Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир

нарт холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Одончимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн, Г.Түмэндэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Н.Болормаа,

шүүгдэгч О.Баатархүүгийн өмгөөлөгч Г.Мөнхбат,

шүүгдэгч О.Норовсамбуу, түүний өмгөөлөгч Ц.Энхболд,

шүүгдэгч А.Серикбол, түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн,

шүүгдэгч Ж.Цогт-Очир,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Серикбол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн, Г.Түмэндэлгэр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт холбогдох 2014260003136 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Сэмжит овогт Олзодын Баатархүү, 1975 оны 3 дугаар сарын 17-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машин үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 7а байрны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ПБ75031716/;

 

2. Наран овогт Омбо-Очирын Норовсамбуу, 1974 оны 4 дүгээр сарын 18-нд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын контактын сүлжээний засварчин, бригадын дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 26-25 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЧД74041871/;

 

3. Санираулаба овогт Ансаганы Серикбол, 1966 оны 2 дугаар сарын 15-нд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7а байрны 62 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: БЮ66021518/;

 

4. Харчиган овогт Жаргалын Цогт-Очир, 1974 оны 8 дугаар сарын 20-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазад жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-229 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ПЖ74082012/;

 

О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг биелүүлээгүйгээс 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн орчимд контактын сүлжээний дагалдан засварчнаар ажиллаж байсан Г.Бат-Ялалт нь контактын сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс нөлөөллийн шүргэх хүчдэл /тогонд цохиулж/ унан, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт холбогдох үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сэмжит овогт Олзодын Баатархүү, Наран овогт Омбо-Очирын Норовсамбуу, Санираулаба овогт Ансаганы Серикбол, Харчин овогт Жаргалын Цогт-Очир нарыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар О.Баатархүүг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 2 жилийн хорих ялаар, О.Норовсамбууг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 4 жилийн хорих ялаар, А.Серикболыг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 3 жилийн хорих ялаар, Ж.Цогт-Очирыг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент
байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8
дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар О.Баатархүүд
оногдуулсан 2 жилийн хорих ял, О.Норовсамбууд оногдуулсан 4 жилийн хорих ял, А.Серикболд оногдуулсан 3 жилийн хорих ял, Ж.Цогт-Очирт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн, Г.Түмэндэлгэр нарт оршуулгын зардалд иргэний хариуцагч “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас 3,019,632 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэндэлгэр, Г.Бумансүрэн нарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 38,598,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хариуцагч байгууллага нь гэм буруутай этгээдүүдээс өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди, гялгар хатуу хавтастай нүүрэн хэсэгтээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэсэн бичигтэй 16 хуудас дэвтэрийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Серикбол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан боловч шалгалт аваагүй, контактын сүлжээний ажилтнуудад хамгаалалтын бүс, хүчдэлээс хамгаалах бээлийг олгоогүй гэсэн үндэслэлээр яллаж байгааг зөвшөөрөхгүй байна. Би ажиллаж байх хугацаандаа сургалт явуулах, шалгалт авах, хамгаалах хэрэгсэл олгох талаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  1. Сургалт, шалгалтын талаар:

2014 оны 3 дугаар сарын 5-ны өдөр сургалтын хөтөлбөр гаргаж захирлаар батлуулж мөрдөж ажилласан. 2014 оны 6 дугаар сарын 13-нд ХАБЭА-н мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авах хуваарь гаргаж ерөнхий инженерээр батлуулсан ба энэ хуваарийн дагуу алба хэлтсийн дарга нарт өглөөний шуурхайд зар өгч, мэдээллийн самбараар дамжуулан нийтэд мэдээлсэн. Энэ хуваарийн дагуу ашиглалтын алба 2014 оны 6 дугаар сарын 17-нд, цахилгаан хангамжийн алба 2014 оны 6 дугаар сарын 20-нд, засварын депо 2014 оны 6 дугаар сарын 25-нд шалгалтад хамрагдсан. Шалгалтад ашиглалтын албаны троллейбусны жолооч-61 хүн /оны эхнээс шалгалтад хамрагдсан жолооч 44/, цахилгаан хангамжийн албаны ашиглалтын цахилгаанчин 24 хүн, кабелийн засварчин-1 хүн /25 хүн/, засварын депогийн инженер 3 хүн, бригадын дарга 1 хүн, засварчин 28 хүн /нийт 32 хүн/ орсон ба компанийн хэмжээнд нийт 162 хүн хамрагдсан.

Ашиглалтын алба 59 хувьтай оны эхнээс шалгалтад хамрагдсан жолоочтой нийлээд 105 жолооч/, шалгалтын үзүүлэлт нэгдсэн дүнгээр 82 хувь, тэнцсэн 94 жолооч, тэнцээгүй 11 жолооч байна.

Цахилгаан хангамжийн алба 54 хувьтай, шалгалтын үзүүлэлт нэгдсэн дүнгээр 67,2 хувьтай, тэнцсэн 18, тэнцээгүй 7 хүн байна. Шалгалтад ирээгүй контактын сүлжээний засварчин 8 хүн, тусгай тоноглолтой автомашины жолооч 4 хүн, кабелийн засварчин 2 хүн байна.

Засварын депо 84 хувьтай, шалгалтын үзүүлэлт нэгдсэн дүнгээр 61,7 хувь, тэнцсэн 26, тэнцээгүй 6 хүн байна. Сургалтын хөтөлбөр, хуваарь, шалгалт авсан материалууд хавтаст хэрэгт байгаа.

  1. Хамгаалах хэрэгслийн талаар:

2014 оны 3 дугаар сарын эхэнд өндрийн хамгаалалтын бүс 8 ширхэг, тусгаарлагч бээлий 8 ширхэгийн захиалгыг хангамжийн инженерт өгсөн. Энэ захиалгын дагуу 2014 оны 3 дугаар сарын 12-нд 4 ширхэг өндрийн хамгаалалтын бүс ирсэн бөгөөд бригад тус бүрт нэг нэг ширхэгийг олгуулж, өндрийн хамгаалалтын бүсний зааварчилгаа өгч гарын үсэг зуруулан баталгаажуулсан бүртгэл хавтаст хэрэгт байна. 2012 оны ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт баталсан захирлын тушаалд өндрийн хамгаалалтын бүс ороогүй байсан бөгөөд хөдөлмөр хамгааллын инженер миний зүгээс олгуулах шаардлагатай байна гэж үзээд захиалгаар оруулж байсан. 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн захирлын А/14 тушаалаар ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангахыг надад үүрэг болгосон боловч, надад бэлэн мөнгө авч захиран зарцуулах эрх байхгүй учир ямарбаа нэгэн захиалгыг тус компанийн хангамж хариуцсан албан тушаалтанд өгч тэр хүн олж нийлүүлэх үүрэг хүлээдэг юм. Сэлбэг, аж ахуй, хөдөлмөр хамгаалал болон ер нь компанид хэрэгцээтэй ямар нэгэн захиалгыг хангамжийн инженерт өгч тэр хүн захиралд танилцуулдаг ба захирлын зөвшөөрлөөр санхүүгээс мөнгийг нь шилжүүлсэний дагуу тухайн хангамжийн инженер авч ирж нийлүүлдэг.

Харин би орж ирсэн ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн олголт, эдэлгээ, хэрэглээнд хяналт тавьж ажилладаг юм. Намайг эмнэлэгт байхад /миний өмнө өгч байсан захиалгын дагуу/ осол гарсны дараа 2014 оны 7 дугаар сарын 8-нд нэг бүр нь 27,500 төгрөгийн үнэтэй цахилгааны тусгаарлагч бээлий 8 ширхэг /нийт үнэ-220,000 төгрөг/, 2014 оны 7 дугаар сарын 16-нд нэг бүр нь 40,700 төгрөгийн үнэтэй өндрийн хамгаалалтын бүс 4 ширхэг /нийт үнэ 162,800 төгрөг/, 2014 оны 7 дугаар сарын 21-нд нэг бүр нь 45,000 төгрөгийн үнэтэй өндрийн хамгаалалтын бүс 4 ширхэг /нийт үнэ 180,000 төгрөг/, мөн өдөр нэг бүр нь 38,000 төгрөгийн үнэтэй дөрөө ф-400 2 ширхэг /нийт үнэ-76,000 төгрөг/ гэх мэт нийт 638,800 төгрөгийн хамгаалах хэрэгслүүдийг тус тус авсан нь байгууллагын санхүүгийн баримт дээр байна.

1. Тухайн осолд орсон ажилтан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалтад ирээгүй бөгөөд миний хувьд ирсэн ажилчдаас шалгалт авсан. Шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ажилчид болон шалгалтад хангалтгүй дүн авсан ажилчдаас дараагийн ээлжид шалгалт авахаар төлөвлөсөн боловч би өвчний улмаас 6 дугаар сарын 29-ний өдөр эмнэлэгт хэвтсэн. “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 тоот тушаалын 2.7-д “Шалгалтад эхний удаа “хангалтгүй” дүн авсан хүн сарын дотор дахин шалгалт өгч болох бөгөөд хоёр дахь удаагаа “хангалтгүй” дүн авбал уг ажилчин, ажилтныг эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажилчин, ажилтан өөрөө хүсэлт гаргавал дахин шалгалт өгөх хүртэл нэг сарын хугацаагаар мэргэжлийн доод зэрэгт шилжүүлнэ”. 2.8-д “Зарлан дуудсан хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтад ороогүй ба орохоос зайлсхийсэн ажилчныг шалгалтад хангалтгүй дүн авсанд тооцно” гэж байгаа тул тухайн шалгалтад ороогүй болон шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн ажилчдыг дараагийн ээлжид оруулах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Дараагийн шалгалтыг 7 дугаар сард багтааж авахаар төлөвлөсөн боловч харамсалтайн хугацаанаас өмнө энэ осол гарлаа.

2. Би шаардлагатай хөдөлмөр хамгааллын хамгаалах хэрэгслийн захиалгыг хангамжийн инженерт бүрэн өгсөн. Захиалга өгөөд компаниас шийдэж авч ирж өгсөн 4 ширхэг өндрийн хамгаалалтын бүсийг контактын сүлжээний бригад тус бүрт нэг нэг ширхэгийг олгуулж, шаардлагатай тохиолдолд засварчиддаа заавал зүүлгэж байхаар анхааруулан зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж баталгаажуулж олгосон бүртгэл хавтаст хэрэгт бий. Мөн контактын сүлжээний хэсгийн бүх ажилчдад каск малгайг олгож заавал өмсөж ажиллах талаар зааварчилгаа өгч гарын үсгээр баталгаажуулж олгосон бүртгэл хавтаст хэрэгт бий. Иймд захиалгаар оруулсан хамгаалах хэрэгсэл дутуу ирсэнд өөрийгөө буруугүй гэж үзэж байна.

3. Тухайн өдөр бригадын дарга нь каск болон өндрийн хамгаалалтын бүсийг засварчиндаа өмсүүлж гаргах боломжтой байсан ба хэрвээ өргөгч тавцангийн хашлагыг өргөж ажилласан бол энэ осол гарахгүй байсан гэж үзэж байна.

4. Би осол гарах үед албан ёсны чөлөөтэй байсан. “Цахилгаан тээвэр” компанийн захирлын 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Б/163 тоот тушаалаар миний ажлыг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Дотоод хяналт шалгалтын ажилтан Д.Мөнгөнзаяад хариуцуулж өгсөн болно.

5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1-т “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 26.2-т “Төсвийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0,3 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1,0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулна”, 27.3-т “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах үүрэгтэй”.

6. Тухайн үед надад танилцуулж байсан хөдөлмөр хамгааллын инженерийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагын 11.3-т “Машин үйлдвэрлэлийн технологич, авто тээврийн хэрэгслийн засвар хариуцсан инженер байж болох бөгөөд цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар ашиглалт, аюулгүй ажиллагааны 3-6 сарын сургалтад хамрагдаж сертификат авсан байх шаардлагатай байдаг.

7. Ажил олгогч Д.Баатархүү өмнө нь өндрийн хамгаалалтын бүс байгаагүй. Эхний ээлжид бригад тус бүрт бүс олгосон дараагийн нөхөн хангалтыг хийж чадаагүй байсан гэх мэдүүлэг 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 116 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл дээр байна. Мөн 2014 онд бүх зардлыг танаж баланс тэнцүүлэх гэрээ баталж өгсөн нийт 56 сая төлөвлөснөөс 24 сая төгрөгийг баталж өгсөн, энэ нь 650 ажилтанд хүрэлцээгүй байдаг, тухайн өдөр 1 хүн ажиллах боломжтой байсан. Энэ ажил хүчдлийг тасалж хийх жагсаалтад ордог. Эхний ээлжид 1 бүс олгож засварын ажил хийх ажилтанд хамгаалалтын бүс зүүж байх үүрэг өгсөн гэж шүүх хуралдаан дээр мэдүүлсэн.

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 32-06-358/10 тоот шинжээчийн дүгнэлтэд “Аваарын машин дээр ажиллахдаа тавцангийн хашлагыг заавал босго гэж заасан байх бөгөөд Цогт-Очир уг зааварчилгаатай 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан байна. Хэрэв талийгаач нь тусгай тоноглолтой автомашин дээрээс унасан бол энэ нь тавцангийн хашлагыг босгоогүй, хамгаалалтын бүс хэрэглээгүйтэй холбоотой байна. “Цахилгаан тээвэр” компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн эсхүл мэргэшсэн хүнийг ажиллуулах үүрэгтэй. ХАБЭА-н тухай хуулийн 27.3-д Наряд буюу ам шийдвэрээр өгөгдсөнөөс бусад ажлыг дур мэдэн гүйцэтгэх ажлын байрыг өргөтгөх, хэтрүүлэхийг хориглоно. 2003 оны 12 дугаар сарын 24-ний 257 дугаар тушаалаар баталсан Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 1.4.2-д гэж тус тус дурдсан байдаг. Иймд гомдолтой байгаа тул намайг цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн, Г.Түмэндэлгэр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон Г.Бумансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Иргэний хариуцагчаар татагдсан “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААҮТҮГ-аас 3,019,632 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, хохирогчийн асрамжинд байсан насанд хүрээгүй 2 хүүхдэд тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 132,201 төгрөгийг Б.Чинбаяр, Б.Чинзориг нарыг 18 насанд хүртэл нь тооцон олгуулж өгөхийг иргэний нэхэмжлэлдээ гаргасан байхад хуулийг буруу тайлбарлан хассанд гомдолтой байна. Сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлээгүй учраас энэ мөнгийг бид гаргуулах байх гэж бодсон.

“Cap шинэ интернэшнл" ББСБ-д талийгаачийн эхнэр нь өөрөө 789,500 төгрөгийг төлсөн байхад иргэний хариуцагч байгууллага төлсөн хэмээн хассан нь үндэслэлгүй. Шашны зан үйлтэй холбоотой, монгол хүн бүрийн уламжлал болсон зан үйлтэй холбоотой 1,834,300 төгрөгийн хохирлыг мөн буруу тооцон хассанд гомдолтой байна. Энэ зардлыг заавал хуульд заагаагүй хэмээн хасах шаардлагагүй, уламжлал зан заншлын дагуу оршуулгын ажиллагаанд гардаг гэдгийг бүгд л мэднэ шүү дээ.

Байгууллагын ажилчдын сайн дураараа цуглуулан өгсөн 3,000,000 төгрөгийг оршуулгын зардалд зориулан байгууллагаас өгсөн хохиролд оруулан тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх шүүх хуралдаанд шийтгэх тогтоол танилцуулахдаа үлдсэн 7,053,260 төгрөгийг иргэний хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэлээ гэж хэлсэн атлаа тогтоолдоо өөрчлөн бичиж хасч шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул гомдлыг хүлээн авч өөрчлөлт оруулж өгнө үү.

Шүүгдэгч нарын зүгээс өнөөдрийг хүртэл хохирогчийн ар гэрээс албан ёсоор уучлал гуйгаагүйд гомдолтой байдаг...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сайхан дүүгээ алдсандаа харамсаж явдаг. “Цахилгаан тээвэр” компани тухайн өдөр хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн болохыг шүүхээр тогтоогдсон. Шүүгдэгч нар өнөөдрийг хүртэл “уучлаарай” гэж хэлээгүй. Гомдолтой байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутай тооцож ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. А.Серикболын давж заалдах гомдолд ажилчдаас шалгалт авсан, тэднийг сургалтад хамруулсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хэргийг шалгах явцад эдгээр нотлох баримтууд шинээр хавтаст хэрэгт авагдсаныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Цогт-Очир ийм сургалтад сууж, шалгалт өгч байгаагүй талаараа хэлдэг. Шүүгдэгч А.Серикбол үүргээ зохих ёсоор биелүүлсэн, ажлаа зохих ёсоор хийж байсан гэдэг нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан заалтыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч А.Серикболын өмгөөлөгч Ч.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. А.Серикбол ажлын зааварчилгаа өгсөн, сургалт зохион байгуулсан, шалгалт авсан талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. А.Серикбол үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлсэн. Ажил үүргийн хуваарийн дагуу ажилд шинээр орж буй бүх хүмүүстэй биечлэн уулзаж, ажлын зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулдаг байсан. Энэ үйлдэлд 1 сарын цалингийн 20 хувийг хасах сахилгын шийтгэл авагдсан. Нэг үйлдэлд нэг удаа хариуцлага хүлээлгэх зарчмыг зөрчсөн. Гэмт хэргийн шинжтэй асуудал биш, захиргааны шинжтэй асуудал гэж дээрх арга хэмжээг авсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна” гэж, мөн хуулийн 27.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах” гэж заасан. Иймд А.Серикболд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч О.Норовсамбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Цогт-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрч байна…” гэв.

 

Шүүгдэгч О.Баатархүүгийн өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Осол гарах үед О.Баатархүү өөр газарт байсан. О.Баатархүү 560 ажилтанд шаардлагатай хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэлд 56,000,000 төгрөгийн төсөв баталж Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өгөхөд 26,000,000 төгрөг болгож бууруулсан. Миний зүгээс прокурорт төсөв танасан даргыг буруутгаж, шалгадаггүй юм уу, энэ хүн тал мөнгийг нь хасчихаар тал хувцас, тал хамгаалах хэрэгсэл өгнө гэдэг байдлаар хүсэлт тавьж байсан. Мөн тролейбусны цахилгааны шон дээгүүр дамнуулан татсан бусад аж ахуйн нэгж байгууллагуудын шугамууд тогтой байсан юм биш үү гэдэг асуудал тавьсан. Энэ кабелиудыг хариуцдаг газар нь Нийслэлийн харилцаа холбооны зохицуулах газар юм. Тролейбусны шугам дээгүүр дамнуулан татсан шугамуудыг цэгцэлж өгнө үү гэсэн албан тоотыг “Цахилгаан тээвэр” компаниас Нийслэлийн харилцаа холбооны зохицуулах газарт явуулж байсан баримт байдаг. Осол гарсны төлөө хариуцсан байгууллагыг нь татаж шалгаагүй хэрнээ яагаад О.Баатархүүг буруутгаж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр “мэргэшсэн хүн ажиллуулна” гэж өөрчлөгдсөн. А.Серикбол 2010 оноос эхэлж энэ ажлыг хийсэн бөгөөд яамнаас “тэргүүний хөдөлмөр хамгааллын инженер” шагналаар шагнуулж байсан. Шагнал авах болохоороо би сайн хөдөлмөр хамгааллын инженер гээд, хариуцлага хүлээх болохоор мэргэжлийн бус, би чадахгүй гэж ярьж болохгүй. О.Баатархүүг  эрсдэлийн үнэлгээ хийгээгүй гэж буруутгасан. Хөдөлмөр хамгааллын инженер тэгээд юу хийх ёстой юм бэ. Хөдөлмөр хамгааллын инженер нь эрсдэл учирч болох газарт эрсдэлийн үнэлгээ гаргаж, холбоотой дүрэм журам гаргаж, танилцуулж байх ёстой үүрэг бүхий этгээд юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд хянаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч О.Норовсамбуугийн өмгөөлөгч Ц.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд О.Норовсамбуу гомдол гаргаагүй, бөгөөд үйлдсэн хэргээ хүлээж байгаа. Осолд ажил олгогч нар буруутай. О.Норовсамбуу талийгаач хоёр хоёулаа тогонд цохиулсан. Гэрч Батзориг “нэг хүн машин дээр, нөгөө нь газарт унасан хэвтэж байсан” гэж мэдүүлсэн. О.Норовсамбуу сургалтад суугаагүй, цахилгааны мэргэжилгүй, тус компанид олон жил ажилласан. О.Норовсамбуу ажил гүйцэтгэгч хүн болохоос бусдыг удирдаж байгаагүй. Өөрөө тавцан дээр хамт гараад ажилладаг. Ажил гүйцэтгэж байх үед нь машин дотор ердөө нэг каск, нэг хамгаалах бүс байсан. Хэн нь тэрийг өмсөж зүүгээд, хэнийгээ үлдээх вэ гээд өмсдөггүй байсан талаараа хэлдэг. О.Норовсамбууг хамгаалалтын хашлагыг босгоогүй гэж буруутгасан. Гэтэл хашлага нь эвдэрхий байсан. Осол гарснаас хойш 4 сарын дараа автомашинд үзлэг хийхэд хашлага нь бүрэн байсан боловч үүнийг осол гарснаас хойш засварласан...” гэв.

 

Прокурор Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолсон. Шинжээчийн дүгнэлтээр А.Серикболыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр ажиллах бүрэн боломжтой гэсэн. Тиймээс А.Серикболыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерийн ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой байсан субъект гэж үзэж байна. А.Серикбол хөдөлмөр хамгааллын хэрэгслийг бүрэн олгоогүй гэдэг нь тогтоогдсон. Иргэний нэхэмжлэлийн тухайд ажилчдаас өгсөн 3,000,000 төгрөгийг байгууллагын зүгээс олгосон гэж андуурсан байх боломжтой. Одоо санаж байхад, 7 сая гаруй төгрөг гаргахаар болж шийдвэрлэсэн гэж байгаа нь үнэн, тэмдэглэл нь нотлох байх. Хохирлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бол шийтгэх тогтоолд жич шийдвэрлүүлэхээр өөрчлөлт оруулах боломжтой...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн дүгнэлт, тогтоох хэсгийн заалт нь шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй /5-р хх-ийн 155, 175 тал/-ээр бичигдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх ба нэг хэргийн талаар хоёр өөр шийдвэрийг шүүх гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.

 

Прокурор яллах дүгнэлтдээ О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарын ямар эс үйлдэл нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах ямар үүргээ биелүүлээгүй зөрчсөн талаар ялгамжтай зааж бичсэн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийг ямар нотлох баримтаар хэрхэн нотолж байгааг дүгнэж чадаагүй байна /5-р хх-ийн 170-171 тал/. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.2 дахь хэсэгт заасан “...Хэрэгт хэд хэдэн шүүгдэгч оролцож байгаа бол энэ хуулийн 296.1-д заасан байдлыг шүүгдэгч тус бүрээр тодорхойлно...” гэж заасныг зөрчиж байна.

 

  Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт “...эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ...” гэж зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болсон тул шүүгдэгч А.Серикболын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 187 дугаар Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.              

                                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

                                                                                                 Д.ОЧМАНДАХ