Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                  Нэхэмжлэгч: “Х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                  Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга Д.Б д холбогдох,

              “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/570 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Х т ” ХХК-ийн захирал Р.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Ш , аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн У.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

             Нэхэмжлэгч “Х  т ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Аймгийн Биеийн тамир спортын газраас өөрийн байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгууллагын хашаан дотор орон сууцны барилга зах зээлийн үнээс хямдаар бариулахаар барилгын компануудад удаа дараа санал тавьсаны дагуу манай компани гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр аймгийн Засаг даргын А/102 дугаартай захирамжаар Биеийн тамир спортын байгууллагын газраас 4934м2 газрыг манай компанид орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 000307444 дугаартай гэрчилгээ олгосон. 2016 оны хавар барилгын ажил эхлэхээр болж зураг, төсөв болон материал авч ирж хашаа барьж эхэлсэн цагаас эхлэн улс төрийн зорилгоор элдэв явуулга, эсэргүүцэл явагдсан учир барилгын ажил эхлээгүй болно. Энэ үед илэрсэн зөрчил нь тухайн газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулаагүй байсан тул аймгийн Засаг даргын А/102 дугаар захирамжийг хүчингүй болгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11/03 дугаар тогтоол гарсан. Үүний дараа аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/347 дугаартай захирамжаар манай компанид 1500м2 газрыг орон сууцны зориулалтаар олгосон. Газар олгосон үйл ажиллагаа нь бүхэлдээ хууль журмын хүрээнд явагдсан боловч 2016 оны ээлжит сонгуулийн дараа шинээр томилогдсон аймгийн Засаг дарга захирамжаараа манай компанид олгосон газрыг хүчингүй болгосон. Манай компани өмнө нь орон сууцны барилга барьж байсан туршлагтайн дээр барилга барих тусгай зөвшөөрөлтэй бөгөөд ямар нэг улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй, мөн санхүүжүүлдэггүй гэтэл өмнөх Засаг даргын үед олгосон захирамжийг хүчингүй болгож бидний бизнесийн үйл ажиллагаанд саад учируулж байгаа нь эдийн засгийн хямралтай энэ үед компани болон олон ажилтнуудын эрх ашгийг хөндөхийн зэрэгцээ Биеийн тамир, спортын байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг давхар хөндөж байна. Аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэл нь “газрыг давхардуулан олгосон” гэсэн байгаа боловч ямар байгууллагын хэдэн тоот гэрчилгээ бүхий газартай давхцаж байгаа талаар дурьдаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасныг зөрчсөн байх тул аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/570 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “Х.Т” ХХК-ийн захирал Р.С  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аймгийн Биеийн тамир спортын газар 2016 оны 2 дугаар сард байгууллагынхаа хашаанд ажилтнуудын орон сууцны барилга бариулахаар санал тавьсан. Тухайн үед аймгийн Биеийн тамир спортын газрын ажилтнууд хурал хийж хэдэн хүн байр захиалах судалгаагаа өгсөн байсан учраас 2016 оны 3 дугаар сарын 03-нд аймгийн Биеийн тамир спортын газартай хоёр талт барилга бариулах гэрээ байгуулсан. Тухайн үед долларын ханш 2046 төгрөгтэй тэнцэж байхад гэрээ байгуулсан. Аймгийн Засаг дарга манай компанид аймгийн Биеийн тамир спортын газрын эзэмшиж байсан газраас 4934 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Манай компани орон сууцны зориулалтаар газраа эзэмшээд иргэн С.Ц тэй орон сууцны барилга барихаар хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Тэгээд “Сүндэрбаганат”  компанид хүсэлт гаргаад барилгын зураг төсвийн гэрээ хийлгэсэн. Эхний шатны хөрөнгө оруулалтыг иргэн С.Ц ээс хүлээж авсан. Барилгын бүх зардал, мөн техникийн нөхцөл зэргийг бүрдүүлээд зураг хийгдэж эхэлсэн. Тухайн үед Ерөнхий сайд Ч.С  тус аймагт ажиллахдаа манай компанийн барилгын ажилтай танилцаад барилгын ажлыг дэмжинэ гэдгээ хэлсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчлэн баталсантай холбогдуулан аймгийн Засаг дарга манай компанид өмнө нь газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгож, шинээр захирамж гарган 1500 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Манай компанийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон гэдгийг би сүүлд мэдсэн. Барилгын ажил эхлүүлэхээр материал татаж их хэмжээний зардал гаргасан тухайгаа хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш хэлсэн. Аймгийн Засаг дарга манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор бид өрөнд орж, барилгын ажил маань зонсонги байдалд ороод байна. Иймд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/570 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Х т” ХХК барилгын ажил эрхлээд Увс аймгийн 30 гаруй иргэнийг ажлын байраар хангаж байсан. Аймгийн Биеийн тамир спортын газар нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгууллагынхаа хашаан дотор ажилтнуудын орон сууц бариулахаар “Х  т” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Улаанбаатар хотод албан газрууд бүгд хашаандаа ажилтнууддаа зориулаад орон сууцаар хангаж ажилладаг. Улсын Мөрдөн байцаах газар гэхэд хашаан дотроо гурван орон сууц бариулсан, дүүргүүдийн Тамгын газар ч гэсэн орон сууцтай байдаг. “Х, т” ХХК аймгийн Газрын харилцаа,хот байгуулалтын газарт газар эзэмших эрх хэсэгчлэн шилжүүлж авах тухай хүсэлт гаргасныг судлаж үзээд боломжтой гэж үзсэн учраас аймгийн Засаг дарга захирамж гарган 4934 мкв газрыг эзээмшүүлсэн. “Х т” ХХК орон сууцны зураг төсөв болон хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлээд барилгын ажлаа эхлүүлэх гэж байтал иргэд эсэргүүцэж барилгын ажлыг эхлүүлээгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр аймгийн Засаг дарга өмнө нь гаргасан захирамжаа хүчингүй болгон 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/347 дугаар захирамжаар 1500 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.  Улмаар 2016 оны ээлжит сонгууль болж шинэ Засаг дарга ажлаа хүлээж аваад өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Х.т” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарсан хэдий ч үйлчлээгүй. “Ц, х, т” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг гаргахдаа “Х,т ” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан. Түүнийгээ өөрчлөн “Х. т ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгээ өөрчлөөд гаргасан. Үүнийг мэдээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш аас очиж асуухад таны газар хүчингүй болоогүй гэж хэлсэн. Ингээд нэхэмжлэгч газар хүчингүй болоогүй гээд ажлаа хийж байтал дахин аймгийн Засаг дарга Д.Б  2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр захирамж гарган “Хяргас трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч “Х трейд” ХХК-ийн захирал Р.С газрын асуудлаар холбогдох хүмүүстэй уулзсан. Тэр үед эрх бүхий албан тушаалтан сонсох ажиллагаа хийж нэхэмжлэгчийн саналыг сонсоод явах боломж байсан. Хэрэв сонсох ажиллагаа хийгдээд явсан бол аймгийн Биеийн тамир спортын газрын 16 ажилтны эрх ашиг, мөн Х трейд ХХК-ийн 30 ажилтнуудын эрх ашиг хөндөгдөхгүй байх ёстой байсан. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан холбогдох байгууллагуудын техникийн нөхцөл, 20.000.000 төгрөгийн өртөгтэй зураг, хөрөнгө оруулагч С.Ц тэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч хохироод явж байна. 2016 оны 12 дугаар сарын 02-ны  өдөр аймгийн иргэдийн Төлөөөгчдийн Хурлын 3/06 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай гэсэн утгатай. Уг төлөвлөгөөнд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11/3 дугаар тогтоол, 10/02 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн хэмжээнд 2016 онд эзэмшүүлэх газрын хэмжээ байршлыг харьцуулсан заалтуудыг хэрэгжээгүй хэсгийг нь хүчингүй болгосон. Тэгэхээр өнөөдөр жирийн ард иргэд юунд итгэж, яаж амьдрах болж байна. Дөрвөн жил болоод засаг солигддог, энэ нь бизнесийн орчинд маш их сөрөг нөлөө үзүүлж байна. Дан ганц Ардчилсан нам, Монгол Ардын намын хооронд дахь улс төрийн тоглоомын золиос байна. Тийм учраас “Х  трейд” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

             Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Биеийн тамир спортын газарт аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/746 дугаар захирамжаар Улаангом сумын 3 дугаар багийн нутагт спортын төрөл бүрийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар 13427.16 мкв газрыг эзэмшүүлсэн байна. Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/102 дугаар захирамжаар Биеийн тамир спортын газрын эзэмшиж байсан 13427.16 мкв газраас 4394 мкв газрыг нь “Х  трейд” ХХК-д орон сууцны зориулалтаар үлдсэн 8500 мкв газрыг нь Биеийн тамир спортын газарт тус тус хувааж эзэмшүүлсэн байх бөгөөд уг захирамжийн 4 дүгээр заалтаараа 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/746 дугаар захирамжийн Биеийн тамир спортын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. Дээрх газар хэсэгчлэн шилжүүлсэн захирамж нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтыг зөрчиж байна. Мөн дээрх орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн газар нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Усан бассейн” барихаар төлөвлөн 2013 онд барилгын зураг төсвийг “Татах хүч” ХХК-иар хийлгэж зураг нь экспертээр батлагдсан барилгын газартай давхцуулсан байна.

              Аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/274 дүгээр захирамжаараа 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/102 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон нь 2011 онд Биеийн тамир спортын газарт 13427.16 мкв газрыг эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/746 дугаар захирамж нь хүчинтэй хэвээр үлдэж байна.

               Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/347 дугаар захирамжаар “Х  трейд” ХХК-д орон сууцны зориулалтаар 1500 мкв газрыг Биеийн тамир спортын газрын эзэмшиж буй газартай давхцуулж эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, төрийн байгуулллагын эзэмшиж байгаа бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор төлөвлөн төсвийн хөрөнгөөр зураг төсөв нь хийгдсэн “Усан бассейн, спорт цогцолбор”-ын барилгын газартай давхцуулж, хувийн компанид орон сууцны зориулалтаар хууль зөрчиж газар эзэмшүүлсэн байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтын дагуу хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч 2016 оны А/347 дугаар захирамжийг хүчингүй болгосон болно гэжээ.

               Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 07-ны нэхэмжлэгч надтай уулзахдаа интернетээс татаж авсан аймгийн Засаг даргын захирамжийг надад харуулсан. Би тухайн үед шалгаж үзтэл уг захирамж гараагүй байсан. Хэргийн материалд байхгүй нь нотлогдож байгаа.  Аймгийн Засаг даргын зүгээс 2016 оны 8 дугаар сарын 7-нд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон ганц ч шийдвэр гаргаагүй. 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн аймгийн Засаг даргын А/746 захирамжаар 3-р багийн нутаг дэвсгэр дээр Биеийн тамир спортын газарт 13427.16 метр квадрат газрыг спортын зориулалтаар эзэмшүүлсэн. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн аймгийн Засаг даргын А/102 дугаар захирамжаар “Х трейд” ХХК-д 4934 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатайгаар орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн явдал нь хууль зөрчсөн үйлдэл байсан.  2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлж болохоор газарт Бөхийн өргөөний доод талд байгаа газар нь төсвийн байгууллагын эзэмшлийн газар. Өөрөөр хэлбэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг эзэмшүүлсэн захирамж байсан. Ингээд асуудал үүсэхээр нь аймгийн Засаг дарга захирамжаа эргэж хараад үнэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, хууль зөрчиж гаргасан захирамжаа 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/274 дугаар захирамжаар Хяргас трейд ХХК-д газар эзэмшүүлсэн А/102 захирамжаа хүчингүй болгосон. Ингэхээр ямар эрх зүйн үр дагавар үүсэж  байна вэ гэвэл, анх Биеийн тамир спортын газарт газар эзэмшүүлсэн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/746 дугаар захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа гэсэн үг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11/03 дугаар тогтоол гарч аймгийн Засаг дарга дахин 1500 метр квадрат газрыг орон сууцны зориулалтаар, 3400 метр квадрат газрыг нь усан бассейн барих зориулалтаар олгосон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11/03 дугаар тогтоолоор аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж маргаан бүхий газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор тусгасан. Энэхүү төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын тогтоох хэсгийн үндэслэлд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 зэрэг заалтуудыг үндэслэл болгосон. Захиргааны байгууллагын хувьд хуулиар зөвшөөрөөгүй бол хориглоно гэсэн зарчим үйлчлэх ёстой. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн жилийн аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах эрх олгогдсон болохоос биш түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эрх тусгагдаагүй. Аймгийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр захирамж гаргаад Х  трейд ХХК-д 1500 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байдаг. Засаг даргын зүгээс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/570 захирамжаар тус компанид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон. Маргаан бүхий гаргасан газар нь Газрын тухай хуулийн  31.3 дахь хэсэгт зааснаар бусдын эзэмшилд ашиглаж байгаа газартай давхцаж байгаа. Давхцаж байгаа нь хэргийн материалд авагдсан Биеийн тамир спортын газрын 0178350  гэсэн дугаар бүхий гэрчилгээгээр 13427 газар нотлогдож байдаг. Биеийн тамир спортын газарт төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газар гэдэг үүднээс дээрх газар олгосон. Газрын  тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.1.6, 35.2 дахь хэсэгт тус тус зааснаар ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангахын тулд тодорхой зориулалтаар төрийн байгууллагад эзэмшүүлсэн газрыг ажилтнуудын хурлаар шийдээд зориулалтыг нь өөрчилж болохгүй гэсэн санаа байгаа гэв.

        Гуравдагч этгээд Биеийн тамир спортын газрын дарга Д.Т  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай байгууллагын ажилтнуудаас нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх, амьдрах орчин нөхцлөө сайжруулах зорилгоор спортын ордны дэргэд ажилтнуудын орон сууц бариулах талаар удаа дараа саналаа гаргаж байсан. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байгууллагын цуглаан дээр энэ асуудал дахин яригдаж ажилтнуудаас санал авахад 18 ажилтнаас 16 ажилтан орон сууц бариулах саналаа гаргасан болно. Ажилтнуудаас гаргасан саналын дагуу аймгийн Засаг даргад уг саналыг албан бичгээр хүргүүлсэн. Үүний дагуу “Х  трейд” ХХК нь ажилтнуудын орон сууц барих талаар аймгийн Засаг даргад хүсэлтээ гарган газрын асуудлыг шийдвэрлүүлсэн. “Х трейд” ХХК-ийн зүгээс ажилтнуудтай удаа дараа уулзаж, барилгын зураг төсөв, үнийн талаар ярилцаж, газрыг үнэ төлбөргүй авч байгаа учраас зах зээлий үнээс доогуур буюу мкв-ыг нь 1.200.000 төгрөгөөр тооцох тухай саналаа хэлж байсан. 2016 оны 4 дүгээр сард тус компани нь барилгын ажлаа эхлүүлэхээр хашаа барих үед олон нийт эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулснаар уг ажил хийгдэхгүй болсон. Цаашид манай байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Тус шүүх хуралдаанаар Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/570 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий Х трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг дарга Д.Б  холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан мөн шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэгч Х  трейд ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

             Увс аймгийн Биеийн тамир спортын газар нь өөрсдийн ажилтнуудын орон сууц бариулах хэрэгцээ шаардлага байна гэж үзэж, албаны үйл ажиллагаа явуулдаг газраас хэсэгчлэн шилжүүлж өгөхийг хүсэж, аймгийн Засаг даргад хандсанаар, түүнчлэн Увс аймагт барилга угсралтын ажил эрхлэн гүйцэтгэдэг компаниудаас зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээтэй үнээр ажилтнуудын орон сууцыг бариулах асуудлыг судалсны эцэст Х трейд компанитай харилцан тохиролцож, “Орон сууц бариулах гэрээ” байгуулснаар нэхэмжлэгч Х трейд ХХК нь Увс аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар-/цаашид ГХБХБГ гэх/-т газар эзэмшүүлэх талаар хүсэлт өргөдлөө гаргажээ. Энэ байдал нь хэрэгт авагдсан бичгийн баримт болох гэрч Х.Б , гэрч Г.О  нарын мэдүүлэг, харилцан тохиролцож байгуулсан гэрээ, аймгийн Биеийн тамир спортын газар /цаашид БТСГ гэх/-ын ажилтнуудын хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

              Улмаар аймгийн Засаг даргаас 2016 оны 3 сарын 11 ний өдрийн А/102 дугаартай захирамж[1] гарч Х трейд ХХК-д 000307444 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[2], 08501-2016/00065 дугаартай хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[3] байгуулагдсанаар Х трейд ХХК нь тухайн эзэмшсэн газар дээрээ орон сууц барихтай холбоотойгоор “Хөрөнгө оруулалтын гэрээ[4]”, “Ажил гүйцэтгэх гэрээ[5]”-г тус тус байгуулан тодорхой тооны мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх бараа материалыг татаж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Түүнчлэн нэхэмжлэгч Х трейд ХХК нь эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглахаар холбогдох эрх авсан байгууллагууд, тухайлбал “С Констракшн” ХХК-тай барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, “Увс Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн техникийн нөхцөл, “Чандмань-Увс” ХХК-ийн техникийн нөхцөл, “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК-ийн техникийн нөхцөл, “Увс Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ” ОНӨААТҮГ-ын техникийн нөхцөл зэргийг гаргуулж үүнд мөн тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудын[6] эх хувиар тогтоогдож байна.

               Газар эзэмшигч нь газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглах явцад маргаан гарч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмшүүлсэн, Усан бассейны зориулалтаар олгогдсон газартай давхцуулан газар эзэмшүүлсэн гэсэн асуудал гарчээ. Ингэснээр Х трейд ХХК-ийн зүгээс зориулалтын эрхийг өөрчилж өгөхийг түүнчлэн аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орон сууцны болон усан бассейны зориулалтаар болгон нэмэлт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж аймгийн ГХБХБГ-т хандсан байна.

             Эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг даргаас газар эзэмшигч Хяргас трейд ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 2016 оны 5 дугаар сард захирамж[7] гаргасан байдаг ба улмаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 5 сарын 20-ны өдөр хуралдаж “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг[8] баталж, уг тогтоолын хавсралтанд 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, Бөхийн өргөөний доод талд 1500 мкв газрыг орон сууцны зориулалтаар гэж мөн 3400 мкв газрыг усан бассейны зориулалтаар гэж тус тусад нь зааж өгчээ.

                Увс аймгийн Засаг даргаас 2016 оны 6 сарын 8-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/347 дугаар захирамж[9] гарч, ингэхдээ дээрх тогтоолыг үндэслэн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 1500 м2 газрыг орон сууцны зориулалтаар Хяргас трейд ХХК-д эзэмшүүлжээ.

           Улмаар 2016 оны 10 сарын 06-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/570 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар Х трейд ХХК-д орон сууцны зориулалтаар олгосон 000307592 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх тухай А/347 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

            Нэхэмжлэгч нь газар эзэмшүүлсэн үйл ажиллагаа бүхэлдээ хууль журмын дагуу явагдсан боловч 2016 оны сонгуулийн дараа шинээр томилогдсон аймгийн Засаг дарга нь газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон нь бидний бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж, эдийн засгийн хямралтай энэ цаг үед компаний болон компаний ажилтнуудын түүнчлэн аймгийн БТСГ-ын ажилтнуудын эрх ашгийг хөндөж байна хэмээн маргааны зүйлээ тодорхойлжээ.

           Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Х  трейд ХХК-д эзэмшүүлсэн газар нь бусдын газартай давхцуулан олгосон буюу аймгийн Биеийн тамир спортын газрын газартай давхцалтай байна, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах ба харин түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эрхгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг няцааж, тиймээс маргаан бүхий захиргааны актыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

            Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч компанид газар эзэмших эрхийг олгосон захирамж, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3: “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл .... өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2: “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж болохоор заагдсан байна”, мөн зүйлийн 31.3: “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2: “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан игэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4: “Аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, мөн газрын хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1: “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх хүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно” гэснийг үндэслэжээ.

          Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д: “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 27.3-д: “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, хуулийн 27.4-д: “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ба нэхэмжлэгч компанид эзэмшүүлсэн газар нь Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд нэгж талбарын 85016009565 дугаар бүхий 1500 м2 талбайтай Х трейд ХХК /5672856/-ийн эзэмшлийн газар гэж баталгаажсан[10] байна. Түүнчлэн аймгийн ГХБХБГ-аас гаргаж өгсөн нотлох баримтыг шүүхээс бичиг баримтанд үзлэг хийж тэмдэглэл[11] үйлдэн баталгаажуулан авсан ба үүнд, аймгийн БТСГ-ын газрын нэгж талбарын 8516009146 дугаар бүхий хувийн хэрэгт төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар 000437920, газар эзэмшүүлэх гэрээний дугаар 08501-2016/00070 гэсэн байна. Гуравдагч этгээд аймгийн БТСГ-аас гаргуулан авсан нотлох баримтаар мөн дээр дурдсан газар эзэмших гэрээ, гэрчилгээний дугаар өөр хоорондоо таарч өөрөөр хэлбэл, аймгийн БТСГ-ын албан ёсны мэдээлэлд 8550 м2 газрын хэмжээгээр газар эзэмших эрх баталгаажсан[12] байна. Тэгэхээр усан бассейны зориулалтаар газар эзэмшүүлсэн шийдвэр байхгүйгээс гадна уг зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ олгогдож, баталгаажаагүй байх тул хууль ёсоор газар эзэмшигч байна, бусдын хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газартай давхцалтай байна гэж дүгнэх боломжгүй байна. Түүнчлэн аймгийн БТСГ-ын эзэмшиж байгаа газартай давхцалтай гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгчийн аймгийн Засаг даргын 2016 оны А/102 дугаар захирамжийг хүчингүй болгосноор урьд гарсан 13427.16 м2 газрыг эзэмшүүлсэн 2011 оны А/746 дугаар захирамж хүчинтэй хэвээр үлдэж байна гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь захиргааны байгууллага шийдвэр гаргах явцдаа бодитой хандаагүй, дахин захирамж гаргахдаа урьд гаргасан захирамжийн үр дагаврыг нягталж үзээгүй байх ба энэ бүх байдал нь захиргааны байгууллагын өөрсдийнх нь авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа тул энэ үндэслэлээр нэгэнт газар эзэмших эрхээ баталгаажуулсан нэхэмжлэгчийг буруутгаж, түүний хуульд заасан эрх, ашиг сонирхлыг хөндөх боломжгүй байна.

           Нөгөө талаар нэхэмжлэгч газар эзэмшигч хуулийн этгээдэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүд бий болоогүй, уг байдлыг тогтоосон баримт байхгүй, хэрэгт авагдаагүй байхад түүнчлэн захиргааны байгууллага буюу аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу тухайн шийдвэрт итгэн үйл ажиллагаа явуулж, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх бодит хөрөнгө гаргасан байхад сонгуулийн үр дүнгээр томилогдон дараагийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа Засаг даргаас  /шүүх хуралдаанд түүнийг төлөөлөн оролцсон хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар/ анхнаасаа хууль зөрчиж гарсан шийдвэр гэж үзэж, хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгааг шүүхээс буруутгаж, нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлсэн шийдвэр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон явдал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг зөрчсөн, үүгээрээ нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж шүүхээс дүгнэлээ. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэдэг нь нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байхыг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан төлбөр тооцоотой холбоотой баримтууд[13], гэрч С.Ц мэдүүлгээс[14] харахад маргаан бүхий акт нь уг зарчмыг зөрчиж гарсан хууль бус байна.

           Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах газрыг хуульд заасан шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрхийг аймаг, сумын Засаг даргад хуулиар олгосон байдаг бөгөөд тэр дундаа инжинерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх эрхийг аймгийн Засаг дарга хадгалж, хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг билээ.

            Газрын тухай хуулийн 20.2.1-д: “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, мөн хуулийн 21.3.2-д: “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инжинерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж зохицуулсан ба энэ хуулийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан аймгийн Засаг даргаас Хяргас трейд ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, түүнчлэн аймгийн БТСГ-ын ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч уг төсвийн байгууллагын газраас хэсэгчлэн эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй, хэрэгт авагдсан үйл баримтуудад дүгнэлт хийхэд хуульд шууд харшилсан гэж үзэх боломжгүй байна.

           Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмшүүлсэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батладаг болохоос биш түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эрх байхгүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэгч “Х  трейд” ХХК-д сүүлд эзэмшүүлсэн 1500 м2 газрыг аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зориулалтын эрхийг өөрчлөн нэмж тусгасан нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас нотлох баримтаар авсан тогтоол, уг тогтоолыг хэрхэн яаж батлуулсан талаарх тухайн үеийн аймгийн ГХБХБГ-ын даргаар ажиллаж байсан М.С  мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Нэгэнт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхиор баталж, уг тогтоол нь ёсчлогдон баталгаажсан байхад уг тогтоолыг хууль бус гэж шууд дүгнэсэн аймгийн Засаг даргын захирамжийг алдаатай хууль бус гарсан гэж шүүхээс үзлээ.

           Хариуцагч аймгийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2: “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан игэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг үндэслэж, газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахдаа хуулийн уг заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш байна. Зүй нь захиргааны байгууллага өөрсдөө газар эзэмшүүлэх талаар шийдвэр гаргахдаа хэрэгжүүлж үйл ажиллагаандаа мөрдлөг болгох байсан, харин газар эзэмших эрхийг хуульд заасны дагуу олж авсны дараа буюу газар эзэмших эрх баталгаажсаны дараа газар эзэмшигчийг буруутгаж байгаа нь буруу юм.  Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1: “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх хүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно” гэснийг үндэслэсэн бөгөөд хэрэв хуулийн энэхүү заалтыг шийдвэр гаргахдаа үндэслэх байсан бол газар эзэмшигчийн эрхийг хөндсөн гэдгээ тогтоож нотолсон байх, нөгөө талаар уг эрхийг хэрэгжүүлэхийн тулд харин ч газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн хуулиар хамгаалагдсан газар эзэмших эрх, ашиг сонирхлыг хөндөхөөс зайлсхийж, хуулийн хүрээнд шийдвэр гаргах ёстой байсан байна.  

           Нэхэмжлэгч Х  трейд ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийн дагуу олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ /000307592/, уг компанитай байгуулсан газар эзэмших гэрээ /08501-2016/00457/, түүнчлэн аймгийн БТСГ-т олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ /00437920/, төсвийн байгууллагатай байгуулсан газар эзэмших гэрээ /08501-2016/00070/ нь тус тусдаа байх бөгөөд захиргааны байгууллагаас бүрэн эрхийн хүрээнд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу газрыг зориулалтын дагуу хууль ёсоор эзэмшиж байна. Энэ тохиолдолд БТСГазар нь орон нутгийн өмчлөлтэй байгууллага бөгөөд орон нутгийн өмчийн бүртгэлд 13427.16 м2 газрыг эзэмшдэг хэмээн улсын үзлэг тооллогоор баталгаажсан гэх шүүх хуралдаан дээр гаргасан гэрч аймгийн Орон нутгийн өмчийн газрын өмч хариуцсан мэргэжилтэн Г.Т мэдүүлгийг нотлох баримтаар ач холбогдолтой гэж үнэлсэнгүй. Учир нь 2012 оны улсын үзлэг тооллого бөгөөд уг газрын хэмжээнд өөрчлөлт орсон бүртгэл байхгүй тул 2016 онд шууд хэвээр бүртгэсэн гэх тайлбар гаргаж байгаа нь учир дутагдалтай, хэрэв аймгийн БТСГ-ын газрын хэмжээнд өөрчлөлт оруулан бүртгэх, эс оруулах нь захиргааны байгууллагуудын хоорондын үйл ажиллагаа бөгөөд зөвхөн орон нутгийн өмчийн үзлэг тооллогоор аймгийн БТСГ-ын газрын хэмжээ 13427.16 м2 байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндөх үндэслэлгүй байна.

          Захиргааны байгууллагаас сөрөг агуулгатай акт гаргасан тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, мэдэгдэх гэхчлэн нарийн дараалалтай, үйл явцын үргэлжилсэн шинжтэй ажиллагаануудыг авч хэрэгжүүлэх байсан байна. Хариуцагчаас ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох Х трейд ХХК-д аймгийн ГХБХБГ-аар дамжуулан мэдэгдсэн гэж байгаа боловч уг шийдвэрийг яагаад гаргах болсон нөхцөл байдлыг тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулан захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтөлсөн зүйл байхгүй бөгөөд энэ талаар хариуцагч захиргааны байгууллага нотлох үүргээ биелүүлээгүй байна. Иймд  маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/570 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүй гэж шүүхээс дүгнэлээ. Энэ талаар дурдсан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

            Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу шийдвэрлэлээ. Ингэхдээ нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн буюу хууль бус шийдвэрийн улмаас хохирсон хохирлоо шаардах эрх Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ззааснаар нэхэмжлэгчид үүссэн, харин хохирлыг барагдуулахдаа мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д: “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” гэсэн хуульд заасан зохицуулалтын дагуу хариуцагчийн ажлын алба болох аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төлүүлж байгаа болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ.

             1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгч Х трейд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/570 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосугай.

               2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /аймгийн ЗДТГ-ын санхүүгээс/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х трейд ХХК-д олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа ;өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       У.БАДАМСҮРЭН