Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Ядмаа,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Боржигон овогт Х-гийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010439 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,  1967 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ............. дүүргийн ... дугаар хороо ....   тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Х-гийн Б-

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Х.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 10.000 нэрийн барааны дэлгүүрийн урд замд Б.З-ын эзэмшлийн Toyota Fun Cargo маркийн ....УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.С-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Х.Б- нь Toyota Fun Cargo маркийн ....УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.С-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 5-6 дугаар хуудас/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 7-10 дугаар хуудас/

Хохирогч Г.С-ийн “2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 40 минутын орчим би 3-4 дүгээр хорооллын 10000 нэрийн барааны дэлгүүрийн урд талын замаар ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү төрсөн эх Наранцэцэгийн хамт явган хүний гэрэл дохиогүй гарцаар зам хөндлөн гарч явтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү явж байсан хар өнгийн суудлын  автомашин 2 дугаар эгнээгээр ирж явахыг харсан. Би цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлэн 3 дугаар эгнээ рүү явж байтал хар өнгийн суудлын автомашин миний зүүн гар талаас ирж мөргөсөн. Би урагшаа шидэгдэж замын боржурын хажууд газар унасан. Миний хойд талд ээж 2 метрийн зайтай араас алхаж явсан болно. Намайг мөргөсөн автомашинаас настай эрэгтэй бууж байсан. Хэн цагдаа болон 103 руу дуудлага өгсөнийг мэдээгүй, нэг зохицуулагч цагдаа эхэлж ирсэн. Үүний  дараа 103-ын эмч ирж намайг үзээд Гэмтлийн эмнэлэг явах шаардлагатай гэж авч явсан. Би ээж Наранцэцэгийн хамт Гэмтлийн эмнэлэг орж хэвлийн эхо, томографийн шинжилгээ өгөх шаардлагатай гэж бичиг хийж өгсөн. Ослоос хойш холбогдох шинжилгээнүүдийг өгсөн. ... Жолооч Х.Б-ын зүгээс тухайн үед 80.000 төгрөг гаргаж өгсөн. Өөр гаргаж өгсөн зүйл байхгүй. Эмчилгээнд гарсан дээрх хохирлыг барагдуулж авахыг хүсэж байна. Жолооч Х.Б-д гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дүгээр/

Иргэний хариуцагч Б.З-ын “... Дүүрэнбат ахын найз Б- гэдэг хүн Дүүрэнбат ахаас дээрх машиныг гуйж унаж яваад зам тээврийн осол гаргаж хүн мөргөснийг Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгөх үедээ мэдсэн. Миний зүгээс бусдад учруулсан хохирлыг төлөх боломж байхгүй. Дүүрэнбат болон Б- нар хохирлын асуудлыг шийдэх болно. Би энэ асуудлыг дууссаны дараа яаралтай өөрийн нэр дээрээс дээрх автомашиныг Дүүрэнбатын нэр дээр шилжүүлэх болно. ...Миний зүгээс машинд учирсан хохирлыг мэдэхгүй. Дүүрэнбат ах машинаа зассан гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36-37 дугаар хуудас/

Гэрч Ц.Наранцэцэгийн “... охин С-ийн хамт 3-4 дүгээр хорооллын 10000 нэрийн барааны дэлгүүрийн урд талын зам гарахаар миний урд талд охин Г.С- би араас нь 2-3 алхамын зайтай явж байтал хар өнгийн суудлын автомашин ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү 2 дугаар эгнээгээр хурдтай орж ирсэн. Охин Г.С- машиныг хараад цааш гүйтэл хар өнгийн машин охин С-ийн явсан чиглэл рүү жолоогоо дарж явган хүний гарц дээр буюу 3 дугаар эгнээнд охины зүүн талаас хар өнгийн машин урд хэсгээрээ мөргөхөд охин урагшаа хүчтэй шидэгдэж замын боржурны хажууд газар унасан. ... С-ийн карманд байсан түрүүвч гар утас нь машинд мөргүүлсэний дараа замын хажуугийн хайс дотор унасан байсныг авсан. ... Миний охиныг мөргөсөн автомашиныг жолоодож явсан жолооч нь эрэгтэй, настай хүн байсан ба нэрийг нь Б- гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 47 дугаар хуудас/

Гэрч Э.Нямбаярын “... Ахуй үйлчилгээний уулзвар өнгөрч миний сууж явсан автомашин 2 дугаар эгнээгээр явсан. Энэ үед 1 дүгээр эгнээнээс цагаан өнгийн суудлын автомашин хөдөлж зэрэгцэж явах үед явган хүний гарцаар 2 явган зорчигч гарч явсан. Энэ үед гарцны наад талд цагаан өнгийн машин зогссон. Харин миний сууж явсан машин 2 дугаар эгнээндээ явж байгаад  явган хүний гарцаар гарч явсан эмэгтэй урагшаа гүйхэд нь гүйсэн зүг рүү нь жолооны хүрдээ дараад явган зорчигчийн хажуу талаас мөргөхөд явган зорчигч машины урд талын шилийн толгойгоороо цохиж урагшаа газар шидэгдэж унасан. Уг машин замын хажуугийн төмөр хайсыг мөргөж зогссон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 52 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №12640 /нэмэлт №1248/ дугаартай:

“1. Г.С-ийн биед бүсэлхийн 5, ууцны 1 дүгээр нугалмын түвшинд жийргэвч мөгөөрсний урагдал, бүсэлхийн 4, 5, ууцны 1-р нугалмын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 65 дугаар хуудас/

Тээврийн Цагдаагийн албаны  2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 796 дугаартай шинжээчийн:

“1. Toyota Fun Cargo маркийн ....УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн  жолооч Х.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Г.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн  гэх үндэслэлгүй байна.

3. Жолооч Х.Б-ын буруутай үйлдлээс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 89-90 дүгээр хуудас/

Шүүгдэгч Х.Б-ын яллагдагчаар өгсөн “2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 40 минутын орчим би З- гэдэг хүний нэр дээр эзэмшлийн Toyota Fun Cargo маркийн ....УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү Баянгол дүүргийн нутаг 10000 нэрийн барааны дэлгүүрийн урд замаар 2 дугаар эгнээгээр явж байгаад 3 дугаар эгнээ рүү шилжиж орох агшинд ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явган хүний гарцаар явган зорчигч эмэгтэй гарч ирэхэд нь би уг эмэгтэйгийн зүүн талаас өөрийн жолоодож явсан автомашины баруун урд талаар мөргөхөд явган зорчигч баруун тийш шидэгдэж газар унасан. ... Тухайн үед 50-60 км цагийн хурдтай явж байсан. ... Бусдад учруулсан хохирлыг барагдуулах болно. Өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Миний буруу” гэсэн мэдүүлэг /хэргийн 100-101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Х.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч Х.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Б- нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Х.Б-ын буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.С-д зам тавьж өгөх дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас түүнийг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Шүүгдэгч Х.Б- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасаныг дурдах нь зүйтэй.

Хохирогч Г.С-ээс шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “Миний бие Г.С- нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б-аас 1.150.000 төгрөг бэлнээр хүлээж авав. Мөн өмнө 2018 оны 10  дугаар сарын 07-ны өдөр 80.000 төгрөг бэлнээр хүлээж авсан нь үнэн болно. Нийт 1.230.000 төгрөг хүлээж авсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно” гэжээ.

Иймд шүүгдэгч Х.Б-аас энэ тогтоолоор хохирол, хор уршгийн төлбөр гаргуулах төлбөргүй бөгөөд хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн 775405 дугаартай үнэмлэх, 01418329 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг зэргийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож шийдвэрлэлээ.

          Шүүх, шүүгдэгч Х.Б-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан холбогдсон зүйл, хэсэгт зааснаар торгох ял оногдуулав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Х-гийн Б-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-ыг 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Х.Б- торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Х.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Г.С- нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн 775405 дугаартай үнэмлэхийг Х.Б-д, 01418329 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.З-д тус тус буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                              

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ