Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00676/И |
Дугаар | 00894 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 00894
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-9-63 тоотод оршин суух Балдан овогтой Цэрэнчимэдийн /ЖЕ-56112468 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг, хуучин хороо 6-13 тоотод оршин суух Мижиддорж овогтой Амгаланд /ИЦ-74122569 / хариуцагдах 224,062 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Цэрэнчимэд, хариуцагч М.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэрэнчимэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цэрэнчимэд би Амгалангийн хүсэлтээр 2015-10-26-нд 119,500 төгрөгийг 5 сарын хугацаагаар зээлдүүлсэн.2015-10-26-с хойш Амгалантай утсаар ярихаар өгнө гэдэг боловч өнөөг хүртэл ямар ч мөнгө өгөгүй байна.Иймд үндсэн мөнгө 119,500 төгрөг, хүү 89,625 төгрөг, алданги 14,937 төгрөг, нийт 224,062 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Цэрэнчимэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.үндсэн мөнгө 129700 төгрөг байгаа,үлдсэн нь хүү юм.2014 оны 12 сард 230 000 төгрөг зээлж авсан.100 300 төгрөг өгсөн.Нэмж 2015 он 4 сард 100,000 төгрөг авсан.Хүүд нь 80,000 төгрөг,50 000 төгрөг өгсөн.Тэгээд 129700 төгрөг үлдсэн.2016-3-26-нд гэрээ байгуулсан гэжээ.
Хариуцагч М.Амгалан шүүхэд гаргасан тайлбарлахдаа: “Миний бие М.Амгалан нь Б.Цэрэнчимэдийн 2016-04-21-ний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Би Цэрэнчимэдээс 2014-12-09-нд 230,000 төгрөг зээлсэн, хүүг нь өгч байсан.Ингээд 2015-04-07-нд 100,000 төгрөг дахин зээлж аваад цалин буусан цагт нь хүүг нь өгч байсан.2015 оны 06-сард 80,000 төгрөг өгсөн.Зээл авсан баримтандаа бичилт хийлгээгүй хуудасаа гэртээ орхисон байсан.Тэр үед Б.Цэрэнчимэд нь надад 80,000 төгрөг төлсөн баримт өгөөгүй.Ер нь урьд нь төлж байсан хүүгийн баримтыг ч өгөөгүй, хувийн дэвтэртээ бичиж авдаг байсан.2015-10-26-нд 50,0 төгрөг аваачиж өгсөн.2015-01-28-наас 2015-2-6-хүртэл би зээлийн хүүд 30,000 төгрөг, 80,000 төгрөг, 50,000 төгрөг байнга төлж байсан.Хүүгийн хүү бодож, үндсэн мөнгө нь хасагддаггүй, өсөөд төлөх мөнгө нэмэгдээд байдаг.Би төлөх болможгүй боломжтой болохоороо бөөнд нь төлье гэж учир байдлаа ярьсан.2016-02-26-нд намайг дуудаж, зээлийн гэрээ хийсэн.Би мөнгө төлөх бүртээ өөрийн биеэр очиж өгч Б.Цэрэнчимэдийн хувийн дэвтэрт тэмдэглүүлж байсан гэжээ.
Хариуцагч М.Амгалан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.2014-12-09-нд 230,000 төгрөг,нэмж 2015 оны 4 сард 100 000 төгрөг авсан нь үнэн.Хүү төлөөд явж байсан.6 сард 80 000 төгрөг өгсөн,баримт өгөөгүй.90 000 төгрөг үлдсэн гэж хэлсэн.9 сард 145 000 төгрөг боллоо гэж хэлсэн.12 сард 50000 төгрөг өгсөн.Зөвхөн хүүд 280 000 төгрөг төлсөн.2016-3-26-нд гэрээнд гарын үсэг зуруулсан гэжээ.
Шүүх хэргийн материалаас нотлох баримтууд шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэрэнчимэд хариуцагчаас зээлийн төлбөрт 224,062 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар хэргийн 3 дугаар хуудаст авагдсан “зээлийн гэрээ” гэсэн баримтыг хавсаргасан,хариуцагч хэргийн 10-13-дугаар хуудаст авагдсан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудсууд,зээлийн гэрээ зэргийг хэрэгт хавсаргасан.
Зохигчдын хооронд мөнгөн зээлийн гэрээ байгуулагдаж М.Амгалан 2014-12-09-ний өдөр Б.Цэрэнчимэдээс 230 000 төгрөг хүүгүй,2015-4-07-ны өдөр 100 000 төгрөг хүүгүй тус тус зээлж авсан.Мөнгийг хүлээлцэхдээ барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас /хэргийн 11-12 хуудаст/гэсэн баримт үйлдэж гарын үсэг зурсан байх ба энэ талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч мөнгө зээлэхдээ хүүтэй зээлсэн гэж тайлбарлаж байх боловч мөнгө хүлээлцсэн баримтад хүү тооцох талаар тохиролцож заагаагүй /хэргийн 11,12 дахь талд/ байна.
Хэргийн 3,13 дугаар хуудаст байгаа зээлийн гэрээ” гэсэн баримтууд нь нэг өдөр /2015-10-26-/ бичсэн эх болон хуулбар хувь байх боловч нэхэмжлэгчийн гаргасан хувьд зээл олгосон хугацааг 2016-3-26 гэж тэмдэглэсэн,хариуцагчийн гаргасан хуулбар хувьд огноо бичээгүй зэрэг зөрүүтэй байна.
Уг баримтын бичсэн огноо,зээл олгосон огноо зэрэг зөрүүтэй бичигдсэн төдийгүй,уг баримтанд тэмдэглэсэн 119500 төгрөгийг хариуцагч М.Амгалан гэрээ бичсэн тухайн өдөр хүлээж аваагүй,урьд авсан мөнгөний үлдэгдэл төлбөрийг гэрээний хэлбэрт оруулан бичсэн баримт болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул уг баримтыг “зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ” гэж дүгнэх боломжгүй.
Хариуцагч М.Амгалан нэхэмжлэгчээс зээлж авсан 230 000 төгрөгнөөс 2015 оны 1 сард 100 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 11 дүгээр хуудасны ард “үлдэгдэл 130 000” гэж тэмдэглэснээр тогтоогдож байх ба түүний дараа 80 000 төгрөг,50 000 төгрөг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул нийт 230 000 төгрөг төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй.Хариуцагч “ 280 000 төгрөг төлсөн “гэж тайлбарлаж байгаа боловч баримтаар нотлогдоогүй.
Ийнхүү хариуцагч нийт 330 000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс 230 000 төгрөг төлсөн байх тул төлөөгүй 100 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагчтай зээлийн гэрээ байгуулахдаа хүү төлөх талаар тохиролцож бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй байна. Түүнчлэн 2015-10-26-ны өдрийн “зээлийн гэрээ” гэсэн баримтаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул алданги гаргуулахаа шаардах эрхгүй.
Иймд нэхэмжлэлээс үндэслэлгүй шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан М.Амгалангаас 100,000 төгрөг гаргуулан Б.Цэрэнчимэдэд олгосугай.
2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 124,062 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56 дугаар зүйлийн 561.д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 7,371 төгрөгийг төрийн санд үлдээж хариуцагчаас 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ