| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0194/э |
| Дугаар | 0199 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 0199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ
улсын яллагч: Б.Ганбулган
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.
шүүгдэгч: С.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт С Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806098320145 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт С Г, 19 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 119б тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
С.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн дугаар хороо Улаанхуарангийн тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Л.Б шалны модоор цохиж, хутгаар гарын бугалга,тохой хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11.00 цагийн орчим намайг гэртээ ирэхэд хамтран амьдрагч Л.Б нь нэг шил архи авч ирээд өөрөө согтуу унтаж байсан. Би 13.00 цагийн үед хажуу айлд орж, тэр айлын эгчтэй 2.5 литрийн пиво хувааж уусан. Өмнө нь Б, бид хоёрын дундаас нэг хүүхэд төрөөд бурхан болсон юм. Намайг гэрт ороход Б сэрүүн байсан. Орой 22.00 цагийн үед Б хуучин эхнэрийнхээ талаар магтаж ярихаар нь би тоглоод “чи хуучин эхнэрээ санаад байгаа юм уу” гэж хэлэхэд өөдөөс “тэр чинь миний хоёр хүүхдийг төрүүлсэн хүн шүү, чи бол төрүүлсэн хүүхдээ алдаг хүн шүү дээ” гэж хэлсэн. Би Б хандаж “чамд ингэж хэлүүлж байхаар үхээд өгье” гэж хэлээд хутга авахад Б миний хоёр гарнаас татсан. Би хутга барьсан гараа хойшоо савахдаа Б хутгаар хатгасан байсан. Б биеэс гарсан цусыг тогтоож, боолт хийж өгөөд, би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед манай бага охин байсан гэв.
Шүүгдэгч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Б 2015 онд танилцаж, 2017 оны 6 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байгаа юм. Дундаасаа 1 хүүхэд төрүүлсэн. Төрүүлсэн хүүхэд нь зүрхний гажиг өөрчлөлттэй төрөөд 2 сарын өмнө 6 сартайдаа нас барсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09.00 цагийн орчимд Б ажлаа тараад ажлыхаа Г хамт ирээд 1 шил архи уусан. Тэгээд дахин нэг шил архи уусан. Тэр архинаасаа бага уучихаад унтаад өгсөн. Тэгээд 17.00 цагийн орчимд сэрээд байж байтал хажуу айлын З эгч нэг шил 0.5 граммын архи авч орж ирсэн. З эгчийн авчирсан архийг Б уусан. Би 2 лааз пиво л уусан. Б ярьж сууж байгаад хуучин эхнэрийхээ нэрийг хэлээд байхаар нь би авгайгаа санаад байгаа юм уу даа гэхэд Б тэр чинь миний хоёр хүүхдийг төрүүлж өсгөсөн юм байгаа биз дээ гээд байхаар нь би төрүүлж өгөөгүй юм уу гэхэд Б чи шороонд булаа биз дээ гэсэн. Тэгтэл З эгч чи ямар муухай юм хэлдэг юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаалга түгждэг мод аваад яахаараа архи уух болгондоо ийм муухай үг хэлж байдаг юм гэж хэлээд уурлаад мөр лүү нь хоёр удаа цохисон. Гэтэл Б чи алуурчин биздээ хүүхдээ харж чадаагүй биз дээ гээд байхаар нь би тэсэж байгаад чи яахаараа намайг ингэж хэлдэг юм гэж хэлээд хутга аваад өөрийгөө алаад өгий гэж хэлээд хутга барьтал хоёр хутга баригдсан. Б ирээд миний араас бариад автал нэг хутга нь газар унасан. Зүүн гартаа барьсан байсан хутгаараа гар луу нь цохих үед зүсэгдсэн байсан. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүүхэд нас барсан байхад Б намайг хаяад хөдөө явсан байсан. Тэгээд энэ асуудлаас болоод бид хоёр маргалдаж би заазуур аваад цээжинд нь өнгөцхөн зүссэн. Түүнээс хойш намайг заазуурддаг гэж дарамтлах болсон гэжээ. /хх-н 16/
Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Г 1 жилийн өмнөөс танилцаж дотно харьцаатай болсон. Би одоо Г гэрээр ирэн очин амьдарч байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 10.00 цагийн орчимд би согтуу Г Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн тоот гэрт нь очсон. Би тэднийд унтаж байтал шөнө /хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна/ миний нуруу руу хүн цохих шиг болохоор нь сэртэл Г шалны мод барьчихсан миний нуруу, хөл гарын булчин руу хэд хэдэн удаа цохисон. Би яаж байгаа юм бэ гэхэд чи тэр муу гичийдээ хайргүй гэж хэл гээд цохиод байсан. Чи өөрийнхөө эхнэртэй хайртай гэж хэлсэн гээд уурлаад байсан би тэгж хэлсэнээ санахгүй байгаа юм. Тэгж уурлаж байснаа шургуулагнаас 2 хутга бариад чамайг алаад хаячихья гэхээр нь би гүйж очоод Г араас нь 2 гарыг нь бариад нэг хутгыг нь алдуулсан. Гэтэл Г зүүн гартаа барьсан хутгаар миний баруун бугалга руу 2 удаа хатгаж зүсэж цус гаргасан. Ингээд би өөрөө түргэний эмч дуудсан. Г намайг унтаж байхад архи пиво уусан гэсэн. Тэрээр бага зэргийн согтолттой байсан би унтаж байсан болохоор архи гарчихсан байсан юм. Надад одоо гомдол санал алга болдог бол өргөдлөө буцааж авмаар байна гэжээ. /хх-н 10-13/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-7/
Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 8/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 9/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 18-19/
Хүний биед үзлэг хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт:
1.Л.Б биед бугалга, ар нуруу, дал, гуяны цусны хуралт, баруун бугалга, тохойн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь бүгд тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-н 21/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 22/
С.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 23 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26/
С.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 32-33/
С.Г Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 27/, прокурорын тогтоол /хх-н 28-29/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-31/ зэрэг болно.
С.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Л.Бг шалны модоор цохиж, хутгаар гарын бугалга, тохой хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн...хохирогч Л.Бн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би тэднийд унтаж байтал шөнө /хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна/ миний нуруу руу хүн цохих шиг болохоор нь сэртэл Г шалны мод барьчихсан миний нуруу, хөл гарын булчин руу хэд хэдэн удаа цохисон. Би яаж байгаа юм бэ гэхэд чи тэр муу гичийдээ хайргүй гэж хэл гээд цохиод байсан. Тэгж уурлаж байснаа шургуулагнаас 2 хутга бариад чамайг алаад хаячихья гэхээр нь би гүйж очоод Г араас нь 2 гарыг нь бариад нэг хутгыг нь алдуулсан. Гэтэл Гг зүүн гартаа барьсан хутгаар миний баруун бугалга руу 2 удаа хатгаж зүсэж цус гаргасан.Надад одоо гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-н 10-13/
Хүний биед үзлэг хийсэн шүүх шинжилгээний дүгнэлтээр Л.Бйн биед бугалга, ар нуруу, дал, гуяны цусны хуралт, баруун бугалга, тохойн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдсон, гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь бүгд тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэж тогтоогдсон байна. /хх-н 21/
Шүүгдэгч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Б ярьж сууж байгаад хуучин эхнэрийхээ нэрийг хэлээд байхаар нь би авгайгаа санаад байгаа юм уу даа гэхэд Б тэр чинь миний хоёр хүүхдийг төрүүлж өсгөсөн юм байгаа биз дээ гээд байхаар нь би төрүүлж өгөөгүй юм уу гэхэд Б чи шороонд булаа биз дээ гэсэн. Тэгтэл Зулаа эгч чи ямар муухай юм хэлдэг юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаалга түгждэг мод аваад яахаараа архи уух болгондоо ийм муухай үг хэлж байдаг юм гэж хэлээд уурлаад мөр лүү нь хоёр удаа цохисон. Гэтэл Б чи алуурчин биздээ хүүхдээ харж чадаагүй биз дээ гээд байхаар нь би тэсэж байгаад чи яахаараа намайг ингэж хэлдэг юм гэж хэлээд хутга аваад өөрийгөө алаад өгий гэж хэлээд хутга барьтал хоёр хутга баригдсан. Б ирээд миний араас бариад автал нэг хутга нь газар унасан. Зүүн гартаа барьсан байсан хутгаараа гар луу нь цохих үед зүсэгдсэн байсан гэсэн мэдүүлэг / хх-н 16/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
С.Г холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Л.Б нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
С.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг түүний орлогын байдлыг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Сосорын Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Г нь торгох ялыг 6 сарын дотор нэг сард 75.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Г нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. С.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН