Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01287

 

 

 

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01287

 

 

 Л.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/01899 дугаар шийдвэртэй, Л.А-гийн нэхэмжлэлтэй А.Ц-т холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12,200,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 10,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Л.А нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Швед Улсад оршин суух Б.А а, Б.Ар, Герман Улсад оршин суух Б.Э нараас Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоот, 29 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар худалдагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талууд 50,000,000 төгрөгөөр тус орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлж, үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр худалдахаар тохиролцсон. Орон сууцны өмчлөгч Б.А, Б.Ар, Б.Э нар гадаад улсад амьдардаг тул орон сууцны үнийг А.Ц-ын данс руу шилжүүлж байсан. Нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдрөө орон сууцны үнэд 6,900,000 төгрөгийг хариуцагч А.Ц-ын эзэмшлийн Хаан банкны 502412**** тоот дансанд шилжүүлсэн. Худалдагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүйгээс банкны зээл /ипотек/-д хамрагдах боломжгүй байсан бөгөөд байрны үнийг сар бүр хариуцагч А.Ц-ын эзэмшлийн данс руу шилжүүлэхээр тохиролцсоны дагуу худалдагч нар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж зээлд хамрагдаж үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл маргаан бүхий орон сууцыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Ц-ын өмчлөлд шилжүүлж, А.Ц нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий орон сууцны эзэмшлээс нэхэмжлэгч Л.А-г чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзээгүй учир орон сууцны үнэд шилжүүлсэн 12,200,000 төгрөгийг хариуцагч А.Ц-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Л.А нь иргэн А.Ц-аас 12,200,000 төгрөг гаргуулах нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед Л.А нь Швед улсад оршин суух Б.А а, Б.Ар, Герман улсад оршин суух Б.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-тай 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 7 дугаар байрны 28 тоот, 29 м.кв талбайтай орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүй учир 2 жил хүлээсний эцэст Б.Э нь А.Ц-д тухайн орон сууцыг худалдсанаар тус орон сууцны өмчлөгч болсон билээ.

Нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдрөө орон сууцны үнэд 6,900,000 төгрөг төлсөн гэх боловч Л.А нь арга заль хэрэглэж миний дансны лимит дууссан, таны дансанд мөнгө хийгээд авъя гэж хэлээд А.Ц-ын дансаар 5,000,000 төгрөг болон 1,900,000 төгрөгийг нийт 6,900,000 төгрөгийг шилжүүлэн бэлэн мөнгөөр тэр дороо өөрөө буцаан авсан байдаг. Мөн Л.А байрны төлбөр төлөөгүй, сарын түрээсийг 400,000 төгрөгөөр тооцон түрээсийн төлбөрт 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл 7,200,000 төгрөг төлсөн ба үүнээс хойш төлбөр төлөөгүй. Дээрх үйл баримт нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/01524 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01407 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/01017 тоот тогтоолоор шийдвэрлэгдсэн бөгөөд дахин ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: А.Ц нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот, 29 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд Л.А энэхүү орон сууцыг худалдан авна гэж худал итгэл үнэмшил төрүүлэн худалдаж авахгүйгээр тухайн орон сууцыг өөрийн болгох гэж янз бүрийн арга заль хэрэглэж төөрөгдүүлсээр 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийт 36 сар тус орон сууцанд амьдарч зээл хөөлцөлдөж байгаа гэх шалтгаанаар хойшлуулж сүүлдээ шүүхэд нэхэмжлэл гаргаж цаг хугацаа сэтгэл санаагаар хохироож, боломжийг минь алдагдуулж өдий хүрсэн. Тухайн үеийн байрны түрээс 600,000-800,000 төгрөг байсан ч Л.А нь худалдаж авна гэж хэлээд зээл гартал үнэгүй яаж суух вэ гэсэн болохоор нь тал үнээр нь түрээслүүлсэн.

Иймд Л.А нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийт 36 сар миний өмчлөлийн байранд амьдарснаас 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл 7,200,000 төгрөг сар бүр 400,000 төгрөгөөр тооцож төлсөн. /18сар/, 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал төлбөр төлөхгүйгээр тус байранд амьдарсан. Энэ хугацаанд би бусдад байраа хөлслүүлсэн бол сар бүр 600,000 төгрөгөөр, нийт 18 сарын хугацаанд 10,800,000 төгрөг олох байсан, миний боломжийг удаа дараа алдагдуулсан тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Л.А гаас миний хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өмнө нь орон сууц хөлслөх гэрээний үүрэг гэж, сая олох ёстой байсан орлого гэж тайлбарлаж байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардаж байна уу, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт шаардаж байна уу гэдэг нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн агуулгад худалдаж авахаар тохиролцож оруулсан гэж тайлбарлаж байна, хариуцагчтай орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй, анхнаасаа худалдан авах зорилгоор орсон. Худалдан авах зориулалтаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн үед өмчлөгч нар нь Б.Ар, Б.А, Б.Э нар байсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нь гэрээ байгуулсан. Тус гэрээнд урьдчилгаа 30 хувийг төлж үлдэх төлбөрийг банкны зээлээр төлнө гэж тохиролцоо хийсэн. Үлдэгдэл 70 хувийг банкны зээлээр төлөхөд худалдагч нь өмчлөлийг шилжүүлэх үүрэг хүлээсэн гэтэл өмчлөлд шилжүүлээгүйгээс ипотекийн зээлэнд хамрагдах боломж нөхцөл бүрдэхгүй, 70 хувийг бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас манай зүгээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тус гэрээг давж заалдах шатны шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон учир бид энэ хэрэгт нотлох баримтаар хавсарган өгөөгүй, тус гэрээнд өмчлөгчөөр бүртгүүлэх үүргийг худалдагч тал хүлээж байсан боловч биелүүлээгүй.

Иймд орон сууц хөлслөх гэрээний үүрэг анхнаасаа үүсээгүй. Мөн 2019 оны 12 дугаар сараас хойш 2022 оны 12 дугаар сарыг дуусах хугацаа гэж тайлбарлаж байна. Гэтэл А.Ц- нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс тус байрны өмчлөгч болсон, 2019 онд түрээслэх эрхтэй этгээд мөн эсэх нь мэдэгддэггүй. Энэ байрны өмчлөгч биш байсан, өмчлөгч биш байж энэ байрны хөлс шаардаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ц-аас 12,200,000 /арван хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.А-д олгож,

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ц-ын хариуцагч Л.А-д холбогдуулан гаргасан 10,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 210,150 төгрөг, хариуцагчаас төлсөн 187,750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ц-аас 210,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.А д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01407 дугаартай магадлалын Хянавал хэсгийн 5в-д тэмдэглэснийг нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үүргээ огт биелүүлээгүй, худалдан авсан зүйлийхээ үнийг төлөөгүй болохыг шүүх нэгэнт тогтоосон байна гэж ойлгох учиртай. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу Л.А орон сууцны үнэнд шилжүүлсэн 12,200,000 төгрөгөө А.Ц-аас буцаан шаардах эрхтэй байна гэж буруу дүгнээд хариуцагч А.Ц-аас орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 12,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.А д олгохоор шийдвэрлэв гэжээ.

Нэхэмжлэгч Л.А нь орон сууц худалдан авсан гэх 50,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй, хүний орон сууцанд зүгээр суухгүй гэх үндэслэлээр нэг сарын 400,000 төгрөгөөр тооцон түрээсийн төлбөрт 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл 7,200,000 төгрөг төлсөн 2021 оны 07 сараас хойш түрээсийн төлбөр огт төлөөгүй нь А.Ц- болон Л.А-гийн дансны хуулгаар нотлогддог. Гэтэл шүүх урьдчилгаа төлбөрөөс зохих хэмжээгээр төлсөн гэж үзэн хэт нэг талыг барьж хэргийн бодит нөхцөл байдлыг дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

6.2. Нэхэмжлэгч Л.А Б.Э-тэй орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний банкны лимит дууссан, таны дансанд мөнгө хийе гэж хэлээд А.Ц-ын Хаан банкны дансанд 5,000,000 төгрөг, 1,900,000 төгрөг, нийт 8,900,000 төгрөгийг хийгээд буцаагаад өөрөө авсан байдаг. Энэ нь Л.А, А.Ц-ын дансны хуулгаар нотлогдог. Гэтэл үүнийг Л.А урьдчилгаа төлбөрөө төлсөн мэтээр нэхэмжлэл гаргаж шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.3. Түрээсийн гэрээг аман хэлбэрээр байгуулсан гэдэгт нэхэмжлэгч маргаагүй...2020 оны 03 дугаар сараас эхлээд худалдах худалдан авах гэрээ дуусгавар болж, түрээсийн харилцаа үүссэн 2021 оны 07 дугаар сар хүртэл түрээсийн гэрээний үүрэг сар бүр тогтмол 400,000 төгрөгөөр биелэгдээд явж байсан. 2021 оны 07 дугаар сараас хойш огт түрээсийн төлбөр төлөөгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 12 дугаар хуудсанд Түрээсийн гэрээ байгуулагдаж байсан нь үнэн гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн талаар тусгагдсан" гэж давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 2,3 дугаар хуудсанд тодорхой бичсэн байгаа. Иймээс нэхэмжлэгч нь урьдчилгаанд өгсөн мэт тайлбарладаг, хариуцагчийн дансруу нь дөнгөж оруулаад бэлэн мөнгөөр буцаан авсан 6,900,000 төгрөгөө, хариуцагчийн орон сууцанд амьдарч байсан үеийнхээ түрээсэнд төлсөн мөнгийг нэхэмжлэх эрхгүй, харин Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч уг байранд амьдарсан хугацааны төлбөрийг хариуцагчид төлөх нь шудрага ёсонд нийцнэ. Худалдах худалдан авах гэрээний төлбөрт нэг ч төгрөг төлөөгүйг шүүх нэгэнт тогтоосон байтал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримталж анхан шатны шүүх шийдвэр гаргасныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцны үнийг төлөх үүргээ хүлээсэн боловч 2 жилийн хугацаанд төлөөгүй. Тухайн орон сууцыг худалдан борлуулахад хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.

2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.3-т дүгнэсэн. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас 2 жилийн хугацаа өнгөрсөн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж заасан нь үндэслэлгүй гэж гомдол гаргасан байна. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн магадлалд Л.А, н.Э нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн учраас гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноос үүсэх үр дагавар нь буцаагдах хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч Л.А нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хууль ёсны өмчлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбилэгтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн орон сууцанд орсон.

Хууль ёсны өмчлөгч Б.А, Б.Ар, Б.Э нар нь гадаад улсад амьдардаг учраас Б.Эр-т олгосон итгэмжлэлээр түрээслэх эрх олгоогүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээний итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, урьдчилгаа өгсөн үйл баримт байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүй. Худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхгүй байсан учраас ковид-19 цар тахал гарсан учраас хариуцагч нь өмчлөх эрхээ шилжүүлдэггүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй. Хариуцагчийн зүгээс гаргасан Хаан банк ХХК-ийн дансны хуулга нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Түрээсийн гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн талаар талууд маргаагүй. Өмнөх маргаанд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбар гаргаж байгаагүй. Мөн өмнөх хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлүүд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэгт түрээсийн төлбөр төлж байсан талаарх үйл баримт байхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй байна.

2. Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч А.Ц-т холбогдуулан орон сууцны үнэд шилжүүлсэн 12,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны хөлс 10,800,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 3. Нэхэмжлэгч Л.А, Б.Эр нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь, хариуцагч А.Ц, Б.Эр нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01407 дугаартай магадлалаар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. /хх 67-71/

 4. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Хүчин төгөлдөр бус хэлцэл нэхэмжлэгч Л.А, Б.Эр нарын хооронд хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Б.Эр-тэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэхээр түүний ээж А.Ц-т мөнгө шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар А.Ц-аас мөнгөө буцаан шаардах эрхтэй.

4.1. Нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчид буцааж өгсөн тул хэлцлийн дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах эрхтэй. Нэхэмжлэгч орон сууцны үнэд 12,200,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч орон сууцны үнэ төлөөгүй, харин орон сууцны хөлс 7,200,000 төгрөг төлсөн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан хариуцагчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд гэрээ байгуулагдсан өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 1,900,000 төгрөгөөр орлогын гүйлгээ хийгдэж, мөн дүнгээр зарлагын гүйлгээ хийгдсэнийг хариуцагч нь Л.А миний дансны лимит дууссан, таны дансанд мөнгө хийгээд авъя гэж хэлээд А.Ц-ын дансаар 5,000,000 төгрөг болон 1,900,000 төгрөг, нийт 6,900,000 төгрөгийг шилжүүлэн бэлэн мөнгөөр тэр дороо өөрөө буцаан авсан гэж тайлбарласан боловч хариуцагчийн тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагчийн дансанд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр түрээс А гэсэн гүйлгээний утгатай 1,200,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр А-гаас гэсэн гүйлгээний утгатай 600,000 төгрөг, А гэсэн гүйлгээний утгатай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 600,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 600,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 600,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 399,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 401,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 400,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 400,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 400,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөгийг нэхэмжлэгч нь шилжүүлсэн байна.

Дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 14,100,000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч нэхэмжлэгч 12,200,000 төгрөгийг буцаан шаардсан тул нэхэмжлэлийн хүрээнд хариуцагчаас 12,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардсан байхад шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримталсан нь буруу байна. Өөрөөр хэлбэл, хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг нь гэрээний бус үүрэг байхад анхан шатны шүүх гэрээний эрх зүйн хэм хэмжээг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

5. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч бусдад байраа хөлслүүлсэн бол сар бүр 600,000 төгрөг, нийт 18 сарын хугацаанд 10,800,000 төгрөг олох байсан гэх үндэслэлээр 10,800,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 36 сарын хугацаанд хариуцагчийн орон сууцанд оршин суусан буюу эзэмшилдээ байлгасан үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна.

Хэлцлээр шилжүүлсэн бүх зүйл хэлцэл хүчин төгөлдөр бус болсон үндэслэл, түүний үр дагаварт шууд хамааралтай учир буцаан өгөх үүргийг үүсгэдэг. Энэ утгаараа шилжсэн эд хөрөнгийг ашигласан хэмжээгээр нэг тал хөрөнгөжсөн байдаг бол нөгөө тал хөрөнгийн алдагдал хүлээдэг учир хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хөрөнгөжсөн этгээдийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үздэг бөгөөд тэрээр шилжүүлэн авсан хөрөнгийг буцаан өгөхийн зэрэгцээ уг хөрөнгөөс олсон орлого, үр шимийг ч буцаан өгөх үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг үнэ төлбөргүй эзэмшиж ашигласнаар түүнд ашигтай байдал бий болсон гэж үзэх тул хариуцагч өөрт учирсан алдагдлыг орон сууцны хөлсөөр дүйцүүлэн үнэлж буцаан шаардсаныг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого, үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшсэн тул шударга эзэмшигч мөн боловч хариуцагч тухайн орон сууцны өмчлөгч болсноор түүний эзэмшил дуусгавар болно.

Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй тул хариуцагч орон сууцны өмчлөгч болсон үеэс эхлэн түүнд тухайн орон сууцны үр шим нь мөн адил шилжинэ.

Нэхэмжлэгч хариуцагчид түрээс А гэсэн гүйлгээний утгатай сард 400,000-600,000 төгрөг шилжүүлж байсныг үндэслэн хариуцагч орон сууцны хөлсийг нэг сарын 400,000 төгрөгөөр тооцсон ба үүнийг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд хариуцагч орон сууцны өмчлөгч болсон 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс нэхэмжлэгч орон сууцыг буцааж өгсөн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууцны хөлсийг нэг сард 400,000 төгрөгөөр тооцон нийт 4,800,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

 6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нэг ч төгрөг төлөөгүй гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргажээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01407 дугаар магадлалын үндэслэх хэсэгт .. худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор орон сууцны үнийг төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн тул хариуцагч нь тухайн орон сууцыг өөр этгээдэд худалдсаныг буруутгэх үндэслэлгүй гэж дүгнэжээ. Шүүх нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор орон сууцны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэснийг нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нэг ч төгрөг төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд энэ агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/01899 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1-д гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.А гаас 4,800,000 төгрөгийг гаргуулж хариуцагч А.Ц-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтад Л.А-д гэсний дараа нэхэмжлэгч Л.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 91,750 төгрөгийг гаргуулж хариуцагч А.Ц-т тус тус гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН