Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 0207

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Б.Эрдэнэбаатар

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.

шүүгдэгч: О.Н  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  Ш овогт О Н холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806052110206 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овогт О Н, 19  оны 01 дүгээр  сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд  төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт,  Баянзүрх дүүргийн  дугаар хороо Баганат хотхоны  дугаар байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:

Холбогдсон хэргийн талаар:

          О.Н 2018 оны  6 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Ө зодож  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч  О.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр машиндаа 2 найзтайгаа 3 шил архи хувааж ууж байсан. Хажуугийн машинд хэдэн залуучууд бас архи ууж байсан. Би найзуудыгаа явуулчихаад байж байгаад явах гэтэл тэр залуучууд машинаа барьж болохгүй гэж хэлснээс болж маргалдсан. Миний буруу, би Ө зодсон гэв.

         Шүүгдэгч  О.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 6 дугаар сарын 11-ны өдөр 18.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баганат хороололын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн  УНД Хонда HRV хар өнгийн машин дотроо найз Б, П нарын хамт 0.5 граммын архи уугаад сууж байтал хажууд зэрэгцээд зогссон байсан машин дотор 2 эрэгтэй бас архи ууж байх шиг байсан. Машин дотроос урт үстэй сахалтай залуу орилоод байсан. Би гэхдээ сайн санахгүй байна. Би архинд явчихаад иртэл нөгөө хүмүүстэй манай найзууд муудалцсан бололтой байж байсан. Би машин дээрээ ирээд буцаж нөгөөдүүл дээр очсон тэгээд юу болсоныг санахгүй байгаа юм. Миний зүүн гар чигчий хуруу шалбарсан 2 хөлний өвдөг шалбарсан байсан гэжээ. /хх-ийн 16/

          Хохирогч Ж.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баганат өргөө хотхоны хажууд манай найз Г бид хоёр Г Приус-20 маркийн саарал өнгийн машинд 2.5 литрийн пиво уугаад байж байтал бидний хажууд саарал өнгийн хоёр хаалгатай машинд 3 ах архи уугаад сууж байсан. Бид машины цонхоо онгойлгочихсон зэрэгцээд зогсож байсан бөгөөд бидний хажууд зогсож байсан машин хөдлөөд явах гэхээр нь би иргэний үүргээ биелүүлэх санаатай машины түлхүүрийг нь авах гэхэд өгөөгүй. Тэгээд тэр 3 ах машинаасаа буугаад машинаа асаах гэж байсан ах намайг эргээд хартал гараараа миний уруул, хамар, хүзүү рүү хэд хэдэн удаа цохисон. Тэр ах бөгжтэй гараараа л цохиод байх шиг байсан. Миний зүүн нүдний зовхи, хамар, уруулаас цус гарсан. Манай найз ирж биднийг салгасан. Би уг хүнд гар хүрээгүй. Тухайн үед би зодуулчихаад цагдаа дуудсан. Би согтуу машин барьж явж яах юм гэж бодоод л машиных нь түлхүүрийг авах гэсэн юм гэжээ.  /хх-н 12-15/

          Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 11-ны өдөр манайд ажиллаж байгаад өвөл ажлаасаа гарсан Н гэдэг залуу над руу утасдаад Өнө Амгаланд цахилгааны юм хийх гэсэн юм та ажлаа тараад үзээд өгөөч гэхээр нь би өдөр 14.00 цагийн орчимд ажлаа тараад очье гэж хэлсэн. Орой 18.00 цагийн орчимд ажил тараад би хамт ажилладаг П Н утсаар яриад уулзалдаад хийх гэж байгаа зүйлийг нь хараад зөвлөгөө өгсөн. Өнө Амгалангаас гараад бид гурав Н гэрийх нь гадаа очоод Ням-Очир 0.75 литрийн нэг шил архи авч машин дотроо уугаад дуусхаар нь нэмж 2 шил 0.5 литрийн архи авч хувааж ууцгаасан. Бидний зүүн талд хар өнгийн машинтай хоёр залуу машин дотроо мөн архи ууж байсан. Тэгээд биднийг ууж байхад тэр машинтай хоёр залуугийн намхан биетэй залуу нь би гагнуур хийдэг ганаж чадна гэж хэлээд тэр хоёр маргалдсан. Н тэр залууд би хоёр ахтайгаа юм ярьж байна чи дуугүй байж бай гэж хэлээд тэр хоёр аль аль нь машинаасаа буусан. Тэгээд Н нөгөө залуутай хогийн цэгийн зүг явахаар нь П бид хоёр машинаасаа буугаад очтол тэр хоёр бие биенээ мөрлөчихсөн зогсож байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад би гэрлүүгээ явсан гэжээ. /хх-н 18-19/

          Гэрч З.П  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 11-ны орой 18.00 цагийн орчимд ажил тараад Б хамт гараад замаараа Н уулзахаар болоод явсан. Тэгээд Н уулзаад бид гурав Н машинд нэг шил 0.75 литрийн архи, хоёр шил Соёрхол архи уусан. Гадаа халуун байсан учир машины хаалгаа онгойлгоод юм яриад сууж байтал хажуугийн машинд архи уугаад сууж байсан хоёр залуугийн нэг нь та нарын гагнуур хийнэ гэж юу байсан юм би Оюутолгойн гагнуурчин байна гэсэн. Бид тоолгүй сууж байтал нөгөө машинаас нэг залуу бууж ирээд Н машины урд тэврэлдээд зогсож байсан. Бид хоёр тэр хоёрыг салгаад Н бид хоёрыг зам гаргаж өгөөд үлдсэн. Бид хоёр автобусанд суугаад гэр гэрлүүгээ явсан. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна гэжээ. /хх-н 20-21/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22

          Хүний биед үзлэг хийсэн шүүх шинжилгээний №7471 дүгнэлт:

          1.Ж.Ө биед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна булан, дээд уруулд шарх, баруун нүдний гадна буланд, зүүн даланд гийн цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, хэлний үзүүрт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-п зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 23/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 24-25/

          О.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 31 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 28/,

          О.Н  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 40-41/

          О.Н  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 35/, прокурорын тогтоол /хх-н 37-38/, /хх-н 120 /яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл  /хх-н 39/

          О.Н 2018 оны  6 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Ө зодож  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн...                 Хохирогч Ж.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Бид машины цонхоо онгойлгочихсон зэрэгцээд зогсож байсан бөгөөд бидний хажууд зогсож байсан машин хөдлөөд явах гэхээр нь би иргэний үүргээ биелүүлэх санаатай машины түлхүүрийг нь авах гэхэд өгөөгүй. Тэгээд тэр 3 ах машинаасаа буугаад машинаа асаах гэж байсан ах намайг эргээд хартал гараараа миний уруул, хамар, хүзүү рүү хэд хэдэн удаа цохисон. Тэр ах бөгжтэй гараараа л цохиод байх шиг байсан. Миний зүүн нүдний зовхи, хамар, уруулаас цус гарсан гэсэн мэдүүлэг/ хх-н 12-15/ , Хүний биед үзлэг хийсэн шүүх шинжилгээний №7471 дүгнэлтээр Ж.Өн биед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна булан, дээд уруулд шарх, баруун нүдний гадна буланд, зүүн даланд гийн цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, хэлний үзүүрт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-п зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ. /хх-н 23/

          Гэрч Б.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... биднийг ууж байхад тэр машинтай хоёр залуугийн намхан биетэй залуу нь би гагнуур хийдэг гагнаж чадна гэж хэлээд тэр хоёр маргалдсан. Н тэр залууд би хоёр ахтайгаа юм ярьж байна чи дуугүй байж бай гэж хэлээд тэр хоёр аль аль нь машинаасаа буусан. Тэгээд Н нөгөө залуутай хогийн цэгийн зүг явахаар нь П бид хоёр машинаасаа буугаад очтол тэр хоёр бие биенээ мөрлөчихсөн зогсож байсан гэсэн мэдүүлэг  / хх-н 18-19/,Гэрч З.П  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Бид тоолгүй сууж байтал нөгөө машинаас нэг залуу бууж ирээд Н машины урд тэврэлдээд зогсож байсан. Бид хоёр тэр хоёрыг салгаад Н бид хоёрыг зам гаргаж өгөөд үлдсэн гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Машин дотроос урт үстэй сахалтай залуу орилоод байсан. Би гэхдээ сайн санахгүй байна. Би архинд явчихаад иртэл нөгөө хүмүүстэй манай найзууд муудалцсан бололтой байж байсан. Би машин дээрээ ирээд буцаж нөгөөдүүл дээр очсон тэгээд юу болсоныг санахгүй байгаа юм. Миний зүүн гар чигчий хуруу шалбарсан 2 хөлний өвдөг шалбарсан байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 16/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.           

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         О.Н нь  Ж.Ө өөрийг нь согтуу байгааг мэдээд согтуу машин бариулахгүй гэж түлхүүрийг авах гэсэн асуудлаас болж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба түүний энэ үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

         Иймд О.Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.        

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Ш овогт О Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Н нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Н нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. О.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ням-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Н нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  О.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН