Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 00922

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум  “Шим технолноджи” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11Г-04  тоотод оршин суух Хишигсүрэн овогтой Олзбаатарт /ГЮ-67120972/ хариуцагдах 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа,  хариуцагч Х.Олзбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Шим технолноджи” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь иргэн Х.Олзбаатартай 2014-01-15-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан бөгөөд манай байгууллагын нөөцийн аюулгүй байдлын дарга Сажаев С, Костин А.В нар тус орон сууцанд амьдрах хугацаанд 2015-01-01-нээс 2015-07-01- хүртэл урьдчилан 2016-03-16-нд байрны төлбөрийг төлсөн байдаг ба Костин А.В нь 2015-05-29-нд уг орон сууцыг чөлөөлж өгсөн.

Байрны төлбөрийн зөрүү 500,000 төгрөг, татвар нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 300,000 төгрөг бүгд 800,000 төгрөгийн өр үүсч, үлдэгдэлтэй гарсан.Энэ зөрүү мөнгийг компанид төлөх тухай иргэн Х.Олзбаатарт удаа дараа мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлөхгүй байна.Иймд Х.Олзбаатараас орон сууц түрээслэх гэрээний төлбөрт 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Орон сууцны түрээсийн төлбөрт 500 000 төгрөг илүү төлсөнөө нэхэмжилж байгаа.Тус байранд сууж байсан Костин 2015-5-27-нд байрнаас гарсан.1,5 жилээр гэрээ байгуулж 9000 000 төгрөг шилжүүлсэн.Түрээсийн төлбөрийг Олзбаатарт шилжүүлэхдээ хүн амын орлогын албан татварын 10 хувийг суутгаагүй шилжүүлсэн байдаг.Энэ нь манайд өр болсон.Нийгмийн даатгалын шимтгэл гэж бичсэн нь буруу юм гэжээ.

Хариуцагч Х.Олзбаатар шүүхэд гаргасан тайлбартаа : Тус нэхэмжлэлийн хариуцагч болох Х.Олзбаатар миний хувийн өмч болох Зэст баг дахь 1-1-102 тоот 3 өрөө орон сууцыг Шим технолоджи ХХК нь 2013-12-25-ны өдрөөс 2015-06-08-ны өдрийг хүртэл түрээслэсэн.

  Нэхэмжилж буй 800,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэдгийг дараах хүчин зүйлүүдээр тайлбарлаж байна.

1.Анхны түрээслэгч нь манай байранд 2014-01-15-ны өдрөөс бус 2013-12-25-ны өдрөөс орсон буюу тус өдөр байраа хүлээлцэн түлхүүрээ гардуулж өгсөн.

2.Байр  түрээслэгч нь манай байрыг чөлөөлсөн тухай 2015-06-05-ны өдөр мэдэгдэж, 08-ны өдөр 1 ш түлхүүрийг нь авсан.Хожим 7 хоногийн дараа 2 түлхүүрээ авсан.

3.Тус компанитай байгуулсан гэрээ түрээслэгч ч нь байрнаасаа хугацаанаас өмнө гарсан тохиолдолд түрээсийн төлбөрийг буцаан төлөх тухай тодорхой заалт байхгүй.Мөн гэрээг түрээслэх явцдаа хугацааг нь 2015-01-15-ны өдрөөс болгон өөрчилж, 2015-03-04-нд үйлдсэн гэрээг 3 сарын дундуур надад өгсөн.Хэдийгээр ийм алдаа зөрчлүүд гэрээнд байсан ч хожим үл ойлголцол гарахгүй гэдэгт найдан асуудал тавиагүй.

4.Манай байрыг түрээслэхдээ: “Тус байранд амьдрагч Сажаев нь “би танай байранд удаан амьдарна, байрын обойны мөнгийг сольж өгч шаландаа паркет хийж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсаны дагуу Орос руу томилолтоор явах хугацаанд нь байрандаа 2,5 сая төгрөгөөр засвар хийж өгсөн.Хэдийгээр өмнөх нөхцөл байдал хэвийн байсан ч.

5. Амьдарч, түрээслэх явцдаа буюу 2014 оны 07 сард байрандаа ус алдаж, надад болон доод давхрын айлд хохирол учруулсан.Хохирлыг барагдуулах талаар компаниас ямар нэгэн арга хэмжээ аваагүй.Доод давхрын айлын хохирлыг барагдуулан 1 сая төгрөгийг би өөрөө төлсөн./99 тоот Анарт/ Мөн түрээслэх явцдаа банны өрөөний босоо душийг эвдсэн, хувцасны шкафны хаалгыг эвдсэн байсан.Дээрх нөхцөл байдлаас үүдэн тус компаниас нэхэмжилж буй төлбөрийг төлөх бус харин ч түрээслүүлэгч миний хувьд хохирол ихтэй байсныг түрээслэгчийн зүгээс хүлээн авч ойлголцоно гэдэгт найдаж байна” гэжээ.

Хариуцагч Х.Олзбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.Энэ компаний Костин гэж хүн 2014 оны 12 сарын 20-ны орчим шинэ жилийн өмнө манай байранд орсон.Тэгээд он гараад 3 сарын үед гэрээнд гарын үсэг зуруулсан.Гэрээг 2015 оны 1 сараар огноолсон байсан.20 иод хоног гэрээнд ороогүй.

Мөн 5 сард гарах гэж байна гэж надад мэдэгдээгүй.Уг нь гэрээнд 1 сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан байгаа.6 сарын 8-нд надад түлхүүр өгсөн.

Мөн Костин амьдарч байхдаа засвар хийж өгнө үү гэсэн тул засвар хийж өгсөн.Гэтэл ус алдаад доод айлд би 1,0 сая төгрөг өгсөн.Гэхдээ би энэ талаар түрээслэгчид хэлж  хэл ам болоогүй.

 Мөнхболд эдний нябо болоод надад хэлэхдээ “татвар авах байсан байна.Шингээгээд гэрээний үнийг өөрчлөх шаардлагатай “гэсэн тэгээд дахин гэрээнд гарын үсэг зуруулсан.Би анх гэрээнд заасны дагуу л төлбөрөө авсан гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХК хариуцагч Х.Олзбаатарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний төлбөрийн зөрүү 500,000 төгрөг, хүн амын орлогын албан татварын төлбөр 300 000 төгрөг нийт 800 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар,2014-1-15-ны өдрийн “орон сууц хөлслөх гэрээ”,харилцагчийн гүйлгээний дансны хуулга,төлбөр төлсөн баримтууд,тооцооны үлдэгдлийн баталгаа,эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл зэргийг үндэслэсэн.

Хариуцагч тайлбартаа 2015-3-04-ний өдрийн “Орон сууц түрээслэх түрээслүүлэх гэрээ” хавсаргасан.                                                                                                            

Нэхэмжлэгч “Шим технолноджи” ХХК иргэн Х.Олзбаатартай 2014-01-15-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” 2014-1-15-наас 2015-1-15-ныг хүртэл 1 жилийн хугацаагаар байгуулж  төлбөрт 6,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож 2014-4-09-нд 3,000,000 төгрөг,2014-9-01-нд 3,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн,2015 онд гэрээний хугацаа дуусмагц 2015-3-04-ний өдөр гэрээг 2015-1-15-наас 2015-7-15-ны өдөр хүртэл сунгаж нэг сарын төлбөрийг 555,555 төгрөг 56 мөнгөөр тооцож 3,333,333 төгрөг 36 мөнгөөр тохирч 2015-3-16-ны өдөр 3,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тус тус хэрэгт авагдсан гэрээ,баримтаар тогтоогдсон.

Түүнчлэн уг хөлслөсөн орон сууцанд амьдарч байсан “Шим технолноджи” ХХК-ний хэлтсийн дарга Костин А.В гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2015-5-27-ны өдөр байрнаас гарч нутаг буцсан,хөлслөгч байрны түлхүүрийг 2015-6-08-нд Х.Олзбаатарт хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар,баримтаар тогтоогдсон.

Мөн гэрээг хугацааны өмнө дуусгавар болгож байрнаас гарах талаар хөлслөгч “Шим технолноджи” ХХК хөлслүүлэгч Х.Олзбаатарт мэдэгдээгүй болох нь тогтоогдож байна.Нэхэмжлэгч мэдэгдсэн тухай баримт гаргаагүй.

Нэхэмжлэгч гэрээний дагуу төлсөн төлбөрөөс 1 сарын төлбөр буюу 500 000 төгрөг буцаан гаргуулахаар шаардаж байна.

Зохигчдын хооронд 2014-15-ны өдөр Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-д “орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж  заасан тул  Иргэний хуулийн Эд хөрөнгө хөлслөх гэрээний зохих заалтуудыг тайлбарлах замаар талуудын маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй.

Талуудын байгуулсан гэрээний Хөлслөгчийн эрх үүрэг гэсэн хэсгийн Гуравын 4-д “Иргэний хуулийн 289,303,305 дугаар зүйлд заасан бусад эрх үүрэг” гэж заасан ба Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн /хөлслөгчийн эрх/ 289.2-4-д”гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгон гэрээгээ цуцлах тухай хөлслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн бол хугацаанаас өмнө гэрээгээ цуцлах” гэж  заасны дагуу хөлслөгч “Шим  технолноджи” ХХК гэрээг цуцлах тухай хөлслүүлэгчид 1 сарын өмнө мэдэгдээгүй байна.Дээрхи хуульд зааснаар хөлслөгчийн гэрээ цуцлах эрх нь хөлслүүлэгчид үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгож 1 сарын өмнө мэдэгдсэнээр нээгдэх бөгөөд,өөрөөр хэлбэл мэдэгдэх үүргээ биелүүлснээр эрх нээгдэнэ.

Эд хөрөнгө хөлсөлж буй этгээд тухайн эд хөрөнгийг ашигласны төлөө хөлс төлдөг боловч өөрийн буруугаас уг эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөх үүргээс чөлөөлдөгдөхгүй юм.Энэ талаар Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-д “хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэж заажээ.

Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцлах талаар хөлслүүлэгчид мэдэгдэж,өөр хөлслөгч санал болгоогүй нь өөрийнх нь буруу тул уг эд хөрөнгийг ашиглаагүй хугацааны төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах үндэслэлгүй.Энд хэн нэгэн гуравдагч этгээд болон хөлслүүлэгчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй.

Харин, нэхэмжлэгч гэрээний дагуу түрээслүүлэгчид төлсөн төлбөрөөс Хүн амын орлогын албан татварын хуулийн дагуу суутгаагүй татвар 300 000 төгрөг гаргуулахаар  шаардсаныг үндэслэлтэй гэж үзэв. 2014-1-15-ны өдрийн гэрээний дагуу төлсөн 6,000,000 төгрөгнөөс ХХОАТ-ын хуулийн дагуу суутгах 10%ийг суутгаагүй мөнгийг Х.Олзбаатарт шилжүүлсэн болох нь хэргийн 6.7-р хуудаст байгаа төлбөрийн даалгавараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж хариуцагчаас 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэлээ.

Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлий хэсэгчлэн хангаж ,улсын тэмдэгтйин хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж заалаа.

             Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:                                                                                                           

        1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1,205 дугаар зүйлийн 205.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул “Шим  технолноджи” ХХК-ний нэхэмжлэлээс 500,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Х.Олзбаатараас 300,000 төгрөг гаргуулан “Шим  технолноджи” ХХК-д олгосугай.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 23750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчаас 9650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч,  тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ