Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 73

 

Т.Цолмонбаяр, Н.Сүхбаатар нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор В.Отгончимэг,

ялтан Т.Цолмонбаяр,

ялтан Н.Сүхбаатарын өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон ялтан Н.Сүхбаатарын өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Цолмонбаяр, Н.Сүхбаатар нарт холбогдох эрүүгийн 201526030540 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Дарханыхан овогт Төмөрийн Цолмонбаяр, 1981 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, 8 дугаар хэсэг, Улаан худаг 1 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:МХ81060712/,

2. Тайжууд овогт Норзонгийн Сүхбаатар, 1970 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 15 дугаар гудамжны 114 тоотод оршин суух хаягтай,

- 2004 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, ялаа эдэлж дууссан,

- 2005 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 жил 6 сар 16 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2011 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан /РД:ЧЗ70091215/,

            А/ Т.Цолмонбаяр нь Н.Сүхбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко констракшн” ХХК-ийн барилга дээрээс 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 боодол буюу 15м обой, 1 хайрцаг буюу 0,944м2 плита, 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 4 боодол буюу 60м обой, 2015 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 5 хайрцаг буюу 8,98м2 плита, 1 боодол буюу 15м обой, 18л буюу 1 сав эмульс зэрэг эд зүйл хулгайлж бусдад нийт 765.950 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

            Б/ Н.Сүхбаатар нь ялтай байхдаа, давтан үйлдлээр Т.Цолмонбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко констракшн” ХХК-ийн барилга дээрээс 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 боодол буюу 15м обой, 1 хайрцаг буюу 0,944м2 плита, 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 4 боодол буюу 60м обой, 2015 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 5 хайрцаг буюу 8,98м2 плита, 1 боодол буюу 15м обой, 18л буюу 1 сав эмульс зэрэг эд зүйл хулгайлж бусдад нийт 765.950 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

            Мөн дээрх гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байх үедээ буюу 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд прокурорын шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Т.Цолмонбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Н.Сүхбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Сүхбаатарыг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлан, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн, Т.Цолмонбаярыг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлан, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Н.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Т.Цолмонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Н.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Т.Цолмонбаярт оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Н.Сүхбаатарын цагдан хоригдсон 81 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, Т.Цолмонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Ө.Бүрэнгийн эзэмшлийн 72-59 улсын дугаартай, “Соната-6” загварын автомашины битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар 72-59 улсын дугаартай, “Соната-6” загварын автомашин, түүний үнэ болох 3.900.000 төгрөгийг Т.Цолмонбаяраас, 3.900.000 төгрөгийг Н.Сүхбаатараас тус тус гаргуулж улсын орлого болгож, Н.Сүхбаатарт авсан цагдан хорих, Т.Цолмонбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүх “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл оногдуулах шийдвэр зэргээр тогтоогдож байна” гэж заасан байхад Т.Цолмонбаярт холбогдох хэргийг дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй нь буруу байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор В.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд ялтан Т.Цолмонбаярт холбогдох хэргийг “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын ялтан Н.Сүхбаатарт холбогдох хэсгийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Ялтан Н.Сүхбаатарын өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Сүхбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтан Т.Цолмонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Өөр тайлбар байхгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт гүйцэт биш хийгдсэн, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцээгүй, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг судлахад, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Эко констракшн” ХХК-ийн барилгад гэрээгээр дотоод засал хариуцан туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Идэр Жаргалант Мөрөн” ХХК-ийн захирал Т.Цолмонбаяр нь тус барилгаас 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр нийт 9.8 м2 плита, 6 боодол обой, 1 сав 18 литр эмульс бүгд 765.950 төгрөгийн эд зүйлийг хулгайлж, өөрийн автомашинаар зөөвөрлөсөн, мөн харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан “Их Уул Залаат” ХХК-ийн харуул Н.Сүхбаатар нь дээрх 3 удаагийн үйлдэлд, хулгайлагдсан эд зүйлийг зөвшөөрч харуул хамгаалалт бүхий хаалгаар гаргаж, үүнийхээ төлөө дараа нь Т.Цолмонбаяраас 2 удаа 6.000-10.000 төгрөг өгснийг авсан, Н.Сүхбаатар нь энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас санаатай зайлсхийсэн үйл баримт тогтоогдож байна. 

 Гэтэл прокуророос Н.Сүхбаатарыг ялтай байх хугацаандаа Т.Цолмонбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэйгээр хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан, мөн түүнийг прокурорын хяналтаас оргон зайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

1. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсан үндэслэлээр хэргийг зүйлчилвэл Н.Сүхбаатар нь булаах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа, дахин хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан онц гэмт хэрэгт холбогдохоор байна.

Иймээс прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2, 218.3 дахь хэсэгт заасан “…яллах дүгнэлт нь яллагдагчийн үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго мөн түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирохыг … бичнэ” гэсэн шаардлагад нийцээгүй байна.

2. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн гол шинж бол гэм буруутай этгээдийн шууд санаа, шунахай сэдэлт, эд зүйлийг авах санаа зорилго байх болно.

Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаар Н.Сүхбаатар нь хулгайлагдсан эд зүйлийг авах, шунахай сэдэлт, шууд санаа зорилготой байсан эсэх, хулгайлагдсан эд зүйлийг хэн авсан, хэнээс эд зүйл хураагдсан, хэний санаа зорилгод нийцүүлж дээр дурдсан үйлдэл хийгдсэн зэрэг нөхцөл байдлыг бүрэн шалгаж, улмаар Н.Сүхбаатар нь хулгайлах гэмт хэргийн хамтран оролцогч хамжигч мөн эсэх, эсхүл гэмт хэргийг үл мэдээлсэн буюу нуун далдалсан гэмт хэргийн аль нь болохыг шалгаж тогтоох, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоох  шаардлагатай ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт гүйцэт биш хийгдсэн байна.

3. Анхан шатны шүүх дээр дурдсан алдаа зөрчлийг засуулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу ба эд мөрийн баримт болох гэмт хэрэгт ашиглагдсан тээврийн хэрэгслийг битүүмжилж хамгаалсан, Т.Цолмонбаяр нь уг тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авах гэрээний дагуу төлбөрийн зохих хувийг төлж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч ашиглаж байхад, 2015 оны 6 дугаар сараас хойшхи хугацаанд төлбөр бүрэн төлөгдөж дууссан эсэхийг тогтоолгүй уг тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдэд шилжүүлж, нөхөн төлбөрийг Н.Сүхбаатараас гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна.

Мөн Н.Сүхбаатар нь 2005 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн ба түүний ялтай байдал дуусаагүй байна. Анхан шатны шүүх “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Н.Сүхбаатарын ялтай байдлыг өршөөн хэлтрүүлсэнийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзлээ.   

 Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэн, яллах дүгнэлтийг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасантай холбогдуулан Т.Цолмонбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх, Н.Сүхбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хууль хэрэглээний талаар маргасан улсын яллагчийн эсэргүүцэл болон ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай ялтан Н.Сүхбаатарын өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхилоо.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Цолмонбаяр, Н.Сүхбаатар нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасантай холбогдуулан улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл болон ялтан Н.Сүхбаатарын өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай. 

3. Прокурорын газарт хавтаст хэрэг очтол Т.Цолмонбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх, Н.Сүхбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН  

                                ШҮҮГЧИД                                                   Д.ОЧМАНДАХ

                                                                                                    Д.МӨНХТУУЛ