Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 65

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Н.А-түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Н-ын А-д холбогдох 1805039990978 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, Дорнод аймаг .......... сум ..... дугаар баг ....... гудамж ....... тоотод оршин суух бүртгэлтэй,  урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар  2 жил 10 хоног хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Хатагин овогт Н-ын А-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.А-нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны гадна иргэн А.А-той хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар А.А-ийг троссоор ороолгож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Н.А-мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч А.А-ийн “2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 10 хороололд гэрийнхээ ойролцоо танил Төгсөө, Болдоо гэх хоёр хүнтэй 0,5 литрийн нэг шил архи хувааж уугаад Ефес худалдааны төвийн урд талын саадны сандал дээр сууж байхад тросс зардаг танил А- хоёр эрэгтэй хүнтэй хамт бид гурав дээр ирээд та энд юу хийж сууж байгаа юм  гэхээр нь миний хаана суух чамд ямар хамаатай юм гэтэл шоронгийн хулгайч гээд хэл амаар доромжлохоор нь би чи намайг шоронд сууж байхыг хаана харсан юм гээд бид хоёр бага зэрэг маргалдтал миний өмсөж явсан цагаан өнгийн куртикны захаар намайг боогоод газар унагахад хамт явж байсан хүмүүс настай хүнийг болиоч гээд салгаад аваад явсан.

... Миний хойноос А- барьж явсан троссоороо миний толгой руу хоёр удаа ороолгочихсон. Би хажуу тийшээ болоод сандал түшээд унатал эхнэр Мөнхцэцэг охин Ганчимэг хоёр ирээд намайг сандал дээр суулгаад А-ийг Ганчимэг бариад цагдаа дуудсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Тухайн миний биед учирсан гэмтлийн зөв тодорхойлсон байсан.

... А- миний толгой руу гартаа барьж явсан троссоороо хоёр удаа ороолгож дээрхи гэмтлүүдийг учруулсан. Эхлээд цохиход толгойны хуйх цохиход тросс нь ойж зүүн чих гэмтээсэн. Дахиж ороолгох үед нүүрний урд хэсэгт онож дух, хамрын нуруу, зүүн хөмсөгний дээр шалбарсан байсан.

... А- надаас уучлалт гуйн бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг  хүсч байна. Надад цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Хэргийн материалтай танилцахгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.Мөнхцэцэгийн “... А-ийн араас нэг эрэгтэй хүн төмөр шиг юмаар толгой руу нь 1-2 удаа цохиод унагаж байгаа харагдсан. Тэгтэл охин Ганчимэг аавыг цохичихлоо гээд гүйсэн. Тухайн үед нөхрийнхөө өмсөж явсан цагаан өнгийн хүрмээр танисан. Тэгээд 2 дугаар орцны үүдэнд гүйгээд очтол А-ийн зүүн талын чих нь сэтрээд толгойноос нь маш их цус гарч байсан. Нүүр ам нь тэр чигтээ цус болчихсон байсан. Манай нөхрийг цохисон эрэгтэй нь зугтах гэхээр нь би фудволкных нь мөрөн дээрээс нь зуураад цагдаад барьж өгнө гээд явуулаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9201 дугаартай:

“1. А.А--н биед зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал, хуйх, зүүн чихний урд шарх, дух, хамрын нуруу, зүүн хөмсөгний дээр, оочний дор зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Шархуудад анхдагч цэгцлэлт хийгдсэн тул ямар зүйлээр үүссэнийг тогтоох боломжгүй. Зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Н.А-ийн яллагдагчаар өгсөн “... Би А.А-ийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Нуруу руу нь машины чирэгч троссоор цохих гэж байгаад толгой руу ороолгочихсон. Тухайн үед А- ахын толгой болон чихнээс нь цус гарч байсан. Би А- ахаас уучлалт гуйн бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэг маргаангүй болсон тул надад холбогдох хэргийг нааштайгаар шийдэж өгөхийг хүсч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Н.А-нь А.А-ийг үл ялих зүйлээс болж троссоор ороолгож биед зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал, хуйх, зүүн чихний урд шарх, дух, хамрын нуруу, зүүн хөмсөгний дээр, оочний дор зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч А.А-, гэрч Ц.Мөнхцэцэг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Н.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Хохирогч А.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.А-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Н.А-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатагин овогт Н-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н.А-торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.А-торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.А-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ