Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1159

 

ХХХ, ХХХХ нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Туяа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/02482 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ, ХХХХ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХХХ” ХХК-д холбогдох,

 

4 028 247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХ, ХХХХ, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, “ХХХХ” ХХК-иас ХХХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ байрны ХХХ тоот, 68.76 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 153 890 000 төгрөгийн үнэ төлж өмчлөлдөө шилжүүлэн авч, Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХ тоот гэрчилгээ олгосон. Гэтэл орон сууцны талбайг хэмжилтийн компаниар хэмжүүлэхэд 67.29 м.кв буюу 1.47 м.кв-аар дутуу болох нь тогтоогдсон. Иймд 1.47 м.кв талбайн үнийн дүн болох 3 289 968 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "ХХХ” ХХК-ийг шинжээчээр томилж, орон сууцны талбайг хэмжүүлэхэд 1.74 м.кв-аар дутуу гэсэн дүгнэлт гарсан тул дутуу талбайн үнэ болон “ХХХ” ХХК-ийн хэмжилт хийлгэсний төлбөр 134 000 төгрөг, нийт 738 279 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 4 028 247 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь ХХХтэй 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б17/606 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, орон сууцыг ХХХд шилжүүлсэн. ХХХХ, ХХХ нар улсын бүртгэлийн ерөнхий газраас 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “ХХХ” ХХК-иар хэмжилт хийлгэж, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл, ХХХ нь 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр орон сууц эрхийн доголдолтой байсныг мэдээд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх 6 сарын хугацааг хэтрүүлсэн байна. Хэрэв ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж үзвэл Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах хугацаа 6 cap байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 6.1 дэх хэсэгт гүйцэтгэгч нь илрүүлэх боломжгүй, нуугдмал доголдлыг илрүүлснээс хойш гэж байна. Энэ бол барилгын дотоод сантехник, цахилгаан, барилга угсралттай холбоотой асуудал. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.3-т зааснаар “ХХХХ” ХХК-иас 4 028 247 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч   ХХХ, ХХХХ нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79 402 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн буюу хэрэгт ач холбогдолтой талбайн хэмжээний зөрүүгийн талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах болон Захиргааны хэргийн шүүхээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч ХХХ, ХХХХ нар нь хариуцагч “ХХХХХ” ХХК-д холбогдуулан орон сууцны дутуу талбайн үнэ болон шинжээчийн зардалд нийт 4 028 247 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, “ХХХХ” ХХК нь ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ байрны ХХХ тоот, 68.76 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж дуусган хүлээлгэж өгөх, ХХХ, ХХХХ нар нь орон сууцыг 1 м.кв талбайг 2 238 074 төгрөгөөр үнэлж нийт 153 890 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх.9-13/ Гэрээний зүйл нь бэлэн болоогүй, ирээдүйд бий болох ажлын үр дүн байх тул анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Гэрээний 1.1-д хариуцагч “ХХХХ” ХХК-ийн шилжүүлэн өгөх орон сууцны талбайн хэмжээг тодорхой заан, мөн гэрээний 3.1-д 1 м.кв талбайг 2 238 074 төгрөг гэж тодорхойлсон байх тул талууд гэрээгээр талбайн хэмжээг гол нөхцөлийн нэг болгон тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн талууд орон сууцны талбайн хэмжээг тохиролцохдоо ажил гүйцэтгэсний дараа орон сууцны талбайн хэмжээнд 1 хувийн нэмэх, хасах хэлбэлзэл гарсан тохиолдолд гэрээний үнэд нөлөөлөхгүй байхаар харилцан хүлээн зөвшөөрч хэлцэл хийсэн байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талууд гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхэд нийцсэн байна. Иймд орон сууцны талбай гэрээгээр тохиролцсон хэмжээндээ хүрэхгүй байх тохиолдолд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2, 353.3 дахь хэсэгт зааснаар доголдолгүй гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор “ХХХ” ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг дүгнэлтэд орон сууцны талбайг 67.29 м.кв гэж тодорхойлсныг хариуцагч компани эс зөвшөөрч шүүхээс шинжээч томилуулж, орон сууцны талбайн хэмжилт хийлгэх хүсэлт гаргасны дагуу шүүх "ХХХ” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх.30/ Шүүхээс томилогдсон шинжээч “ХХХ” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн дүгнэлтэд орон сууцын талбайг 67.02 м.кв гэж тогтоожээ. /хх.33/

 

Иймд дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзэх замаар хэргийн үйл баримтыг үнэлэх боломжтой байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчихгүй байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүхээс зохих ёсоор томилогдсон шинжээч “ХХХ” ХХК-ийн дүгнэлтэд 67.02 м.кв гэж заасан нь гэрээнд заасан хэмжээнээс 1.75 /68.76-67.02=1.75/ м.кв-аар дутуу байгаа боловч талуудын харилцан зөвшөөрсөн 1 хувийн хэлбэлзлээс илүү хэмжээгээр дутсан 1.06 /1.75 - 68.76*1% = 1.06/ м.кв талбайн үнэд төлсөн 2 372 358.44 /2 238 074*1.06 м.кв=2 372 358.44/ төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар буцаан шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нар нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн /хх.8/ тул уг өдрөөс эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчээс шинжээчийн дүгнэлт гаргуулахтай холбоотой гаргасан зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан журмаар нөхөн төлүүлэх шаардлагатай болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/02482 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч “ХХХХ” ХХК-иас 2 372 358 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХ, ХХХХ нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 655 889 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсэгт “2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 52 908 төгрөг, шинжээчийн зардалд 134 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “ХХХХ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД

                                                                  ШҮҮГЧ                                 Т.ТУЯА

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ