Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01330

 

 

  

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01330

 

 

Ц.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/01087 дугаар шийдвэртэй, Ц.С-ын нэхэмжлэлтэй И ТӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М, Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие И-ийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албанд 2015 оноос эхлэн Захиргаа, санхүүгийн хэсгийн Захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй.

1.1. Би хүнд өвчний улмаас мэс засалд орж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учраас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл албан ёсоор чөлөө авсан. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу намайг чөлөөтэй байх хугацаанд ИНЕГ-ын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/135 дугаар тушаалаар Захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан тул 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын мэдэлд шилжин ажиллах болсныг үүгээр мэдэгдэж байна гэх агуулгатай мэдэгдэх хуудас гаргасан бөгөөд тус өдөр намайг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын захиргаа, хууль, эрх зүйн хэлтсийн сургалтын мэргэжилтнээр томилж, Б/61 тоот тушаал гаргахдаа надад урьдчилж мэдэгдээгүй болно.

Иймд намайг өөр албан тушаалд хууль бусаар буюу хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, үндэслэлгүй ажпаас шилжүүлсэн гэж үзэж байх тул миний урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Захиргаа, санхүүгийн хэсгийн захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийг эмчилгээ хийлгэж байх буюу ажил үүргээ гүйцэтгээгүй байхад нь түүнд мэдэгдэлгүйтушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажлаас нь чөлөөлж, харилцан тохиролцоогүй өөр ажилд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, ажилтныг эрүүл мэндийн магадлагаатай байхад ажлын байрыг нь хэвээр хадгалахаар байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан 30-аас доошгүй хоногийн өмнө ажилтанд бичгээр мэдэгдэх гэснийг зөрчсөн байна. Хэдийгээр өөр ажилд томилсон гэх боловч энэ талаар харилцан тохиролцоогүй, нэхэмжлэгчийг чөлөөний хугацааг дуусгаад ажилдаа ирэхэд хөдөлмөрийн гэрээ, ажил хүлээлцэх актанд гарын үсэг зуруулсан байдаг.

Хариуцагч энэ ажил албан тушаалын талаар мэдэгдсэн гэх баримтууд нь ажилд томилсон тушаалаас хойно бөгөөд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон талаар маргаж байхад түүнийг дахин чөлөөлж эрхийг нь зөрчсөн байгаа. Бид 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №Б/30 тоот тушаалын талаар маргаж байгаа бөгөөд уг тушаалаар бүтэц орон тоо өөрчлөгдсөний улмаас нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болсон гэдэг боловч мэргэжилтний орон тоо хэвээр хадгалагдаж байгаа нь баримтаар нотлогдож байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт зааснаар мэргэжилтний орон тоог санал болгохгүй, харилцан тохиролцоогүй түүний ажлын байрны чиг үүргээс өөр ажилд томилсон нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Иийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Захиргаа, санхүүгийн хэсгийн захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг сарын дундаж цалин 1,503,480 төгрөг, /өдрийн цалин 69,930*327 хоног/ тооцоход 22,867,110 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тус байгууллагад өмнө Хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комисс байсан ба шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулах ИНЕГ-ын даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/18 дугаар тушаалаар орон тооны бус комисс шинэчлэн баталсан байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.1. Ц.С-ын хөдөлмөрийн маргаантай холбоотой хөдөлмөрийн маргаан таслах комисс хуралдахаар цугласан боловч хурлын шийдвэр гараагүй. Дахин хуралдахаар Ц.С-ыг дуудахад утсаа огт авахгүй, ирээгүй дахин холбоо бариагүй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2.-д заасныг үндэслэн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн тул холбогдох арга хэмжээг авч өгнө үү.

2.2. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №Б/30 тоот тушаалаар бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал буюу захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтний орон тоо байхгүй болж хасагдсан. Тиймээс бид Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт зааснаар ажилтны ажлын байр хасагдсан тул ажилтнуудтай харилцан тохиролцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, дахин бүгдийг нь өөр ажилд томилсон байдаг. Нэхэмжлэгч Ц.С энэ талаар өөрт нь мэдэгдээгүй гэсэн боловч түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр өөр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Гэтэл өөрөө харилцан тохиролцож ажлаа хүлээн авсан байж ажлаа хийхгүй алга болсон тул хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гээд дуусгавар болгож цуцалсан байгаа. Мэргэжилтэн болох юм уу гэхэд өөрөө ирээгүй, харин Буян-Ухаа ОУ-ын нисэх буудалд захиргаа, хууль, эрх зүйн хэлтсийн сургалтын мэргэжилтнээр томилохыг зөвшөөрсөн, энэ талаар мэдэгдсэн албан бичиг хүргүүлсэн гэж үзнэ. Хөдөлмөрийн гэрээнд хүчээр гарын үсэг зуруулаагүй, удаа дараа ажлын санал тавиад Буянт-Ухааг өөрөө сайн дураараа зурсан, орон тоо хасагдсан гэдгийг мэдэж байсан, 2022 оны 05 дугаар сарын 20-нд ажлаа хүлээн авсан тул харилцан тохиролцсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Ц.С-гыг И-ийн газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны захиргаа санхүүгийн хэсгийн захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч И ААТҮГ-аас нэхэмжлэгч Ц.С-ын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,059,960 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Сд олгож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Ц.Солонгын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч И Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт даалгаж,

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч И ААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 238,249 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг харилцан тохиролцож дуусгавар болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна." гэжээ. Нэхэмжлэгч Ц.С нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын захирал Л.О-тай "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын Захиргаа, хууль, эрх зүйн хэлтсийн сургалтын мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/61 дугаар тушаалаар "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын Захиргаа, хууль, эрх зүйн хэлтсийн сургалтын мэргэжилтнээр ажилд томилогдсон байна. Дээрх Б/61 дугаар тушаал, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр өмнөх хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж, шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.5-д "...Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар буюу орон тоо хасагдсан гэж цуцалж байгаа бол мөн хуулийн 80.4 дэх хэсэгт "ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй" гэж зааснаар нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаараа хуульд заасан хугацааны дотор мэдэгдээгүй, энэ талаарх баримтыг хариуцагч нь шүүхэд ирүүлээгүй болно." гэснийг эс зөвшөөрч байна. Учир нь хэрэгт авагдсан 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны мэдэгдэх хуудсанд "...орон тоо хасагдсан тул "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын мэдэлд шилжин ажиллах болсныг үүгээр мэдэгдэж байна." гэх мэдэгдэх хуудсаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан хугацаанд ажилтанд мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байх бөгөөд хэрэгт авагдсан байтал шүүх нотлох баримтыг үнэлж дүгнээгүй байна.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу жинхэнэ хариуцагч болох Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албыг хариуцагчаар оролцуулах ёстой байсан боловч оролцуулаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.С нь Захиргаа, санхүүгийн хэсгийн захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар хөдөлмөр эхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байх тул шүүх хариуцагчийг буруу тодорхойлж, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М давж заалдах гомдол гаргасан бөгөөд өмнө нь тус иргэний хэрэгт оролцож байгаагүй. 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У гэж бичигдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхээс илүү техникийн шинжтэй алдаа бөгөөд залруулах боломжтой. Ц.С-ыг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Буянт-Ухаа ОУ-ын Нисэх буудлын захиргаа, хууль, эрх зүйн хэлтсийн сургалтын мэргэжилтнээр томилсон бөгөөд нөхөж гарын үсэг зуруулсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед Ц.С ажлаас чөлөө авсан чөлөөний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусаж ажилдаа очиход нөхцөл байдлыг тайлбарлан 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн огноогоор гарын үсэг зуруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн ... 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан. Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Ц.С-д мэдэгдэл өгсөн тухайгаа нотлоогүй. Гэвч хэргийн 3 дугаар талд авагдсан мэдэгдэх хуудсаар Ц.С-д мэдэгдсэн гэж маргадаг боловч 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэх хуудсанд Ц.С гарын үсэг зураагүй. Иймд ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн гэх хариуцагч талын тайлбар няцаагдаж байна.

Нэхэмжлэгч анх И-ийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу И ААТҮГ-ыг хариуцагчаар сольсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Хариуцагчаар Иийг төлөөлөн оролцож байгаа, бид нэхэмжлэлийг гардан авсан хариуцагч гэдэг дээр маргахгүй, газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь манай салбар юм гэж тайлбар гаргасан.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 2. Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч И ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Шүүх нэхэмжлэгч Ц.С-ыг И-ийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Захиргаа, санхүүгийн хэсгийн хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс 16,059,960 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих хувь хэмжээгээр тооцон суутгаж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцжээ.

 4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

4.1. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлэн томилсон тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлийг баримталсан хэдий ч уг тушаалын агуулга болон мэдэгдэх хуудсаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан Иийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/359 дугаартай, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/135 дугаартай тушаалуудаас үзэхэд захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажлын байр хасагдсан гэх боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг шинэчлэн батлагдсан бүтцэд байх бөгөөд зөвхөн ахлах мэргэжилтэн гэсэн албан тушаал бүтцээс хасагдсан байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар ажилтан хүсэлт гаргаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх гомдол үндэслэлгүй.

 4.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай хариуцагчийн тушаал гарсан өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл гардуулсан байх тул хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан хугацаанд ажилтанд мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн гэх гомдол үндэслэлгүй.

 4.3. Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь И ТӨААТҮГ-ын салбар болох нь хэрэгт авагдсан 000005896 дугаартай салбарын гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-44/

 Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй тул шүүх Иийг хариуцагчаар тодорхойлсон нь зөв. Иймд шүүх хариуцагчийг буруу тодорхойлсон гэх гомдол үндэслэлгүй.

 5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/01087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,249 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН