Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00849/И |
Дугаар | 00868 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 00868
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-4-76 тоотод оршин суух Өрлүүд овгийн Лувсанбатын Отгончимэгийн /ФА-60101409 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар, хүсэлт гаргагч Л.Отгончимэг,гэрч Б.Хишигням,В.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Хүсэлт гаргагч Л.Отгончимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Л.Отгончимэг нь 1979 оноос Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт тасралтгүй 37 жил үйлчлэгчээр ажилласан.Тэтгэвэрт гарах гэтэл 1994 оны ажилласан үеийн архивын болон баримт бусад материал олдохгүй ажилласан жилээс аань хасагдаж байна.Иймд намайг 1979-1994 онд ажилласан байдлыг минь тогтоож өгнө үү ”гэжээ.
Хүсэлт гаргагч Л.Отгончимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хүсэлтээ дэмжиж байна.1979 онд 16 настайдаа Хүүхдийн больницэд асрагчаар ажилд ороод одоо хүртэл ажиллаж байна.Тэтгэвэр тогтоолгох гэтэл 1994 онд ээжлжийн амралт олгох тушаал олдохгүй байгаа.Тэгээд шүүхэд хандаж байна гэжээ.
Шүүх хуралдаанд гэрч В.Оюунчимэг мэдүүлэхдээ:Миний бие Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1989 оноос хойш Отгончимэгтэй хамт ажиллаж байгаа.Намайг сургууль төгсөж ирэхэд Отгончимэг асрагчаар ажиллаж байсан.Би сувилагч нь байсан юм.Хамт ажиллаж байгаад сая тэтгэвэртээ гарч байгаа гэжээ.
Шүүх хуралдаанд гэрч Б.Хишигням мэдүүлэхдээ:Отгончимэг нь анх Говилд хүүхдийн 1-р тасагт асрагчаар ажиллаж байсан юм билээ.Би 1988 оноос хойш хамт ажиллаж байгаа.16 настай асрагчаар ажиллаж эхэлсэн гэдэг юм билээ.2016 он хүртэл тасралтгүй ажилласан хүн гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Отгончимэг ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасаныг хангах үндэслэлтэй байна.
Лувсангомбын Отгончимэг нь 1979 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байсан болох нь 1978-09-01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар, Эрдэнэт хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах хэлтсийн даргын 1979-12-18-ны өдрийн 170 дугаартай ажилд авах тухай тушаал, Орхон аймгийн Архивын тасгийн 2016-05-02-ны өдрийн тодорхойлолт, гэрчүүдийн тодорхойлолт,мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Лувсангомбын Отгончимэгийг 1979 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Отгончимэгийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 сарын 18-ны өдөр Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дансанд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.
3. Энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ