Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01358

 

 

О.Ю-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/01221 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Ю-ийн хариуцагч ИШГ-т холбогдуулан гаргасан 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

О.Ю- нь Стандарт холдинг ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хууль сахиулагч хотхоны Б блок 8 дугаар давхрын 106 тоот хаягт байрлах 49,03 м.кв 2 өрөө орон сууцыг 95,608,500 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01078 дугаартай шийдвэрийг албадан биелүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дугаар тогтоолоор О.Ю-ийг тус орон сууцнаас албадан гаргахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрээс үзэхэд хариуцагч нь Бавгар ХХК, Х.Оюун, Б.Мөнхцэцэг нар байна. Тус шүүхийн шийдвэр нь О.Ю-т хамааралгүй. Б.Мөнхцэцэг энэ орон сууцанд амьдарч байгаагүй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дагаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01078 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, УС-15 гудамж, 74 тоот хашаанд байрлах, Хууль сахиулагч хотхоны Б блок, 49Б байрны 2 дугаар орц, 8 дугаар давхрын 106 тоот хаягт байршилтай, 49,03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Я.Ганзоригийг тогтоож, хариуцагч Б.Мөнхцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4-228/12056 дугаар мэдэгдлээр Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай эхний мэдэгдлийг өгсөн. Шүүхийн шийдвэрт заагдсан орон сууцны хаягт 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар очиход Б.Нарантуяа гэх хүн байсан ба гэрийн эзэд байхгүй байна гэж хэлсэн. Орон сууцыг чөлөөлөх ажиллагааг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр явуулсан. О.Ю-ийн гаргасан орон сууцнаас албадан гаргах тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн гомдолд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоолоор гаргасан хариу өгсөн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаж гаргасан гомдолд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариу өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дугаар тогтоолыг хүчингүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Ю-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ю-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1078 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС- 15 гудамж, 74 тоот хашаанд байрлах, Хууль сахиулагч хотхоны Б блок, 496 байрны 2 дугаар орц, 106 тоот хаягт байршилтай, 49,03 м.кв талбай бүхий өрөө орон сууцны өмчлөгчөөр Я.Ганзоригийг тогтоож, уг орон сууцыг хариуцагч Б.Мөнхцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Гүйцэтгэх баримт бичигт заасан орон сууцыг сайн дураар чөлөөлөх тухай мэдэгдлийг Б.Мөнхцэцэгт болон тус орон сууцанд оршин сууж байгаа О.Ю- нарт 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд нийт 4 удаа гардуулсан боловч биелүүлээгүй тул 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орон сууцыг чөлөөлөх ажиллагааг явуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу орон сууцыг О.Ю-ийн эзэмшлээс чөлөөлсөн. О.Ю- орон сууцнаас албадан гаргах тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4/43 дугаар тогтоол, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/2023 дугаар албан бичгээр хариу өгсөн. Өмчлөх эрхтэй холбогдох гомдлоо орон сууцыг шилжүүлэн өгсөн этгээдэд холбогдуулан шүүхэд хандан шийдвэрлүүлэх байтал орон сууц чөлөөлөх ажиллагаанд холбогдуулан гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан байна.

Анхан шатны шүүх О.Ю-ийг орон сууцнаас чөлөөлөхөөр заагаагүй гэж дүгнэж орон сууцнаас албадан гаргах тухай 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байгаа гуравдагч этгээдийн үйлдлийг зөвтгөж, шүүхээс өмчлөгчөөр тогтоосон төлбөр авагч Я.Ганзоригийн эрх ашгийг хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянахад анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч О.Ю- нь хариуцагч ИШГ-т холбогдуулан 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дугаар Байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01078 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, УС-15 гудамж, 74 тоот хашаанд байрлах Хууль сахиулах хотхоны Б блок, 49б байрны 2 дугаар орц, 8 дугаар давхрын 106 тоот хаягт байршилтай, 49,03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Я.Ганзоригийг тогтоож, уг орон сууцыг хариуцагч Б.Мөнхцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна. (хх-ийн 38-42)

Хариуцагч ИШГ- Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2022/09885 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 102/ГХ2022/00941 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн шүүхийн шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

 

1.2. Нэхэмжлэгч О.Ю- нь Стандарт холдинг ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, маргааны зүйл болох дээрх орон сууцыг худалдсан авсантай холбоотой баримтууд хэрэгт авагдсан байна. (хх-ийн 7-8)

 

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дугаар Байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоолоор Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, УС-15 гудамж, 74 тоот хашаанд байрлах Хууль сахиулах хотхоны Б блок, 49б байрны 2 дугаар орц, 8 дугаар давхрын 106 тоот хаягт байршилтай, 49,03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас О.Ю-ийг албадан нүүлгэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Орон байр, барилга, агуулах, савыг төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд, түүний хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, тэдгээрийн эд хөрөнгө, мал, гэрийн тэжээвэр амьтнаас чөлөөлж, төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээдэд албадан чөлөөлсөн үл хөдлөх хөрөнгийг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр орон байрнаас нүүлгэн гаргах тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэнд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч О.Ю- нь шүүхийн шийдвэрт нүүн гаргуулахаар заасан Б.Мөнхцэцэгийн гэр бүлийн гишүүн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дугаар Байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоолыг дээрх хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд журмын дагуу явагдсан гэх гомдол үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч О.Ю- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/2023 дугаар гомдолд хариу өгөх тухай албан бичгийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр авч мөн оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Ю-ийг маргааны зүйл болох орон сууцнаас албадан гаргах тухай шүүхийн шийдвэрт тусгаагүй, энэ талаар шүүхийн шийдвэр гараагүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно. гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг тодорхойлсон байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу болсон тул зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/01221 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5 дугаар зүйлийн 5.1, 100 дугаар зүйлийн 100.1 гэснийг 122 дугаар зүйлийн 122.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч ИШГ- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ