Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01565

 

 

ОБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/01279 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ОБ ХХК-ийн хариуцагч Г.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,156,409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ОБ ХХК нь Г.А-той 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 1,300,000 төгрөгийн эрхтэй картыг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Энэхүү картын хугацаа 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч зээлдэгч үндсэн зээл 1,393,136.70 төгрөг, зээлийн хүү 1,154,676.54 төгрөг, гэрээгээр тохиролцсон хугацаа хэтрүүлсний хүү 781,799.59 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 874,829.65 төгрөг, нийт 4,204,442.48 төгрөгийг төлөөгүй.

Мөн Г.А-той 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр кредит карт эзэмших гэрээг байгуулж 2,000,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Энэхүү картын хугацаа 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дууссан боловч энэ гэрээний үүрэгт 9,482,787.51 төгрөгөөс үндсэн зээл 4,358,744 төгрөг байна. Зээлдэгч үүнээс 2,382,209.33 төгрөг төлж үлдэгдэл 1,976,537.69 төгрөг төлөөгүй. Эрх хэтрүүлсний хүү гэдэг нь гэрээний 3.5-д зааснаар харилцан тохиролцсоны үндсэн дээр авч байгаа хүү Кредит карт зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эрхийн хэмжээнээс хэтрүүлсэн дүнг зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү гэж гэрээний 2.1-т заасны дагуу сарын 2 хувиар тооцдог. Иймд дээрх 2 гэрээний үүрэгт 11,156,409 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Г.А- нь ОБ ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр кредит карт эзэмших гэрээг байгуулж 1,300,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эзэмшихээр тохиролцсон. Мөн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн кредит карт эзэмших гэрээгээр 2,000,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эзэмшихээр тохиролцсон. Кредит картын гэрээний 4.1-т зээлийн эрхийн хэмжээг өөрчлөх, нэмэгдүүлэхдээ карт эзэмшигч Г.А-гийн хүсэлтээр нэмэгдүүлж болно гэж заасан. Гэтэл Г.А- нь эрх нэмэгдүүлэх хүсэлтийг гаргаагүй байхад ОБ Г.А-той 2018 оны 07 дугаар сарын 31-ний зээлийн гэрээний харилцаанд 1,300,000 төгрөгийн эрхтэй зээлийг 8,942,605 төгрөгийн зарлага гаргах эрхтэй болгон нэмэгдүүлсэн. Мөн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийн эрхтэй зээлийг 4,358,744 төгрөгийн эрхтэй болгон нэмэгдүүлж илүү хүү тооцож, хүүгийн дарамтад оруулсан. Г.А- 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7,763,620 төгрөг гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл ОБ ХХК нэхэмжлэлдээ 7,549,468 төгрөгийг төлсөн гэж 214,514 төгрөг дутуу төлсөн мэт бичсэн.

2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2,530,820 төгрөг төлсөн байхад нэхэмжлэлд мөн буруу бичсэн. Иймд ОБ ХХК-тай байгуулсан 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1,178,985 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний үүрэгт 1,976,545 төгрөг, нийт 3,155,520 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 8,000,889 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.А-гоос 7,232,663.01 төгрөгийг гаргуулж, ОБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,923,746.98 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ОБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,453 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-гоос 130,673 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ОБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Г.А-гоос 7,232,663.01 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 4,077,143.01 төгрөгийг эс зөвшөөрч байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй.

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 2, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэгтэй тул зээлдэгч 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1,300,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг тус тус хүү төлөхөөр байна. Харин зээлийн эрхийг хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүү төлөх талаар талууд харилцан тохиролцож гэрээнд тусгаагүй, зөвхөн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байхад анхан шатны зээлийн эрх хэтэрсэн хэмжээнд хүү гаргуулсан нь буруу.

Тухайлбал, зээлдэгч 1,300,000 төгрөг болон 2,000,000 төгрөгөөс илүү зээл авах ёсгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд яагаад 1,656,629.24 төгрөг болон 2,267,117 төгрөг болсон талаар тайлбарлаагүй байхад анхан шатны шүүх зээлийн эрхийн хэмжээ хэтэрсэн үнийн дүнг зээл эсэх нь тодорхойгүй, зээлийн хүү тодорхойгүй гэж ойлгомжтой үнэлэлт, дүгнэлт хийсэн. Хариуцагч 2 зээлийн гэрээний дагуу нийт 3,300,000 төгрөгийн зээлсэн бөгөөд зээлийн төлбөрийг төлөх үед цар тахал гарсан байсан ч зээлийн төлбөрт 10,294,440 төгрөг төлсөн. Гэвч зээлдүүлэгч хэт өндөр хүү тооцож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрт 3,155,520 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд үндэслэлээр хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

1. Нэхэмжлэгч ОБ ХХК хариуцагч Г.А-д холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Кредит картын гэрээний үүрэгт үндсэн зээл 1,393,136.70 төгрөг, зээлийн хүү 1,154,676.54 төгрөг, гэрээгээр тохиролцсон хугацаа хэтрүүлсний хүү 781,799.59 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 874,829.65 төгрөг, нийт 4,204,442.48 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Кредит картын гэрээний үүрэгт 4,358,744 төгрөг, бүгд 11,156,409 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 3,155,520 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

1.1. Талуудын хооронд Кредит картын 2 гэрээ байгуулагдсан байна. Үүнд:

-2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Кредит картын гэрээг байгуулагдаж зээлдүүлэгч ОБ ХХК нь 1,300,000 төгрөгийг зээлэх, зээлдэгч Г.А- нь 1,300,000 төгрөгийг бэлэн төлбөрт ашиглах бол сарын 3,5 хувийн, бэлэн бус төлбөрт ашиглах бол сарын 2 хувийн хүүгийн хамт 2 жлилийн хугацаанд төлөхөөр,

-2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Кредит картын гэрээгээр зээлдүүлэгч ОБ ХХК нь 2,000,000 төгрөгийг зээлдэгч Г.А-д зээлдэх, зээлдэгч нь 2,000,000 төгрөгийг бэлэн гүйлгээнд сарын 3,5 хувийн, бэлэн бус гүйлгээнд сарын 2 хувийн хүүгийн хамт 2 жилийн хугацаанд буцаан төлөхөөр тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. (хх-ийн 9-14)

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлдүүлэгч ОБ ХХК нь дээрх 2 зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөг болон 1,300,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг зээлдэгч Г.А-д шилжүүлэн өгсөн, гэрээ хүчин төгөлдөр байх тул хүчин төгөлдөр гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

1.2. Зээлдэгч Г.А- 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 8,942,605 төгрөг зээлснээс үндсэн зээлд 7,763,620 төгрөг төлж 1,393,136.70 төгрөг төлөөгүй, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүд 208,993.35 төгрөг төлж, нийт 1,154,676 төгрөг төлөөгүй, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээгээр 4,358,744 төгрөг зээлснээс үндсэн зээлд 2,382,209 төгрөг төлж, үлдэгдэл 1,976,534 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүд 148,610 төгрөг төлж, нийт үлдэгдэл 2,708,315 төгрөг төлөөгүй болох нь кредит картын тооцооллын хүснэгтээр тогтоогджээ. (хх-ийн 15-19)

 

Иймд хариуцагч Г.А- нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,393,136 төгрөг, зээлийн хүү 1,154,676 төгрөг, нийт 2,547,813 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,976,534 төгрөг, зээлийн хүү 2,708,315 төгрөг, нийт 4,684,849 төгрөг, бүгд 7,232,663 төгрөг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн.

 

2. Талууд зээлийн гэрээний 2.1-д Зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж, 3.5-т Зээлийн эрх хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно гэж, 3.6-д Төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг гэрээний 2.1-д зааснаар тооцно гэж тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй тул зээлдүүлэгч ОБ ХХК нь зээлдэгч Г.А-гоос зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү болон эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг тус тус шаардах эрхгүй.

2.1. Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ болно. Нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний 2.1-д зээлийн эрх хэтрүүлсэн болон зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн талаар тусгахдаа Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан зохицуулалтад нийцүүлээгүй байна.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,061,653 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 1,862,093 төгрөг, нийт 3,923,746 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

3. Хариуцагчийн ... 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн болон 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээгээр зээлийн хэмжээг 1,300,000 төгрөг, 2,000,000 төгрөг гэж тус тус тохиролцсон байхад зээлдүүлэгч зээлийн эрхийг нэмэгдүүлж зээлийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлсэн гэх гомдол үндэслэлгүй. Учир нь: зээлдэгч Г.А- 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 8,942,605 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний дагуу 4,358,744 төгрөг тус тус зээлсэн тул зээлдүүлэгч зээлийн хэмжээг хэтрүүлсэн гэх үндэслэлээр зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 21 дүгээр зүлйийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан тул ... зээлдүүлэгч хэт өндөр хүү тооцож байгаа нь хуульд нийцэхгүй... гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/01279 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.А-гийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 80,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Н.БАТЗОРИГ