| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0030/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 31
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1915000000011 дугаартай, 163/2019/0030/Э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгким Хутаг-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймаг Баяннуур сум Өлзийт багт оршин суух, Баяннуур сумын ЗДТГ-ын олон нийтийн байцаагч ажилтай, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 сарын 21-ний өдөр 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийтгүүлж байсан, Х овгийн Б.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт багийн нутагт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.Т ыг зүүн талын чихний ар, хүзүүн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ийн өгсөн: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.Нэмж ярих зүйлгүй гэв.
1915000000011 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:
Хохихрогч З.Т ы өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 05 цагийн үед манай нөхөр болох Б.Б нь гаднаас согтуу орж ирээд хэл үгээр доромжлоод байсан тэгээд мах идэж байсан хутгаа аваад эргээд гараад явсан. Тэгэхээр нь би санаа зовоод араас нь гараад орж амар гээд хэлэхэд уурлаад чамайг ална шүү гээд хашааны үүдэн дээр намайг барьж явсан хутгаараа хүзүү рүү тулгаад, үсдээд чирсэн тэгээд удалгүй гэртээ орж ирээд сууж байтал хүзүүнээс халуу оргиод байхаар нь гараараа дараад үзсэн чинь цус болсон байсан. Тэгээд эмнэлэг дуудах гэхэд юун сүртэй юм гээд дуудуулахгүй байсан. Тэгээд би Үүрээ эмчийг утсаараа дуудаад үзүүлсэн..., эмнэлэг яваад оёдол тавиулсан..., гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,
Гэрч Б.Ү гийн өгсөн: “..2019 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 06 цагийн үед миний утас руу дуудлага ирээд миний чихний араас цус гараад байна. Манай гэрт хүрээд ирээч гээд Т ярьсан. Яагаад цус гарсан юм бэ гэж асуухад үзүүртэй юмаар хатгасан, манай нөхөр гээд утсаа салгасан. Тэгээд 3-5 минутын дараа гэрт нь яваад очиход Т нь орон дээрээ суусан байдалтай зүүн гар талдаа хүүхдийнхээ цамцаар хүзүү хэсэгтээ дарсан байдалтай байсан... үзлэгээ хийхэд зүүн гар талд чихнээс хойшоо 5 см орчим зайтай 1,6 см урттай, 0.6 см-ийн гүн зүсэгдсэн шарх, цус алдалттай, амьсгал зүрх судас хэвийн, мэдрэхүйн талаас өөрчлөлтгүй, шархаа ариутгаж цэвэрлээд 1 оёдол тавьсан, шингэн сэлбэх, өвдөлт намдаах эмчилгээг хийсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаартай дүгнэлтэнд: 1. Магадлуулагч З.Т ы биед зүүн хүзүүнд оёдол бүхий шарх, хэвлий зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Магадлуулагчийн биед үүссэн гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх /хх-ийн 21 хуудас/,
Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө би 04 цагийн үед гаднаас гэртээ согтуу орж ирээд эхнэр лүүгээ уурлаж хэрэлдсэн, өмнө нь 2-3 хоног эхнэр архи уучихсан оройтож ирээд байсан болохоор нь уур хүрээд хэрэлдэж байсан. Тэгээд гэртээ чанасан мах идээд сууж байсан юм. Эхнэрээ жаахан айлгая гэж бодоод эхнэрийнхээ хүзүү рүү тэр мах идэж байсан хутгаараа тулгаж чамайг ална шүү гээд орилсон, тэгээд л би мэдэлгүй хүзүү рүү нь хутгаараа хатгачихсан, тухайн үед эхнэр эмнэлэг явъя гэхээр нь би гайгүй байх гэж бодоод эмнэлэг дуудуулаагүй, 20 минут орчим болоод би өөрийнхөө бурууг ойлгоод сумынхаа төлөөлөгчид очиж дуудлага өгсөн юм...Би шүүх эмнэлэгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Т ы хүзүү рүү нь хутгаар хатгаж, хэвлийн зүүн доод хэсэг болон зүүн гуяны ар хэсэгт 1-2 удаа цохиж зодсон юм...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хууда/,
гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/, эд мөрийн баримт хураан авах тогтоол /хх-ийн 7 хуудас/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 19 хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-38 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 31-35 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт багийн нутагт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.Т ыг зүүн талын чихний ар, хүзүүн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч З.Т , гэрч Б.Ү нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 32 тоот дүгнэлт, түргэн тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр З.Т ы бие махбодийн хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Т ы биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч З.Т нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр, цагаан өнгийн хуванцар иштэй, 22 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.Б ийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгуулийг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр, цагаан өнгийн хуванцар иштэй, 22 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж тус тус шийдвэрлэсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН