Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2019/0254

 

“Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээд Х.Ц, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0151 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0151 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Е” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0151 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараахь давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн газрын давхацлын талаар /нэхэмжлэгчийн 0.14 га газар нь гуравдагч этгээд Г.Г, Г.О нарын амьдарч байсан газартай давхцсан талаарх/ дүгнэсэн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч “E” ХХК нь 2015 оны А/233 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 0.37 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар хууль ёсны дагуу ашиглах эрхтэй болсон. Тухайн үед тус газрыг ашиглахаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргахад 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 725 дугаар албан бичгээр “... бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй болохыг ...” тодорхойлж, яаманд санал хүргүүлж байсан.

Мөн яамнаас газар ашиглах зөвшөөрлөө авахад мэргэжилтэн нь “танай газрын ойролцоо зөвшөөрөлгүй буусан айлууд байгаа, тэдгээрийн нүүлгэн шилжүүлнэ. Хорооны Засаг дарга, нийтийн хурал нь сонгууль болох гээд тэнд буулгасан байна.” гэж хэлж байсан.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг;” ойлгохоор заасан.

Тодруулбал газар давхцаагүй гэдгийг тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа болон өмнө нь хууль ёсоор хүсэлт гаргасан этгээд байхгүйг ойлгохоор байна. Гэтэл анхан шатны шүүх газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй, мөн хууль ёсны дагуу хүсэлт гаргаагүй иргэдийн газартай 0.14 га-аар давхацсан байна гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. 

Мөн анхан шатны шүүх гуравдагч этгээд нарыг удаа дараа гэрчилгээний үндсэн дээр газар ашиглах хүсэлт гаргаж байсан, тухайн газартаа байнгын оршин сууж байсан талаар дурдаж, холбогдох нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн байна. Үүнийг тодруулахад:

Гуравдагч этгээд нарын удаа дараа хүсэлт гаргасан талаарх нотлох баримтууд нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх үүссэнээс хойш буюу 2018 онд гаргасан хүсэлт байна. Мөн зарим төрийн байгууллагад гаргаж байсан хүсэлтүүд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа ... гаргана.” заасанд нийцээгүй байх тул хууль ёсны дагуу гаргасан хүсэлт гэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээд нарыг 2013 онд амьдарч эхэлсэн гэдэгтэй маргаагүй ба харин эдгээр иргэдийг он удаан жил амьдраагүй тул тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд гэр бүлийн хэрэгцээний болон хашааны зориулалтаар газар эзэмших  эрхгүй гэж маргасан. Энэхүү үндэслэлээ анхан шатны шүүх хуралдаан дээр ч тайлбарласан байдаг ба шүүх хуралдааны асуулт хариултын үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “гуравдагч этгээд нарын газар эзэмших хүсэлтээр хязгаарлалтын бүсэд газар олгох боломжгүй” гэж хариулсан байдаг.

Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоохдоо иргэдэд “хашааны” эсхүл “гэр бүлийн хамтын хэрэгцээний” зориулалтаар газар ашиглах, эзэмших эрх олгохыг зөвшөөрөөгүй, харин аялал жуулчлалын зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулж болохоор заасан.

Засгийн газар болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар “... Зайсангийн амны 11 дүгээр хороо...-нд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг газар дээр нь шалгаж, бүртгэлжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдахаас өмнө тухайн байршилд он удаан жил суурьшин амьдарч байгаа иргэдийн газрыг нь “хашааны” зориулалтаар олгох зохицуулсан байна.

Үүний дагуу 1994 оноос өмнө Зайсангийн амны 11 дүгээр хороонд амьдарч байсан иргэд  газраа гэрчилгээний дагуу ашиглах эрхтэй болсон байдаг ба харин гуравдагч этгээд нарын хувьд 2013 онд маргаан бүхий газарт буюу хязгаарлалтын бүсэд газар олгох эрх бүхий захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй амьдарч эхэлснийг “он удаан жил амьдарсан” гэж үзэх, энэ үндэслэлээр газар эзэмших эрх олгох боломжгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн Үндэслэх хэсэгт “... гуравдагч этгээд Г.Г, Г.О, Х.Ц нар нь 2013 онд маргаан бүхий газарт захиргааны санаачлагаар нүүж ирсэн гэх мэдүүлгийг өгсөн болохыг дурдах нь зүйтэй.” гэжээ. Шүүх “захиргааны санаачлагаар” гэдгийг хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгох эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр буусан гэж буруу ойлголт төрүүлэхээр бичсэн байна. Харин гэрчүүдийн мэдүүлгээр “сонгууль дөхсөн байсан тул хөшөөний баруун талд түр буулгаж, хаягжуулсан” талаар мэдүүлсэн. Түүнээс тус асуудлыг шийдвэрлэх төрийн захиргааны байгууллага оролцоогүй юм.

Дээрхээс үзэхэд газар ашиглах эрхгүй, хуулийн дагуу хүсэлт гаргаж байгаагүй эдгээр иргэдийн хувьд маргаан бүхий газарт газар эзэмших “эрх, хууль ёсны ашиг сонирхол” байхгүй. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн давхцалгүй гэж үзсэн 0.23 га газрыг хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн үндэслэлийн тухайд:

Бидний хууль бус гэж үзсэн захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229 дүгээр тушаалын үндэслэлд нэхэмжлэгчийг хориглосон үйл ажиллагаа явуулсан талаар ганц ч үг, өгүүлбэр дурдаагүй байдаг.

Уг тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39.1.4-д заасныг үндэслэж, “E” ХХК-д олгохоос өмнө Г.О, Г.Г оршин сууж байсан гэдэг нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Т.Г-О-ын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр тодорхойлолтоор  нотлогдож байна гэж үзэн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. (Иргэдийн газартай давхцалтай байгаа тул газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ гэдэг захиргааны актын агуулгаас үзэхэд ойлгомжтой, тодорхой байсан)

Газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” гэдэг үндэслэлийг тусгасан ба харин хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдээс маргаан бүхий актад тусгаагүй.

Тийм ч учраас нэхэмжлэгч дээрх захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянуулахаар шүүхэд хандахдаа нэхэмжлэлийн үндэслэлдээ “манай газар ашиглах эрх хэрхэн зөрчигдсөн буюу гуравдагч этгээд нар нь зөвшөөрөлгүй амьдарч байсан тул газрын давхцал яригдахгүй талаар” тусгаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн үндэслэлээ маш тодорхой ярьсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт ч нэхэмжлэгчийг хориглосон үйл ажиллагаа явуулсан, удаа дараа буюу ноцтой зөрчил гаргасан талаар дурдаагүй, нэхэмжлэгч ч энэ асуудлаар маргаагүй тул шүүх энэ асуудлыг тодруулах зорилгоор ямар ч нотлох баримт бүрдүүлээгүй, хэрэгт авагдаагүй.

Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэнэт маргаан бүхий захиргааны актыг энэ үндэслэлээр гарсан мэтээр тайлбарласныг шүүх захиргааны актын үндэслэлийг хянаж байгаагийн хувьд магадалж, шалгалгүйгээр нэхэмжлэгчийг хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг ноцтой зөрчсөн.

3. Сонсох ажиллагаа явуулсан талаар:

Шүүх сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27.2 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасныг үндэслээд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудсаар дамжуулан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн байна гэжээ. Гэтэл тэр сонсох ажиллагаанд манай нэр байдаггүй.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03/3638 дугаар албан бичигт “тус газарт амьдарч байгаа иргэдийн төлөөлөлтэй харилцан ойлголцоод шийдэлд хүрэхийг, хэрэв шийдэлд хүрэхгүй бол газар ашиглах эрхийг цуцлах” талаар дурдсан. Харин хориглосон үйл ажиллагаа явуулсан, хууль тогтоомж удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж цуцлах талаар мэдэгдээгүй.

Дээрх байдлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0151 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянавал анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн маргаан бүхий А/229[1] дүгээр тушаалаар “... Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 0.37 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар “Е” ХХК-д олгохоос өмнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын амны хязгаарлалтын бүсэд ВС...... регистрийн дугаартай Г овогтой О,  ВЭ.......... регистрийн дугаартай Г овогтой Г нар оршин сууж байсан гэдэг ...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Е” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг тус компани эс зөвшөөрч “... зөвшөөрөлгүй амьдарч байсан иргэдийн газартай давхцалгүй, мөн тусгай хамгаалалттай газар нутагт иргэн нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших боломжгүй ...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргасан байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Е” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаал[2]-аар Богдхан уулын дархан цаазат газар, Хан-Уул дүүрэг, Нүхтийн аманд маргаан бүхий 0.37 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болж, 2016/133 дугаартай гэрээ байгуулж, 2015/769 дугаар[3] гэрчилгээ олгогджээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”  гэж тус тус заажээ.

Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл газрыг хуульд заасан зориулалтын дагуу тодорхой хугацаа болзолтойгоор газар эзэмшүүлэгч, газар эзэмшигчийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон гэрчилгээгээр эзэмшиж буй тохиолдолд хууль ёсоор газар эзэмшигч гэж үзэхээр байх бөгөөд аливаа этгээдийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын хууль ёсоор эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаагүй тохиолдолд бусдын эзэмшил газартай давхцаагүй гэж үзэх буюу газрыг хууль ёсоор эзэмших, ашиглах хүсэл сонирхлоо илэрхийлээгүй, хууль ёсоор эзэмших ашиглах эрх үүсээгүй этгээд тухайн газрыг ашиглаж буй тохиолдолд “бусдын эзэмшиж ашиглаж буй газартай давхацсан” гэж үзэх хууль зүйн боломжгүй юм.

Нэхэмжлэгчид маргаан бүхий газарт газар ашиглуулахаар шийдвэрлэсэн захиргааны шийдвэр бусдын газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэх буюу бусдын хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхацсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн энэ тохиолдолд маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутаг болох Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд хамаарч байх тул тус газарт газар эзэмшүүлж, ашиглуулах тухайд Газрын тухай хуулиас гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоосон журам мөрдөгдөхөөр байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс ... газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох”-оор, 35 дугаар зүйлийн 1-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа ... -нд гаргах”-аар, 36 дугаар зүйлийн 1-д “/тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн/ төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс ... газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг ... гаргах”-аар тус тус зааснаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуульд заасан журмын дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд газар ашиглах хүсэлтийг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд гаргах, төрийн захиргааны төв байгууллага (яам) нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг үндэслэн, тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргахаар байна.

Гуравдагч этгээд нараас эрх бүхий этгээдэд хандаж тус газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших талаар нэхэмжлэгчээс өмнө эсхүл адил цаг хугацаанд хүсэлт гаргаж байсан, тэрхүү хүсэлтийг нь хариуцагч хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй эсхүл үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд газар эзэмшүүлэхэд тэгш байдал, шударга ёс алдагдсан гэж үзэхээс гадна гуравдагч этгээд нар тус газарт дээрх хуулиар тогтоосон журмын дагуу газар эзэмшиж, ашиглаж буй тохиолдолд тэдгээрийн газартай давхцуулан нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн тохиолдолд тус шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

Гуравдагч этгээд нар нь маргаан бүхий газарт 2013 оны 08 дугаар сараас эхлэн амьдарсан болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “... тус газарт 2013 оноос иргэн Х.Ц, Х.Б нарын найман иргэн амьдарч байсан ...” гэх 615[4], Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 24[5] дүгээр албан бичгүүд, цахилгаан эрчим хүчний төлбөр тооцооны хуулга, гэрч Т.Г-О-ын мэдүүлэг, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/2498[6] дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн сансрын зураг зэргээр мөн хэрэгт авагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “нэхэмжлэгч Е” ХХК-ийг тухайн үед газар ашиглах хүсэлт гаргаж байх үед бусдын хууль ёсоор эзэмшиж ашиглаж буй газартай давхцаагүй талаар” тодорхойлсон 725 дугаар албан бичиг[7], бусад бичгийн нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл гуравдагч этгээдүүд нь хуулиар тогтоосон тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах журмын дагуу маргаан бүхий газарт газар ашиглах талаар хүсэлт гаргаж байгаагүй, тэдгээр иргэдэд тус газарт газар эзэмших, ашиглах талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, мөн тус газарт он удаан жил оршин сууж байгаагүй болох нь тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдүүд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/229  дүгээр тушаалаар “Е” ХХК-д 0.37 га газрыг ашиглуулах шийдвэр гарах үед болон түүнээс өмнө маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлтийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий захиргааны байгууллагад гаргаж байгаагүй, харин нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэний дараа буюу 2018 онд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан  баримтуудаар тогтоогдсон байна.

Гэтэл анхан шатны шүүх “... гуравдагч этгээд Г.Г, Г.О нар нь нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээс өмнө 2013 оноос эхлэн уг газарт амьдарч эхэлсэн ...” тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар нэхэмжлэгчийн 0,14 га газрыг давхцалтай” гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөв гэж үзэх үндэслэлгүй юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоохдоо иргэдэд “хашааны” эсхүл “гэр бүлийн хамтын хэрэгцээний” зориулалтаар газар ашиглах, эзэмших эрх олгохыг зөвшөөрөөгүй, харин дээр дурдсаны дагуу аялал жуулчлалын зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулж болохоор хуульчилжээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/433 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүс болох Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд “Е” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 0,37 га газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “... хороо ...-нд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг газар дээр нь шалгаж, бүртгэлжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан А/235 дугаар тушаалыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалттай уялдуулан авч үзвэл, 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдахаас өмнө тухайн байршилд суурьшин амьдарч эхэлсэн иргэдийн хувьд тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс, уг хуулийн үйлчлэлд хамааруулахгүйгээр, тусгай хамгаалалттай газарт он удаан жил суурьшин амьдарч байгаа газрыг нь “хашааны” зориулалтаар олгохоор зохицуулсан байна. Тус шийдвэр нь тусгай хамгаалалттай газар нутагт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг ашиглан уг амны аль нэг хэсэгт дураараа хашаа хатган, газар ашиглах “давуу эрх”-ийг олгоогүй харин 1994 оноос өмнө Богдхан уулын дархан цаазат газарт хашаа хатган суурьшин амьдарч байсан иргэдийн хувьд 1994 онд батлагдсан хуулийн үйлчлэлд хамааруулахгүйгээр, тухайн иргэдэд өөрийн он удаан жил суурьшин амьдарсан хашааны газрыг нь цаашид ашиглуулах эрхийг төрөөс баталгаажуулах зорилгоор гарчээ.

Түүнчлэн хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг маргаан бүхий актын үндэслэл болгосон байх боловч “Е” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах шийдвэр гаргахаас өмнө иргэн Г.О, Г.Г нар оршин сууж байсан нь 4 дүгээр хорооны Засаг даргын 2015 оны 24 тоот албан бичгээр нотлогдсон” гэх үндэслэлээр тус компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалсан байна.

Хариуцагч маргаан бүхий актын 1 дэх заалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасантай холбогдуулан нэхэмжлэгчийг буруутгаагүйн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч энэ талаар огт тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийг “маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа атлаа газраа ухаж барилга барихаар бэлтгэсэн нь тогтоогдсон, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй” гэж хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэйг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:                                                            

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0151 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/299 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Е” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Е” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ 

 


[1] 1ХХ-ийн 248 дугаар хуудас

[2] 1ХХ-ийн 245 дугаар хуудас

[3] 1ХХ-ийн 59, 141 дүгээр хуудас

[4] 1ХХ-ийн 22, 244 дүгээр хуудас

[5] 1ХХ-ийн 178, 2ХХ-ийн 5, 27 дугаар хуудас

[6] 2ХХ-ийн 67-72 дугаар хуудас

[7] 2ХХ-ийн 99 дүгээр хуудас