Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1411

 

                

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дамдин-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00241 дүгээр шийдвэртэй,

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нэхэмжлэлтэй,

А.Зоригтбаатарыг архины албадан эмчилгээнд явуулж, эмчлүүлэх тухай иргэний хэргийг

Гуравдагч этгээд А.Зоригтбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дамдин-Одын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шүүхэд гаргасан хүсэлт  болон цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлагч З.Мөнхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Зоригтбаатаар нь 120 мянгатын автобусны буудлын орчим, 22 дугаар байрны подвалаар архи уудаг. Архи уухаараа ар гэртээ агсам согтуу тавьж, ойр орчмын хүмүүст айдас түгшүүр төрүүлдэг. Эх М.Мишиг нь архины эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан. Архины хамааралтай этгээдийн бүртгэлд байдаг. Иймд албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар Заамад овогтой Алтаншарын Зоригтбаатарыг архины албадан эмчилгээнд явуулж, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар албадан эмчилгээний хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдаж, А.Зоригтбаатарыг албадан эмчилгээний газар хүргэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд А.Зоригтбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй. Одоогоор “Ногоон гүрэн констракшн” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд ажилладаг. 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эх М.Мишигийн өргөдлөөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст дуудагдан очсон. Тэр өдөр намайг албадан саатуулаагүй, харин маргааш өглөө нь гэртээ байж байхад хоёр цагдаа ирж намайг шүүхэд авчирсан. Шүүгч Ц.Сансармаа нь цагдаагаас ирүүлсэн материал дутуу байгааг цагдаагийн ахлагч З.Мөнхчимэгт анхааруулж байсан. Сүүлийн үед миний бие эрүүлжүүлэх болон захиргааны зөрчил гаргаж байгаагүй болно. Би өөрийн алдааг маш сайн ойлгож байна. Гэр бүлийн маргаанаас үүссэн алдаа, эхнэр хүүхэд, өндөр настай эхийн маань байдлыг харгалзан үзэж албадан эмчлүүлэх заалтыг цуцалж өгнө үү...” гэжээ.

А.Зоригтбаатарын өмгөөлөгч Б.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх А.Зоригтбаатарт холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоох хуулийн шаардлагыг хангаагүй. Түүнчлэн А.Зоригтбаатарын хувийн байдлыг ч бүрэн тогтоогоогүй. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00241 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн А.Зоригтбаатарыг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг гүйцэд тогтоолгүй А.Зоригтбаатарыг архины албадан эмчилгээ хийлгэхээр явуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нийгмийн хэв журмыг зөрчсөн тухай нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байна.

 Хэргийн материалаас үзэхэд А.Зоригтбаатарын эх Н.Мишиг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байхад Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэлд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт зөрчил илэрсэн тухай тэмдэглэж /х.х 4/, хэсгийн байцаагч Л.Отгонтөгсийн илтгэх хуудаст байнга архидан согтуурдаг Зоригтбаатарын Алтаншарыг архины албадан эмчилгээнд явуулах тухай дурдсан /х.х 14/, байхаас гадна А.Зоригтбаатарын ам бүлийн тодорхойлолт хэрэгт авагдаагүйгээс А.Зоригтбаатарын талаар өргөдөл гаргасан гэх М.Мишиг нь түүний ам бүлд багтдаг эсэх нь эргэлзээтэй болжээ. А.Зоригтбаатар нь архидан согтуурсны улмаас түүний гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдал алдагдаж байсан гэх байдал тогтоогдоогүй байна. Хэргийн 8 дахь талд А.Зоригтбаатар 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эрүүлжүүлэгдсэн, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Отгонбаатарын автомашиныг мөргөж осол гаргасан (тохиролцсон) талаар лавлагаа авагджээ. Гэтэл түүнээс хойш А.Зоригтбаатар нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн үйл баримтын талаар хэрэгт мэдээлэл огт авагдаагүй байхад түүнийг архины албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн нь “Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, А.Зоригтбаатарт холбогдох албадан эмчилгээг зогсоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00241 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, А.Зоригтбаатарыг архины албадан эмчилгээнд явуулж эмчлүүлэх тухай Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлт /нэхэмжлэл/ -ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Алтаншарын Зоригтбаатарт архины албадан эмчилгээ хийхийг нэн даруй зогсоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээдийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                                                                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                            ШҮҮГЧИД                                        Э.ЗОЛЗАЯА

                                                                                                                     Д.ДАМДИН-ОД