Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

        Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн *******гийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Тус аймгийн ******* сумын *******д холбогдуулан ******* сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны Б/01 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны  өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр анх ******* сумын эмнэлэгт дадлагын эмчээр ажилд ороод өнөөдрийг хүртэл 11 дэх жилдээ ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа хамт олон болон ард иргэддээ нэр хүндтэй ажиллаж, ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй өдий хүртэл ажилласан. 2010 онд Мэс заслын эмчийн эрх олгох курсд яваад 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ******* Засаг даргын захирамжаар ******* сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж эхэлсэн. Ажиллахдаа ойрын 5 жилээр төлөвлөгөө гаргасан. Намайг 2014 онд байгууллагын даргаар ажилд ороход байгууллагын дотоод өнгө үзэмж болон эд аж ахуй маш их муудсан байсан. 1970, 1980 оны ширээ сандалтай өнгө үзэмж муу байдалтайгаар хүлээж авсан. 2014 онд байгууллагын гадна болон дотоод байдлын өнгө үзэмжийг сайжруулж эд, аж ахуйд 3 төсөл бичиж Улаанбаатар хотод очиж үе үеийн Ерөнхий эмч болон эмч нартай уулзаж бид бүхэн хамтарч тэр төслийг өөрсдөөсөө мөнгө гаргаж байгууллагын гадаад болон дотоод заслыг бүрэн хийсэн. Энэ ажлын үр дүнд байгууллагадаа 10 ширхэг ширээ, 1 ширхэг компьютер, гадаад талбайдаа хүүхдүүдийн амрах тоглох талбай хийж өгсөн. Манай эмнэлэгт борооны дусаал дусдаг, нэг удаа бороо ороход 80 литр ус шавхсан байдалтай, дээвэр цоорхой дээвэр унасан, эргэн тойронд байгаа хашаа муудсан байдалтай байсан. Гадна талын талбайг би 60 метр хашаагаар бүрэн тойруулж хийсэн. Мөн гадна талд мод тарьсан. Манай сумд элэгний хавдрын өвчлөл маш их байсан учраас би 2015 онд бүх байгууллагын дарга, *******, иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийг урин ирүүлж, “Малчдын эрүүл мэндийг хотонд нь” нэртэй хэлэлцүүлгийг зохион байгуулж. Тухайн хэлэлцүүлэг дээр өөрийн зохион байгуулах гэж байгаа ажлын талаар тайлбарлаж, та бүхэн ямар ажил санал болгож хамтран ажиллах талаар асууж, хэлэлцүүлгээс гарсан төлөвлөгөө удирдамжийг боловсруулж бүтэн жилийн турш 5 багтаа өөрийн биеэр баг байгуулан гарсан. Сумын багуудаа тойрч аймгаас ЭХО-ны эмч авч, В, С вирусын судалгааг гаргаж авсан. 2016 онд эмнэлгийнхээ 80 жилийн ой хийхээр хамт олонтойгоо хуралдаж бэлтгэл үйл ажиллагаандаа орсон. Ойд зориулан ном хийж, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр ойн медаль хийж, үе үеийн эмч, ажилчидтайгаа  2016 оны 07 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулсан. Би 2014 онд ажлаа сайн хийсэн гэж цалингийн 30 хувь, 2015 онд цалингийн 20 хувиар, 2016 оны 1 дүгээр улиралд маш сайн ажилласан гээд 83.5 хувьтай, 38 хувийн цалингийн урамшуулал авсан. 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2 дугаар улирлын ажлаа дүгнүүлэх гээд ******* дээр очиход, намайг чи Ардчилсан намын хуралд суусан байна, чиний ажлыг дүгнэхгүй, удаа дараа миний үүрэг даалгавар биелүүлээгүй. Би чамайг Ардчилсан намын хүмүүсийг ажлаас хал гэж удаа дараа хэлсэн. Чи миний талд ажиллаагүй гэж хэлсэн. Тухайн үед миний үр дүнгийн гэрээн дээр урилга гэдэг үгийг уриалга гэж алдаатай бичсэн байсныг зас гэж буцааж шидсэн. Бичиг хэргийн ажилтнаар засаад явуулахад битгий намайг доромжлоод бай гээд буцааж шидэж миний ажлыг дүгнээгүй. Тухайн үед миний эрүүл мэндийн байдал муу байсан. Аймагт үзүүлэхэд зүүн чамархай хэсэгт том хэмжээний уйланхайтай гэсэн онош гарсан. Маш их өвддөг биед зовиуртай учраас өвчин намдаах нойрсуулах эм уудаг байсан. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод яаралтай эмнэлэгт хэвтэх шаардлага гарч 10 хоног эмчилгээ хийлгээд ажилдаа явах гэсэн боловч нэгдүгээр эмнэлгээс намайг 14 хоног тайван байдалтай, чимээгүй орчинд байх шаардлагатай гэж хэлсэн. Тэр үеэр эмнэлгийн магадлангын шалгалт ирэх гэж байсан учраас амрах зав гарахгүй байна гэхэд эмнэлгээс заавал амрах шаардлагатай гэж хэлсэн. Ээлжийн амралтаа авах гээд ирэхэд сумын ******* ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хотод байсан учраас би нарийн бичиг дээр нь орж уулзахад орлогч дарга Лхаасүрэн / одоогийн *******/ мэдэгдэл өгч байгаа гэсэн учраас орж уулзахад орлогч дарга би өгч байгаа гээд амралтын мэдэгдлээ аваад амарсан. Эмнэлгээс гарсан цагаас хойшхи хоногоо тооцуулж амарсан. Эргээд 9 дүгээр сард ажилдаа ороод цалингаа авах үед ******* ******* чи намайг байхгүй байхад ээлжийн амралтаа авч явсан байна. Цалингийн 20 хувь хасна гэж хэлээд миний цалинг хассан. 09 дүгээр сарын 31-ний өдөр өглөө 10 цагт ******* хуралтай гэж орж ирээд хурлын тэмдэглэл хөтлүүлэлгүй, албан ёсоор хурал хийлгүй шууд та нарт  пластар байхгүй гэсэн гомдол хүртэл гарсан байна. Та нар авах ёстой, эм тариагаа авч явах ёстой гэсэн утгатай зүйл хэлсэн. Дараа нь одоо нутгийн залуу эмч нар сургуулиа төгсөж ирж байгаа учраас бүгдээрээ нутгийн эмчтэйгээ хамран ажиллах нь байна гээд над руу хараад өөрийг чинь би түр орлон гүйцэтгэгчээр томилж, таны ажлын байран дээр ажлын байрны сонгон шалгаруулалт зарлана гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад миний ажлын байрыг зарлаж байгаа юм бэ гэхэд чи миний урдаас дуугардаг хэн бэ, гар зайл гэж өөрөө хэлсэн. Ажил үүргээ гүйцэтгэж байхад сумын ******* ******* 2016 оны 10 дугаар сарын 28-ны орой 18 цагт ажлаас халах тухай захирамж өгсөн. Захирамжийн дагуу 18 цагт ажлаа шууд хүлээлгэж өгсөн. Яагаад гэвэл энэ ажлын цаан маш олон хүний амь нас байдаг учраас дараагийн ерөнхий эмчид шилжүүлэн өгсөн. Би 11 жил ажиллахдаа ард иргэдийн эрүүл мэндийн төлөө зүтгэж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******г Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар ажлаас чөлөөлсөн. ******* нь 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс ******* сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр өдий хүртэл хугацаанд ажиллаж байсан. Энэ хугацаанд ******* нь мэргэжлийн болон өөр ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын арга хэмжээ авагдсан зүйл хэргийн материалд авагдаагүй. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ******* ******* нь *******г эрхэлсэн ажилдаа хангалтгүй ажиллаж, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн гэдэг үндэслэлээр ерөнхий эмчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлаас нь чөлөөлсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт Норжин, Цэнд нарыг буруу оношилж, буруу эмчилгээ хийсэн гэж тайлбартаа бичсэн. Анхан шатны хамгийн эхний шүүх хуралдаанд Цэнд гэрчээр оролцож, ******* эмч намайг буруу оношилж, буруу эмчилгээ хийсэн зүйл огт байхгүй. Би ******* эмчийн эсрэг ямар нэгэн өргөдөл гомдол гаргаагүй. Харин ******* эмч миний амийг аварч биеийн байдал сайжирсан. Мөн энэ талаараа тухайн үед фэсбүүк хаягаараа дамжуулан баярласан сэтгэлээ илэрхийлж байсан гэж гэрчээр мэдүүлэг өгсөн. Норжин нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн ээж. ******* нь Норжинг буруу эмчилсэн гэх байдлаа тайлбарлахдаа. Манай ээж сахарын өвчтэй байхад эмч ******* онош тавиагүй, эмчилгээ хийгээгүй гэж ярьсан. Норжингийн стор хуулбараар хэрэгт хавсрагдсан. Норжингийн сахарын оношилгоог ******* ажлаасаа гарчихаад дараа нь Норжингийн сторыг авч нөхөж бичсэн гэж ярьсан. Норжингийн сторыг үзэхэд анхнаасаа стор дотор нь сахарын оношийг тавьж, шинжилгээ авч, эмчилгээ хийсэн байдлаар бичигдсэн. *******г эрхэлсэн ажилдаа хангалтгүй ажилласан байдал, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. ******* сумын сум дундын эмнэлэгтэй холбоотой ямар нэгэн санал гомдол Эрүүл мэндийн газар, сумын *******д огт ирж байгаагүй. Ёс зүйн талаар хэлэлцсэн зүйл байхгүй. Уг асуултыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууж байсан боловч одоогийн байдлаар ирсэн өргөдөл гомдол байхгүй гэж өөрөө тайлбарласан. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* сумын Засаг даргын Б/01 дугаартай захирамж нь хууль зөрчсөн, хуульд нийцээгүй, үндэслэлгүй гарсан учраас нэхэмжлэгч ******* хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгох. Уг захирамжид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэгт заасан заалтыг үндэслэж, тус сумын сум дундын ерөнхий эмч *******г ажилд томилсон тухайн сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Уг захирамжийг гаргахдаа ямар хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгож байгаа юм бэ гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад ******* бүрэн эрхийнхээ хэмжээнд өөрийнхөө гаргасан захирамжийг хүчингүй болгосон гэж тайлбарладаг. Гэхдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар ******* бүрэн эрхийнхээ хэмжээнд захирамж гаргах эрхтэй. ******* захирамж гаргахдаа хуульд нийцүүлж гаргах эрхтэй. Гэтэл уг тушаал нь хууль нийцсэн захирамж тушаал биш учраас хүчингүй болгож өгнө үү. 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаартай арга хэмжээ авах тухай тушаалын хувьд тайлбарлахад. ******* ээлжийн амралт олгох захирамж, мэдэгдэх хуудас олгоогүй байхад ажлын байраа дур мэдэн орхин явсан. Мөн ажиллагаагүй хугацааны нэг сарын цалинг авсан гэх үндэслэлээр *******д цалингийн 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан. Дээрхи 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаартай арга хэмжээ авах тухай тушаалийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан. Тухайн үед ******* нь өвчний улмаас лист авч Улаанбаатар хот руу онош тодруулахаар эмчилгээ хийлгэж, нэгдүгээр эмнэлэгт хэвтсэн. Энэ талаарх баримт болох сторын хуулга, лист зэргийг хэрэгт хавсаргасан. *******г ээлжийн амралтаа авах үед ******* өөрөө эзгүй байсан учраас орлогчоос амралтын мэдэгдэх хуудсаа аваад ээлжийн амралтаа эдэлсэн. Ажлын байраа дур мэдэн орхиж явсан гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл *******г ямар нэгэн байдлаар ажлаас халах зорилготой 5 тушаал гарсан. Дээрхи байдлаас үзэхэд *******гийн хөдөлмөрлөх эрхэд хэтэрхий нэг талыг харж, хууль бус захирамж гаргасан. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлсөн захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан. Уг заалт нь сахилгын зөрчил давтан гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажлаас шууд халах зохицуулалт. Хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаж үзэхэд *******гийн гаргасан сахилгын зөрчил тогтоогдоогүй байна. Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй. Иймд ******* сумын сум дундын ерөнхий эмчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа учраас хууль бус захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2012-2016 онд ******* сумын *******ар ажиллаж байсан. ******* эмчийн нөхөртэй нь хүүхэд байхдаа найзлаж байсан маш сайн найзууд. ******* эмчийг дадлагажигч эмчээр 2004-2008 онд ирж байхад би мөн сумын *******ар ажиллаж байсан. 2012 онд намайг ******* сумын ******* болоход рездент эмчээр суралцаж байсан. Тухайн жил сумын ерөнхий эмчээр ажиллаж байсан Гиймаа надад ар гэрийн гачигдал гарлаа гээд өргөдлөө өгөөд гарсан. Гиймаа эмчийг явсаны дараа аймгийн Эрүүл мэндийн газраас очиж шалгалт хийгээд Рагчаа эмчийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Эрүүл мэндийн газраас ирсэн хүмүүс надтай уулзаад *******г ямар нэгэн аргаар ерөнхий эмч болох гэсэн сонирхолтой хүн байна гэж хэлж байсан. ******* өөрөө Эрүүл мэндийн газраас ирсэн хүмүүстэй надтай хамт уулзаж байсан. Нөхөрт нь би танай эхнэрийг сургуулиа төгсөөд ирэх үед нь сумын ерөнхий эмчээр томилж болно гэж хэлж байсан. Яагаад гэвэл бид гэр бүлийн найз, нөхөд. Тухайн оны сүүлээр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Дорждагва над руу утсаар яриад танай эмнэлэг эрт илрүүлгийн үзлэг огт хийж чадсангүй, Рагчаа эмч ажиллаж чадсангүй гэж хэлсэн. Ганхүлэг, Сарантуяа хоёртой уулзаад Дорждагва эмчийн ярьсан асуудлыг хэлээд би одоо Рагчаа эмчийг өөрчилнө. Сарантуяаг ерөнхий эмчээр томилно гэж хэлсэн. 1 дүгээр сарын 22-ны өдөр Рагчаа эмчийг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр *******г томилсон. ******* шүүх хуралдаанд өгч байгаа тайлбартаа би сайн ажилласан учраас намайг урамшуулж байсан гэж хэлж байна. Сумд эмчлэх боловсон хүчний хувьд хангалтгүй, тийм учраас ганц ажиллаж байгаа эмчийг урамшуулах зорилгоор өөрийн эрх мэдлийн хэмжээнд төрөөс өгч байгаа мөнгийг *******г дэмжиж өгсөн. Мөн нөхөртэй нь найз учраас найз нөхдийн холбоогоо бодож өгсөн. Хавар 4 дүгээр сард өөрийн эрх мэдлийг ашиглаж, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтад заасан сум, тосгоны эмнэлгийн ерөнхий эмчийг томилохдоо тухайн шатны ******* аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилно гэсэн хуулийн заалтыг зөрчиж, *******г ******* сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр томилсон. Ажиллах хугацаанд нь эмийн асуудал, бензин, шатахууны асуудлаар Засаг даргын зөвлөлийн хурал, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар үүрэг даалгавар өгч байсан. Эмнэлгийн бензин дуудлага гарахаар дуусаад явах боломжгүй болж байна. Мотоциклоор өвчтэй хүмүүсээ авч ирж байна. Боломжтой хүмүүс нь өөрсдөө машинаар авч ирж байна гэсэн гомдол ирж байсан. Энэ талаар эмнэлгийн эмч нар болох ерөнхий эмч *******, Энхболд, Сайнжаргал, Рагчаа нарыг суулгаж байгаад эмнэлгийн бензин яагаад дуусаад байгаа юм бэ гэхэд ******* тайлбар өгөхдөө энэ эмнэлгийн бензиний асуудал гэж хүн бүрийн шүлс унасан асуудал байх юм гэж хэлсэн. Тухайн үед эмнэлгийн дуудлагын машин муудсан байхаар нь сумын Засаг даргын үүргээ гүйцэтгэж, эмч нарын ажиллах нөхцөл байдлыг хангах үүргийнхээ дагуу 2015 оны 10 дугаар сард ******* сумын Сум дундын эмнэлэгт шинэ пургон машин, мөн энэ оны өмнө дахин нэг пургон машиныг шинээр авч өгч шийдвэрлэсэн. Мөн яаралтай тусламжийн машин дотор байх ёстой техник, тоног төхөөрөмж гэх мэт бүх эд зүйлийг нь шийдвэрлэж өгсөн. 2016 оны нэгдүгээр улирлын үр дүнгийн гэрээ дүгнэх үед миний бие Улаанбаатар хотод ажилтай байсан. Тэгэхэд ******* найз нөхдийн хүрээгээрээ дамжуулан над руу утсаар яриад чи миний үр дүнгийн гэрээг дүгнээд өгөөч би үр дүнгийнхээ урамшууллыг авах гэсэн юм гэж ярьсан. Тэгэхээр нь би сумын Засаг даргын орлогч Лхаасүрэнд дүгнүүлээд өгч байсан. 2016 оны хоёр дугаар улиралд эмнэлгийн ой болох гэж байгаа учраас Улаанбаатар хот руу сумын эмнэлэгт ажиллаж байсан үе үеийн ажилчидтай уулзуулахаар явуулсан. ******* тайлбартаа улс төрийн зүйл ярьж байна. Аймгийн намын штабаас над руу утсаар яриад танай сумын эх эмч Ардчилсан намын хуралд суугаад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөрт нь танай эхнэр аймагт хуралд суугаад явж байна гэж байна. Төрийн албан хаагч намын гишүүн байж болохгүй хуулийн заалттай гэж хэлж байсан. Нөхөр нь Засаг даргын жолоочийн ажил буюу миний жолоочоор ажилладаг байсан. Намайг гадаа талбай дээр зогсож байхад ******* ирчихээд янз бүрээр над руу дайрсан. Тухайн үед нь би чамтай олон юм ярихгүй гэж хэлээд явсан. Энэ талаар гэрчлэх олон хүн байгаа. Яагаад *******гийн 2 дугаар улирлын тайланг дүгнээгүй вэ гэхээр 1, 2, 3 дугаар улирлын тайлан яг адилхан. Энэ талаарх баримт хэргийн материалд авагдсан. 2, 3 дугаар улирлын тайлан хоёр тоо, ганц нэг үг үсэг зөрүүтэй бусад нь бүгд адилхан байсан. 8 дугаар сарын 15-ны өдрөөс би ээлжийн амралтаа авсан. Тэгэхэд *******гийн гэр бүлийн хүн миний жолооч учраас би амралтаа аваад Улаанбаатар хот руу явах хэрэгтэй байна гэж хэлсэн. Машинаа хэнд хариуцуулах вэ гэж хэлж байсан. Тэр үед ******* надтай уулзаагүй, чөлөө зөвшөөрөл авах талаар огт яриагүй. Сумд ******* чөлөө зөвшөөрөл авалгүй ажлаа хаяаад явдаг, учир нь *******тэй найз учраас гээд хүмүүс яриад байна. Тийм учраас ******* та хоёр хамт явах гэж байгаа бол Сарааг өргөдөл өгөөд яв гэж хэлээрэй гэж хэлж байсан. Гэтэл ******* ямарч чөлөө зөвшөөрөл авалгүйгээр явчихаад эргэж ирчихээд Засаг даргын орлогч Лхаасүрэнгээс амралтын хуудас авсан байсан. *******гийн амралыг олгосон захирамж шийдвэр гараагүй. Тийм байхад сарын цалингаа бүтэн авсан байсан. Тийм учраас би сахилгын арга хэмжээ авсан.

         Төрийн албаны удирдах удирдуулах зарчим алдагдсан. Би таныг хууль зөрчиж томилсон. Тийм учраас ажлын байран дээр чинь сонгон шалгаруулалт зарлана гэж хэлээд гарч явсан. Сумын Засаг даргын захирамжийг цуцлах эрх нь аймгийн ******* болон сумын *******д байдаг. Энэ зарчмын хүрээнд би өөрийн гаргасан захирамжаа цуцалсан. *******г жинхэлж ажилласнаас хойш удаа дараа сумын иргэд хөдөлмөрчдөөс ёс зүйтэй нь болон ажлын ур чадвартай нь холбоотойгоор удаа дараа гомдлууд ирж байсан. 2016 оны 02 дугаар улирлын үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй, 3 дугаар улирлын тайлангааа 69 хувьтай дүгнүүлсэн. Сумын эмнэлэгийн хамт олноос Ерөнхий эмч *******тай холбоотой дарамт ажлын байранд их байдаг үндэслэлгүй цалин хасдаг талаар гомдол удаа дараа ирж байсан зэрэг асуудлуудаас болж өөрийнхөө бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2013 онд аймгийн Анагаах төгсөөд 2014 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэл ******* сумын сум дундын эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажилласан. 07 дугаар сард ээлжийн сувилагч ажилдаа орсон. Би 09 дүгээр сараас 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 5 дугаар багийн эмч хийж байгаад жирэмсний амралтаа авсан. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сум дундын эмнэлэгт эмчлэгч эмчээр ажилласан. Сумын дарга нар эмнэлэг дээр ирж хурал хийсэн. Тухайн хурал дээр ******* эмчийг ******* чи 2 жил болохдоо нарийн мэргэжлээр төгсөж ирчихээд мэс засал хийсэнгүй гэхэд ******* эмч манайд хүн хүч байхгүй, нарийн мэргэжлийн сувилагч байдаггүй учраас би эрсдэлтэй газар мэс засал хийхгүй гэсэн тайлбар хэлсэн. Тэгэхэд ******* чи ажлаа хийж чадахгүй бол чиний ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулна гэж хэлсэн. *******, ******* эмчийг би чамайг ажиллуулахгүй гээд хоорондоо маргалдсан. Тэгтэл ******* эмч, Засаг даргыг чи манай ажлаас гар зайл, чи Амгаланбаатарт хөөгдөөд сууж байхдаа ямар байдаг юм байна чи энэ байдлаа өөрийн биеэр үз, хар гээд хэрүүл маргаан болсон. 10 дугаар сарын 28-ны өдөр намайг урд гол руу дуудлагаар явчихаад ирж байхад ******* дарга залгасан. Тэгэхээр нь би шуугиантай газар явж байна, би очоод яръя гэж хэлсэн. Тэгээд эргэж ирээд утсаар ярихад чи ерөнхий эмчийн түр орлон гүйцэтгэгч хийж бай, танай ерөнхий эмч ёс зүйгүй олон удаа алдаа гаргаж байна. Чиний тушаал шийдвэрийг одоо явуулж байна гэж хэлсэн. Тэр орой хурал хийж, ******* дарга надад ажлаа хүлээлгэж өгөөд явсан.

          Гэрч  Ш.Юмжирмаа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй:  Нэгдсэн эмнэлгийн дарга утсаар яриад ******* сум руу дуудлагаар яв. ******* сумд цус харвасан хүний дуудлага ирсэн гээд явсан. Намайг очиход гэртээ байсан. Сумын эмч үзлэгийг хийсэн байсан. Өвчтөний биеийн байдлыг асууж, өвчний түүхтэй танилцахад намайг очихоос өмнө мэдрэлийн эмчээр ажиллаж байсан М.Оюунцэцэгээс зөвлөгөө авч, эмчилгээг явуулж байсан. Цус харвалт гэсэн онош тавигдсан байсан. Гэрт нь очоод бодит үзлэг хийж үзэхэд харвалтын шинж гарч, эмчилгээг нь бичиж өгсөн. Эмчилгээ хийж байхыг нь харчихаад зөвлөгөө өгөөд явсан. Намайг очиход шинжилгээ авчихсан байсан. Шинжилгээний дүгнэлтээр сахар өндөр гарсан байсан. Ар гэрээс нь өгүүлэмж авч байхад тухайн өвчтөн сахарын өвчтэй хүн байсан. Нэгдсэн эмнэлгийн дарга намайг дуудлагаар явж байх хугацаанд утсаар яриад Норжин гуай сахартай сахарын эмийг авч яваарай гэж хэлсэн боловч сахарын эмийг авч явах боломжгүй байсан. Яаралтай тусламжид эм байдаггүй. Очоод үзэхэд сахарын хяналтад олон жил явсан өвчтөн байсан. Намайг гэрт нь байхад хүү гэж залуу сахарын өвчнийг нь яах вэ гэж асуухаар нь би хариуд нь сахарын эмч биш учраас энэ талаар зөвлөгөө өгч чадахгүй. Дотоод шүүрлийн Чимэдлхам эмчээс асуу гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Чимэдлхам эмч над руу утсаар яриад ******* сум руу харвалттай хүний дуудлагаар явах гэж байна гээд ярьж байсан. Тэгэхээр нь би хөнгөн хэлбэрийн харвалттай хүн байсан гэж хэлсэн. Тухайн үед Норжингийн хүү гэж залуу надаас харвалт өгсөн байна уу гэж асуухад нь хөнгөн хэлбэрийн харвалт өгсөн байна. Оношлох онош нь компьютер томографикийн шинжилгээнд оруулах шаардлагатай гэж хэлсэн. Мөн ээжийгээ Улаанбаатар хот руу авч явж болох уу гэхээр нь хэд хоног түр хүлээх нь зүгээр байх. Хэрвээ Улаанбаатар явахаар бол эхлээд аймагт компьютер томографикийн шинжилгээ хийлгэх нь зүйн хэрэг юм гэж хэлсэн гэв.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны А/90, 2016 оны 10 дугаар сарын 07-ны А/96, 2016 оны 10 дугаар сарын 28-ний Б/01 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, ажил эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

       Иймд Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын А/90, А/96, Б/01 дүгээр захирамжуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай байна.  1. Засаг даргын 2016 оны 2016 оны 10 дугаар сарын 28-ний Б/01 дүгээр захирамжийн тухайд:

        ******* сумын ******* 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б/01 ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргаж “Эрхэлсэн ажилдаа хангалтгүй ажиллаж, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн үүрэг гүйцэтгэгч *******г албан тушаал буруулан 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсүгэй” гэжээ. Ажлаас чөлөөлөх тухай Б/01 дүгээр захирамж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Монгол Улсын Засгын газрын 2012 оны 150 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.6, 2.10 дахь заалтыг тус тус үндэслэн гаргасан байна.  Сумын дундын эмнэлгийн ерөнхий эмч буюу эрхлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагч хэдий ч төсвийн ерөнхий менежерийн хувьд сумын *******тай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд Р.Сарантуягийн тухайд 2015 онд Үр дүнгийн гэрээгээ  98 оноо буюу маш сайн, 2016 оны 1 дүгээр улиралд 83.7 оноо буюу сайн гэсэн үнэлгээ авч байсан төдийгүй 2016 оны 04 дүгээр сарын 21-ны А/39 тоот захирамжаар үндсэн цалингийн 38 хувиар урамшууллыг олгож байсан нь хавтаст хэргийн материалд авагдсан байна.

        2016 оны 2 дугаар улирлын үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй, 3 дугаар улирлын тайлангаа 69 хувьтай дүгнүүлсэн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын тухайд: Хавтаст хэргийн материалд Р.Сарантуягийн 2 дугаар улирлын үр дүнгийн гэрээний тайлан, нэхэмжлэгчийн шүүх хуралд гаргаж байсан “...2 дугаар улирлын ажлаа дүгнүүлэх гээд ******* дээр очиход чи ардчилсан намын хуралд суусан байна, чиний ажлыг дүгнэхгүй, ...буцааж шидэж миний ажлыг дүгнээгүй” гэсэн тайлбар зэргээс ******* нь 2 дугаар улирлын ажлаа дүгнүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Засгын газрын 2012 оны 150 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журмын 2.10-т зааснаар “эрүүл мэндийн байгууллагын даргын ажлын үр дүнг ... тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан дүгнэж, шийдвэр гаргана” гэж зааснаар үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх үүрэг нь тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтанд олгодсон байхад энэ үүргээ биелүүлээгүй байна.  Уг журмын 2.6-д “Ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн биелэлт 71-ээс доош хувьтай байгаа тохиолдолд тухайн албан хаагчид улирлын урамшил олгохгүй” гэж зааснаар 3 дугаар улиралд 67.5 хувьтай дүгнүүлснээр улиралд авах урамшил олгохгүй байхаар тусгасан байна. Дээрх журмын нь 2.1-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшил олгохдоо энэхүү журмын 2.2-т заасан шалгуур үзүүлэлтийг баримтлан ажлын үр дүн, гүйцэтгэлийг дүгнэж, тухайн жилийн төсөвт уг урамшилд зориулан батлагдсан хөрөнгийн дүнд багтаан энэхүү журмын 2.8, 2.10-т заасан шийдвэрийг үндэслэн олгоно” гэж зааснаар энэхүү журмаар урамшуулал олгох эсэх асуудлыг зохицуулахаар заасан байхад ажлаас чөлөөлөх үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй байна.

        Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн эсэхэд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* сумын *******ар ажиллаж байхдаа 2016 оны 9 дүгээр сард сум дундын эмнэлгийн албан хаагчидтай уулзалт хийх үед ерөнхий эмч ******* ёс зүйн зөрчил гаргасан гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч энэ нь хангалттай нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхэд болон шүүх хуралдаанд хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар, шүүхэд мэдүүлэг өгсөн гэрч нарын тайлбар, тухайн өдрийн уулзалтын буюу хурлын тэмдэглэл байхгүй, ёс зүйн зөрчил гаргасныг шалгаж тогтоосон талаарх баримт байхгүй байгаа зэргээс ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн байдал нь тогтоогдохгүй байна.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан. Сумын ******* сум дундын эмнэлгийн эрхлэгч нарын хооронд үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалтыг захирамжийн үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй байна.  Мөн захирамжид зааснаар *******г албан тушаал бууруулан 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн боловч албан тушаал буруулсан бол ямар ажилд  томилсон нь тодорхой бус ойлгомжгүй байгаа зэргээр ******* сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ний Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

        2. ******* сумын ******* ******* 2016 оны 09 дүгээр сарын 22-ны А/90 дугаар “Арга хэмжээ авах тухай” захирамжаар ээлжийн амралтын албан ёсны захирамж гараагүй мэдэгдэх хуудас олгоогүй байхад ажлын байраа дур мэдэн орхин явсан, ажиллаагүй хугацааны цалингаа бүтэн гаргаж авсан Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч *******д  1 сарын цалинг 20 хувиар бууруулан олгохоор шийдвэрлэсэн байна.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /сумын ******* байхдаа/ “...08 дугаар сарын 15-ны өдөр би ээлжийн амралтаа авсан. Тэгэхэд *******гийн нөхөр миний жолооч учраас би амралтаа аваад Улаанбаатар явах хэрэгтэй байна гэж хэлсэн” тайлбар,   нэхэмжлэгч ******* “...2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод яаралтай эмнэлэгт хэвтэх шаардлага гарч 10 хоног эмчилгээ хийлгээд ажилдаа явах гэсэн боловч 1 дүгээр эмнэлгээс наймаг 14 хоног тайван байдалтай, чимээгүй орчинд байх шаардлагатай гэж хэлсэн.... ээлжийн амралтаа авах гээд ирэхэд сумын ******* ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хотод байсан ... орлогч дарга Ш.Лхаасүрэн амралтын мэдэгдэл өгч байсан учраас амралтын мэдэгдлээ аваад амарсан” гэсэн тайлбараас үзэхэд *******г ээлжийн амралтаа авах үед сумын ******* ******* ээлжийн амралттай байсан байна.

        Төрийн албан хаагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ...” гэж зааснаар тухайн ажилтан нь ээлжийн амралтаа биеэр эдлэх эрхтэй гэхдээ ажил олгогчтой тохиролцох албан ёсны зөвшөөрөл авсаны үндсэн дээр ээлжийн амралтаа эдлэх эрхтэй. *******гийн тухайд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр сумын Засаг даргын орлогч Ш.Лхаасүрэнгээс ээлжийн амралт олгох тухай мэдэгдэх хуудас авч ээлжийн амралтаа эдэлсэн байгаа нь ажил олгогчтой харилцан тохиролцсоны үндсэн дээр ээлжийн амралтаа эдлэх зөвшөөрөл авсан гэж үзэхээр байна. Учир нь сумын Засаг даргын орлогч нь тухайн сумын Засаг даргыг ээлжийн амралттай, чөлөөтэй зэрэг эзгүй байх үед Засаг даргыг орлон ажиллах албан тушаалтны тухайд *******д ээлжийн амралтын мэдэгдэх хуудас өгсөнөөр ээлжийн амралтаа эдэлсэн. Тухайн үед сумын ******* ээлжийн амралттай байсан бөгөөд ээлжийн амралт олгох захирамж гаргах боломжгүй байсан төдийгүй Засаг даргын орлогч амралтын мэдэгдэх хуудас олгосон байхад ээлжийн амралтын албан ёсны захирамж гараагүй байхад амарсан гэх үндэслэлээр ажилтаны ээлжийн амралт эдлэх эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд  мэдэгдэх хуудас олгоогүй байхад ажлын байраа дур мэдэн орхин явсан, ажиллаагүй хугацааны цалингаа бүтэн авсан гэсэн тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

        Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Нэхэмжлэгч *******гийн хөдөлмөрлөх эрхтэй холбогдуулан ******* сумын *******ас 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/90,  2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А/96, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б/01 дүгээр захирамжуудыг тус тус гаргаж байсан байх бөгөөд нэхэмжлэгчийн тухайд А/90 дүгээр захирамжид бус хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн захирамжуудад хамтад нь гомдол гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлээгүй байна гэж үзлээ.  Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...арга хэмжээ авсан захирамж нь 2016 оны 09 дүгээр сарын 22-нд гарсан ******* 10 дугаар сард цалингаа авахдаа энэ захирамж гарсаныг мэдсэн” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байгааг дурдах нь зүйтэй байна.

       3. 2016 оны  10 дугаар сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамжийн тухайд:

       ******* сумын ******* /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дэх заалтуудыг үндэслэн сум дундын эмнэлгийн ерөнхий эмч *******г ажилд томилсон тухай сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Захирамж хүчингүй болгох үндэслэл нь сум дундын эмнэлгийн эрхлэгч их эмчийн ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах болсонтой холбогдуулан гаргасан байгаа нь *******г 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд түр орлон гүйцэтгэгчээр томилосон 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/97 дугаар захирамжаар тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтыг зарлахгүйгээр, ажлын үр дүнг харгалзан шууд томилсон байгаа нь сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны Б/03 дугаар захирамж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “...миний бие их эмчийг тогтвор суурьшилтай ажиллах боломжийг олгох үүднээс төрийн албаны тухай хууль, төсвийн байгууллагын дарга эрхлэгч нарыг сонгон шалгаруулах журам зэргийг баримтлалгүй албан тушаалын давуу байдлаа ашиглан ... итгэл үзүүлж жинхэлсэн” гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн зүгээс энэ тал дээр маргаагүй байгаа зэргээр тогтоогдож байна.

      Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.2 “Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх бусад төсвийн байгууллага (хүн эмнэлэг, театр, чуулга, музей, соёлын төв, номын сан зэрэг бусад байгууллага)-ын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл” зохион байгуулах бөгөөд журмын 2.1 “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт харъяаллын дагуу ирүүлнэ” гэж заасны дагуу сум дундын эмнэлгийн эрхлэгч их эмчийн ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах болсонтой холбогдуулан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар хууль тогтоомжид нийцээгүй захирамжаа өөрөө хүчингүй болгосоныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

       Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ******* эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж зааснаар ******* сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны А/90, 2016 оны 10 дугаар сарын 28-ний Б/01 дүгээр захирамжуудыг холбогдох хууль тогтоомж зөрчсөн тул хүчингүй болгож, 2016 оны  10 дугаар сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Шүүх ******* сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ний Б/01 захирамжийг хүчингүй болгосоноор *******г ******* сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу *******гийн 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15 буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 94 хоногийн олговор 5280622 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

       Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтас хэргийн мартериалд авагдсан *******гийн сарын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 4-8 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг  ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны А/90, 2016 оны 10 дугаар сарын 28-ний Б/01 дүгээр захирамжуудыг хүчингүй болгон, нэхэмжлэгч *******г ******* сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд  эгүүлэн тогтоож,   2016 оны  10 дугаар сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу *******гийн 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр  хүртэлх ажилгүй байсан хугацааны 94 хоногийн олговор 5280622 /таван сая хоёр зуун наян мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговороос нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сумын *******ас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Э.ЗОЛБАДРАХ