркийн 48-56 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.”...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Оыг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12/, хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-64-р тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.
Иймд шүүгдэгч Э.Эд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Эд нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд
Хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 7.800.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 800.000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан ба мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан баримтаар 108.989 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Б.О нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш овогт Э-н Э-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-н Э-г 250 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Э нь нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Эд оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эгээс 108.989 / нэг зуун найман мянган есөн зуун наян есөн / төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Од олгосугай.
6. Хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн жолоочийн № 619830 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Э.Эд буцаан олгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ