| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 188/2019/0276/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 41
Г.Ц-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 646 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1100 дугаар магадлалтай, Г.Ц-д холбогдох 1808016361116 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Үзэмчин овогт Гантөмөрийн Цэвэлсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Ц-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, цагдан хоригдсон 7 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 56 цагийг эдлэх ялаас хасч, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 664 цагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Ц-д 1 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Ц-гээс 4,061,800 төгрөг 1 сарын хугацаанд гаргуулж, хохирогч Б.М-т олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос Г.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Ц-г цагаатгаж шийдвэрлэжээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндагийн бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж магадлалд заасан үндэслэлийг дараах байдлаар үгүйсгэж байна.
Хохирогч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2017 оны 09 дүгээр сард анх Г.Ц-тэй танилцсан. Шүүгдэгчийн хувь хүнд нь хороонд ажилладаг гэхэд нь итгэж байсан. Ингээд л мөнгө өгөөд байсан. 5 сая төгрөгийн зээлийг нь би таньдаг хүнтэйгээ ярьж байна бүтээсэн. Тэгсэн харин зээл гараагүй гээд байсан атлаа 03 дугаар сарын 02-нд зээл авсан байсан. Шүүхэд гомдолгүй гээд хэлчих гээд нотариатаар гэрчлүүлж бичиг авсан. Үнэхээр их гомдолтой байна. Б.М-тай тааралдаагүй бол би залилуулсан эсэхээ ч мэдээгүй явсан. Надаас авсан мөнгөө тухай бүрд нь өгч байгаагүй. 2017 онд 20 сая төгрөгөөр хашаа байшин авсан гэж худлаа хэлж байсан. н.О-той уулзуулъя гэж намайг 4 өдөр дагуулж явсан ч уулзуулаагүй” гэх, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...Г.Ц нь н.О гээд Сонгинохайрхан дүүргийн орлогч байгаа, тэр хүн 7 дугаар хорооны 1000 хүүхдэд бэлэг өгнө, бэлэг гардуулсан зураг, бэлэг авсан баримтуудаа цуглуулаад Азийн хөгжлийн банк руу тайлан явуулна, тайлан явуулангуут мөнгө орж ирнэ, би мөнгөгүй байгаад байна, та энэ ажилд 1 сая төгрөг оруулчихаач, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд мөнгө чинь орчихно, тэгэхээр нь 1 сая төгрөгийг чинь 2 сая төгрөг болгоод өгье” гэж хэлсэн. Тэгээд “би мөнгө хайж байна, н.О найдвартай хүн, чи 1 сая төгрөг оруулах юм бол 1,500,000 төгрөг болгож өгье” гэж хэлэхээр нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нөхөр н.Ж-ийн данснаас Г.Ц-ийн данс руу нь 1 сая төгрөг шилжүүлсэн. Г.Ц 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Оргил 7 дугаар хороонд гэрэлтүүлэг тавих гэсэн чинь мөнгө орж ирээгүй байна, та саяхан зээл авсан юм чинь мөнгөтэй байгаа биз дээ, 2,500,000 төгрөг түр өгч байгаач, 10 хоногийн дараа танд 4,000,000 төгрөг болгоод өгье гэж байна, надад 600,000 төгрөг байна чи хэдэн төгрөг зээлээч банкнаас мөнгө аваад өгье гэхээр нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Г.Ц-гийн данс руу 1,900,000 төгрөг шилжүүлсэн. Сүүлд Г.Ц бид хохирлын тооцоогоо тулаад нотариатоор батлуулж 2,450,000 би авах ёстой гэж тохирсон” гэх,
Гэрч Л.О-ын “...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 7 дугаар хорооны засаг дарга... Э.Оюунцэцэг гэж нэг эмэгтэй дагуулж ирсэн. Уг хүн хэлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хэсгийн ахлахгч Г.Ц таны нэрийг барьж надаас 2,439,000 төгрөг зээлсэн. Та энэ хэрэгт ямар холбоотой талаар асуууж ирсэн. Тухайн жилд хүүхдүүдэд бэлэг өгсөн, тараасан асуудал байхгүй. Гэрэлтүүлгийн хувьд ч тийм зүйл болоогүй. Хэрэв уг хүн ийм зүйл ярьж зээлсэн бол худал хэлсэн байна” гэх мэдүүлгээр шүүгдэгч Г.Ц нь хохирогч Э.О-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогддог.
Мөн Г.Ц Э.О-ээс 4,970,000 төгрөгийг бэлнээр болон дансаар зээлж, мөн буцаан төлж байсан нь иргэний эрх зүйн харилцаа гэж шүүх дүгнэсэн нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй буюу хэрэгт шүүгдэгч Г.Ц нь хохирогч Э.О-ээс эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар авч улмаар мөрдөн байцаалтын шатанд хохирлын тооцоо нийлэн төлж барагдуулна, шүүхэд гомдолгүй гээд хэлчих хэмээн нотариатаар орж гэрээ байгуулсан, хохирогч Э.О нь шүүгдэгчийг хороонд ажилладаг гэж мөн өмнө мөнгө зээлж байсан урьдын харилцааны явцад итгэж байсан болох нь хохирогч Э.О-ийн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогддог бөгөөд иргэний эрх зүйн харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж гэрээгээ дүгнэн дээрх хэлцлээс үүдсэн маргаанд хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар эд хөрөнгийг олж авах гэсэн гэмт санаа зорилго байдаггүй.
Тухайн үйл баримтын хувьд шүүгдэгч нь эд хөрөнгийг анх олж авахдаа хохирогчийг хуурч бодит байдлыг гуйвуулж, төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан болно. Түүнчлэн шүүгдэгч Г.Ц нь зээл нэрээр халхавчлан бусдын эд хөрөнгийг авахдаа уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар давхар нотлогддог.
Шүүгдэгч Г.Ц нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр хуурч, гэрээгээр халхавчлан иргэн А.М-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23-р гудамж 19 тоотод байрлалтай 700 м.кв хэмжээтэй газар, 30 м.кв талбайтай сууцны зориулалттай хувийн байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, бусдад 18,661,800 төгрөгний хохирол учруулсан үйлдлийг талууд зээлийн гэрээний үндсэн дээр харилцан хашаа байшин худалдах, худалдан авахаар тохиролцсон буюу иргэний эрх зүйн маргаан гэж үзэх үйлдэл үйл баримт тогтоогдсон.
Хохирогч Б.М-ын мэдүүлэхдээ “...байшинг тухайн үед 18 сая төгрөгөөр худалдаж авна гэж эхнэр А.М-той банкнаас мөнгө гаргуулна гэж итгүүлэн худалдах худалдан авах гэрээ хийж улмаар нэр дээрээ шилжүүлэн өөрийн өмчлөлд авсан. Түүнээс хойш одоог хүртэл хашаа байшингийн мөнгө өгөлгүй бид нарт худал хэлж хохироосоор байна. Манай эхнэртэй анх 2015 оны 07 дугаар сарын 31-ны өдөр тохиролцож, гэрээ байгуулсан байгаа юм. Одоо нийтдээ хашаа байшингийн мөнгө гэж 14 сая төгрөг авах ёстой маш их гомдолтой байна. Түүнээс хойш бараг жилийн дараа “танайд хашаа байшингаа зарахаа болилоо, буцаагаад авъя гэсэн чинь Цэвэлсүрэн”манайх авна, түр хүлээж байгаач, танай хашаа байшингийн гэрчилгээ нөхөр байгаа гээд өгөхгүй байсан. Тэр үед манай бичиг баримтыг өөр барьцаанд тавьсан байсан юм шиг байна лээ” гэх,
Гэрч А.М мэдүүлэхдээ “...Г.Ц “банкаар зээл хөөцөлдөж байна, Төрийн банкаар зээл гарахаар боллоо, зээл авахад хашаа байшингийн бичиг баримт хэрэг болоод байна” гээд бичиг баримтыг надаас авсан. Г.Ц “хашаа байшинг худалдах, худалдан авсан гэсэн гэрээ байгуулаад өгөөч” гээд хамт явж эд хөрөнгийн бүртгэлийн газарт газрыг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн гэрээ байгуулсан. Надад Г.Ц “энэ бичиг баримтыг бүрдүүлэхгүй бол зээл гарахгүй байна” гэж хэлсэн. Би Төрийн банкаар нь зээл гарчих байх гэж бодоод тус гэрээнд гарын үсэг зурсан. Надад Төрийн банкнаас зээл гарч газар болон хувийн сууцны мөнгийг гаргаад өгчихнө гэж итгүүлсэн” гэх мэдүүлгээр шүүгдэгч Г.Ц нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болмогц түүгээрээ шалтаглан өмчлөгчийн итгэлийг эвдэж хохирогч Б.Мыг 5 жилийн хугацаанд хохироосон өнгөн дээрээ гэрээ хэлцлийн дагуу мэт харагдавч дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцлийн үндсэн дээр бусдаас авсан эд зүйлийг буцааж өгөлгүй өөртөө захиран зарцуулах боломж бүрдсэн байдаг.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 1100 дугаартай магадлалд улсын яллагчийн дүгнэлт, хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангаагүй, хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байх бөгөөд хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Г.Ц-гийн хоёр залилан мэхлэх хоёр үйлдэл нь иргэн н.О-ээс 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 5 удаагийн үйлдлээр нийт 4.970.000 төгрөгийг залилсан. н.М-д холбогдох залилан мэхлэх гэмт хэргийг 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж үйлдсэн буюу нийт 23.631.800 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Г.Ц-д холбогдох хэрэгт анх 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч н.О мэдээлэл өгсөн. Шалгалтын явцад н.О-с дээр дурдсан хэмжээний мөнгийг зээл нэрийн дор залилан мэхэлж авсан нь тогтоогдсон. Уг хэрэгт гурван удаа яллах дүгнэлт үйлдсэн. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсон. 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч н.О төлбөр барагдуулах гэрээ гэж баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл Г.Ц миний хохирлыг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлж барагдуулсан, би гомдол саналгүй гэсэн баримтыг гаргаж өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч н.О гэж хүн цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаар мэдээллэсэн байхад Г.Ц, н.О нарын хооронд өр, авлага төлөгдсөн, гэмт хэрэг биш гэсэн зүйл яригддаг учир он, сар, өдөр, дугаартай хэлж байгаа юм. Хэрэг бүртгэлтийн хэрэг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нээгдэж, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Шүүгдэгчийн дараагийн үйлдэл болох н.М, н.М нарын хашаа байшинг худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан, орон сууц, газар хоёроо тус тусын гэрээгээр шилжүүлсэн. Энэ нөхцөл байдлыг хохирогч тал нөхрийнхөө эгчийн байрыг худалдаж авсан учир та хэдийн мөнгийг өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснээр банк санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж мөнгөө өгөх боломжтой гэдэг үүднээс гэрээ байгуулж шилжүүлсэн гэдэг. Газар, орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаагаар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөнгөө төлж дуусгана, байшингийн 3.000.000 төгрөгийг хоёр хувааж 05 дугаар сарын 08-наас 05 дугаар сарын 15-ны хооронд төлж дуусгана. Газрын 10.000.000 төгрөгийн 3.000.000 төгрөгийг 05 дугаар сарын 08-ны өдөр, үлдсэн 7.000.000 төгрөгийг 15-ны өдөр дуусгана гэсэн гэрээ хэлцэл байдаг. Энэ гэрээнээс гадна зээлийн гэрээ гэж байгаа бөгөөд яллах дүгнэлтэд нотлох баримтаар дурдагддаг. Тухайн газар, орон сууцыг 21.000.000 төгрөгөөр үнэлж, 21.000.000 төгрөгийг хүүгүйгээр зээлүүлж байгаа талаар гэрээ бий. Хохирогч тал байрныхаа үлдэгдэл мөнгийг н.М-н эгч н.Б-т Г.Ц-г шилжүүл гэсэн тохиролцоотой байсан учир 21.000.000 гэж бичсэн. 18.000.000 төгрөгийн газар, орон сууцаа 13.500.000 төгрөгөөр худалдаж авч байгаа байдлаа бичсэн. Уг санаачлагыг Г.Ц гаргасан учир ингэж багасгасан мэдүүлгийг өгдөг. Анхан шатны шүүх 2015 онд худалдаж авсан байр, газрын үнэлгээний үлдэгдэл 4.061.800 төгрөгийг Г.Ц-гээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэрэг шалгагдах явцад төлбөр төлөгдсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх иргэний эрх зүйн харилцаагаар шийдвэрлэгдэх асуудал гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хохирогч н.О-ийн тухайд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г.Ц-д холбогдуулж өргөдөл, гомдол гаргасан байдаг. Үүнийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гаргаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч н.О өргөдөл, гомдол гаргасны дагуу н.О-ийг хохирогчоор тогтоосон байдаг. н.О-ийг хохирогчоор тогтоогдох үед Г.Ц нь 5.705.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Г.Ц нь 2-3 удаагийн давжтамжтайгаар 4.950.000 төгрөгийг н.О-ээс зээлж авсан бөгөөд тухай бүрд нь хүүгийн хамт төлж байсан болох нь нотлогддог. Хохирогч н.М-той Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасны дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орсон байдаг. Гэрээний үүргийн гүйцэтгэл удааширсантай холбоотойгоор н.М өргөдөл, гомдол гаргасан. Тухайн орон сууцыг барьцаанд тавьж 5.000.000 төгрөгийг н.М-ын эгч н.Б-н данс руу шилжүүлсэн. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор 14.000.000 төгрөгийг одоогийн байдлаар төлсөн байдаг. Бусдаар хуурч мэхлэх арга замаар бусдын үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авч, цааш дамлан худалдсан зүйл байхгүй. Одоо үл хөдлөх хөрөнгө нь Г.Ц, н.О нарын нэр дээр байдаг. Г.Ц-гийн үйлдлийг залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Г.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Г.Ц-г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 12-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр иргэн Э.О-ээс 4,970,000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авсан,
мөн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр хуурч, гэрээгээр халхавчлан иргэн А.М-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23-р гудамж, 19 тоотод байрлалтай 700 м.кв хэмжээтэй газар, 30 м.кв талбайтай сууцны зориулалттай хувийн байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 18,661,800 төгрөгийн хохирол учруулсан ба 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 23,631,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ц-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад А.М-ын хашаа байшин худалдан борлуулах хүсэлтийн үндсэн дээр Г.Ц, А.М нар нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хашаа байшин худалдах худалдан авах гэрээ хийж, Г.Ц нь урьдчилгаанд 6,000,000 төгрөгийг өгч тухайн эд хөрөнгийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулан 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан боловч эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсны улмаас төлбөрийг бүрэн гүйцэт төлж чадаагүй, төлбөр төлөх хугацааг удаашруулсан үйл баримтыг иргэний эрх зүйн маргаан гэж үзэх тул хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй талаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Мөн Г.Ц нь “...нөхрийн машины мотор эвдэрсэн, Азийн хөгжлийн банк руу тайлан явуулангуут мөнгө орж ирнэ, ...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд мөнгө чинь орчихно, ...н.О 7 дугаар хороонд гэрэлтүүлэг тавих гэсэн чинь мөнгө орж ирээгүй байна, 1 машины барьцаа дутаад байна” гэх зэргээр бусдаас мөнгө зээлэх шалтгаан, буцаан төлөх хугацаагаа зөрүүтэй хэлж байсан нь түүнийг бусдыг хуурч мэхэлсэн, төөрөгдүүлсэн гэж дүгнэх үндэслэл болно гэж прокурор болон анхан шатны шүүх үзсэн байна. Хэргийн нөхцөл байдлыг шинжлэхэд хохирогч гэх иргэд зээлийн зориулалт, хугацааг бага анзаарч илүүтэйгээр мөнгөө олон дахин өсгөн авах сонирхолд хөтлөгдөн Г.Ц-гийн “... 1 сая төгрөгийг чинь 2 сая төгрөг болгоод өгье, ... 2,500,000 төгрөг түр өгч байгаач, 10 хоногийн дараа танд 4,000,000 төгрөг болгоод өгье” гэсэн амлалтын улмаас мөнгөн хөрөнгөө шилжүүлэн өгч, тохиролцсоны дагуу хүү, ашиг тооцон авч байсан байна.
Өөрөөр хэлбэл, машины мотор засах, Азийн хөгжлийн банкинд тайлан гаргах, төлбөрийн хугацаат график зохиох, гудамжинд гэрэлтүүлэг тавих, машин барьцаанд тавих талаар шүүгдэгч худал ярьсан нь хохирогч нарыг мөнгөө өгөхөд хүргэсэн бус мөнгө зээлүүлж богино хугацаанд тодорхой ашиг олох эрмэлзэл нь зээл өгөх үндэслэл болжээ. Г.Ц-г авсан зээлдээ хүү, алданги тооцох тохиролцоогоо санхүүгийн эрсдэлд орох хүртлээ биелүүлж байсан гэж үзэхээр байх бөгөөд бусдын мөнгөн хөрөнгийг эргүүлж төлөхгүй байх санаа зорилгыг эхнээсээ агуулж байсан гэж дүгнэх нотлох баримтын үндэслэл хэрэгт алга байна.
Г.Ц-гийн үйлдэл залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлажээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 646 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1100 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН