Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 25

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч, шүүгдэгч Ц.Э , С.О ,

шүүгдэгч Ч.Оу  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э , Ч.Оу , С.О  нарт холбогдох  163/2019/0023/Э индекстэй, эрүүгийн 1815002350243 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Х овогт Ц.Э,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, малчин, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Ч.Оу,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Т овогт С.О.  

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Э , Ч.Оу  нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвд “Хишиг” нэртэй кафед иргэн С.О тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан,

Яллагдагч С.О  нь  2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвд “Хишиг” нэртэй кафед иргэн Ц.Э , Ч.Оу  нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож Ц.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Оу ы өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1815002350243 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч С.О ын өгсөн: “...би Э ад манай адуунууд танай голоор яваад байна гэхэд та нар тэгээд олоод өгөхөд яасан юм гэхэд Э миний шууд нүүр хэсэгт өшиглөхөд хиймэл шүд хугарсан, үүдэн шүд хөдөлсөн.Тэгэхээр нь би чи хүн цохидог хэн бэ гээд цохих гээд очтол ахиад миний нүдрүү цохисон....Тэгтэл Оу  ирээд намайг шууд үстсэн, би зөрүүлээд үстсэн. Тэгээд бид хоёр зууралдаад байж байтал Э  хөл гар толгой руу цохиод байсан, эхнэр Оу  нь миний гарыг 5 удаа хазсан, зүүн гуяны дотор талаас 3 удаа хазсан би зөрүүлээд гарыг нь татаж хуруунаас хазсан чинь шүд өвдөөд байхаар нь буцаад тависан... Э  нүүр рүү өшиглөсөн, нүд рүү цохисон, толгой руу цохисон, Оу  үснээс зулгаасан, гар болон хөлнөөс хазсан базсан. Тухайн үед гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн ... гэхдээ юмаар цохисон юм шиг байна лээ...“  гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/,

Хохирогч Ц.Э ын өгсөн: “...тэгтэл О  Ө Ц. хүүхдүүд 3 азарга адууг маань олж өгөөрэй гээд орилоод байсан. Тэгээд ширээн дээр байсан аяга таваг хагалаад байсан. Тэгхэд Д  эгч чи аавыг минь юу гээд байгаа юм бээ гээд ширээн дээр байсан аяга тавгийг авах гэтэл Д  эгчийг үстээд байсан. Тэр 2-ыг салгаад байж байтал О  надруу дайрч хамар руу цохисон бөгөөд үүнээс болж миний хамарнаас цус гарсан. Тэгхээр нь ямар учиртай адуу яриад байна, бид яахаараа олж өгөх ёстой юм гэхэд намайг унагаж өшиглөсөн. Манай эхнэр Оу  бид 2-ыг боль гэхэд тэрээр Ц. өгсөн хоолонд сагасан чамайг ална гээд тэр 2 мөн адил зууралдаж, ноцолдсон. Тэр 2-ыг салгасны дараа би машиндаа суусан бөгөөд О  хойноос ирж машин дотор байсан нэг зүйлийг авч над руу шидсэн. Үүнээс болж миний зүүн хөмсөг язарсан. Мөн миний нүүр болон  цээжийг урж, гарнаас хазаж, хувцсыг урсан. Да  ах, Ду  эгч бид  явцгаасан... О  их согтуу, Да  ах бид 2 бага зэрэг согтуу, П , Оу , Ду  нар бараг эрүүл байсан...Хөмсөг язарсан, толгой руугаа өшиглүүлсэн, нүүрээ уруулсан, гараа хазуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуудас/,

Гэрч Ц.Д ын өгсөн: “...О , Да , Ду  нар ерөөл нэртэй архи авч өгсөн чинь түүнийг нь голж агсан тавьсан...Манай дүү Э  Оу  нарыг Ө  Ц. хүүхдүүд миний 3 азарга адууг авсан, та нар өг гээд ширээ цохиж аяга, таваг, хундага хагалсан. Би унагаасан аяга таваг хундгыг авах гээд тонгойход О  намайг үстсэн... Э  Оу  нар зодолдсон. Би тэднийг кафе-наас гаргаж хаалгаа цоожилсон...Э ын хамарнаас цус гарсан, нүүр болон хүзүүг нь хумсаараа урсан. Оу ы гараас хазсан байсан...О  архи ууж манай азарга адууг олж өг гээд Э , Оу  нар луу дайрч тэднийг зодсон...“ гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/

Гэрч Ц.П ын өгсөн: “...бид нар бүжиглэж байгаад ирсэн чинь О ын хамарнаас цус гарсан байсан бөгөөд юу болсон талаар асуухад Э ыг өшиглөсөн гэж хэлсэн. Э аас ямар учраас эмэгтэй хүнийг өшиглөсөн талаар асуухад тэрээр хариулаагүй. О  агсан тавьж ширээн дээр байсан аяга тавгийг хагалсан...Э  О-ууд нар маргалдаж байсан...О  Оу  нар маргалдаж бие биенийхээ үснээс зулгаасан. Би очиж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/

Гэрч Г.Д-ын өгсөн: “...хойд ширээний аяга таваг хагарч дуу чимээ гарахаар нь харсан чинь О  гэх эмэгтэй Ө  Ц. хүүхдүүд миний адууг олж өг гээд л тэд нар маргалдаж эхэлсэн. О  Оу ы гараас хазсан, харин Оу  О ын үснээс зулгаасан. Би тэр 2-ыг салгасан. Энэ үед О  миний цамцыг урсан, мөн намайг Оу тай нэр холбоод байхаар нь би гарч машиндаа суусан. Оу ыг авч явах гээд хайсан чинь байшингийн хойно Оу  О  нар ноцолдож байсан...Э  Оу  2-ыг машинд суулгаад явах гэтэл О  мөн машинд сууж Э тай зууралдсан бөгөөд тэрээр Э ыг ямар нэгэн зүйлээр цохисон. Үүнээс болж хөмсөгнөөс нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/

Гэрч Б.Д-ийн өгсөн: “...бид нар явъя гэж байтал О  Ө  Ц. хүүхдүүд манай 3 азарга адууг олж өг гэж хэлсэн. Тэгээд байж байтал О  Оу  нар үснээсээ зулгаалцаад эхэлсэн. Оу ы үснээс туг үс зулгаасан... О  араас ирж Э тай хэрүүл маргаан, зодоон хийсэн... Э ын хөмсөгнөөс цус гарж Оу ы үснээс туг үс зулгаасан, О  өөрөө их унаж байсан ба хүн болгон руу дайрч хүн болгоныг цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/

Гэрч Ц.Г ын өгсөн: “...16 цагийн орчим О  өөрөө сумын эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Тэгэхэд нүд нь хавдаж хөхөрсөн, хамаг бие нь өвдөөд явж чадахгүй байна, толгой өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд биед нь үзлэг хийхэд баруун талын нүд нь хавдаад хөхөрсөн, эрүү нь хавдсан, зүүн шуу болон бугалга хэсэгт их хэмжээний маажсан хумсны оромтой цус гараад хатсан байдалтай, зүүн гарын шуу хэсэгт хазсан шүдний мөртэй тэр хэсэг нь хөхрөлттэй, хэвлийн болон баруун хөлний гуя, зүүн хөлний шилбэ баруун гар хэсэгт маш их хөхрөлттэй, 2 өвдөг нь шалбарсан юманд чирсэн байдалтай зулгарсан байсан. Толгой хэсэгт хуйхандаа хавдартай байсан... Шүд хөдөлсөн гэж хэлэхэд нь шүдний эмнэлэгт үзүүл гэж хэлсэн... Хүнд зодуулсан тэр хүмүүс нь Э  Оу  гэх хүмүүс байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Магадлуулагч  С.О ын  биед зүүн бугалга, шуу, баруун мөрөнд зулгаралт, эрүү гуянд цус хуралт, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чавдар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 42-43 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 190 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн нэмэлт шинжилгээний шинжээчийн дүгнэлтэнд: 1.Магадлуулагч  С.О ын  биед нэмэлт шинжилгээрээр баруун эгэм ясны алсын үзүүрийн хугарал, далны тогооны уруулын урагдал, мөрний шөрмөсний урагдал, гэмтэл тогтоогдоо. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2. Цаашид энгийн хөдөмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 53-54 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 256 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Ц.Э ын биед зүүн хөмсөг, зүүн шуунд сорви, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 60 хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 91, 98, 102 хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93, 97, 100 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э , Ч.Оу  нар нь бүлэглэж 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвд “Хишиг” нэртэй кафед иргэн С.О тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан,

Шүүгдэгч С.О  нь  2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвд “Хишиг” нэртэй кафед иргэн Ц.Э , Ч.Оу  нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, Ц.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт буюу үйл баримт тус тус тогтоогдож байна.

Дээрх үйл баримтууд нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор Ц.Э , Ч.Оу , С.О  нарын мэдүүлэг, гэрч Ц.Д , Ц.П , Г.Да , П.Д , Ц.Г  нарын мэдүүлэг, хохирогч нарын биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 190, 256 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Ц.Э , Ч.Оу  нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Э , Ч.Оу  нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.О ын биед хүндэвтэр хохирол учирсан,

 Шүүгдэгч С.О ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Э ын биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нар нь өөр хоорондоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.          

Шүүгдэгч Ц.Э , Ч.Оу , С.О  нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ц.Э , Ч.Оу , С.О  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар өөр хоорондоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Ц. Э , Б овогт Ч.Оу  нарыг бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т овогт С.О ыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Э , Ч.Оу  нарыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ц.Э , Ч.Оу  нарыг 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Э , Ч.Оу  нарт мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.О  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Шүүгдэгч Ц.Э , Ч.Оу , С.О  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь өөр хоорондоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э , С.Оу , С.О  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН