| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0034/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2019-02-04 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 35
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2019/0034/Э индекстэй, 1815001890008 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр , хүүхдийн хамт Булган аймаг Сэлэнгэ сум 3 дугаар багт оршин суух, хувиараа бизнес эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, Н овогт Э.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Э.Э нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон Цулхарын замаас **-** УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан О.А ыг машинаас түр буух үед нь цүнхтэй хувцас, эд зүйлийг нь илээр авч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч зугатааж хохирогч О.А од 232800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э ийн өгсөн: Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
1815001890008 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч О.А ын өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед ажлаасаа буугаад Эрдэнэт явахаар Хялганатын Цулхарын 3 зам дээрээс **-** УНО улсын дугаартай тод цэнхэр өнгөтэй маркийг нь мэдэхгүй машинд суугаад Эрдэнэт орохоор явсан. Тэгээд суугаад жаахан явахад машины жолооч та миний машиныг бариад яваач би архи уусан байгаа гэхээр нь бид хоёр солигдож суугаад би машиныг нь бариад цааш яваад Галтайн гүүр өнгөрөөд явж байхад нөгөө жолооч би өөрөө машинаа баръя гэхээр нь зогсоод солигдож суухаар би буугаад машиных нь араар тойрох үед нөгөө залуу машинаа унаад намайг тэнд орхиод зугатаад явсан.Тэр залуугийн машинд би суухдаа цүнхтэй суусан ба түүнийг аваад явсан. Ногоон өнгөтэй сунадаг хоёр бариултай спорт цүнх байсан. Дотор нь жижиг төмөр тасдагч, цахилгаан дрилл, цагаан өнгөтэй подволк, хөх саарал өнгөтэй эрээн өмд, хүрэн ширэн тэлээ, самсунг гар утасны цагаан өнгөтэй цэнэглэгч, цагаан цэнхэр цүнхтэй бахь, хар хайрцагтай үнэртэй ус, шар өнгөтэй 5 метрийн урттай метр, цэнэглэдэг тамхины асаагуур, хүрэн өнгөтэй түрийвч, түрийвчэн дотор нь иргэний үнэмлэх, хаан, худалдаа хөгжлийн банкнуудын карт тус бүр нэг ширхэг, үйлдвэрийн болон үйлдвэрчний эвлэлийн үнэмлэх тус бүр 1 ширхэг, цээж зураг, бэлэн 7000-8000 төгрөг байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч Б.Д ийн өгсөн: “...2018 оны зун О.А нь машинтай хүнтэй хамт явж байтал нөгөө хүн нь хаяад явсан. Тэгээд цүнхтэй багаж болон бусад эд зүйлсээ алдсан байсан. Миний түүнд байсан цахилгаан дриллийг бас алдсан гэж ярьж байсан...О.А алдчихлаа гэхийн өмнөхөн хэд хоногийн өмнө надаас түр хэрэглье гэж гуйж явсан юм. Улаан хүрэн өнгийн KEN гэсэн бичигтэй цахилгаан дрилл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,
Гэрч Л.О ын өгсөн: “...миний нөхөр 2018 оны 06 дугаар сарын дундуур үед ажлаасаа ирэхдээ цүнхтэй эд зүйлсээ машинд суусан чинь нөгөө хүн нь буулгаад зугатаасан тухай хэлж байсан. Уг нь ногоон өнгийн брезэнтэн материалтай, доошоо сунадаг загвартай цүнхэндээ солих хувцас болон бусад эд зүйлсээ хийж авч явдаг байсан юм... солих өмд, подволк, сахлын татуурга, үнэртэй ус лав байсан. Тэгээд ажлын багаж нар нь явсан гэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/,
Гэрч Г.Эн ын өгсөн: “...Үдээс хойш зам дөхүүлээд өг гэхээр нь өөрийнхөө улаан өнгийн мустанг мотоциклоор хүргэж өгсөн. Цүнхтэй явж байсан гэхдээ яг ямар цүнх байсныг санахгүй байна. Нэг цүнх үүрээд л явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/,
Гэрч Р.Г ын өгсөн: “...би тэр өдөр жолооч Л , жижүүр М , зуслангийн манаач Г нарын хамт Хялганатын наана байдаг элс авдаг газраас элс авч Энэрэл төвийн зуслан руу явж байсан тэгэхэд Сэлэнгэ амралтын баазад ажилладаг О.А гар өргөж сууж явсан. Таньдаг хүн нь хойноос ирж байгаа гээд тэрээр 4-р Подёмын тэнд буугаад араас ирж байсан нэг суудлын жижиг машинд суугаад цааш явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,
Э.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд би явж байхдаа замдаа өөрийн эхнэртэйгээ утсаар ярьж маргалдсан. Тэгээд анхаарал сарниад байхаар нь би тэр ахыг та хэсэг барих уу би эхнэртэйгээ утсаар яриадхая гэж хэлсэн. Тэгээд нааш хэсэг явж байтал тэр ах хүү машиныг эвгүй бариад байхаар нь ахаа болъё би өөрөө баръя гэж хэлээд зогсоочихоод машиныхаа жолооны хүрдний apд суутал эхнэр гар утасаар надтай ярихдаа огцом уур хүргэхээр нь би хамт явж байсан ахыг машиндаа суулгалгүй хар хурдаараа явсан. Тэр үед би тэр ахыг өөр унаа олоод суучих байх гэж бодсон юм. Тэгээд би Орхон аймгийн бохирын ус буюу хиймэл нуурны хойд талд байрлах өөрийн амралт руугаа шууд явсан. Тэгээд замдаа машин эвдрэхээр нь нуурны ард талд хаячихаад Орхон аймаг руу явж байсан машинд гараа өргөж суугаад Орхон аймаг ороод тэндээсээ шууд Улаанбаатар хот буюу эхнэр дээрээ очсон. Тэгээд би ойролцоогоор 7 хоногийн дараа машин дээрээ очиход миний машин дотор ямар нэгэн цүнх байхгүй байсан... Би тухайн үед утсаар яриад ууртай байсан учир цүнх үлдээсэн эсэх талаар сайн мэдэхгүй байна. Хэрэв цүнхээ үлдээсэн бол миний машинтай үлдсэн байх.. Би яг санаатай тэр цүнхтэй зүйлийг аваагүй. Гэхдээ хохирогч цүнхээ үлдээсэн гэж хэлж байгаа болохоор би машиндаа тэр цүнхийг аваад явчихсан юм шиг байгаан. Тэгээд машинаа хээр хаяхад тэр цүнхийг хэн нэгэн ирээд авчихсан байхаа тийм болохоор би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... Би хохирогч О.А гэх хүнд дансаар мөнгө шилжүүлж гомдол саналгүй болгосон. Иймд би өөрийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлж хурдан энэ хэргээс салмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 11-15 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 хуудас/, алдагдсан эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 46 хуудас/ болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон Цулхарын замаас **-** УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан О.А ыг машинаас түр буух үед нь цүнхтэй хувцас, эд зүйлийг нь илээр авч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч зугатааж хохирогч О.А од 232800 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч О.А , гэрч Б.Д , Л.О , Г.Эн , Р.Г нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуусан тэмдэглэл, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/Э-0005 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч О.А , гэрч Б.Д , Л.О , Г.Эн , Р.Г нарын болон Э.Э ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Э.Э нь эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, авч зугатаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Э д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Э.Э ийг бусдын эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, авч зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э д зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН