Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01403

 

 

Б.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/01615 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-гийн хариуцагч А.Н, Р.Э-нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Санжаадорж, хариуцагч А.Н, Р.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Б.О- нь А.Нтай хамт ажиллаж байхдаа нэхэмжлэгчээс бэлэн мөнгө зээлж буцаан төлдөг байсан. Б.О- нь ХААН банк ХХК дахь Р.Э-ийн эзэмшлийн 5028551111 тоот данс, Худалдаа хөгжлийн банк ХХК дахь А.Нын эзэмшлийн 459013082 тоот данс, ХААН банк ХХК дахь Н.О-ын эзэмшлийн 5114511818 тоот данс руу мөнгөн хөрөнгө шилжүүлж зээл өгч байсан. Б.О- ХААН банк ХХК дахь данснаас нийт 448,305,000 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлдэгч 391,645,000 төгрөг төлсөн, мөн Хас банк ХХК дахь 5001574500 тоот дансаар 40,052,000 төгрөг зээлсэн боловч төлөөгүй. Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 459005703 тоот данснаар 154,075,000 төгрөгийн зээлж зээлдэгч 158,537,000 төгрөг төлсөн. Иймд зээлдэгч А.Н, Р.Э- нараас 92,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Р.Э-ийн тайлбар, татгалзлын агуулга:

Р.Э- нь Б.О-г танихгүй. Б.О-гаас А.Наар дамжуулан мөнгөн хөрөнгө зээлэх талаар ярьж байгаагүй. ХААН банк ХХК дахь 5028551111 тоот дансыг эзэмшдэг боловч ашигладаггүй. А.Н 2019 оноос ашиглаж байгаа. Тус дансны гүйлгээний талаар ямар нэгэн мэдээлэлгүй. А.Н тухайн данстай холбоотой мэдээллийг мэднэ. ХААН банк ХХК дахь Ж.Ренчиндоржийн эзэмшлийн 5028551111 тоот дансаар 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд нийт 160,000,000 төгрөг зээлсэн гэх Б.О-гийн тайлбарласнаас үзвэл А.Н тус дансныг ашиглаж байсан мэднэ. Р.Э-ийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Б.О- ХААН банк ХХК дахь Р.Э-ийн дансаар 461,311,000 төгрөг зээлснээс 359,949,000 төгрөг төлж үлдэгдэл 102,362,000 төгрөг, ХААН банк ХХК дахь Н.О-ын дансаар 8,000,000 төгрөг зээлж 20,100,000 төгрөг төлсөн, Худалдаа хөгжлийн банк ХХК дахь А.Нын дансаар 153,218,000 төгрөг зээлж, 177,593,000 төгрөг төгрөг төлсөн, 65,887,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Иймд Б.О-гаас гаргасан Р.Э-оос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 160,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч А.Нын тайлбар, татгалзлын агуулга:

Б.О-д 60,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэвч Б.О- зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Б.О-гийн хүсэлтээр бэлэн мөнгө авч бусдад зээлж, зээлийн хүүгийн хамт буцаан төлдөг байсан. Өдөр бүр зээлийн төлбөрийг бэлнээр төлдөг байсан. А.Н ашиг авч байгаагүй. Б.О- заримдаа бензиний мөнгө гэж 50,000 төгрөг өгдөг байсан. Зээлийн төлбөрийн талаар улбар шар дэвтэрт тэмдэглэдэг байсан боловч Б.О- тус дэвтрийг байхгүй гэж нотлох баримтаар гаргаж өгөөгүй. 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш дансаар мөнгө шилжүүлдэг болсон. Б.О-д 22,350,000 төгрөг бэлнээр өгсөн. Өдрийн зээл тул эхний сарын зээлийг бүрэн төлж дараагийн сарын зээл авдаг. Р.Э-ийн дансыг ашиглаж байсан тул энэ маргаанд хамааралгүй. Сар бүр 216,000 төгрөг, 432,000 төгрөг гэх мэт өдөрт 1, 2 удаа шилжүүлэг хийж байсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Н, Р.Э- нараас нийт 65,887,000 (жаран таван сая найман зуун наян долоон мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 94,113,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 957,950 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Н, Р.Э- нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 487.385 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Б.О-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 65,887,000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлсон боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарь, төлсөн төлбөрийг буруу тодорхойлсон.

Шүүх А.Наас бэлнээр авсан 22,350,000 төгрөгийг хэрхэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй, арилжааны банк дахь Р.Э-ийн эзэмшлийн дансыг өөр этгээд ашиглах боломжгүй бөгөөд А.Н 2019 оноос ашигласан талаар хариуцагч маргаагүй, мөн Р.Э- нийт 622,529,000 төгрөг зээлж 556,642,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 65,887,000 төгрөг төлөх талаар тайлбарласан. Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Б.О- нийт 448,305,000 төгрөг зээлдүүлснээс хариуцагч 391,645,000 төгрөг төлсөн. Тодруулбал, Б.О- Хас банк ХХК дахь 5001574500 тоот данснаас 40,052,000 төгрөг зээлснийг төлөөгүй. Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 459005703 тоот данснаас 154,075,000 төгрөг шилжүүлснээс буцаан 158,537,000 төгрөг төлж, үлдэгдэл 92,250,000 төгрөг төлөөгүй нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын дансны хуулгаар тогтоогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч нараас 26,250,000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

,

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

Б.О-гийн хүсэлтээр бэлэн мөнгө авч бусдад зээлж зээлийн төлбөрийг өдөрт нь төлдөг байсан. Ашиг аваагүй. Б.О- заримдаа бензиний мөнгө гэж 50,000 төгрөг өгдөг байсан. 22,350,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Б.О- зээлийн төлбөрийг өгсөн талаар улбар шар өнгийн дэвтэрт тэмдэглэдэг байсан боловч шүүхэд нотлох баримтаар өгөөгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн. Б.О-гийн олгосон зээл нь Р.Э-ид хамааралгүй. А.Н нь Р.Э-ийн эзэмшлийн дансныг ашиглаж байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б.О- хариуцагч А.Н, Р.Э- нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 160,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 92,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

2. Эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тогтоогоогүй, маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй, хэргийн оролцогчдын шаардлага, үндэслэл тодорхой бус байгаа тохиолдолд шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нарт мөнгөн хөрөнгө зээлдүүлсэн гэж, хариуцагч А.Н Б.О-гийн хүсэлтээр түүний шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бусдад зээлдүүлж байсан гэж тус тус тайлбарласнаас үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шууд дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч А.Н нэхэмжлэгч Б.О-гаас мөнгөн хөрөнгө зээлэх хүсэл зориг байсан эсэх, Б.О-гийн хүсэлтээр мөнгөн хөрөнгийг бусдад дамжуулан зээлдүүлж байсан эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдотой байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/01615 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.О-гийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 619,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ