Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 10

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, 

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,Г.Амарсайхан

Шүүгдэгч С.С, Б.Ч  нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч С.С, Б.Ч нарт яллах дүгнэлт үйлдсэн, тэдгээрт холбогдох эрүүгийн 1830003570239 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Нэг. Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг “Чулуун хороот” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛМ93080517/ Боржигон овгийн Б.Ч

Хоёр. Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар баг “Хөшөөт” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛЮ83041272/ Намжил овгийн С.С

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч С.С, Б.Ч нар нь бүлэглэн бүлэглэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Төөтхөн” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 04-нөөс 07-ны хооронд иргэн Г.Бөхчулууны 1 тооны бярууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан, 

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг “Хадатын булаг” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө иргэн Д.Мөнгөнцэцэгийн 1 тооны бярууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 11 дүгээр сарын 03-ны үед Матад сум явж байхад Чогдон намайг хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би ажил хийх гэж Чогдон руу очсон. Очсоны маргааш нь Чогдон зүүн тийш ээ гаръя гэсэн. Чогдон надтай миний мотоциклтой хамт явсан. Хоолны газраас 10 гаруй км газар явахад 10 гаруй тооны үхэр байсан. Тэндээс эвэртэй улаан үхрийг мөнгөөр нь авч байгаа гэж надад хэлсэн. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Тэгээд тэр үхрийг мотоцикльтой хөөж ирээд би бугуйлдаад хоолон гэрийн ар талын нүхэнд нугаслаад, би хамжиж өгсөн. Үүний дараа 11 дүгээр сарын 6, 7-ны үед хилийн пост орно гээд хамт явсан. Ингэхдээ миний мотоцикльд бензин хийж өгнө гэж явсан. Тэндээсээ Эрдэнэцагаан сум руу хамт явж, дэлгүүрээс 4-5 шуудай аваад замдаа Нүхтийн баруун хойно хар халзан бяруу махалсан. Энэ бярууг мөнгөөрөө авсан гэж надад хэлсэн. Энэ бярууг нь би авчирч өгчихөөд Матад сум руу буцаж явсан...гэв. 

- Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид хоёр ярилцаад бяруу авчиръя гэж явсан. Мөнгөнцэцэг, Бөхчулуун нарын бярууг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Нэг хүнийх нь хохирлыг төлсөн. Манай аав саяхан нас барсан. Үүнээс болж нэг хүнийх нь хохирлыг төлж амжаагүй байгаа. Гэхдээ би хохирлыг энэ сардаа багтааж төлнө. Хийсэн хэрэгтээ харамсаж байна... гэв.

- Яллагдагч С.Сын: Би Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багийн нутаг “Хөшөөт” гэх газар эхнэр Улзмаа, хүү Мөнхнасан нарын хамт мал маллан амьдардаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг 50-ын хоолон гэр дээр манай үеэл Отгонтуяагийн ажиллуулдаг цайны газарт эхнэр Улзмаа бид хоёр туслахаар миний эзэмшлийн Турбо маркийн 44-74 ДОЗ улсын дугаартай мотоциклтой очсон юм. 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Матад сум руугаа буцах гэж байхад Чогдон “Ахаа мотоциклын чинь хэрэг байна, хоол ундгүй байна, юманд явах хэрэг байна” гээд бид хоёр тэр өдрөө зүүн тийшээ амьтан агнана гэж гараад юм олоогүй. Тэр оройгоо мотоциклтой Чогдонгийн гэрээс зүүн урагш 10 орчим километр яваад эзэнгүй үхэрнүүдээс улаан өнгийн эр бярууг салгаж Чогдонгийн гэрийн гадна авчирч Чогдон бугуйлдаад би хөтлөөд Чогдон араас нь хөөгөөд гэрээс хойно 10 орчим метрт авчирч нядалсан. Тухайн үед манай эхнэр Улзмаа болон Отгонтуяа нар нь бид хоёрын үхэр нядалж байхад мэдээгүй. Нядалсан бярууныхаа толгой шийрийг нь тарваганы нүх рүү чихэж хаяад арьсыг нь мөн хаясан. Маргааш өглөө нь Чогдон махаа тосны жолооч нарт 1 килограммыг нь 20 юаньд өгсөн. 

...2018 оны 11 дүгээр сарын 06-наас 07-ны хооронд миний мотоциклтой Чогдонгийн хамт Бичигтийн боомт орж бензин авч Эрдэнэцагаан сумын төв орж 5 ширхэг шуудай аваад Эрдэнэцагаан сумаас зүүн хойшоо Нүхтийн уурхайн баруун хойд талд замд 20 орчим үхэр таарахаар нь мухар, хар халзан эр бярууг Чогдон бугуйлдаж бид хоёр элбэж газар унагаж нядлаад махаа 3 шуудайнд багтаагаад Чогдон мотоциклоо барьж би ард нь сууж махаа аваад Чогдонгийн гэрт нь очсон. Маргааш өглөө нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би эхнэр Улзмаатайгаа буцсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37, 75-76/  

- Яллагдагч Б.Чгийн: Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг 50-ын хоолон гэр дээр эхнэр Отгонтуяагийн хамт хоол хийж тосны машинуудын жолооч нарт зардаг юм. Манай эхнэр Отгонтуяагийн хамаатан болох Сансар гэх залуу Дорнод аймгийн Матад сумаас ирж бид хоёрт туслахаар ирсэн. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орой 18 цагийн үед Сансарын эзэмшлийн цэнхэр өнгийн Турбо маркийн 44-74 ДОЗ улсын дугаартай мотоциклтой гэрээсээ урагш гарч эзэнгүй үхрүүд байхаар нь улаан зүсмийн бярууг нь ижлээс нь салгаж мотоциклтойгоо гэрийнхээ хойно авчирч Сансарын хамт нядалж толгой шийрийг нь тарваганы нүх рүү чихэж хаяад махыг нь гэрийнхээ хойд талд дэлгэж хөлдөөгөөд тосны жолооч Алтаншагай, Баяраа гэх жолооч нарт 1 килограммыг нь 20 юаньд өгсөн. 

...2018 оны 11 дүгээр сарын 07-ны орой 17 цагийн үед Сансарын эзэмшлийн цэнхэр өнгийн Турбо маркийн 44-74 ДОЗ улсын дугаартай мотоциклтой гэрээсээ урагш Бичигтийн боомт руу Сансарын хамт орж бензин авч Эрдэнэцагаан сумын төв орж шуудай цуглуулж аваад Эрдэнэцагаан сумаас зүүн хойшоо 7 дугаар багийн нутаг “Хадатын булаг” гэх газар очиж Нүхтийн уурхайн баруун хойд талд олон тооны үхэр эзэнгүй байхаар нь Сансар бид хоёр мухар хар халзан бярууг бугуйлдаж бариад тэндээ нядалж толгой шийрийг нь хаяад махыг нь шуудайндаа хийгээд 50-ын хоолойд байх гэртээ ирсэн. Маргааш өглөө нь махаа тосны жолооч Алтаншагай, Баяраа гэх жолооч нарт 1 килограммыг нь 20 юаньд өгсөн. Тэр жолооч нарт өөрийн малаа нядалж зарж борлуулж байгаа гэж хэлж байсан юм. Сансар бид хоёрын үхэр хулгайлсныг Отгонтуяа болон Улзмаа нар нь мэдээгүй. Бид хоёр эхнэрүүддээ “бид хоёрыг хүн мах зараад өгөөч гэсэн” гэж худлаа хэлсэн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж, маш их харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн  33-34, 77-78/,

- Хохирогч Г.Бөхчулууны: 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш манай улаан зүстэй, эр шүдлэн үхэр алга болоод хайгаад олдохгүй байсан. Гэтэл манай олдохгүй байсан үхрийн арьс, толгой зэргийг манай гэрээс хойд зүгт “Гурван шанд” гэх газар байдаг хоолон гэрээс хойно 50 орчим метр зайнд хаясан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 5/

- Хохирогч Д.Мөнгөнцэцэгийн: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар баг “Хадатын булаг” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 07-ноос 8-нд  шилжих шөнө манай өөрийн хар халзан, догол имтэй бярууг хулгайлж нядлаад толгой шийрийг нь үлдээсэн байна гэж манай ах Батжаргал утсаар хэлсэн. Би нөхөртэйгээ сумын төв дээр байдаг болохоор хараагүй. Би бяруугаа 500.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн  52/

- Гэрч С.Отгонтуяагийн: Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Бичигт боомтноос зүүн тийш 50 км зайд Чогдонгийн хамт хоол хийж зардаг юм. Тэгээд тэнд байхдаа Дорнод аймгийн Матад сумаас Улзмааг дуудаж ажиллуулсан юм. Улзмааг нөхөр Сансар нь мотоциклтой хүргэж ирсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын эхээр байх хугацааг нь сайн санахгүй байна, Сансар, Чогдон нар яваад үхрийн мах авчирсан. Тэгээд тэр махаа том тэрэгний жолооч нарт зарсан. Ямар учиртай мах юм бэ гэхээр “хүн зараад өгчих гэсэн юм” л гэж байсан. Хэд хоногийн дараа цагдаа нар ирсний дараа Сансар, Чогдон нарыг хүний үхрийг хулгайлж махыг нь зарсан гэдгийг нь мэдсэн. Би эхлээд тэр махыг хулгайн мах гэдгийг мэдээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10, 57/

- Гэрч Э.Алтаншагайгийн: Би Дорнод аймгийн Матад сумын нутгаас БНХАУлс руу газрын тос зөөвөрлөдөг “Цагаан хэрэм” ХХК-д жолооч ажилтай юм. Тэгээд 

тээвэр хийж явахдаа 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр замдаа хоол идэх зорилгоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Бичигт боомтноос зүүн тийш 50 км зайд байх хоол хийж зардаг гэр дээр Азбаяр, Батбилэг нарын хамт ирсэн. Тэнд байж байхад Чогдон гэх залуу “надад үхрийн мах байна, худалдаж авах уу” гэхээр нь бид нар түүнээс 40 кг үхрийн мах худалдаж авсан юм. 1 килограмм үхрийн махыг 20 юаниар бодож худалдаж авсан. Би тэр махыг хулгайн мах гэдгийг мэдээгүй. Хүнээс худалдаж авсан мах л гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  7, 54/,

- Гэрч Л.Азбаярын: Би Дорнод аймгийн Матад сумын нутгаас БНХАУлс руу газрын тос зөөвөрлөдөг том машин барьдаг юм. Тэгээд тээвэр хийж явахдаа 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр замдаа хоол идэх зорилгоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Бичигт боомтноос 50 км зайд байх хоол хийж зардаг гэр дээр Алтаншагай, Батбилэг нарын хамт ирсэн. Тэнд байж байхад Чогдон гэх залуу “надад үхрийн мах байна, худалдаж авах уу” гэхээр нь бид нар түүнээс 40 кг үхрийн мах худалдаж авсан юм. 1 килограмм үхрийн махыг 20 юаниар бодож худалдаж авсан. Би тэр махыг хулгайн мах гэдгийг мэдээгүй. Хүнээс худалдаж авсан мах л гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8, 55/, 

- Гэрч Г.Батбилэгийн: Би Дорнод аймгийн Матад сумын нутгаас БНХАУлс руу газрын тос зөөвөрлөдөг том машин барьдаг юм. Тээвэр хийж явахдаа 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр замдаа хоол идэх зорилгоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Бичигт боомтноос 50 км зайд байх хоол хийж зардаг гэр дээр цуг нэг ээлжинд тээвэрт явдаг Алтаншагай, Азбаяр нарын хамт ирсэн. Тэнд хоол идээд сууж байхад Чогдон гэх залуу “надад үхрийн мах байна, худалдаж авах уу” гэхээр нь бид нар түүнээс 40 кг үхрийн мах худалдаж авсан юм. 1 килограмм үхрийн махыг 20 юаниар бодож худалдаж авсан. Би тэр махыг хулгайн мах гэдгийг мэдээгүй. Хүнээс худалдаж авсан мах л гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  9, 56/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 5/14 дугаартай тогтоол /хх-16/

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 17/

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зураг /хх-ийн 18/

-Турбо маркийн 44-74 ДОЗ улсын дугаартай мотоциклийн гэрэл зураг /хх-ийн 19/

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зураг /хх-ийн 18/

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2018 оны 11 дүгээр сарын Малын үнэлгээ /хх-ийн 20, 62/

- Б.Чгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39/

- Б.Чгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/

-   Ч.Чогдонгийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-80- 81/

- С.Сын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-42/

- С.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43/

- С.Сын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/

- С.Сын Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-79/

- С.Сын Амбулаториор эмчлүүлэгёдийн карт

- Дорнод аймгийн Ниймгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр.2017.09.04 зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.С, Б.Ч нар нь бүлэглэн С.Сын эзэмшлийн цэнхэр өнгийн Турбо маркийн 44-74 ДОЗ улсын дугаартай мотоциклийг ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Төөтхөн” гэх газраас иргэн Г.Бөхчулууны улаан зүсмийн эр бярууг хулгайлж 450.000 төгрөгийн, 

2018 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг “Хадатын булаг” гэх газраас иргэн Д.Мөнгөнцэцэгийн хар халзан, догол имтэй бярууг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч С.С, Б.Ч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Бөхчулуун, Д.Мөнгөнцэцэг, гэрч Л.Азбаяр, А.Алтаншагай,Г.Батбилэг, С.Отгонтуяа нарыг мэдүүлгүүд, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/ хх- 03, 50/, Прокурорын 5/14 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зураг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2018 оны 11 дүгээр сарын Малын үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Тухайн хэрэг гарсан байдлыг тодруулбал, шүүгдэгч С.С, Б.Ч  нар өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах, ашиг олох зорилгоор С.Сын эзэмшлийн мотоциклийг хэрэглэж бэлчээрээс үхрүүдийг хулгайлан нядалж, үхрийн шир, толгойг хээр нүхэнд хаяж, махыг нь бусдад зарж борлуулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд тэдгээр нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

Шүүгдэгч нар нь бусдын малыг авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ. 

Шүүгдэгч С.С, Б.Ч нарын бусдын 2 бярууг хулгайлсан дээрх үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бөхчулуунд учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.     

С.С, Б.Ч  нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирсан, тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзвэл тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

С.С, Б.Ч нар гэмт хэрэг үйлдэхдээ С.Сын эзэмшлийн  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгөтэй, Турбо маркийн, 44-74 ДОЗ улсын дугаартай мотоциклийг хэрэглэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Уг мотоциклийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын үнэлгээний комиссоос 500.000 төгрөгөөр үнэлжээ/ хх-18/.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бөхчулуунд учирсан 450.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Ч нөхөн төлсөн ба хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ. 

Харин хохирогч Д.Мөнгөнцэцэгт учирсан 450.000 төгрөгийг хохирол арилаагүй байх тул хохирлыг Б.Ч, С.С нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч  Д.Мөнгөнцэцэгт олгох нь зүйтэй байна. 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эд зүйлийн үнэлгээний комиссоос хохирогч Д.Мөнгөнцэцэгийн бярууг 450.000 төгрөгөөр үнэлснийг дурдъя/ хх- 62/.                              

С.С, Б.Ч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Ч, Намжил овгийн С.С нарыг бүлэглэн мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чг 1/нэг/ жил 6 /зургаа/ сар, С.Сыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С, Б.Ч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч С.Сын эзэмшлийн 500.000 төгрөгийн үнэ бүхий, цэнхэр өнгөтэй, Турбо маркийн 44-74 ДОЗ улсын дугаартай мотоциклийг хурааж улсын орлогод оруулсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С, Б.Ч нар дээрх тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдгээрт мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч С.С, Б.Ч нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Саас 225.000 төгрөг, Б.Чгоос 225.000 төгрөг тус тус гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн иргэн Д.Мөнгөнцэцэгт олгосугай

7. Шүүгдэгч С.Сын эзэмшлийн цэнхэр өнгийн Турбо маркийн 44-74 ДОЗ улсын дугаартай мотоциклийг хурааж улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5/14 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хэвээр үргэжлүүлсүгэй. 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Бөхчулууны хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН