Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00826

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-2-63 тоотод оршин суух,1973-3-28-нд төрсөн, ОХУ-ын иргэн Холоденко Юрий Геннадьевичийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хариуцагдах 45,575,936 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр,гэрч А.М.Алюмжан, орчуулагч Ц.Орхон,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Холоденко.Ю.Г нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д Ерөнхий захирлын 1-р орлогчийн туслах гэсэн ажлын байранд 2017-04-15-ныг хүртэл хугацаатай Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан.2016 оны эхээр тус компанийн Ерөнхий захирлын 1-р орлогч солигдож, Кутлин.Б.А томилогдож ирснээр шинэ захирал түүнийг туслахаараа ажиллуулахгүй  тухай асуудал хөндөгдсөн байна.Ингээд үйлдвэрийн захиргаа Холоденко.Ю.Г-тэй энэ асуудлаар ярилцсаны дүнд түүнд өмнө авч байсан валютын нэмэгдэл цалингийн 8 сарын хэмжээтэй тэнцэх урамшуулалыг Компанийн төвлөрсөн сангаас ажил олгогч олгох, Холоденко.Ю.Г нь дээрх нөхцөлөөр өргөдлөө өгч гэрээгээ цуцлах тохиролцоонд хүрч үүнийг Ерөнхий захирлын туслах Н.Баттулга бичгийн хэлбэрээр Ерөнхий захиралд танилцуулан, Ерөнхий захирал тушаалд оруулах гэж цохсоноор баталгаажсан байна.Ийм тохиролцоонд хүрсэн тул Холоденко Ю.Г нь 2016-3-01-нээс ажлаас чөлөөлөгдөхийг зөвшөөрсөн ба бусад тодорхойлолт,чингэлэг,тийз зэргийг бүрдүүлэн өгөхийг хүссэн өргөдөл гаргажээ.Тохиролцоо ёсоор 8 сарын нэмэгдэлтэй тэнцэх шагнал олгохоор тушаал төлөвлөгдөн хянагдаж явсан боловч 2016-2-29-нд Ерөнхий захиралын тушаал гарахдаа дээрхи урамшууллын заалт хасагдаж гарсаныг Холоденко Ю.Г мэдээд тэр өдөртөө Ерөнхий захирал болон 1-р орлогчид өргөдөл гаргаж “нэгэнт нэг тал тохиролцсоноосоо буцаж байгаа бол би мөн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох өргөдөлөөсөө татгалзаж байгаа”гаа мэдэгдсэн байна. Холоденко.Ю.Г-ийн ОХУ руу буцах билет чингэлэг 2016-3-3нд захиалагдсан тул тэрээр энэ асуудлаа биечлэн шийдвэрлүүлж чадахгүй болж өөрийн итгэмжилсэн этгээдэд үлдээгээд нутаг буцжээ... Иймд харилцан тохиролцсоны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 45,575,936 төгрөгийг гаргуулж өгнө үү”гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийг дэмжинэ.Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад өөр туслах авах болсон тул Ерөнхий захирал өөрөө хүсэлт хэлсэн.”Валютын 8 сарын урамшуулал өгье гэж тохиролцсон.Ингэж тохиролцсон тул Холоденко өргөдлөө өгөөд нутаг буцах асуудлаа хөөцөлдсөн.Гэтэл тушаал гарахад урамшуулал ороогүй байсан тул 2016-2-29-нд тохиролцооноос татгалзах тухай өргөдөл бичсэн,хариу өгөөгүй.Холоденко Ю.Г үлдэх боломж байгаагүй,гэрээ ачсан,зардлаа авсан байсан тул.99 000 ам доллар бол угаасаа хөдөлмөрийн гэрээгээр олгох ёстой мөнгө байсан.Тохиролцоонд хамаагүй.Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-ээр гэрээг цуцалсан.Тохиролцсон шалтгаан байдаг.Шалтгаан нь 22,400 доллар өгөх тухай байсан.Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Драчук В.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх болно гэжээ.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Холоденко Ю.Г –д урамшуулал олгосон байгаа.2016-2-29-нгд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд гомдол гаргаагүй.2016-2-16-нд 99 000 ам долларыг Холоденкогийн дансанд шилжүүлсэн.Энэ талаар гомдол гараагүй.Нөгөө талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-д "8 сарын валютын урамшуулал олгох журам” байхгүй. Холоденко Ю.Г-д урамшуулал олгох үүрэг байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанд гэрч Ахмедов Алюмжан Медиханович мэдүүлэхдээ:Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Ерөнхий захиралын 1-р орлогчийн туслах ажилтай.Ерөнхий захирал компаний дүрэм журамд заагаагүй шийдвэр гаргах боломжгүй.8 сарын цалингийн урамшуулал олгодог журам байхгүй.Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг би Холоденко Ю.Г-д танилцуулсан.Тушаалыг журмын дагуу боловсруулж гаргасан.1-р орлогчийн гаргасан тушаалыг Ерөнхий захирал зөвшөөрөхгүй байж болно.Холоденко Ю.Г-ийн өргөдөлийг би танилцуулсан гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Холоденко Юрий Геннадьевич “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан 45,575,936 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Ерөнхий захиралын “Холоденко Ю.Г-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Б/242 дугаартай тушаал,Ерөнхий захиралын туслах Н.Баттулгын “Холоденко Ю.Г-г компанид олон жил үр бүтээлтэй үнэнч шударга ажилласныг үнэлэн Компаний төвлөрсөн сангаас 8 сарын долларын нэмэгдэл цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллаар шагнаж өгөхийг хүсье” гэсэн утгатай Ерөнхий захиралд хандсан хүсэлт,цалин хөлсний тодорхойлолт, Холоденко Ю.Г-ийн 2016-2-29-ний өдрийн “харилцан тохиролцсоны дагуу халагдах өргөдлийг хүчингүйд тооцно уу” гэсэн утгатай өргөдөл, Холоденко Ю.Г –ийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн “талуудын харилцан тохиролцсоны дагуу намайг 2016-3-01-ний өдрөөс ажлаас чөлөөлнө үү” гэсэн утгатай өргөдөл,2011-04-15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ,гэрээний нэмэлт,2016-2-16-ны өдрийн 99,000  ам долларын шилжүүлгийн төлбөрийн даалгавар зэргийг үндэслэсэн.

 Хариуцагч тал тайлбар гаргаж,шүүх хуралдаанд гэрч оролцуулсан.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Ерөнхий захиралын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Б/242 дугаартай тушаалаар Ерөнхий захиралын Нэгдүгээр орлогч,ерөнхий инженерийн туслахаар ажиллаж байсан ОХУ-ын иргэн Холоденко Ю.Г-ийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Холоденко Ю.Г-ийн өргөдөл зэргийг үндэслэн дуусгавар болгожээ.

Холоденко Ю.Г 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хөдөлмөрийн гэрээ 3 жилийн хугацаагаар байгуулан ажилласан ба гэрээний хугацааг 2014 оны 4 сарын 15-ны өдөр 3 жилийн хугацаагаар сунгасан, 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “талуудын харилцан тохиролцсоны дагуу намайг 2016-3-01-ний өдрөөс ажлаас чөлөөлнө үү” гэсэн утгатай өргөдөл бичсэнийг үндэслэн гэрээг хугацааны өмнө дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлдээ “...2016 оны эхээр тус компанийн Ерөнхий захиралын 1-р орлогч солигдож, Кутлин.Б.А томилогдож ирснээр шинэ захирал түүнийг туслахаараа ажиллуулахгүй  тухай асуудал хөндөгдсөн байна.Ингээд үйлдвэрийн захиргаа Холоденко.Ю.Г-тэй энэ асуудлаар ярилцсаны дүнд түүнд өмнө авч байсан валютын нэмэгдэл цалингийн 8 сарын хэмжээтэй тэнцэх урамшуулалыг Компанийн төвлөрсөн сангаас ажил олгогч олгох, Холоденко.Ю.Г нь дээрх нөхцөлөөр өргөдлөө өгч гэрээгээ цуцлах тохиролцоонд хүрч” гэсэн үндэслэл зааж хариуцагчаас  цалингийн 8 сарын хэмжээтэй тэнцэх урамшуулал 22,400 ам доллар буюу 45,575,936 төгрөг гаргуулахаар шаардсан.

Дүгнэвэл: Нэхэмжлэгч Холоденко Ю.Г-ийн 2016-2-29-ний өдрийн “...харилцан тохиролцсоны дагуу халагдах өргөдлийг хүчингүйд тооцно уу...2016-2-29-ний өдрийн Б/142 тоот тушаалд Ерөнхий захиралын 1-р орлогч-Ерөнхий инженер Б.А Кутлин гарын үсэг зурахдаа Ерөнхий захирал Даваацэрэнтэй намайг шагнаж урамшуулах ба холбогдох үүргийг санхүүгийн хэлтэс,нягтлан бодох бүртгэлийн хэлтэс,хүний нөөцийн хэлэтс зэрэгт үүрэг өгч тушаалд оруулах болон дээр заасан хөдөлмөрийн гэрээний үйлчлэлийг зөрчиж байна” гэсэн утгатай өргөдөл/хх 15 дахь талд/ болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дүгнэхэд, зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээг хугацааны өмнө дуусгавар болгоход хүргэсэн тохиролцоо хийгдсэн байж болох боловч, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Ерөнхий захиралын туслах Н.Баттулгын Ерөнхий захиралд хандаж, “Холоденко Ю.Г-г компанид олон жил үр бүтээлтэй үнэнч шударга ажилласныг үнэлэн Компаний төвлөрсөн сангаас 8 сарын долларын нэмэгдэл цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллаар шагнаж өгөхийг хүсье” гэсэн утгатай хүсэлт,уг хүсэлтэд “Сх,нябо,ХНХ-д тушаалд оруулах/гарын үсэг/гэсэн цохолт хийсэн баримтаас/ хэргийн 9-10 дахь талд/  өөр, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Холоденко Ю.Г нарын хооронд хийсэн хэлцэл тохиролцооны талаархи баримт хэрэгт авагдаагүй.

Ерөнхий захиралын туслах Н.Баттулгын бичсэн хүсэлтийг, Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Холоденко Ю.Г нарын хооронд хийсэн тохиролцоог нотолно гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл муутай бөгөөд уг баримтыг үндэслэн Эрдэнэт үйлдвэр ХХК нь “Холоденко Ю.Г-ийн өмнө “8 сарын долларын нэмэгдэл цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох” үүрэг хүлээсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм. Ажил олгогчтой хийсэн тохиролцооны талаар тухайлбал,нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар, 8 сарын долларын нэмэгдэл цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллаар шагнуулах тухай хүсэлтээ Холоденко Ю.Г өөрөө бичээгүй,Ерөнхий захиралын туслах бичсэн нь ойлгомжгүй бөгөөд,нөгөө талаар, хүсэлтийг хариуцагч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй,Б/142 тоот тушаалд энэ талаар заалт ороогүй байна.

Хариуцагчийн,хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай  2016-2-29-ний өдрийн Б/142 тоот тушаалд Ерөнхий захиралын 1-р орлогч-Ерөнхий инженер Б.А Кутлин гарын үсэг зурсан ба Ерөнхий захирал Ц.Даваацэрэн уг тушаалыг өөрчлөх хүчингүй болгох эрхтэй боловч,тушаал хүчинтөгөлдөр хэрэгжсэн тухай,хөдөлмөрийн гэрээний нэмэлтийн дагуу 99,000 ам доллар олгосон тухай хариуцагч тайлбарлаж байна.

Иймд нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас  45,575,936 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.         

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул Холоденко Юрий Геннадьевичийн Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 45,575,936 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 386,990 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ