Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 64

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.Т, П.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг, Г.Тамир, шүүгдэгч П.Э-ийн өмгөөлөгч О.Мөнхболд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1379 дүгээр магадлалтай, З.Т, П.Э нарт холбогдох 2010000000039 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Д.Одонтунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, З.Т,

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, П.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос З.Т-ийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,

Мөн хулгайлах гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан,

Шүүгдэгч П.Э-ийг хулгайлах гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг

Шүүгдэгч П.Э-ийг хулгайлах гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан,

Шүүгдэгч З.Т-ийг хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг ариглах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж,

Шүүгдэгч З.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг болгон өөрчилж,

Шүүгдэгч З.Т-ийг хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч П.Э-ийг хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч З.Т-ийг 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.Э-ийг 1 жил хорих ял тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус бүр цагдан хоригдсон 170 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас тус бүр 7,900,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын шүүгдэгч П.Э-д холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Э-ийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-өд оногдуулсан 2 жил хорих ял, шүүгдэгч П.Э-д оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ээс 5,266,667 төгрөг, шүүгдэгч З.Т-өөс 10,533,334 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Т-, түүний өмгөөлөгч Г.Тамир, Д.Одонтунгалаг, шүүгдэгч П.Э-ий өмгөөлөгч О.Мөнхболд нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар З.Т- ганцаараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд автомашин ашигласан болох нь тогтоогдоогүй. Харин П.Э-тэй бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан үйлдэлдээ машин ашиглан учрах саадыг арилгасан үйлдэл тус тус тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Шүүгдэгч нарын ашигласан дугуй өргөгч, түүний иш төмөр, дорцов зэргийг зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэх боломжгүй, хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр тухайн эд зүйлсийг зориулж, тааруулж бэлтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул З.Т-ийн үйлдлийг хөнгөрүүлж зүйлчлэх үндэслэлтэй байна. Нэг гэмт хэрэг нэг удаа ял оногдуулна гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим бий. Шүүгдэгч З.Т- нь нэг гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн тухайн хоёр хэргийг аль хүнд зүйл хэсэгт зааснаар түүний холбогдсон хэргийг зүйлчилж, улмаар нэг удаа ял оногдуулах нь шударга ёсонд нийцнэ. Миний үйлчлүүлэгчийн хувьд 20 настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хугацаанд буюу 1 жил гаруй хугацаанд хоригдож байгаа. Давж заалдах шатны шүүх хуралдаанд зүйлчлэл, машин механизм ашигласан, тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэдэг байдлаар мэтгэлцсэн. Өмгөөлөгчийн илэрхийлэх санаа бол З.Т-ийн ялыг хөнгөрүүлж өгнө үү. Өчигдөр З.Т-тэй очиж уулзсан бөгөөд миний ялыг багасгаж өгнө үү гэсэн гомдлыг шүүхэд дамжуулж өгөөч гэдэг байдлаар тайлбарладаг. З.Т- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан багасгаж өгнө үү гэдэг байдлаар үндэслэлээ гаргаж байгаа. Хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн нөхцөл байдал, З.Т-ийн нэг үйлдэл нь завдалт байгаа, нэг үйлдэл нь төгс үйлдэгдсэн. З.Т- нь их сургуульд суралцдаг оюутан бөгөөд хорих ял эдэлснээр сурах эрх нь зөрчигдөж байна. Хорих ангидаа өдөр бүр ялыг минь багасгаад өгөөсэй гэдэг байдлаар залбирч, мөргөдөг. З.Т-ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /анхнаасаа хэргээ үнэн зөвөөр мэдүүлдэг/, гэмт хэрэг үйлдээд гэмшиж байгаа байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэрэг байдлууд нь бүгд харагддаг. Өмгөөлөгчийн зүгээс З.Т-ийн завдалт болон төгссөн үйлдэлд “зэвсэг, зэвсгийн чанартай зүйл” ашигласан гэж үзэх үү, хэргийн зүйлчлэлийг харах, өөрчлөх хууль зүйн үндэслэл байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг бүрэн хангаж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх буюу хорих ялыг багасгаж, хэргийн зүйлчлэлийг анхаарч өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Г.Тамир шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хоёр шатны шүүх хуралдаанд З.Т-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн тайлбар гаргадаг. Гэвч анхан шатны шүүхээс үргэлжилсэн үйлдэл учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй гэж няцаадаг бөгөөд давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Хэдий үргэлжилсэн үйлдэл боловч хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар автомашины үнийг гаргуулж байгаа нь эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулж байна. Эдгээр байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү” гэв.

 

Шүүгдэгч П.Э-ий өмгөөлөгч О.Мөнхболд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхээс П.Э-д 1 жилийн хорих ял оногдуулсан бөгөөд давж заалдах шатны шүүх хорих ялыг хөнгөрүүлж 6 сар болгосон. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа ба түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Хяналтын шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах үүрэгтэй. Иймд хяналтын шатны шүүх хууль буруу хэрэглэсэн асуудалд үнэлэлт, дүгнэлт өгнө үү. Машин унаж яваад хулгай үйлдэл бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасны дагуу машин механизм ашигласан гэж үзэх ёстой юм уу, хуулийн заалт нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглавал энэ зүйлчлэлээр зүйлчилнэ гэж обьектив талын шинжийг тодорхой тусгасан. Гэтэл нийтлэг практикт машинтай явж байгаад хулгай хийсэн тохиолдолд бүгдийг “машин механизм ашигласан” гэдэг. Энэ талаар тодорхой дүгнэлт хийж өгнө үү. Мөн тухайн хэрэг дээр хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байдаг. Өмгөөлөгчийн хувьд уг албадлагын арга хэмжээг хэрэглэх зорилготой нийцээгүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирлыг нөхөн төлүүлэх” зорилгоор албадлагын арга хэмжээг хэрэглэнэ гэж заасан. Гэтэл З.Т, П.Э нар нь хохирлыг нөхөн төлсөн. Хэрэв зорилгодоо нийцэж байна гэж үзэж байгаа бол гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг хураана гэж заасан. Хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж өгнө үү” гэв.

 

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос шүүгдэгч нарт холбогдох хэргийг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх шүүгдэгч нарыг “машин механизм ашиглаж” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэх зорилгоор урьдчилсан хэлэлцэж, ярилцаж, чат бичсэн нөхцөл байдал тогтоогдсон байдаг. З.Т-ийн автомашинтай хэргийн газарт очиж, тухайн автомашиныг судалж, гэмт хэрэг үйлдсэн байгаа. Хулгайлсан эд зүйлээ авч явах, гэмт хэргээс хурдан зугтах зэргээр автомашинтай очсон гэж үзэж байна. Автомашинтай очсоныг машин механизм ашигласан байна гэж хүндрүүлж зүйлчилсэн нь үндэслэлтэй. З.Т-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдэл” гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаагүй алдаа гаргасан байна. Үүнийг хяналтын шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Д.Одонтунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн З.Т, П.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашиглан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хорооллын автомашины зогсоолоос Д.Ц-ийн эзэмшлийн 78-08 УБД улсын дугаартай “Toyota prius 30” загварын автомашины дөрвөн дугуйг нууцаар, хууль бусаар авч 420,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч З.Т, П.Э нар хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 250 дугаар байрны автомашины зогсоолоос Э.Б-н эзэмшлийн 53-37 УНИ улсын дугаартай “Toyota prius 30” загварын автомашины дөрвөн дугуйг нууцаар, хууль бусаар авахыг завдсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч З.Т-ийг хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,

шүүгдэгч П.Э-ийг хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч З.Т-ийг 2 жил хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Э-ий хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 1 жил хорих ялыг 6 сар болгон хөнгөрүүлж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5,266,667 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Д.Одонтунгалагийн зүгээс “З.Т-ийг учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашигласан эсэх нь эргэлзээтэй бөгөөд түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хуульд зааснаас хөнгөрүүлж ял оногдуулах үндсэн нөхцөл нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгч нарын гэм буруугийн байдал бөгөөд харин хохирол төлбөрийг барагдуулсан болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх нь уг журмыг хэрэглэхэд хуулиар тавигдах нэмэлт шаардлага болно.

 

Хоёр шатны шүүхээс шүүгдэгч З.Т-ийг 2 жил, П.Э-ийг 6 сар хорих ял шийтгэсэн нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул тэдгээрийн ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, харуул хамгаалалт сул, гэмт хэрэг үйлдэх боломжтой орчин нөхцөлийг тандан судалж, улмаар халдлагын зүйл буюу автомашины обуд, дугуй зэргийг тээвэрлэх, хэргийн газраас хурдан зайлах зэрэгт ашигласан гэж үзнэ.

 

Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Д.Одонтунгалагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1379 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Д.Одонтунгалагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             С.БАТДЭЛГЭР

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                          Ч.ХОСБАЯР