Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00833

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч:Хөвсгөл аймаг Мөрөн сум Мандал Хоргын 1-1 тоотод оршин суух Хөвсгөлдалай овогтой Эгиймаагийн / РЖ-87012105/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 1-6 тоотод оршин суух Илжигэн овгийн Батаажийн Халх-Эрдэнэ /ФД-78032314 / хариуцагдах гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Эгиймаа, хариуцагч Б.Халх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч Х.Эгиймаа хариуцагч Б.Халх-Эрдэнээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Х.Эгиймаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Х.Эгиймаа нь 2008 онд Халх-Эрдэнэтэй танилцаж 1 гэрт орсон ба охиноо төрөхөөс өмнө 2011-02-08-нд өөрийн хүсэлтээр албан ёсоор гэрлэлтээ батлуулж охиноо эцгээр нь овоглосон.Бидний дундаас охин Ижилмөрөн маань 2011 онд төрсөн.Бид гэр бүл болж 1 гэрт амьдраагүй, охиноо өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүй, хоорондоо таарч тохирохгүй болж тус тусын амьдралаар амьдарч ирсэн.Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийн баталгааг хуулийн дагуу цуцлуулж, охин Х.Ижилмөрөнг өөрийн асрамжид авч, хүүхэддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Бид гэрлэлтээ батлуулсан ч  өдий хүртэл жилдээ 3-4 удаа л хамт байдаг байсан. Эрдэнэтэд амьдрах боломжгүй болоод нутаг руугаа Хөвсгөл явсан.Энд амьдрах гэж 2 удаа ирсэн.Энэ хүн ямар ч шийдвэр гаргаж чаддаггүй.Олон жил хүлээсэн.Хөвсгөлд очдоггүй.Би Эрдэнэтэд ирэх боломжгүй,2014 оноос хойш уулзааггүй,цаашид хамт амьдрах боломжгүй тул  гэрлэлтээ цуцлуулна,хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэжээ.

 

Хариуцагч Б.Халх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Халх-Эрдэнэ би Эгиймаатай танилцан гэрлэлтээ батлуулсан нь үнэн.Эгиймаатай танилцах үед Анагаахын их сургуулийн 4-р курст явж байсан.Бидэнд төлбөр санхүү, хувцас хунар, хэрэглээ гээд хэрэгтэй байсан тул 5-н толгойд нүүрсний түрээсийн машин барихаар болж, тэнд ажилд орсон.Энэ хугацаанд авсан цалингаа Эгиймаагийн сургалтын төлбөр, төгсөлтийн баяр, хувцас болоод хэрэгцээнд нь бүрэн өгч байсан.Бид охинтой болсноос хойш хариуцлага улам нэмэгдэж, өөрийн гэсэн орон байртай болохын тулд үргэлжлүүлэн ажиллах болсон тэгээд охиноо хамт өсгөлцөөгүй нь үнэн.Гэвч би тэр хоёрынхоо бүх хэрэгцээний мөнгө, тэр бүү хэл хадам ээж болох Цэцгээгийн байрны лизинг болох 3 сая гаруй төгрөг бэлнээр төлж, мөн цагаан сарын бүх хэрэгцээний мөнгийг өгч байсан.Эгиймаа охин 2-тойгоо хамт байгаагүй ч одоог хүртэл хариуцлагатай байсаар ирсэн.Харин сүүлийн 1 жил зөвхөн охиныхоо хэрэглээний зардал мөнгийг төлж байгаа.Эгиймаа намайг хол байхад 2 ч хүнтэй дотно харьцаатай болж надаас сална., чи зайл, хамт байсангүй гэж олон удаа хэлдэг байсан.Надад Эгиймаагаас салж, охиноо хойт эцгийн гар харуулах хүсэл байхгүй байна.Хэрэв тэр хүн хүнтэй сууж бйагаа бол би охиноо авах хүсэлтэй байна гэжээ. 

Хариуцагч Б.Халх-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрмөөргүй байна.Охиноо өнчрүүлах хүсэлгүй байна.Би амьдралын шаардлагаар ар гэрээ тэжээхийн тулд л Өмнөговь руу явж ажил хйисэн.Хааяа 7 хоногийн чөлөөтэй л ирж байсан.Хөвсгөл рүү ирж очин байсан.Хамт байгаагүй нь үнэн.Эрдэнэтэд ээжтэйгээ амьдардаг.Эгиймаад хамт нэг дороо Эрдэнэтэд байя гэж хэлсэн зөвшөөрөөгүй.Надад Хөвсгөлд ажил олдохгүй гэжээ.     

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлав.            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Эгиймаа нь Б.Халх-Эрдэнээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасан.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

Шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2010-01-01-нд гэрлэлтээ батлуулсан, 2011-04-11-нд охин Х.Ижилмөрөн төрсөн бөгөөд одоо 5 настай эхийн асрамжид эсэн мэнд өсөж бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, 0156407 дугаартай гэрлэлтийн баталгаа, 0461952 дугаартай хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбарууд зэргээр нотлогдож байна.

Зохигчид 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа,эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан байх бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй талаар нэхэмжлэгч тайлбарлаж байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч “Охиноо өнчрүүлах хүсэлгүй байна.Гэрлэлтээ цуцлуулмааргүй байна” гэж тайлбарлаж байх боловч 2 талд байгаа амьдралаа нэгтгэх талаар идэвхтэй байр суурь илэрхийлж чадаагүй,нөгөө талаар нэхэмжлэгч “Энэ хүн ямар ч шийдвэр гаргаж чаддаггүй.Олон жил хүлээсэн.Хөвсгөлд очдоггүй.Би Эрдэнэтэд ирэх боломжгүй”гэж тайлбарлаж байх тул зохигчид хэн алин нь гэрлэлтийг үргэлжлүүлэх,хамтран амьдрах талаар идэвхтэй хүсэл сонирхолгүй  гэж дүгнэх үндэслэлтэй.

2011 оны 04 сарын 11-нд төрсөн охин Х.Ижилмөрөнг эхийн асрамжинд өгч хуулийн дагуу тэтгэлэг тогтоож эцэг Б.Халх-Эрдэнээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.      

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Батааж овогтой Халх-Эрдэнэ, Хөвсгөлдалай овогтой Эгиймаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 04 дүгээр сарын 11-нд төрсөн охин Халх-Эрдэнэ овогтой Ижилмөрөнг эх Х.Эгиймаагийн асрамжинд үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40,1.2-д зааснаар охин Х.Ижилмөрөнг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/  амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Халх-Эрдэнээс тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлсүгэй.

            4. Нэхэмжлэгч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

             5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймаг Баян-Өндөр сумын ЗДТГазрын иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Хуланд даалгасугай.

              6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

             7. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АРИУНЦЭЦЭГ