Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Д.О- нарыг оролцуулан хийсэн анхан шатны шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Боржигон овогт Д-ын О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805059101243 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй,  ........ жолооч ажилтай, Баянгол дүүргийн ...  дугаар хороо .....  гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... дугаар хороо ... байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Д-ын О-

 

Холбогдсон хэрэ.г /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.О- нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... байрны ...  тоотод эхнэр ........ маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч  Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч С.Эийн “Би нөхөр О-тай 2008 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа бөгөөд бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. ... Тэгсэн чинь өмнөх өдөр би найзуудтайгаа уулзсан байсан чинь тэрний талаар О- яриад хардаад хэрүүл үүсгэсэн. Тэгээд маргалдаж байгаад би том өрөөнд хүүхэд уйлахаар нь би тонгойсон чинь О- миний нүүр рүү нэг удаа өшиглөсөнөө жижиг өрөөнд ороод орилоод тэрнээс нь болж хүүхдүүд уйлаад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Би миний биел учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна. Тухайн надад учирсан хөнгөн зэргийн гэмтлийг манай нөхөр О- миний нүүр рүү нэг удаа өшиглөж надад учруулсан. Өмнө нь хэрэлдэж  маргалдаж байсан. Тэрнээс намайг зодож цохиж байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13155 дугаартай:

“1. С.Эийн биед баруун нүдний зовхи, хацар, нуруунд цус хуралт шалбаралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Д.О-ын яллагдагчаар өгсөн “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би найзуудтайгаа 3 дугаар хороололд архи ууж байгаад орой 20 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо 83а-39 тоотод байрлах гэр лүүгээ харьж яваад орцныхоо үүдэн дээр эхнэр Энхцэцэгтэй тааралдаад гэр лүү хамт орсон.

Тэгээд хэд хоногийн өмнө эхнэр Энхцэцэг найзуудтайгаа гадуур гараад гэртээ өглөө үүрээр 04 цагт ирсэн байсан. Тэр асуудлаас болж би эхнэр Энхцэцэгтэй маргалдсан. Тэгээд маргалдаж байгаа би Энхцэцэгийн нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь эхнэр Энхцэцэг цагдаад дуудлага өгөөд би цагдаагийн байгууллага дээр ирсэн. ... Би эхнэр Энхцэцэгтэй эвлэрсэн байгаа. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Д.О- нь хамтран амьдрагч С.Этэй хоорондын таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь өшиглөж баруун нүдний зовхи, хацар, нуруунд цус хуралт шалбаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Д.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч С.Эээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Хохирогч Сүхзаяа овогтой Энхцэцэг би яллагдагч Д- овогтой О-тай харилцан зөвшөөрч сайн дураар эвлэрсэн бөгөөд би ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 52 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Д.О- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасаныг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.О- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүх шүүгдэгч Д.О-ыг 450,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Д-ын О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.О- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ