Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 27

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Э.Э- түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв,

хохирогч Г.А- түүний өмгөөлөгч Д.Ганбат,

гэрч Б.Даваа-Очир, Б.Лхамаа, Г.Пүрэвдаш,

шинжээч Т.Номинцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Балжинням овогт Э- Э-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803004350320 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Т ХХК-д нарийн боовчин ажилтай, Баянгол дүүргийн ... дүгээр хороо Зүүн нарангийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Балжинням овогт Э- Э-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагсанаар/

Шүүгдэгч Э.Э- нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түмэн плаза худалдааны төвийн урд талын замд Хьюндай Соната 5 маркийн .... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон  осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль  тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр,тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Э.Э- нь Хьюндай Соната 5 маркийн .... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад мөн дүрмийн 2.5, 6.3-т заасан заалтуудыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 11-15 дугаар хуудас/

 

Ослын талаарх бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “... Соната 5 маркийн автомашинд 4 эрэгтэй хүн гүйж суух ба араас нь 03 цаг 08 мин 10 сек 7 эрэгтэй хүн араас нь ирж саарал өнгийн соната 5 маркийн автомашины хаалга цонхыг цохиж 03 цаг 08 минут 19 сек машин арагшаа чиглэлтэй ухарч 03 цаг 08 мин 26 сек камерын бичлэгээс машин болон явган явж байсан хүмүүс байхгүй болж 03 цаг 8 мин 33 сек саарал өнгийн цамцтай эрэгтэй гүйж ирэж хөдөлгөөн байхгүй байж байгаад 03 цаг 14 минутанд дуусав. ... Уг хяналтын камерын бичлэг дээр явган зорчигч Ганзориг овогтой А- нь ямар нэгэн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн гэж зүйл байхгүй байв”. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Хохирогч Г.А-гийн “... Тэгсэн Итгэл, Даваа-Очир нар хамт тамхи татъя гээд гарсан. Гадагшаа гараад тамхи татаж байтал 25-30 орчим насны хоёр эрэгтэй бид нартай хэл амаар маргалдсан. Тэгсэн тэр хүмүүсийн нэг нь цагдаагийн үнэмлэх гаргаж харуулаад би цагдаа байна гэсэн. Тэгэхээр нь уучлаарай гээд буцаад нөгөө кароаке руу орсон чинь манай нөгөө найз нар уусан юмныхаа тооцоог хийгээд гараад ирсэн. Тэгээд бөөндөө ертөнцийн зүгээр  баруун тал руугаа явж байтал нөгөө муудалцсан хүмүүс дөрвөөс тавуулаа болсон хүрээд ирсэн.

Тэгсэн нэг нь намайг шууд цохисон. Тэгэхээр нь манай найз нар яагаад байгаа юм боль гээд салгах гэтэл найз Буянзаяаг бас нэг нь цохиод авсан. Тэгээд тэндээ муудалцаад байсан. Би жоохон манарсан байсан. Тэгээд тэндээс салгаад бид нар зогсож байтал нөгөө залуучууд ална гээд орилоод байсан. Тэгэхээр нь бид нар бөөндөө араас нь хөөсөн. Тэгсэн нөгөө залуучууд цайвар өнгийн суудлын автомашинд суугаад хөдлөх гээд байж байсан. Тэрнээс хойш би юу болсон талаар санахгүй байгаа. Өглөө эмнэлэг дээр сэрсэн. ... Одоо миний бие муу байгаа. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад Улсын 1 дүгээр эмнэлэгт эрүү нүүрний тасагт хагалгаанд 2018 оны 05 дугаар сарын 17-нд ороод тэндээ хэвтэн эмчлүүлж байгаад өнөөдөр эмнэлгээс гарсан. Миний зүүн хөлийн шагай, хамар орчим хэсгээр хугарсан тэгээд хадуулсан бас дээд уруул сэтэрч дээд дөрвөн шүд хугарч буйл няцарсан, доод уруул бас задарч оёдол тавиулж доод нэг шүд хугарсан. ... Миний нүүр тэр чигтээ гэмтсэн. Маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/

 

Гэрч Б.Лхамаагийн “... Би гадагшаа гарсан чинь найз А- гадаа гурван хүнтэй муудалцаж байсан. Тэгээд бид нар очоод салгаад тэр хүмүүсээс уучлалт гуйгаад салах гэсэн чинь нэг нь цагдаагийн үнэмлэх үзүүлээд бид нарыг баривчилж чадна шүү гэхээр нь айгаад уучлаарай ахаа бид нар найзыгаа аваад явлаа гээд сууж байсан караокены тооцоо хийх гээд орсон. Тэгээд тооцоогоо хийгээд гарч ирээд хамтдаа тамхи татаад сууж байтал нөгөө ах нар дөрвөөс тавуулаа болцон байсан. Тэгсэн нэг эрэгтэй нь манай найз А-г шууд цохиод авсан. Тэгэхээр нь манай найз Буянзаяа та нар яагаад байгаа юм бэ гээд очсон чинь Буянзаяаг бас цохиод авсан. Тэгээд бид нар салгаад бас баарны хамгаалагч салгасан. Тэгсэн нөгөө цохисон хүмүүс та нар нааш ир бүгдийг чинь ална гээд зогсож байтал найз А- өөдөөс нь гүйгээд бид нар А-гийн араас нь гүйсэн чинь нөгөө хүмүүс зогсоол дээр байсан машин руу бүгд суугаад хаалгаа дотроос нь түгжээд бид нар гараад ир гээд хэлсэн чинь машинаа шууд асаагаад хойшоо ухраад огцом дараад эргэхдээ найз А-г машиныхаа урд хамраар мөргөөд дээгүүр нь дайрч гараад шууд яваад өгсөн. Тэгээд найз А- газар хэвтсэн ухаангүй дээшээ хараад хэвтээд байсан. Тэгэхээр нь түргэн тусламж руу залгаад дуудлага өгсөн бас цагдаад дуудлага өгсөн. ... Би бол яг машины улсын дугаарыг хараагүй. Марк нь бол саарал өнгийн Соната маркийн машин байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Итгэлийн “... Удалгүй караокены цаг  дуусаад гараад тамхи татаж зогсож байсан чинь 3 залуу ирээд манай найз А-тай муудалцаад байхаар нь очиж салгах санаатай очтол 165 см орчим өндөртэй, бандгар дуу царайтай ах цагдаагийн үнэмлэх гаргаж ирээд бид нарт үзүүлсэн. ... Удалгүй цаанаас дөрвөн залуу ирээд манай найз А-г бөөнөөрөө зодоод эхэлсэн. Удалгүй баарны хамгаалагч ах гарч ирээд эндээс хол явж зодолд гээд бид нарыг хөөсөн. Нөгөө дөрвөн залуу Түмэн плазагийн чиглэлтэй явж байгаад та нар чаддаг юм бол араас хүрээд ир гээд бид нарыг өдөөд байсан. Тэгсэн чинь А- гэнэт гүйж очоод саарал өнгийн Соната 5 маркийн автомашины жолооч талын хаалгыг татсан чинь нөгөө машин хойшоогоо гэнэт ухраад А-гийн цээжин бие хэсгээр гараад явах шиг болсон. Бид нар автомашины араас гүйгээд очтол нөгөө машин зугтаагаад яваад өгсөн. А- дээр яваад очтол хамарнаас нь цус гарсан, нүүр хэсэг нь бүхэлдээ цус болсон ярьж чадахгүй байсан. ... Ямарч байсан саарал өнгийн Соната 5 маркийн машин байсан ба улсын дугаарын .... ОРО улсын дугаартай гэж санагдаж байна. ... Жолооч талын урд дугуй хэсэг орчмоор А-гийн цээжэн бие дээгүүр гараад явах шиг болсон.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42 дугаар хуудас/

 

Гэрч Б.Даваа-Очирын “2018 оны 05 дугаар сарын 13-ны орой шөнө би А-, Итгэл, Лхамаа, Буянзаяа бид нар тавуулаа байж байгаад хороололд нэг газарт жаахан пиво ууж байгаад А- тамхи татна гээд гараад байж байхад би араас нь гарахад А- хоёр хүнтэй маргалдаж байсан. Тэгэхээр нь салгаад авч ороод тооцоо хийгээд буцаад гарч ирээд нэг бааранд орох гээд явж байхад нөгөө маргалдсан хүмүүс дөрөв тавуулаа болсон та нар яах гээд байгаа юм гээд шууд А-г анх маргалдсан залуу цохиод авсан. Би салгах гэтэл намайг араас нэг залуу авахад би тэр залууг унагаагаад газарт дараад байж байгаад бид нар салаад тэр залуучууд явж байгаад орилж дуудахаар нь явж очиход улсын дугаарыг хараагүй ОРО гэсэн үсэгтэй цэнхэр канттай Соната 5 маркийн цагаан өнгөтэй машин хойшоогоо харсан чиглэлтэй зогсож байхад жолоочийн эсрэг талд очоод байж байхад шууд ухраад тэгэхэд манай найз А- жолоочийн талд зогсож  ухрах үйлдэл  хийхдээ түүнийг унагаж жолооч талын урд дугуйгаар түүний бие дээгүүр гараад шууд төв зам руу нийлж ороод яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6245 дгаартай:

“1. А-гийн биед зүүн шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн ухархайн доод хана, хоншоор яс, хамар ясны нийлмэл хугарал, тархи доргилт, зүүн зовхи, зүүн хөмсөгт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, хамрын доор шарх, дээд доод уруулд шарх, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед үүсгэгдэх боломжтой гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 59 дүгээр хуудас/

 

Замын Цагдаагийн албаны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 427 дугаартай шинжээчийн:

“1. HYUNDAI Sonata 5 маркийн .... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э- Э- нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн  заалтыг мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон  осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль  тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр,тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ганзориг овогтой А- нь  МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 68-69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Э- нь автомашинаа асааж ухрах хөдөлгөөний хийхдээ автомашины жолооч талын хэсэгт байсан хохирогч Г.А-г машины урд хэсгээрээ мөргөж түүний биед гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

          Учир нь шүүгдэгч Э.Э- нь өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэг авагдсан дараах баримтуудаар няцаагдаж байна.

Гэрч Б.Лхамаагийн өгсөн “... машинаа шууд асаагаад хойшоо ухраад огцом дараад эргэхдээ найз А-г машиныхаа урд хамраар мөргөөд дээгүүр нь дайрч гараад шууд яваад өгсөн. Тэгээд найз А- газар хэвтсэн ухаангүй дээшээ хараад хэвтээд байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Итгэлийн “... Тэгсэн чинь А- гэнэт гүйж очоод саарал өнгийн Соната 5 маркийн автомашины жолооч талын хаалгыг татсан чинь нөгөө машин хойшоогоо гэнэт ухраад А-гийн цээжин бие хэсгээр гараад явах шиг болсон. Бид нар автомашины араас гүйгээд очтол нөгөө машин зугтаагаад яваад өгсөн. А- дээр яваад очтол хамарнаас нь цус гарсан, нүүр хэсэг нь бүхэлдээ цус болсон ярьж чадахгүй байсан” мэдүүлэг, гэрч Б.Даваа-Очирын “... ОРО гэсэн үсэгтэй цэнхэр канттай Соната 5 маркийн цагаан өнгөтэй машин хойшоогоо харсан чиглэлтэй зогсож байхад жолоочийн эсрэг талд очоод байж байхад шууд ухраад тэгэхэд манай найз А- жолоочийн талд зогсож  байхад ухрах үйлдэл  хийхдээ түүнийг унагаж жолооч талын урд дугуйгаар түүний бие дээгүүр гараад шууд төв зам руу нийлж ороод яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Жавхлангийн “ ... Соната 5 автомашинтай хүмүүс машиндаа суугаад зугтаасан. Тэр хүмүүс зугтаахдаа манай найз А-г мөргөж унагаад явчихсан. ... Тухайн үед манай найз шоконд орчихсон амнаас нь цус гарсан байдалтай, шүднүүд нь унаж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогджээ. 

          Түүнчлэн өмнөх шүүх хуралдаанаас талуудын хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийлгэсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1258 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“1. Хохирогч Г.А-гийн биед цээж болон хэвлийн гэмтэл учраагүй байна.

2. Г.А-гийн биед нэмэлт шинжилгээгээр 11, 12, 21, 22, 42 дугаар шүдний булгарал, 41, 31, 32 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Энэ нь автомашинаар дайрснаас үүсэхгүй.

3. Хохирогч Г.А-гийн биед учирсан зүүн шагайн дотор хашлага ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Хохирогч Г.А-гийн биед учирсан зүүн шагайн  дотор хашлага ясны хугарал гэмтэл нь автомашинд дайруулснаас үүсэхгүй” гэжээ. /хэргийн 205-207 дугаар хуудас/

          Шинжээч Т.Номинцэцэгийг гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авахад “автомашинд дайруулах, мөргүүлэх гэдэг нь өөр ойлголт бөгөөд хохирогчийн хувьд автомашинд мөргүүлсэнээс уг гэмтлүүд учирч болно, дайруулснаас үүсэхгүй” гэв.

 

Шүүгдэгч Э.Э- нь хохирогч Г.А-г автомашинаараа мөргөж хүндэвтэр гэмтэл учруулаад уг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь Гэрч Б.Лхамаагийн өгсөн “... машинаа шууд асаагаад хойшоо ухраад огцом дараад эргэхдээ найз А-г машиныхаа урд хамраар мөргөөд дээгүүр нь дайрч гараад шууд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Итгэлийн “... Тэгсэн чинь А- гэнэт гүйж очоод саарал өнгийн Соната 5 маркийн автомашины жолооч талын хаалгыг татсан чинь нөгөө машин хойшоогоо гэнэт ухраад А-гийн цээжин бие хэсгээр гараад явах шиг болсон. Бид нар автомашины араас гүйгээд очтол нөгөө машин зугтаагаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Даваа-Очирын “... ОРО гэсэн үсэгтэй цэнхэр канттай Соната 5 маркийн цагаан өнгөтэй машин хойшоогоо харсан чиглэлтэй зогсож байхад жолоочийн эсрэг талд очоод байж байхад шууд ухраад тэгэхэд манай найз А- жолоочийн талд зогсож  байхад ухрах үйлдэл  хийхдээ түүнийг унагаж жолооч талын урд дугуйгаар түүний бие дээгүүр гараад шууд төв зам руу нийлж ороод яваад өгсөн” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон байна. 

Харин гэрч Б.Бат-Эрдэнэ “... Тэгээд нөгөө хүмүүс бид нарын суусан автомашины урдаас гүйж ирээд гадна талаас өшиглөж цохьсон. Тэгэхээр нь бид нар шууд  хойшоогоо хараад машин байхгүй байна гэж хэлээд Э-ийг ухраасан. Тэгээд хогийн сав мөргөж зогсоод урагшаа явцгаасан. ... Тухайн үед бид нарыг машинтайгаа ухарч байхад манай машины ард ямар ч хүн байгаагүй. Би машины арын суудал дээр суугаад эргэж хараад Э-ийг ухар машин байхгүй байна гэж хэлж байсан болохоор сайн мэдэж байна” гэжээ. /хэргийн 111 дүгээр хуудас/

Гэрч Б.Тэмүүжин “... тухайн үед бид нарыг Э-ийн машинтай ухарч байхад манай машины ард ямар ч хүн байгаагүй. Би машины арын суудал дээр сууж байсан болохоор сайн мэдэж байна” гэжээ. /хэргийн 112 дугаар хуудас/

Гэрч Г.Пүрэвдаш “... тухайн үед бид нарыг Э-ийн машинтай ухарч байхад манай машины ард ямар ч хүн байгаагүй. Э- машинаа жолоодоод бид гурав хамт хойд суудал дээр суусан байсан тийм болохоор сайн мэдэж байна” гэжээ. /хэргийн 113 дугаар хуудас/

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь Э.Э-ийг автомашинаараа ухрах үйлдэл хийхдээ автомашины ар хэсгээр хүн мөргөөгүй гэж мэдүүлсэн бөгөөд харин ухрах үедээ жолооч талын урд хэсгээр Г.А-г мөргөөгүй гэдгийг нотлоогүй байна.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.Э-ийн буруутайд үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас хохирогч Г.А-г мөргөсөн нь осол гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

 

Шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.

          Иймд шүүгдэгч Э.Эрдэнпилийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Г.А-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан баримтуудаар эмчилгээ, шинжилгээ  хийлгэсэн болон эмийн зүйлс худалдан авсан нийт 993.970 төгрөг тогтоогдож байх бөгөөд энгийн хэрэглээний буюу ус, ундаа, шатахуун, хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлс худалдан авсан үнийн дүнг хасч тооцсон болно.

          Шүүгдэгч Э.Э- нь хохирогчид ямар нэгэн төлбөр төлөөгүй бөгөөд баримтаар тогтоогдсон 993.970 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогч Г.А-д олгуулахаар шийдвэрлэв.

          Хохирогч Г.А- нь цаашид гарах хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Э.Э-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Балжинням овогт Э- Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ““Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э- торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн В ангилалын ....  дугаарын  жолоочийн үнэмлэхийг Э.Э-д буцаан олгож, флаш 1 /нэг/ ширхэг, 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Э-ээс 993.970 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймаг ....... сум ... дугаар баг ............. тоотод оршин суух Боржигон овогт Ганзоригийн А-д олгосугай.

 

8. Хохирогч Г.А- нь цаашид гарах хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ