Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Ц.Ж- түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Ц-ийн Ж-д холбогдох 1805060701248 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ................ ХХК-д инженер ажилтай, ............ дүүргийн ...... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овогт Ц-ийн Ж-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Ж- нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр зам дахь Ган зам пресс төвийн орчим иргэн Ө.Б-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ж- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.  

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийсэн “Латин үсгээр HP invent гэсэн бичигтэй цэнхэр өнгийн СД-ийг компьютерт уншуулахад Ch371_20181203145737 хаягтай нийт 4 минут 49 секундын бичлэг байв.

“... бичлэгийн зүүн доод булангаас өөр нэг дээгүүрээ үстэй захтай бараан өнгийн куртик өмссөн эрэгтэй хүн баруун тийш чиглэн гарч ирэх ба анх газраас ямар нэгэн зүйл авч шидэх үйлдэл гаргасан эрэгтэй хүний зүг чиглэн очоод энгэр хавиас заамдан авах ба энэ үед бичлэг эхлээд 33 секунд болсон байв. ... Үзлэг цааш явуулахад 1 минут 06 секундэд А-нь Б-гийн нүүр орчимд зүүн гараараа алгадах үйлдэл гаргах үед Б нь доошоо тонгойх гэж байгаад больсон ба А-нь Б-г баруун гараараа цохих уу эсвэл Б-ийн зүүн гараараа заамдсан хэсгийг тавиулах үйлдэл хийн Б-гийн гарын тавиулах гэж байснаа Б-г тонгорон газар унагаах үед бичлэг 1 минут 11 секунд болж байв” гэсэн тэмдэглэл. /хэргийн 15-17 дугаар хуудас/

 

Хохирогч Ө.Б-ын “Би тэр орой 18 цаг 30 минутын үед Төмөр замын арктай шар байранд байдаг өдөр өнжүүлэхээс хүүхдээ аваад өөрийн 76-58 УБС улсын дугаартай хүрэн өнгийн Тоёота Клугер маркийн машинтайгаа гэр рүүгээ явахаар арктай шар байрнаас урагш Төмөр замын Вокзал чиглэж яваад Тоса төвийн  хойд талын уулзвараар зүүн тийш эргэж байтал гарцан дээр нэг согтуу хүн хөдөлгөөнгүй миний машины өөдөөс харж гараа алдлаад зогсоод байсан бөгөөд би эхэндээ жоохон тэр хүнийг замаар гараад явчих юм болов уу гэж бодоод харж зогссон боловч тэр хүн огт хөдлөхгүй, явахгүй зогсоод байхаар нь дуут дохио өгсөн. Тэр үед харин нөгөө хүн хөдлөөд зам гарахаар нь би хөдөлгөөнөө үргэлжлүүлтэл нөгөө зам дээр зогсоод байсан хүн миний машины  баруун хойд талын дугуй орчим нэг удаа өшиглөсөн. Тэгээд нөгөө хүн  миний машины дугуй руу өшиглөчихөөр нь би гайхаад толиндоо хартал нөгөө хүн газраас чулуу хайгаад байхаар нь би шууд машинаа зогсоосон. Буугаад өнгөө хүн рүү дөхөж очоод заамдаж аваад чи уусан идсэн зүйлээ зөв шингээж чадахгүй замын хөдөлгөөнд саад учруулдаг юм бэ чамайг цагдаад барьж өгнө гээд нэг гараараа нөгөө хүнийг бариад баруун гараараа гар утсаа гарган 102 дугаарт дуудлага өгөх гэтэл нөгөө хүн миний толгой, нүүр орчим хоёр гараараа ээлжлэн цохисон бөгөөд тэр үед миний харааны шил мултраад газар унасан. Тэгээд би газар унасан шилээ авах гээд тонгойтол нөгөө хүн намайг газар тонгороод унагаасан бөгөөд нөгөө хүн намайг газар уначихсан байхад миний бие рүү хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод байсан бөгөөд би унахдаа дээшээ хараад уначихсан болохоор босох санаатай газар дээрээ эргээд хоёр гараараа тулаад босох гэтэл нөгөө хүн миний нүүр орчим нэг удаа өшиглөөд дахиад өшиглөх үед миний баруун гарын тохой таарсан.

... Тэр үед би гар утсаараа цагдаад дуудлагад өгсөн бөгөөд бид хоёрыг хөөцөлдөж байх үед хаанаас ч юм мэдэхгүй намайг зоддог хүний эхнэр нь гээд нэг эмэгтэй гарч надад эр хүмүүс байж хоорондоо зохицоо гэж хэлээд нөхрийгөө Ж- гэлүү хэн гэлээ нэг нэрээ дуудаад байхаар нь би тэр эмэгтэйг барьж аваад явуулахгүй бариад зогсож байсан. ... Би тухайн хүний өмсөж явсан куртикны гаднаас хоёр энгэрийг нь нөгөө заамдсан. Тухайн үед тэр хүн миний амьсгал боогдоод байна гэж юм яриагүй. Би өөрөө ч тэгж аймар хүнд боолтонд орохоор заамдаагүй. Зүгээр куртикны хоёр энгэрээс заамдсан.  ... Миний хувьд хэрэг болох үед миний харааны нүдний шил хагарч дахин ашиглах боломжгүй болсон. Тэр шилээ төлүүлмээр байна. Мөн толгойн зураг авхуулсан 120.000 төгрөг, мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг төлүүлмээр байна. Миний автомашин маш их шатахуун иддэг бөгөөд хэрэг болдог өдөр тэр хүнээс нааш цааш их явсан учраас  би шатахууны мөнгө 20.000 төгрөг гаргуулмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

“... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би  яллагдагчаас хохирлын мөнгө 300.000 төгрөг авсан. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14208 дугаартай:

“1. Ө.Б-ын биед уруулд өнгөц няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 33 дугаар хуудас/

 

Гэрч Э.Дэмбэрэлсүрэнгийн “... дуудлага өгсөн Б- гэгч нь Ж-ы эхнэртэй хамт дуудлага өгсөн газраа зогсож байсан. ... Б- нь дуудлага өгсөн газраа хамраас нь цус гарсан байдалтай цагдаагийн ахлах ахлагч Эрдэнэбаяртай уулзаад өөрийнхөө машинаар манай хэлтэс дээр очиж өргөдөл гаргаад уулзана гээд үлдсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

 

Гэрч Д.Тогосын “... Б- эгчээ энэ танай нөхөр юм уу би таныг барьцааллаа танай нөхөр намайг зодчихлоо гээд хамар, амнаас нь цус гарчихсан зогсож байснаа миний гарнаас зуураад авчихсан. ... Намайг анх очиход хохирогч гээд байгаа залуугийн хамарнаас цус гарчихсан, хувцас нь энд тэндээ шороо болчихсон байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

Гэрч Б.Эрдэнэбаярын “... Б-ын хамарнаас цус гарсан байдалтай байсан бөгөөд Ж- хэлэхдээ Б-ын хамар орчим нэг удаа цохисон гээд байсан”  гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/

 

Ц.Ж-ы яллагдагчаар өгсөн “... Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дансаар хохирлын мөнгө гэж 300.000 төгрөг шилжүүлсэн байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ж- нь Ө.Б-тай үл ялих зүйлээс болж маргалдан биед уруулд өнгөц няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Ө.Б-ын мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэбаяр, Э.Дэмбэрэлсүрэн, Д.Тогос нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Ц.Ж-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ө.Б-аас прокурорт гаргасан хүсэлтэндээ “хохирогч Ө.Б- миний бие яллагдагч Ц.Ж-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн бөгөөд Ц.Ж- нь хохирол болох 300.000 төгрөг өгч хохиролгүй болгосон тул ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хэргийн 55 дугаар хуудас/

Иймд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  Ц.Ж- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Ц.Ж- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Ц-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ж-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ж- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ж- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Ж- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ