Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01276

 

 

  

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01276

 

  Н.Б , Б.Н нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/00507 дугаар шийдвэртэй, Н.Б, Б.Н нарын нэхэмжлэлтэй Ш.М-д холбогдох хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцалтөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Сүхбаатар дүргийн ** дүгээр хороо, Х зусланд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай захирамжийн дагуу 700 м.кв, 699 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг. Гэтэл эхнэр бид хоёрын эзэмшлийн газартай хөрш байрлалтай газрын эзэн гэх Ш.М нь 2016 онд 2 давхар байшин барих явцдаа тухайн байшингийн зарим хэсгийг эзэмшлийн газраасаа давуулан бидний эзэмшлийн газар руу оруулж барьсан бөгөөд бид иргэн Ш.М нараас хууль бус үйлдлээ зогсоохыг хүссэн боловч бидэнтэй ярилцахыг хүсээгүй, хэл амаар дайрч, доромжилсон. Иймд хууль ёсоор миний эзэмшиж байгаа газарт бидний зөвшөөрөлгүй байшин барьсан хариуцагч Ш.М-ын эзэмшлээс бидний газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо Хуурай мухарт байрлах 700 м.кв, 656 м.кв талбай бүхий 2 айлын зуслангийн газрыг 128 м.кв талбай бүхий зуслангийн байшингийн хамт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр О.Б-гаас худалдах-худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан. 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/203 тушаалаар газрын эзэмших эрхийн гэрчилгээ гарч, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн Ү-220302**** дугаарт үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлсэн. Гэтэл иргэн Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг 2016 онд байшин барьсан, хэл амаар доромжилсон мэтээр ор үндэслэлгүй зүйлээр гүтгэж байна. Худалдаж аваад зун зусландаа очиход хүн амьдрах нөхцөлгүй, газар нь цэвдэг ихтэй, булаг намагтай, байшиндаа очих боломжгүй, улсын цахилгааны шугам байхгүй тул хажуу айлаас 220 кв тог түр тавьсан байсан. Ингээд би 2 жилийн хугацаанд хажуу хавьд айл ирэхийг хүлээж, дэд бүтцээ хамт шийдэж зардлаа хамт гаргаж хийх хүсэлт тавихаар хүлээсэн боловч айл гарч ирээгүй тул 2015 оны зун иргэн н.Б-гээр 17,000,000 төгрөгөөр машин зам болон явган хүний зам тавиулсан. Манай газрын ойр хавьд улсын шугам байхгүй тул иргэн н.Батгэрэлийн хувийн эзэмшлийн 0.4 квт шугамнаас цахилгаан эрчим хүч авах гэрээ хийж УБЦТС ТӨХК-д хүсэлт гаргаж 380 кв-н техникийн нөхцөл аваад 48,000,000 төгрөгөөр хувийн цахилгааны дэд станц барьж хүн амьдрах нөхцөл боломжоор хангасан. Ийм таатай байдал үүсмэгц иргэн Н.Б гарч ирж, манай эзэмшлийн газарт бидний эзгүйд насанд хүрээгүй олон хүүхэд байхад дур зоргоороо орж ирэх болгондоо өөр өөр газрыг манайх гэж зааж, хүүхэд айлгасан байдаг. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дахин биднийг эзгүйд насанд хүрээгүй хүүхэд байхад БНХАУ-ын 3 иргэнтэй бидний зөвшөөрөлгүй хувийн өмчид халдан орж манайх танайтай газрын маргаан байхгүй юм байна гэж кадастрын зураг үзүүлэн гэрт орж ах нь энэ хятадуудад газраа зарахаар боллоо танайх бас зарна гэсэн нийлүүлээд заръя гэж кадастрын зургаа явуулсан байсан. Бид газраа хятадуудад зарахгүй гэдгээ хэлсэн. Энэ саналыг бидний таньдаг хүнээр хүртэл давхар хэлүүлж байсан. Удаа дараа ийм байдал үүссэн учир О.Б-тай холбогдож асуухад иргэн Н.Б-ээс 20,000,000 төгрөгөөр 2 айлын газар худалдаж авсан бөгөөд мөн дахин газрын маргаан гаргаж дахин 1 айлын газар өгнө гэж мөнгө аваад газраа шилжүүлж өгөөгүй. Иргэн Н.Б нь 2012 оноос хойш зориулалтаар ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй. Уг газар дээр манай байшингаас өөр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө, хашаа байхгүй, мод тайрч унагааж байж байшин барих нөхцөл бий болох ба манайх уг газрыг худалдаж авснаараа тог татсан, замыг сайжруулах ажлуудыг хийсэн. Нэхэмжлэгч нарын эзэмшлийн байшин, газарт ямар нэгэн нөлөө үзүүлээгүй. Анх худалдаж авахдаа харьяа газрын албанаас мэдээллийг авахад давхцал гарч ирээгүй.

Давхцалтай эсэх, хэдэн м.кв давхцал үүссэн эсэхийг тодруулахаар гаргуулсан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй. Шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргахдаа төрийн байгууллагын ажилтнуудаас гадна хувийн эзэмшлийн кадастрын компаниуд дүгнэлт хийсэн. Дүгнэлтэд газрын зургийг давхцуулж үзэхэд давхцалтай байна гэдэг хэдий ч үл хөдлөх хөрөнгө нь хаана байрлаж, нэхэмжлэгчийн ямар байшин, хашаатай давхацсан, ямар эрх нь зөрчигдсөн нь тодорхой, дэлгэрэнгүй лавлагаа мэдээллүүдийг гаргаж өгөөгүй, анхан шатны байгууллага буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэшсэн ажилчдыг оролцуулж дүгнэлт гаргадаггүй. Геодези зураг зүйн газар, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны баримтууд зөрүүтэй. Сүүлийн шинжээчийн дүгнэлтээр хэн хэн гэдэг хүний газрын давхцал дээр хэдэн м.кв талбайгаар газар давхцаж байгаа нь нарийвчилж тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 95 дугаар зүйлийн 95.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Б овогт Б.Н-гийн эзэмшлийн нэгж талбарын 1864332816**** дугаарт бүртгэлтэй газрын 68.71 м.кв болон 226.07 м.кв талбайг, нэгж талбарын 1864332812**** дугаарт бүртгэлтэй газрын 661.03 м.кв талбайг, нэхэмжлэгч Б овогт Н.Б-ийн эзэмшлийн нэгж талбарын 1864332816**** дугаар бүртгэлтэй газрын 284.12 м.кв талбайг тус тус Б овогт Ш.М-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.М-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч нар нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Н.Б, Б.Н нарын нэр дээрхи газруудын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар болон Сүхбаатар дүүргийн Газрын албанаас авсан кадастрын зургуудыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Тус зурагт ямар нэг давхардал, давхцал байгаагүй. Маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Х газар болон үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ш.М нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр О.Б-гаас худалдан авч газар дээр ямар нэг зөрчил, давхардал байхгүй байсан тул төрийн эрх бүхий байгууллага нэрийг шилжүүлэн өгсөн байна. Өөрөөр хэлбэл, анх газар дээр газрын гэрчилгээ авах, үл хөдлөх эд хөрөнгө барьж, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх ажиллагааг тус газрын анхны өмчлөгч болох О.Б хийсэн. Төрийн байгууллагаас хуулийн хүрээнд бүртгэлийг хийж гэрчилгээг олгосон зэрэг байдал нь хариуцагчийн үйлдэл мөн эсэх, хэрхэн хууль зүйн үр дагавар үүсч байгаа байдалд болон нэхэмжлэгч Н.Б, Б.Н нар өөрийн газраа огт ашиглаж байгаагүй, бодитоор ашиглах боломжгүй ой мод, ногоон бүсийг эвдэж сүйтгэж байж л ашиглах боломжтой болох нь тэдний ямар эрхийг хэрхэн хөндөж байгаад анхан шатны шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

4.2. Хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн үеэс болон шинжээчээр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба томилогдон ажиллаж байх хугацаанд ч, дүгнэлт гаргасны дараа ч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газрын албанаас өөрийн газартай холбоотой 3 удаа лавлагаа мэдээллийг авсан. Анхан шатны байгууллагын мэдээллийн санд байгаа зүйлд иргэд итгэн бусдад шилжүүлэх, шилжүүлэн авах ажиллагааг хийх ба анхан шатны байгууллагад байгаа мэдээ, мэдээлэлийг Нийслэлийн мэдээллийн сантай илтэд зөрж, эргэлзээ бүхий дүгнэлт гарч байгаад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

4.3. Хариуцагч өөрийн эзэмшлийн газар, үл хөдлөх эд хөрөнгүүдийг харуулсан фото зургуудыг шүүхэд өгсөн ч нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр үнэлээгүй нь хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

4.4. Мөн бодит байдал буюу ойн цоорхойд баригдсан байшин болон нэхэмжлэгч нарын эзэмшлийн газар, түүнийг ашиглаж байгаа байдал, ашиглах боломжгүй эрх нь хэрхэн яаж зөрчигдөж байгаад дүгнэлт хийхээр анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үзлэгийг хийсэн ба энэ үзлэгийг ч шүүхээс дүгнээгүй орхигдуулсан.

4.5. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, шүүх хуралдаанд ч хариуцагчийг тус газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгө барьж байсныг мэдээд хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан гэх тайлбар өгдөг ба уг газарт анх иргэн О.Б 2012 онд үл хөдлөх эд хөрөнгийг барьсныг нэхэмжлэгч нар мэдэж байсан нь шүүхэд хандаж шаардах эрхээ алдсан юм. Энэ цаг хугацааг анхан шатны шүүхээс зөв дүгнээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.Б, Б.Н нар хариуцагч Ш.М-д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ ...Сүхбаатар дүүргийн **дүгээр хороо, зуслан, Хуурай мухар хаягт байрлах 700 м.кв, 699 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг, хөрш Ш.М нь 2 давхар байшин барих явцдаа тухайн байшингийн зарим хэсгийг өөрийн эзэмшлийн газраасаа давуулан бидний эзэмшилд оруулж барьсан учраас газрыг чөлөөлүүлнэ гэж, хариуцагч ...тухайн газрыг О.Б-гаас байшинтай нь хамт худалдаж авсан, давхцал байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас шалгуулахад давхцал байгаагүй гэж тайлбар гарган маргажээ.

 3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэж үзэж болохуйц нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

- Нэхэмжлэгч Н.Б 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 00043**** тоот гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Х зуслан хаягт байршилтай 700 м.кв газар /хх 29-32/, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 00012**** тоот гэрчилгээтэй мөн хаягт байршилтай 699 м.кв газрыг /хх 135-138/ тус тус эзэмшдэг,

- Нэхэмжлэгч Б.Н 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 000551327 тоот гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, зуслан, Х хаягт байршилтай, 700 м.кв газрыг /хх 3-5/ эзэмшдэг,

- Хариуцагч Ш.М- 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 000508525 тоот гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, зуслан, Х хаягт байршилтай 656 м.кв газар /хх 21/, мөн өдрийн 00050**** тоот гэрчилгээтэй мөн хаягт байршилтай 700 м.кв газрыг /хх-22/ тус тус эзэмшдэг, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөн хаягт байршилтай 128 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн нь /хх-18/ хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч нь дээрх газар, хувийн сууцыг О.Б-гаас 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр авсан талаарх газар эзэмших эрх шилжүүлэх, хувийн сууц худалдах гэрээнүүд хэрэгт авагджээ. /хх 203-205/

Хариуцагч нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин байшин барьсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь газар чөлөөлүүлэх шаардлага гаргасан бол хариуцагч нь тухайн байшинг бариагүй, О.Б-гаас худалдан авсан гэж тайлбарласан байна. Хэрэгт газар болон үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг авагдаагүй, маргаан бүхий байшин хэзээ баригдсан нь тодорхойгүй, байшинг анх барихдаа нэхэмжлэгч нарын эзэмшил газрын хилийг зөрчсөн, эсхүл байшин баригдсанаас хойш нэхэмжлэгч нар тухайн газрыг эзэмшсэн эсэх нь тогтоогдоогүй байна.

 4. Дээр дурдсан нөхцөл байдлыг тогтоолгүйгээр давж заалдах шатны шүүхээс зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/00507 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.БЯМБАСҮРЭН