Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Э.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Хальц овогт Энхээгийн О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805001541085 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооны багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн ........ дугаар хороо ............. хашаанд түр оршин суух, .............. аймгийн ........сумын ......... баг ...... гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Хальц овогт Э-ийн О-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.О- нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ф.Х-ХХК-ны нягтлан бодогч Ц.Т-ын Iphone 7 plus маркийн гар утсыг уг компаний автомашины зогсоол орчмоос олж бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшин бусдад 1.680.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гээгдэл эд хөрөнгө ... бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолсон баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ц.Т-ын “Би 2001 оноос эхлэн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах Фучер Холдинг” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн.  ... Би 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 цагаас11 цаг 30 минутын хооронд ажил дээрээ ажилчдын цалинг тавьж байгаад 11 цаг 40 минутын орчимд гар утсаа хайтал миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд би ажилчдынхаа гар утаснаас өөрийнхөө дугаар руу залгатал миний гар утас холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би Мобиком ХХК-руу ярьсан чинь цагдаагийн байгууллагад өргөдөл гарга гэхээр нь би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. ...Миний алдагдсан гар утас Iphone 7 plus маркийн ягаан өнгөтэй, гар утас байсан. Би гар утсаа 2017 оны 02 сард Мобиком ХХК-аас 2.100.000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

“... Э.О- миний гар утсыг ашиглаж байсныг цагдаа олж өгсөн ба би О-ийг миний гар утас байвал буцаагаад өгчихвөл гомдол, саналгүй гэж хэлсэн чинь О- таны утсыг зарж үрээд байхгүй болгосон гэж хэлсэн. Гэхдээ О- миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. ... Миний хувьд өглөө ажилдаа орж ирэхдээ машин унаанаасаа буухдаа гар утсаа унагаасан байх гэж бодож байна. Би өглөө ажилдаа орж ирээд утсаа огт хэрэглээгүй юм. ...Надад гомдол санал байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-38 дугаар хуудас/

 

Дамно ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан “2017 онд худалдан авсан Iphone 7 plus маркийн гар утас 1.680.000 төгрөг”. /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Unitel ХХК-ний “355358080604849 имэй кодтой утсанд ...........  дугаарыг 2017 оны 12 сарын 31-ээс 2018 оны 01 сарын 03-ны өдрүүдэд хийж ашигласан байна. 80530418 –Энхээ О-, ....... , Өвөрхангай ........... хавсралтаар дугаарын орсон гарсан дуудлагын лавлагааг хүргүүллээ” гэсэн албан бичиг. /хэргийн 27 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Э.О-ийн яллагдагчаар өгсөн “... 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ф.Х-ХХК-н дээр очиж хүүхдийнхээ цалинг авахаар хашаа руу орсон. Ингээд хашаанд хүүгээ хүлээгээд зогсож байсан. Тэгтэл машины хажууд улаан өнгийн гэртэй гар утас байхаар нь тэр утсыг олж авсан. Би тэр утсыг олж аваад шууд унтраасан. Тэгтэл манай хүүхэд над руу залгаад цалин ажил тарахаар өгнө гэж байна гэж хэлэхээр нь би компаний хашаанаас буцаад гараад явсан. Би тэр утсыг олоод гэртээ очоод өөрийнхөө сим картыг хийсэн. Тэгтэл тэр утас бүх юм нь кодтой түгжээтэй байсан ба зөвхөн утсаар залгаж ярьдаг, мөн гаднаас дуудлага авдаг байсан. Тэр утсыг бүрэн ашиглаж чадахгүй байсан учраас би Хархорин зах дээр тэр утсыг 270.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Э.О- нь Ц.Т-ын Iphone 7 plus маркийн гар утсыг уг компаний автомашины зогсоол орчмоос олж бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшин бусдад 1.680.000 төгрөгний хохирол учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан,  Э.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заажээ.

Шүүгдэгч Э.О-ийн үйлдэл нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл бий болжээ.

Гэвч шүүгдэгч Э.О-т холбогдох хэргийг хөөн  хэлэлцэх  хугацаа дуусаагүй байх үед шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хөөн хэлэлцэх  хугацаа дууссан тул гэм буруутай эсэхийг тогтоосны эцэст хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.Т-аас мөрдөн байцаалтад “... Надад гомдол санал байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-38 дугаар хуудас/ өгсөн тул шүүгдэгч нь төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.О-т баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хальц овогт Э-ийн О-ийг  гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Э.О-т холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.О-т баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ