Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 10

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Увс аймгийн Жүдо бөхийн холбоо,

            Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

            Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/567 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Увс аймгийн Жүдо бөхийн холбооны тэргүүн Б.Баянцогт, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Шинэбаяр, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ, гуравдагч этгээд Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт, үйлчилгээний газрын дарга Н.Уртнасан,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Увс аймгийн Жүдо бөхийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт /Б.Гиваан баатрын хөшөөний талбайн дээд хэсэгт /Увс аймгийн жүдо бөхийн ордон барих төсөлд зориулан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар батлагдсан тогтоолын дагуу Увс аймгийн Засаг даргын 331 дүгээр захирамжийг үндэслэн Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас кадастрын зураглал хийгдэн хууль журмын дагуу 4000м2 газрыг хэмжилт хийнэ олгосон юм. Дээрх 4000м2 газарт 50x30 хэмжээ суурин давхрагатайгаа 4 давхар гадна талбай, машины зогсоол, ногоон байгууламжтай ордон баригдах юм. /энэ нь иж бүрэн цогцолбор/ Зураг төсөв:

  • 2.8-3.0 тэрбум төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалттай цогцолбор
  • Зураг төсвийг 40.0 сая төгрөгөөр хийгдээд дуусах шатандаа явагдаж байна
  • Урьдчилсан скез зураг нь албан ёсоор хийгдэж, хуулийн дагуу зөвшөөрөл авсан
  • Холбогдох байгууллагуудын хууль журмын дагуу техникийн нөхцөлүүд нь бүрдсэн /хавсралтаар/
  • Уг газарт барилга барих л үлдсэн байсан

Манай холбоо нь байгуулагдсан үеэсээ эхлэн идэвхитэй үйл ажиллагаа явуулсаны үр дүнд анх удаа хөдөө орон нутаг Өсвөрийн Улсын Аварга Шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, манай тамирчид багаараа 3-р байр эзлэн Хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн Жүдо бөхийг хөгжүүлэх төсөл боловсруулан аймгийнхаа бүх суманд өөрийн гэсэн нэр бүхий дэвжээтэй болсон. Мөн дэвжээний багш нарыг бий болгосон. Төслийн үргэлжпэлд Улаангом сумандаа Жүдогийн ордон барих болсон юм. Увс аймгаас Жүдо бөхийн олон анхдагч гавьяат, алдартнууд төрснийг Монгол улс байтугай бөмбөрцгийн Жүдогийнхон мэднэ. Түүний үе залгамжлагч хүүхэд, залуучуудыг бэлтгэж, өшөө их амжилтыг хойч үе маань мөрөөдөх болсон. Жүдогийн ордон барих газрыг улс төржсөн хэсэг хүмүүсийн зохион байгуулалттайгаар өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгож байгаа нь манай холбооны төсөл хөтөлбөрт ноцтой хохирол учруулж байна. Спортын байгууллага нь улс төрөөс хол зөвхөн тухайн үе үеийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтдаг "Хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, бие бялдарын хүмүүжил, биеийн тамир спортыг хөгжүүлнэ" гэж орсон байдаг. Иймд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/567 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

             Нэхэмжлэгч Увс аймгийн Жүдо бөхийн холбоог төлөөлөн холбооны тэргүүн Б.Баянцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймагт 2014 онд жүдо бөхийн холбоо 33 хүний гишүүнчлэлтэй анх байгуулагдсан. Үүнээс хойш үйл ажиллагаа тогтмол явагдаж, аймагт Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж хоёр удаагийн бүсийн аваргын тэмцээн зохион байгуулагдсан. Засаг даргын нэрэмжит аваргын гараа тэмцээн улиралд нэг удаа явагдаж байгаа. Увс аймгийн хүүхэд залуучуудын дунд жүдо бөх Монгол Улсын хэмжээнд хөгжсөнөөс гадна дэлхийн хэмжээнд Монголын жүдо бөхийнхөн гавьяа байгуулж байна. Жүдо бөхийг хөгжүүлж, бидний санал санаачилгаар Увс аймгийн 19 суманд жүдо бөхийн дэвжээтэй болсон. Увс аймгаас төрж гарсан алдартнуудаас дурдвал Цагаанбаатар дэлхийн хос медальт, Сумьяа, Ням-Очир нар манай аймгаас төрсөн дэлхийн аварга билээ. Энэ амжилтаар манай холбоо бахархаж хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэхээр жүдо бөхийн ордон барихаар төлөвлөсөн. Увс аймгийн Засаг дарга болон сумын Засаг даргад удаа дараа жүдо бөхийн ордон барихаар албан тоот өгч байсан. Засаг дарга надад гурван удаа газрын санал тавьж байсан. Нэг нь бурхан багшийн зүүн хойд талд, дараа нь спортын хорооны доод талд бариулах гэсэн саналын дагуу Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт очиход тухайн газруудад жүдо бөхийн ордон барих боломжгүй гэсэн хариу өгч байсан. Увс аймгийн Жүдо бөхийн холбоонд Улаангом сумын 11-р багийн нутаг Б.Гиваан баатрын хөшөөны тайлбан дээд хэсэгт Жүдо бөхийн ордон барих төсөлд зориулан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн хурлаар батлагдсан тогтоолын дагуу Увс аймгийн Засаг даргын 331 тоот захирамжийг үндэслэн Барилга хот байгуулалтын газраас кадастрын зураглал хийгдэн хууль журмын дагуу 4000м 2  газрыг хэмжилт хийн олгосон.Улс төржсөн хэсэг хүмүүсийн зохион байгуулалттайгаар өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгож байгаа нь манай холбооны төсөлд ноцтой хохирол учруулж байна. Төрд хууль ёс, төрийн залгамж халаа гэж байх ёстой. Захирамжаар олгогдсон газрыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу ард түмний төлөөлөл баталсан газар байгаа. Төрийн алба хаагч нар иргэн хүнд үйлчлэх, хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж ойлгодог. Гэтэл өнөөдөр сонгуулийн дүнгээр байгуулагдсан төр засаг өмнөх ажлаа үгүйсгэж байгаад харамсаж байна. Ганц жүдо бөхийн ордон барихгүй дотроо 12 төрлийн топ спорт хөгжинө. Жишээ нь: тулааны төрөл, буудлагын төрөл, сагс , волейбол, шатар, теннис, даам гэх мэт бүх төрлийн спорт хөгжихөөр төлөвлөсөн. Жүдо бөхийн ордон барих гээд байгаа газар төрийн өмчит нийтийн эзэмшлийн газар гэж байсан. Би үнэндээ ойлгохгүй байна. Увс аймагт хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэхээр нийтийн эзэмшлийн газарт нийтийн объект барих гэж гадаадын хөрөнгө оруулалт хөөцөлдөж байгаа. Тухайн газар нь Япон улсын санхүүжилттэй 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий объектын газар. Ганц жүдо бөхийн ордон баригдахгүй дотроо олон төрлийн спорт хөгжинө гэдгийг хэлье.Иймд Иймд аймгийн Засаг даргын А/567 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

           Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2016 оны 5 сарын 30-ны өдрийн А/331 захирамжаар аймгийн Жүдо бөхийн холбоонд спортын байгууллагын зориулалтаар 4000м2 газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33.1.2, 33.4-т заасныг тус тус зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу аймгийн Засаг даргын 2016 оны А/567 дугаар захирамжаар хүчингүй болгосон.Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/331 дүгээр захирамжаар Увс аймгийн Жүдо бөхийн холбоонд Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт спортын байгууллагын зориулалтаар 4000 метр квадрат газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-г зөрчсөн. 2016 оны 05 дугаар сарын 20-нд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэл хэрэгт хавсаргаж өгсөн. аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11/03 дугаар тогтоолын үндэслэл хэсэгт хоёр хуулийн заалтыг үндэслэл болгосон. Нэгд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2з заалт, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг тус тус тогтоох хэсгийн үндэслэлд дурдсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь захиргааны байгууллага байгаа. Тус байгууллагад ямар зарчим үйлчлэх вэ гэхээр хуулиар зөвшөөрөөгүй бол хориглоно. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагад бүрэн эрх хэмжээ олгогдоогүй бол дур зоргоор шийдвэр гаргаж болохгүй гэсэн үг. Дээрхээс харахад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах эрхтэй боловч нэгэнт батлагдаад гарчихсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11/03 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй учраас 2016 оны 05 дугаар 30-ны А/331 дүгээр захирамжаар аймгийн Засаг дарга жүдо бөхийн холбоонд газар эзэмшүүлсэн явдал мөн хууль зүйн үндэслэлгүй. Иймд жүдо бөхийн холбоонд олгосон газрыг Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон” гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/331 дүгээр захирамжаар жүдо бөхийн холбоонд 4000 метр квадрат газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар нийтийн эзэмшлийн газарт Б.Гиваан баатрын талбай  хамаарч байгаа. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар төрийн зохих шатны хяналт зохицуулалттайгаар буюу Хот тохижилт үйлчилгээний газрын хяналт зохицуулалттай уг газрыг нийтээр ашиглахаар заасан. Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэхдээ Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолыг зөрчсөн. Уг тогтоолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт нь Барилга хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай урьдчилан зөвшилцөж орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулахдаа аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэл болгоно гэсэн байгаа.Иймд  ямар нэгэн байдлаар орон нутгийн өмчийг бусдын эзэмшил өмчлөлд шилжүүлэхдээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэл болгоогүй  гэж үзэж байна.

          Жүдо бөхийн холбоонд олгосон газар нь зөвхөн нийтийн эзэмшлийн Б.Гиваан баатрын талбайг хамаарахгүйгээр цаана нь байгаа орон сууцны айл, Сама телевиз зэргийн орох гарах замыг тэр чигээр нь хааж, замын уулзвараас 4000 метр квадрат газарт оруулж эзэмшүүлсэн нь нийтийн эзэмшлийн замыг хааж байна. Газрын кадастрын мэдээллийн санд эрх зүйн харилцаа үүссэн буюу иргэн аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлсэн, өмчлүүлсэн, ашиглуулсан газрыг бүртгэдэг. Тухайн Б.Гиваан баатрын талбайн хувьд нийтийн эзэмшлийн зам талбай учраас газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэхгүй” гэв.

         Гуравдагч этгээд Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт, үйлчилгээний газрыг төлөөлөн дарга Н.Уртнасан шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1978 онд Гиваан баатрын талбайн хөшөө боссон. Дараа нь 2002 онд худаг гаргасан, 2007 онд 30.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж цэцэрлэгт хүрээлэн ,хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилсөн. 2015 онд 245.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж дахин өөрчилсөн. Гиваан баатрын талбай нь Хот тохижилт үйлчилгээний газрын харьяанд буюу үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн. Нийтийн эзэмшлийн талбайд гэрчилгээ олгогддоггүй хуультай. Хуулинд заасан түүхийн дурсгалт газар гэдэгт Б.Гиваан баатрын талбай орно. Б.Гиваан баатрыг ямар хүн байсныг хүн болгон мэднэ. Өмнөх засаг даргын захирамжийг хуулийн дагуу хүчингүй болгосон гэж үзэж байна. Би жүдо бөхийн ордон  барихыг  дэмжиж байгаа боловч барилга барих газрыг нь хүлээн зөвшөөрөхгүй, мөн манай байгууллагын өмч хөрөнгө тухайн газарт байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 10 дугаар сарын 06-ны А/567 тоот аймгийн Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаснаа дэмжиж байна. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны  протоколд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар, 11-р багийн нутаг дэвсгэрт Гиваан баатрын талбайн зэргэлдээх 4000 метр квадрат талбай дээр жүдо бөхийн ордон барихыг хэлэлцсэн асуудал ярилцсан байсан. Тийм учраас хууль зүйн үндэслэлгүйгээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан гэж хариуцагчийн талаас яриад байгааг зөвшөөрөхгүй. Гэтэл хэрэгт авагдсан хурлын протоколоос харахад иргэдийг төлөөлж байгаа төлөөлөгч нь санал хүсэлтээ оруулж, ямар учраас 11-р багийн нутаг дэвсгэрт жүдо бөхийн ордон барих болсон шалтгаан зэргийг тусгасан байгаа. Засаг даргын хариу тайлбарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар тендер явуулах байсан гэх зүйлийг дурдсан. Энэ нь иргэн аж ахуйн нэгжид хамааралтай болохоос биш, төрийн бус байгууллагад ямар нэгэн хамааралгүй гэдэг нь Газрын тухай хуулиар тодорхой байдаг. Маргаан бүхий газарт үзлэг хийхэд бид очсон. Жүдо бөхийн ордон баригдах гээд байгаа газарт төрийн өмчийн зүгээс усан оргилуур, хэдэн гэрэл байсан.Сүүлд хийгдсэн засварын ажлаар  Жүдо бөхийн холбоонд эзэмшүүлсэн газарт засвар, тохижилт хийгээгүй.Жүдо бөхийн холбоо нэлээн олон ажиллагаа хийсэн.Тухайн газар дээр барих ордны зураг, инженерийн техникийн нөхцлүүдийг нь гаргуулсан. Жүдо бөхийн холбоо нь аймгийн хүүхэд залуучуудын хөгжил, цаашдын ирээдүйд зориулагдсан шинэлэг зүйлийг барих гэж байгаа нь таатай гэж үзэж байна. Авсан газрынхаа чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, тодорхой хэмжээний хөрөнгө гаргасан байхад ямар үндэслэлээр газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй. Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/567 тоот захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

       Гуравдагч этгээдийн тайлбараас харахад 11-р багийн нутаг дэвсгэр дээр Хот тохижилт үйлчилгээний газрын өмч байгаа гэсэн. Жүдо бөхийн холбоо бол хувийн хэвшил талаас биш, нийтийн эзэмшлийн талбайг биеийн тамирын зориулалттайгаар, нийтийн эрх ашигт зориулж тухайн газрыг эзэмшсэн. Б.Гиваан баатрын талбайн газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Хот тохижилт үйлчилгээний газарт байхгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байдаг. Мөн тухайн газар нь албан ёсны улсын буюу төрийн өмчид байгаа гэж програмд орж кадастрын зураг гарсан зүйл байхгүй. Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хэсгээс нийтийн эдэлбэр газартай холбоотой ямар нэгэн журам баталж гарсан зүйл байхгүй байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 11/3 гэсэн хурлын тогтоол гарч тухайн газрыг эзэмшүүлэхээр баталсан. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд  зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах нь буруу гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Иймд аймгийн Засаг даргын 2016 оны  А/331 дүгээр захирамж хүчин төгөлдөр юм.2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/567 тоот Засаг даргын захирамжигй хүчингүй болгох үндэслэлтэй тул  нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Тус шүүхэд нэхэмжлэгч Увс аймгийн Жүдо бөхийн холбоо Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/567 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/567 дугаартай захирамжийг 2016 оны 11 сарын 07-ны өдөр хүлээн авсан нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтэр дэх бүртгэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хуулийн хугацаанд шүүхэд гаргасан гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Увс аймгийн Жүдо бөхийн холбоо болон түүний өмгөөлөгчийн зүгээс “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 5 сарын 20-ны өдрийн 11/3 дугаартай тогтоолыг үндэслэж Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 30-ны өдрийн захирамжаар Улаангом сумын 11-р багт, Б.Гиваан баатрын хөшөөний талбайн дээд хэсэгт Жүдо бөхийн холбоонд газар олгосон нь хууль зөрчөөгүй байхад Увс аймгийн Засаг дарга захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, төрийн залгамж чанар алдагдуулсан, нийтийн эрх ашигийн төлөө барилга баригдаж 12 төрлийн спорт хөгжих боломжтой” гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “Увс аймгийн Жүдо бөхийн холбоонд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-т заасныг зөрчсөн, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах эрхгүй тул хурлын тогтоолыг үндэслэсэн аймгийн Засаг даргын захирамж үндэслэлгүй, Б.Гиваан баатрын талбай нийтийн эзэмшлийн газарт хамааралтай тул будад эзэмшүүлсэн нь үндэслэлгүй” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээдийн хувьд маргаан бүхий газар дээр орон нутгийн өмчийн хөрөнгө байрладаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх байр суурийг илэрхийлсэн болно.

Увс аймгийн Жүдо бөхийн холбоо нь Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт Б.Гиваан баатрын талбайн дээд хэсэгт газар олгохыг  хүссэн өргөдлийг[1] 2016 оны 03 сарын 17-ны өдөр Увс аймгийн Засаг даргад гаргасан байна.

Өргөдлийн дагуу эзэмшүүлэх газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Сайнжаргал Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлж[2] 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 11/03 дугаартай “ Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай“ тогтоолоор[3] Улаангом сумын 11-р баг, Б.Гиваан баатрын талбайн дээд талд 4000м 2 газрыг Жүдо бөхийн ордон барих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэгджээ.

Уг тогтоолыг үндэслэн Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 30-ны өдрийн А/331 дугаартай захирамжаар[4] аймгийн Жүдо бөхийн холбоонд 4000м2 газрыг спортын байгууллагын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газрын нэгж талбарын 8516009448 дугаартай хувийн хэрэг[5] үүсгэгдэн 2016 оны 06 сарын 02-ны өдөр 000307531 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ[6] олгогдсон байна.

Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/567 дугаартай захирамжаар[7] Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг үндэслэн Увс аймгийн Жүдо бөхийн холбоонд газар эзэмшүүлсэн Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 30-ны өдрийн А/331 тоот захирамжийг хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “......газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” , мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага,албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох”-оор зохицуулжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр нарын зүгээс Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсанаас хойш нэмж газар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь буруу тул маргаан бүхий газрыг 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад эзэмшүүлэхээр тусгагдаагүй гэж үзнэ гэсэн тайлбар гаргасан ба Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах бүрэн эрх олгогдсон тул уг эрхийнхээ хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсныг буруутгах боломжгүй юм.

Мөн аймгийн Засаг дарга аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулаагүй асуудал нь захиргааны байгууллагын хэрэгжүүлэх ёстой үйл ажиллагаа юм.

Хэдийгээр газар эзэмшүүлсэн асуудалд нэхэмжлэгчийн зүгээс хамаарах буруутай үйл ажиллагаа байхгүй хэдий ч нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар газрыг Газрын тухай хуульд заасны дагуу эзэмших ёстой ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд Б.Гиваан баатарын талбай нь нийтийн эдэлбэр газарт хамаарах талаар тайлбар гаргасан тул  шүүхээс маргаан бүхий газар нь бусдад эзэмшүүлж болох газар мөн эсэхэд дүгнэлт өгөв.

Увс аймгийн Жүдо бөхийн холбоонд эзэмшүүлсэн 4000м2 газраас 2781 м2 газар нь Б.Гиваан баатрын нэрэмжит талбайн дээд хэсэгт олгогдсон, уг газар дээр байгаа усан оргилуур, сагсан бөмбөгийн талбай, чийрэгжүүлэлтийн аппарат, сандал, гэрэлтүүлгийн шон зэрэг орон нутгийн өмчид бүртгэлтэй, нийтийн эзэмшлийн байгууламжид хамаарах хөрөнгүүд байршиж байгаа нь маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл[8], тэмдэглэлд хавсаргасан гэрэл зураг, зураглал, Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газрын хөрөнгийн бүртгэл[9], Улаангом сумын хот тохижилт үйлчилгээний газрын нягтлан бодогчийн гаргасан хөрөнгийн бүртгэл[10] зэргээр тогтоогдож байна.

Б.Гиваан баатрын нэрэмжит талбайг 2007 онд цэцэрлэгт хүрээлэн болгон  нийт 30 сая төгрөгийн төсөвт тохижилтын ажлыг гүйцэтгэсэн, уг ажлын хүрээнд одоо ашиглагдаж байгаа усан оргилуур, чийрэгжүүлэлтийн аппарат, сандал, гэрлийн шон зэргүүд суурилагдсан болох нь Улаангом сумын Засаг даргын 2007 оны 42 дугаартай захирамж, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, тохижилтын ажлыг гүйцэтгэх гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газрын хөрөнгийн бүртгэл, зэргээр[11] тогтоогджээ.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана”  гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “ Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн,аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг ...зэрэг газар хамаарна “ гэж заасан тул Б.Гиваан баатрын нэрэмжит талбай нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарч байна.

Б.Гиваан баатарын нэрэмжит талбай нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн кадастрын зургаар нийт 7711.6м2 байх ба Б.Гиваан баатрын хөшөөг 1973 онд бүтээж босгосон талаар “Миний хайртай Улаангом” номонд дурдагдсанаас үзэхэд Б.Гиваан баатарын нэрэмжит талбай 1973 оноос хойш ашиглагдаж ирсэн,хэдийгээр сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийтийн эдэлбэр газрыг хэрхэн ашиглах талаар журмыг батлан гаргаагүй байх боловч уг талбайд иргэдийн уулзалт цуглаан, олон нийтийг хамарсан соёлын болон бусад арга хэмжээ тогтмол зохион байгуулагддаг, хүүхэд, хөгшид, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөдөг талбай болох талаар  Улаангом сумын 11-р багийн Засаг дарга Д.Гансүх[12] шүүхэд мэдүүлсэн болно.

Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 30-ны өдрийн А/331 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасныг буюу нийтийн эдэлбэр газрыг нийтээрээ ашиглана гэх зохицуулалтыг зөрчиж бусдад Б.Гиваан баатрын нэрэмжит талбайн дээд хэсэгт газар эзэмшүүлсэн байх ба маргаан бүхий газар дээр байрлах хөрөнгүүдийн эзэмшигч хэн болох, уг газрыг бусдад эзэмшүүлснээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг шалгаж тогтоох үйл ажиллагаа явуулаагүй захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйлдэл байна.

Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/567 дугаартай захирамжаар Увс аймгийн Жүдо бөхийн холбоонд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй байна.

Маргаан бүхий захиргааны актыг захиргааны зүгээс гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны актыг бичгээр гаргах шаардлагыг хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн дагуу явуулах процесс ажиллагааг дутуу явуулсан байгаа боловч уг акт нь иргэд, олон нийтэд эерэг нөлөөлөлтэй гэж шүүхээс үзэв.

Түүнчлэн Увс аймгийн Жүдо бөхийн холбоонд олгосон газрын баруун талаар засмал замаас 2.6 м зайд явган хүний зам оролцуулан газар олгогдсон,  Б.Гиваан баатарын талбайн дээд хэсэгт олгогдсон газар нь нийт олгогдсон газрын 70 орчим хувийг эзэлж байгаа тул үлдэх газар дээр газар эзэмших зориулалтын дагуу Жүдо бөхийн ордонг барих боломжгүй байна.

Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь газар эзэмшихтэй холбоотойгоор Жүдо бөхийн ордны барилгын зургийг зуруулж, түүний хөлсөнд 11 сая төгрөгийн урьдчилгааг төлсөн, холбогдох байгууллагуудаас техникийн нөхцлүүдийг гаргуулсан байх ба буруутай төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас өөрт учирсан хохиролоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Жүдо бөхийн холбооны “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/567 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Жүдо бөхийн холбооны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200  / далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ