| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0874/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар М.Бүрэнжаргал,
улсын яллагч П.Нямцэцэг,
шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Г.Ганбат /№ 1912/,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж /№ 0032/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Хар-Уст овогт Баярхүүгийн Б.М, Сутай овогт Хишигсүрэнгийн Х.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811023900908 тоот хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Биеийн тамирын сургуульд сурдаг, ам бүл 6, эцэг, эх, ах дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 27 дугаар гудамжны 286 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хар-Уст овогт Баярхүүгийн Б.М /РД- УХ98092936/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны мэргэжилтэй, ТВ-4 телевизэд орчуулагч ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 63 дугаар гудамж 727 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын 101-47 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сутай овогт Хишигсүрэнгийн Х.Э /РД- УК93051354/
Холбогдсон хэргийн талаар: Б.М, Х.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөгхгүй гэв.
Шүүгдэгч Х.Эын шүүхийн хэлэцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд энд өмнө өгсөн мэдүүлэг таарч байгаа. Тэр шөнө энэ залуучууд өөрсдөө дайрч, давшлаад харааж ерөөгөөд, ямар ч үйлдэл хийх боломжгүй байсан. Больё гэж хэлсэн. Өөрсдөө ч мэдэж байгаа. Тэгээд байхад дайрч давшлаад хүнийг гэмтээж цохиод байсан. Би өөрийгөө хамгаалж нэг удаа цохисон. Энийг нэмж хэлэх гэсэн юм гэв.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн буудлын орчим хохирогч Х.Этай маргалдан улмаар харилцан зодолдож, түүний бие махбодид хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, уруулд цус хуралт, баруун тохой, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Х.Э нь 2018 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн буудлын орчим Б.Мтэй маргалдаж улмаар харилцан зодолдож түүний бие махбодид хамрын нуруу, зүүн нүдний дээд доод зовхи, цээжинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Тэгтэл Одко “наадахтайгаа гар барьж яадаг юм" гээд хэлчихсэн чинь Олонбаяртай гар барьсан залуу /Алдраа/ нь Одког үстээд дагзруу нь цохиж аваад байхаар нь би очоод голоор нь гараа оруулаад салгах гэсэн чинь тэр залуу /Алдраа/-тай явж байсан залуу /Х.Э/ намайг заамдаад авсан. Тухайн үед тэр залуу /Х.Э/ бид хоёр хашлаганы наана цаана байсан бөгөөд миний баруун шанаа руу цохихоор нь би зөрүүлээд шанаа орчимд нь нэг удаа цохисон. Тэгээд тэр залуу хувцсаа тайлаад нааш ир зодолдъё гэхээр нь би явж очоод цохих гэсэн чинь нөгөө залуу цээж рүү жийгээд нүд рүү цохих шиг болсон" гэх мэдүүлэг /хх-ийн 39х/,
шүүгдэгч Х.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Тэгтэл цаана зогсож байсан нэг өндөр залуу Алдрааг цохих гээд хүрээд ирэхээр нь би тэр залууг түлхчихсэн. Надад түлхүүлсэн өндөр залуу миний эрүү орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгээд хашлага тойрч гарч ирээд намайг ална гээд дайрч байхдаа дахиад миний зүүн хацар луу гараараа цохисон. Би боль гээд болихгүй болохоор нь тэр өндөр залуугийн зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би болъё ингээд салцгаая гээд ухарч байхад тэр өндөр залуу миний цээж рүү өшиглөхөд би арагшаа унасан. Тэгээд босох хооронд нэг хүн миний толгой руу 2-3 удаа өшиглөсөн. Яг хэн өшиглөснийг нь мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х/,
хохирогчоор Х.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2018 оны 8 дугаар сарны 18-наас 19-нд шилжих шөнө би найз охин Сүнжидмаа түүний найз Алдраа нарын хамт Чингэлтэй сургуулийн буудал дээр Сүнжидмаагийн машин дотор Алдраа бид 2 нэг том пиво хувааж уугаад сууж байсан. Шөнө 01 цагийн орчим Алдраа бид 2 бие засахаар машинаас буугаад бие засчихаад байж байтал замын эсрэг талд 8, 9 залуу байсан. Тэр залуу бид 2-г дуудахад Алдраа яваад очсон. Би ардаас нь яваад очсон. Алдраа тэдгээр залуусын заримыг нь таньдаг бололтой гар бариад байсан. Тэр хүмүүсээс хамгийн бага нь бололтой нэг банди "2 пизда минь юугаа харсан юм, юугаа хийж байгаа юм" гээд хараагаад байсан. Алдраа тэр залууг "чи амаа мэдэж харьцаарай" гэж хэлсэн. Тэгтэл цаана зогсож байсан нэг өндөр залуу Алдрааг цохих гээд хүрээд ирэхээр нь би тэр залууг түлхчихсэн. Надад түлхүүлсэн өндөр залуу миний эрүү орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгээд хашлага тойрч гарч ирээд намайг ална гээд дайрч байхдаа дахиад миний зүүн хацар луу гараараа цохисон. Би боль гээд болихгүй болохоор нь тэр өндөр залуугийн зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би болъё ингээд салцгаая гээд ухарч байхад тэр өндөр залуу миний цээж рүү өшиглөхөд би арагшаа унасан. Тэгээд босох хооронд нэг хүн миний толгой руу 2-3 удаа өшиглөсөн. Яг хэн өшиглөснийг нь мэдэхгүй байна. Тэгээд босоод иртэл Сүнжидмаа машиныхаа гэрлийг нааш нь тусгахад тэр залуу дайрахаа больсон. Би тэр залуучуудыг гар бариад салъя гэсэн чинь өөр нэг залуу гар барих гэж байснаа миний баруун хөлийг хавсраад намайг газар унагаахад би баруун тохойгоороо газар тулж унасан. Тэгсэн тэр залуучууд зугтаагаад яваад өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,
хохирогчоор Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2018 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим Одко, Олонбаяр, Анар, Ирээдүй, Билгүүн бид нар жалгын буудлын шийдэн дээр сагс тоглоод дууссан. Одко, Олонбаяр 2 Долоон буудал руу ундаанд явсан ба бид нар сургуулийн буудал дээр хүлээж байсан. Одко, Олонбаяр 2 ирж харагдсан ба яг тухайн үед 2 залуу машинаас бууж байсан. Тэр залуу руу Одко "юугаа хараад байгаа юм" гэсэн тэгтэл тэр залуу нь "найзыгаа харж байна" гэсэн. Тэгээд тэр нэг залуу /Алдраа/ нь Олонбаярыг таньдаг бололтой гар барьсан. Тэгтэл Одко "наадахтайгаа гар барьж яадаг юм" гээд хэлчихсэн чинь Олонбаяртай гар барьсан залуу /Алдраа/ нь Одког үстээд дагз руу нь цохиж аваад байхаар нь би очоод голоор нь гараа оруулаад салгах гэсэн чинь тэр залуу /Алдраа/-тай явж байсан залуу /Х.Э/ намайг заамдаад авсан. Тухайн үед тэр залуу /Х.Э/ бид хоёр хашлаганы наана цаана байсан бөгөөд миний баруун шанаа руу цохихоор нь би зөрүүлээд шанаа орчимд нь нэг удаа цохисон. Тэгээд намайг зүүн гараараа алгадсан бөгөөд би хойшилсон чинь хальт цохигдсон. Тэр залуу цамцаа тайлаад одоо зодолдъё гэхээр нь би хашлага тойроод явж очоод цохих гэсэн чинь тэр залуу хойшоо бултахдаа газар унасан. Тэгэхээр нь би дээр нь гараад зодчихъё гэж бодсон чинь тэр залуу /Х.Э/ хэвлий рүү жийгээд өөр дээрээ давуулаад унагаасан. Тэгж байхдаа миний нүд рүү цохичих шиг болсон" гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/
гэрч А.Сүнжидмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Тэгтэл нэг залуу Х.Эыг цохиод унагаах шиг болсон. Тэр үед Алдраа хараад л зогсоод байсан. Тэгээд би Алдрааг юу болоод байгаа юм Х.Эыг цохиод унагаачихлаа шүү дээ гэж хэлээд машинаа эргүүлээд очсон чинь Х.Эыг цохисон залууг явья гээд гудамж руу чирээд алга болчихсон. Тэгээд Алдраа Х.Эыг босгоод машинд суулгасан бөгөөд Х.Эын зүүн хацар шанаа орчимд нь хавдчихсан уруул нь сэтэрсэн байсан мөн хүзүү орчим нь маажуулсан хувцас нь шавхай болчихсон зүүн өвдөг билүү зүүн тохой нь шалбарсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,
гэрч Б.Ирээдүйгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... тэр 2 ундаа авчирсэн бөгөөд тэр үед манай дээд ангийн Алдраа гэдэг залуу нэг залуу /Х.Э/-н хамт явж байсан. Одко Алдрааг чи одоо яаж хараад байгаа юм бэ гэсэн. тэгтэл Алдрааг нөгөө залуутай /Х.Э/ хамт хүрээд ирсэн. Алдраа тэнэг бацаан яах гээд байгаа юм бэ гэж маргалдахаар нь Б.М бид 2 очоод болиулчихаад явах гэтэл Алдраа нөгөө залуу /Х.Э/-тай нийлээд Одког үсдэж аваад алгадаад байхаар нь Б.М очоод салгах гэсэн чинь Алдраатай цуг явж байсан залуу /Х.Э/ нь Б.Мг цохиод авсан. Б.М зөрүүлээд тэр залуу /Х.Э/-г цохисон. тэр 2 замын хашлаганы наана цаана байсан бөгөөд зодолдъё гэж зам руу гараад Б.М тэр залуу /Х.Э/-тай засмал зам дээр өнхрөлдөөд босож ирсэн. Бид нар салгаад би Алдраатай уулзаад энэ залуугаа аваад явчих гэсэн чинь нөгөө залуу /Х.Э/ нь Одког бас цохиж аваад байсан. Тэгээд би тэр залууг /Х.Э/ салгасан бөгөөд үгэнд орохгүй дайраад байхаар нь баруун хөл рүү нь хавсраад унагаасан. Х.Э гэх залуугийн уруулнаас нь цус гарсан баруун нацар нь бага зэрэг хавдсан байсан. Харин Б.Мгийн зүүн талын нүд нь бага зэрэг хавдсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,
гэрч Д.Алдрайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... би Х.Эын хамт 1 том пиво хувааж ууж байсан. Шөнө 01 цагийн үед байсан. Юм ярьж сууж байгаад Х.Э бид 2 бие засах гээд Сүнжидмаагийн машинаас гарсан. Энэ үед автобусны буудал дээр олон залуучууд байсан. Тэр дунд таньдаг хүн харагдахаар нь хараад явж очтол Одко гэдэг залуу чи энд юу хийж яваа юм бэ юугаа харсан юм гэж хэрүүл өдсөн. Тэгэхээр нь би очоод юу гээд байгаа юм гэтэл цаанаас манай найз Улаака гарч ирээд надтай гар барьсан. Одко намайг өдөөд байсан бөгөөд би Одког дуудаад үснээс нь атгаад доош нь дарсан. Тэгтэл Х.Э нэг залуу /Б.М/ -тай маргалдаад үзэх үү гээд цаашаа зам руу яваад өсгөн. Зам дээр очоод Х.Э нэг залуу /Б.М/ -тай зодолдсон. Очоод салгасан чинь нөгөө танихгүй залуугийн /Б.М/ зүүн нүд нь улайсан байсан. Харин Х.Эын амнаас нь цус гарч зүүн шанаа орчимд хавдсан байдалтай босож ирсэн. Би Х.Эыг явъя машиндаа сууя гэхэд Х.Э байж бай гээд байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,
гэрч Г.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... ТҮЦ-ний урд зогсож байхад Алдрай гээд банди нэг залуутай хамт явж байсан. Алдрай өмнө нь намайг дээрэлхдэг байсан. Тэгээд муухай хараад байхаар нь би үхсэнээ хараад байгаа юм гэсэн чинь Алдрай хүрээд ирсэн. Тэгээд намайг яасан ахын дүү гэхээр нь би чамтай ах дүү байснаа мэдэхгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд Алдрай ах нартай гар барихаар нь би наадахтайгаа гар барьж яадаг юм гэж хэлсэн. Тэгтэл Алдрай намайг үсдээд дарсан бөгөөд дарахад нь би замын төмөр мөргөсөн. Тэгтэл манай ах нарын нэг нь Алдрайтай барьцалдаад авах шиг болсон би харж чадаагүй. Тэгээд өндийгөөд харахад Алдрайтай цуг явсан залуутай Б.М ах маргалдаж байсан. Тэр 2 замын хашлаганы наана цаана маргалдаж байснаа Алдрайтай хамт явсан залуу нь Б.М ахыг црхьсон. Б.М ах нөгөө залууг зөрүүлээд цохисон чинь нөгөө залуу хойшоо бултах гэж байгаад уначихсан. Б.М ах дээр нь гарах гэж байтал нөгөө залуу Б.М ахыг жийгээд холдуулчихсан. Бид нар очоод салгасан чинь Б.М ахын нүд нь анигдчихсан бага зэрэг цус гарсан байсан. Нөгөө залуугийн уруул орчимоос цус гарсан байсан. Нөгөө залуу босож ирээд зодолдоно гэж орилж хашгираад цээжээ нүцгэлээд подволкоороо гараа ороочихсон байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн "Х.Эын биед хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, уруулд цус хуралт, баруун тохой, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой" гэх 10232 тоот дүгнэлт /хх-ийн 29х/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн "Б.Мгийн биед хамрын нуруу, зүүн нүдний дээд доод зовхи, цээжинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх 10389 тоот дүгнэлт /хх-ийн 32х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “... хохирогч Б.Мд учруулсан хөнгөн хохиролыг аргагүй хамгаалалтын улмаас хийсэн үйлдэл...” гэж маргасан болно.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, мөрдөн шалгах ажиллагааны үед хэн алинтай нь хамт явсан гэрч нарын мэдүүлэг зэрэгт тулгуурлан хэргийн үйл баримтад шүүхээс дүгнэлт хийхэд: Шүүгдэгч Б.М, Х.Э нар нь тухайн үед шөнийн цагаар, шүүгдэгч Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдсон болох нь тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Иймд Шүүгдэгч Б.М, Х.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн шүүгдэгч нар нь хэн алиндаа хохирогч бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Б.М, Х.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Мд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, насны байдал, өөрийн гэсэн орлого олох боломжгүй оюутан болох хувийн байдал зэргийг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Шүүгдэгч Х.Эад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, ажил хөдлөлмөр эрхэлдэг орлого олох боломж болох хувийн байдал зэргийг нь харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.