Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Н.Ням-Очир,

өсвөр насны шүүгдэгч Б.З-, У.Э- нарын өмгөөлөгч Л.Амартогос,

хохирогч С.Н-э нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокуророос Хамниган овогт У-ын Э-, Улаанямаат овогт Б-ийн З- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805000561063 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот  Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо .............. гудамжны ........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хамниган овогт У-ын Э-.

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ...  дугаар хороо ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Улаанямаат овогт Б-ийн З-.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.З-, У.Э- нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутагт орших Очир титэм зочид буудлын 305 тоот өрөөнд иргэн С.Н-ий  Iphone 8 plus загварын 2.230.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч У.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.З- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Н-э мэдүүлэхдээ: “Гар утсаа алдсан хэрэг болсон. Хэрэг болсноос хойш шүүгдэгч нартай ажил ихтэй уулзаж амжаагүй явж байгаад шүүх хурал болохоос өмнө богино хугацаанд хэдэн удаа уулзлаа. Эдгээр өсвөр насны охид гэм буруугаа ойлгож, ажил хөдлөмөр эрхлээд тодорхой орлогын эх үүсвэртэй болсон, хохирлоо барагдуулах талаар надтай уулзсан тул миний зүгээс ажил, амьдралын гараа нь эхэлж байгаа охидуудад Эрүүгийн хуулийн дагуу шийтгэл ногдуулахгүй байхыг хүсч байна. Нэгэнт гэм буруугаа ойлгосон, цаашид хохирлыг минь барагдуулах талаараа илэрхийлж, мөн өмгөөлөгчийн зүгээс энэ талаар 100 хувийн баталгаа гаргаж өгсөн тул миний зүгээс гомдол саналгүй” гэв.

  

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.З-, У.Э- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч С.Н-ийн “Би 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр найз Очирсүхтэй  хороололд уулзаад ресторанд ууж байгаад орой нь хороололд байдаг Очир титэм зочид буудалд найзтайгаа өрөө авсан. Тэгээд шөнө манай найз Очирсүх хоёр хүн дуудчихсан гэж хэлсэн. Тэгээд удалгүй хоёр охин ирсэн. Очирсүх л яриад нэг хүний 100.000 төгрөгөөр тохиръё гээд байх шиг байсан мөн буудалд байсан ресторанаас Очирсүх пиво авч уусан. Тэгээд юу болсоныг санахгүй байна. Нэг мэдсэн би унтчихсан байсан. Тэгээд хаалга савах чимээ гарахаар нь босоод харсан чинь ширээн дээр миний утас цэнэглээд тавьчихсан байсан байхгүй болчихсон. Очирсүх 00-н өрөөнөөс гарч ирсэн. Тэгээд Очирсүх буудлын цонхоор харсан чинь нөгөө хоёр охин гартаа утас барьчихсан гүйж байсан гэсэн. Iphone 8 plus загварын гар утас байсан. Саарал өнгөтэй, шинэ утас байсан. Урдаа шилэн наалттай байсан. 2017 оны 11 дүгээр сард Теди төвөөс 2.300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоогийн үнэ ханшийг нь мэдэхгүй байна. ... Туранхай охин нь гаран дээрээ бөөрөнхий цэцэг хэлбэртэй шивээстэй байсан. Нөгөө охин нь махлагдуу охин байсан. Өөр зүйл санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Гэрч Б.Ө-ын “... Би мессеж зар дээрээс санхүүгийн тус авна хоёр эмэгтэй байна гэсэн зар байхаар нь залгасан. Удалгүй хоёр охин хүрээд ирсэн юм. Тэгээд өдөр 12 цаг хүртэл хамт байя нэг охинд нь 100.000 төгрөг өгье гэж тохирсон. Тэгээд нэг охиныг нь архинд явуулаад дөрвүүлээ уусан. Манай найз бид хоёр нээх их уугаагүй. Тэгээд тэр хоёртой бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд байж байсан нэг охин нь сандал дээр суугаад тамхи татаад сууж байсан. Нэг охин нь 00-н өрөөнд орсон байсан. Тэр хоёр хоорондоо юм яриад байж байсан. Тэгээд нэг мэдсэн нөгөө хоёр охин гэнэт гараад гүйчихсэн. Тэгэхээр нь би шалдан байсан болохоор араас нь гараагүй. Цонхоор харсан чинь зам дээр зогсож байсан. Хөөе утас өгөөч ээ гэж хэлсэн чинь над руу нэг харчихаад цаашаа гүйгээд яваад өгсөн. Ширээн дээр байсан манай найзын Iphone 8 plus гэдэг гар утас байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/

 

Iphone 8 plus гар утсыг 2.230.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ний Хөрөнгө үнэлгээний тайлан. /хэргийн 29-32 дугаар хуудас/

 

Өсвөр насны шүүгдэгч У.Э-ын сэжигтнээр өгсөн “... Очир титэм буудалд очоод 3 давхар хавьцаа гарсан. Тэгээд нэг өрөө рүү ороход 30 насны хоёр залуу байсан. Тэгээд эхлээд мөнгөө авнаа гэж ярилцаад З- бид хоёр тус бүр 100.000 төгрөг авсан. Тэгээд юм ярьж сууж байгаад тэр хоёр залуутай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд удалгүй бид хоёр боссон. Бид хоёр босоод хувцасаа өмсөөд 00-н өрөө рүү хамт ороод З- утсыг нь авчих уу гэхээр нь  яасан ч яахав гэж хэлээд би гараад ширээн дээр байсан утсыг нь аваад буцаад 00-н өрөөнд ороод утсыг нь З- аваад бид хоёр гараад гүйсэн юм. Тэгээд гадаа гараад такси барих гээд зогсож байсан З- эргэж харахаар нь харсан чинь буудлын цонхон дээр нөгөө хоёр залуугийн  нэг нь гараад ирчихсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч У.Э-ын яллагдагчаар өгсөн “...би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулаагүй. Гэхдээ хохирлоо төлж барагдуулна. Би өмнөх мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 60-61 дүгээр хуудас/

 

Өсвөр насны шүүгдэгч Б.З-ын сэжигтнээр өгсөн “... ширээн дээр саарал өнгөтэй Iphone маркийн гар утас  байхаар нь хоёулаа утсыг нь авах уу гээд хоорондоо ярьсан юм. Тэгээд би 00-н өрөө рүү орсон. Араас Э- утсыг нь барьчихсан ороод ирсэн. Тэгээд би утсыг нь аваад халаасандаа хийгээд гараад явсан юм. Буудлаас гараад явахад нэг залуу нь цонхон дээрээс дуудаад байсан. Бид хоёр шууд гүйгээд такси бариад Теди төв рүү явсан юм. Тэгээд тэнд очоод үүдэнд нь утас авна гэсэн хүмүүс байхаар нь нэг залуу дээр нь очоод Id lock-той түгжээтэй утас авах уу гэсэн чинь ямар утас юм хэдэд өгөхийн гэхээр нь 300.000 төгрөгөөр зарна гэсэн чинь тэгэж авахгүй гэхээр нь 200.000 төгрөгөөр ав гэсэн чинь авъя гээд зарсан. Би тэр хүнийг дахиж харвал танихгүй, ямар хүнд зарсанаа санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 51-52 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Б.З-ын яллагдагчаар өгсөн “... Би тэр Н-э гэх хүнд хохирол төлбөр төлөөгүй байгаа. Би одоо хохирол төлбөрөө төлж барагдуулна. Би одоо ажил хийж байгаа учир өөрийн цалин мөнгө төгрөгөө буух юм бол бага сагаар төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хэргийн 64-65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.З-, У.Э- нарын үйлдэл нь “Хулгайлах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд Б.З-, У.Э- нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн  хохирогч С.Н-эд гэмт хэргийн улмаас учирсан  Iphone 8 plus загварын 2.230.000 төгрөгийн үнэ бүхий гар утасны төлбөрийг өсвөр насны шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.З-, У.Э- нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Б.З-, У.Э- нар нь насанд хүрээгүй буюу өсвөр насны, мөн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хамниган овогт У-ын Э-, Улаанямаат овогт Б-ийн З- нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Э-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар, Б.З-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Э-, Б.З- нарт тус бүр оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

4. У.Э-, Б.З- нарт шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар У.Э-, Б.З- нарт шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, У.Э-, Б.З- нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар У.Э-, Б.З- нараас тус бүр 1.115.000 /нэг сая нэг зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж Налайх дүүрэг ... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод оршин суух Б овогт С-ын Н-долгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  авсан У.Э-, Б.З- нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.