Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2016/00094/И |
Дугаар | 134/ШШ2016/00085 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 134/ШШ2016/00085
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Нутгийн удирдлагын ордонд байрлах, Г.Т нэхэмжлэлтэй А ХХК-ийн холбогдох /Хуулийн этгээдийн татварын өр 18 707 505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Т хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус хэлтэст салбараар бүртгүүлэн Жонш олборлолт, боловсруулалт, экспортын үйл ажиллагааны чиглэлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Аяганы хонхор гэх газарт үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь 2015 онд тайлангаар ногдуулсан цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварт 17 736 705 төгрөг 10 мөнгийг, 2016 оны үл хөдлөх хөрөнгийн албан татвар 970 800 төгрөг, нийт 18 707 505 төгрөгийн өрийг төлөхгүй Татварын хууль тогтоомжийг зөрчсөөр байна. А ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1-д заасны дагуу 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 323 600 төгрөгийн үнэлгээ бүхий Үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлж, албан татвар төлөгчийн 000009164 тоот гэрчилгээ авсан. Тус хэлтэст офисс, граж, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн байгууламж бүхий үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн. Мөн 591.85 м төмөр зам бүхийг газрыг өмчилж, Ү-1902001904 дугаар бүхий 000102276 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан бөгөөд Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг зөрчиж албан татвараа төлөхгүй өр үүсгээд байна. Иймд 2015 оны тайлангаар ногдуулсан цалин болон түүнтэй адилтгах орлогын албан татварт 17 736 705 төгрөг 10 мөнгө, 2016 оны үл хөдлөх хөрөнгийн албан татвар 970 800 төгрөг, нийт 17 707 505 төгрөгийн татварын өрийг төхгүй Татварын хууль тогтоомжийг зөрчиж байгаа тул дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г Ч.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: А ХХК нь татварын өр 18 707 505 төгрөгийн өрийг төлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал дээрх татварын өрийг бүрэн төлж барагдуулсан гэжээ.
Хариуцагч А ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Дундговь аймгийн Өлзийт суманд Хөтөл-Ус нэртэй газарт олборлолтын чиглэлээр, Говьсүмбэр аймгийн Чойр хотод бутлах ялгах, ангилах, ачих чиглэлээр, Улаанбаатар хотод төв офисс байрлаж, хэсэг тус бүрдээ үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн орлого ОХУ руу экспортлогдож байгаа жоншны орлогоос бүрддэг бөгөөд 2014 оны 10 дугаар сард ачигдсан жоншны агуулга унасан, ОХУ-д үүссэн санхүүгийн хямрал болон рублийн ханшийн уналтаас шалтгаалж манай компанид санхүүгийн хувьд хүндрэл үүсч Говьсүмбэр Т их хэмжээний татварын өр үүссэн. Энэхүү татварын өр болох 18 707 505 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 8 707 505 төгрөгийг шилжүүлж өрийг хаасан гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Т хэлтэс нь А ХХК-д холбогдуулан татварын өр 18 707 505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа бүрэн төлж, биелүүлсэн талаарх тайлбарыг талууд шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Энэхүү нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч А ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 125 744 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Т хэлсийн нэхэмжилсэн татварын өр 18 707 505 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А ХХК нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 125 744 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ