Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01523

 

 

 

 

ШӨ- ААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01771 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ШӨ- ААТҮГ-ын хариуцагч М.А-ад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 10,994,873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батчимэг, хариуцагч М.А-, түүний өмгөөлөгч Д.Батдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦ/1023 дугаар шийтгэх тогтоолоор М.А-ыг ШӨ- ААТҮГ-т жолоочоор ажиллан тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Б.А-рын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж ажил олгогчоос 10,994,873 төгрөг гаргуулж Б.А-рт олгохоор шийдвэрлэсэн. Манай байгууллага дээрх төлбөрийг төлсөн. М.А 2020 оны 05 дугаар 21-ний өдрөөс жолоочоор ажиллахыг зөвшөөрсөн. Жолоочоор ажиллах гэрээг байгуулж амжаагүй байхад осол гаргасан. ШӨ- ААТҮГ М.Аын жолоодож явсан автомашиныг 2019 онд худалдан авсан. Шинжээчийн дүгнэлтээр шинэ гэмтэл гэж тогтоосон тул тээврийн хэрэгсэл эвдрэлтэй байсан тухай тайлбар үндэслэлгүй. М.Аын илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас байгууллагад хохирол учирсан. Иймд М.А-аас 10,994,873 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

М.А- ШӨ- ААТҮГ-д манаачаар ажиллаж байхад тус байгууллагын эрх бүхий албан тушаалтан дуудаж ... хог зөөх машины жолооч амарсан тул та оронд нь гарч ажилла гэсний дагуу автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан. Тухайн автомашины тоормос гэнэт ажиллахаа больж, жолоодлогогүйгээр эсрэг урсгал руу орж автомашиныг мөргөж зогссон. Үүний улмаас хохирогчид учирсан 10,944,873 төгрөг болон торгууль 600,000 төгрөгийг ШӨ- ААТҮГ хариуцах ёстой. Учир нь: ашиглалтын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр хог тээвэрлүүлсэн. Эрүүгийн хэргийг шалгах явцад шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн ч дахин шинжээч томилж дүгнэлт гаргасан. Жолооч н.Ганболдын мэдүүлгээр автомашины урд тоормос ажиллахгүй байсан нь тогтоогдсон. Мөн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.А-аас 4,397,949 (дөрвөн сая гурван зуун ерэн долоон мянга есөн зуун дөчин есөн) төгрөг гаргуулж ШӨ- ААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,596,924 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 85,317 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэн хохирогчид 10,991,873 төгрөг төлсөн гэж дүгнэсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1023 дугаартай шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч ШӨ- ААТҮГ-ыг тээврийн хэрэгслийн эзэмшигч учраас гэм хорын хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг шийтгэх тогтоолд хохирогч Б.А-рыг цаашид гаргах зардлыг иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг олгосон болохоос ШӨ- ААТҮГ-ыг хохирол нэхэмжлэх эрхийг олгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: М.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.11.1-т заасан гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч Б.А-рын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ба анхан шатны шүүхээс хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохиролтой холбоотойгоор 10,994,873 төгрөгийн 40 хувь болох 4,397,949 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагчийн гаргасан гомдлыг зөвшөөрөхгүй. ШӨ- ААТҮГ хохирогч Б.А-рын хохирлыг төлсөн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар М.А-аас байгууллагад учруулсан хохирлыг шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

1.Нэхэмжлэгч ШӨ- ААТҮГ нь хариуцагч М.А-ад холбогдуулан гэм хорын хохиролд 10,994,873 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч М.А- ШӨ- ААТҮГ-ын өмчлөлийн CLW-5060 маркийн 21-57 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан ...эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Б.А-рын жолоодож явсан Тоёота ипсум маркийн 36-24 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Б.А-рын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1023 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон ба уг тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргаагүй, уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагчийн гэм буруугийн асуудал эрүүгийн журмаар тогтоогдсон гэж үзнэ. /хх-ийн 34-37/

 

3. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч нь орчин тойрондоо аюултай эд зүйлийн өмчлөгчийн хувьд гэм буруутай эсэхээс үл хамаарч бусдад учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй байдаг байна. Тэрээр өөрийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн, эсвэл тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон аль ч тохиолдолд өмчлөгч бусдад учирсан гэм хорыг хариуцна. Харин тээврийн хэрэгслийг ашиглаж явсан этгээдээс өмчлөгч нь бусдад төлөх болсон хохирлыг шаардах эрхтэй эсэхийг гэм хор учруулснаас хариуцлага хүлээх Иргэний хуулийн нийтлэг зохицуулалт болох 497 дугаар зүйлээр зохицуулсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заасан байна.

 

4. Дээрх шийтгэх тогтоолоор ШӨ- ААТҮГ-аас гэм хорын хохиролд 10,991,873 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-рт олгохоор шийдвэрлэсэн ба уг тогтоол хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдсан тул шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэн хохирогчид 10,991,873 төгрөг төлсөн гэж буруу дүгнэсэн гэсэн агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, ШӨ- ААТҮГ-аас НШШГГ-т 8,994,873 төгрөг болон 2,000,000 төгрөг тус тус шилжүүлсэнтэй холбоотой баримтууд хэлбэрийн хувьд хуульд заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй боловч эдгээр баримтад тусгагдсан мэдээллийн агуулга дээрх шийтгэх тогтоолоор давхар нотлогджээ. /хх-ийн 12-13/

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн ажил олгогч ШӨ- ААТҮГ нь ажилтан М.А-ын чиг үүрэгт хамаарахгүй ажил үүрэг гүйцэтгүүлэх явцад осол гарсан, түүнчлэн тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаж шалгалгүй ажилтанд өгч гаргасан, тухайн тээврийн хэрэгслийн зүүн урд тоормос ажиллахгүй байснаас осолд нөлөөлсөн байж болзошгүй байдал шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзсан нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгтэй нийцжээ.

 

6. Зам тээврийн ослыг М.А- гаргасан нь тогтоогдсон боловч тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй жолоочид бүрэн бус тээврийн хэрэгслээ шилжүүлэн өгч, болгоомжгүй хандсан байх тул тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд шүүхийн шийдвэрээр бусдад төлөх болсон төлбөрийн зарим хэсгийг өөрөө хариуцах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт нийцнэ.

 

7. Нөгөө талаар, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар жолооч нь гэм буруутай үйлдлээр бусдад (нэхэмжлэгчид) гэм хор учруулсан тул хариуцлага хүлээдэг бол мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас бусдад төлсөн хохирлыг шаардсан нь үндэслэлтэй болно.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг нэмж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01771 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 497.1 гэсний дараа 498 дугаар зүйлийн 498.5 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.А-ын төлсөн 85,318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ