| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 181/2023/00966/И |
| Дугаар | 210/МА2023/01342 |
| Огноо | 2023-07-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2023/01342
| 2023 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 210/МА2023/01342 |
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/01198 дугаар шийдвэртэй, Б.Б-ийн нэхэмжлэлтэй Н.У-т холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 13,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У, хариуцагч Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ү-220303****, 00069**** үл хөдлөхийн дугаартай Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо ** дугаар хороолол, *** байр, ** тоотод байрлах 93.55 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 158,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа 70,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 88,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон. Гэвч хариуцагч хугацаандаа төлбөр төлөөгүй. Хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг төлж, нийт 151,420,000 төгрөг төлсөн. Иймд өнөөдрийг хүртэл төлөөгүй үлдэгдэл төлбөр 6,580,000 төгрөг, гэрээний 3.6-д заасны дагуу хамгийн сүүлд төлбөр төлснөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх 200 хоногт тооцсон алданги 6,580,000 төгрөг, нийт 13,160,000 төгрөгийг хариуцагч Н.У-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас 2,770,090 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч байна. Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Д ХХК-ийн зуучлалаар иргэн Б.Б-өөс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар 000742352 тоот гэрчилгээтэй Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, *** байрны 32 тоот /14182/, 93.55 м.кв талбайтай, орон сууцыг 158,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Төлбөрийн нөхцөлийг тухайн үед аман байдлаар тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 143,580,000 төгрөг буюу нийт үнийн дүнгийн 90,5 хувийг төлж, үлдэгдэл төлбөр 14,420,000 төгрөгийг 1,5 жилийн хугацаанд төлж дуусгахаар аман хэлцэл хийсэн. Дээрх үлдэгдэл төлбөрөөс 11,649,910 төгрөгийг төлж, өнөөдрийн байдлаар 2,770,090 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Ковидын нөхцөл байдал нөлөөлж, миний бие энэ хугацаанд ковидоор хүнд өвдөж 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал эмчилгээтэй байсан. Биеийн байдал болон санхүүгийн боломж тааруу байгаагаа нэхэмжлэгчид утсаар хэлж, уучлал гуйж холбоо барьж байсан. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна. Мөн хэд хэдэн зүйлд нэмэлт тодруулга хийж байна. Үүнд:
2.1. Зээлээр худалдах, худалдан авах гэрээнийн 6.3-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан орлогын албан татварыг худалдагч тал хариуцана гэснийг нэхэмжлэгч тал төлөөгүй, харин миний бие дээрх үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан үнийн дүнгийн 0.2 хувь болох 3,160,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын албанд төлсөн энэ мөнгийг үндсэн төлбөрөөс хасч тооцуулна.
2.2.Үл хөдлөх эд хөрөнгө худалдагч тал болох нэхэмжлэгч Б.Б нь худалдан авагч талд борлуулсан орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгч хүлээлцсэн актыг үйлдээгүй. Мөн дулаан ашигласны 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарын төлбөрүүдийг төлөөгүй 649,910 төгрөгийн тооцоотойн улмаас ОСНААУГ-аас тус байрны цэвэр бохир усны хаасан байсан. Дээрх төлбөрийн тооцоог миний бие төлж барагдуулж хэрэглээний цэвэр, бохир усаа нээлгэсэн. Үндсэн төлбөрийн дүнгээс 649,910 төгрөгийг хасаж тооцсон.
2.3. Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хоёр тал хийсэн боловч түлхүүр хүлээлгэн өгөөгүйн улмаас 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Д ХХК-аас худалдан авсан орон сууцныхаа түлхүүрийг авч байрандаа орсон. Гэтэл шинэ гэх байрны обой тэр чигтэй хөгзөрч хуурсан, 00 өрөөний сантехник угсралт дутуу, карант байхгүй, плита хагарч цуурсан, хана цууралттай, унтлагын хоёр өрөөний цонх гажилттай, цонхоор ус орж хана даган ус урсаж обой хуурсан, болконы гадна талаас ус нэвтрэн орж урсдаг, том өрөөний шилэн пасад цонх дагаж гаднаас ус урсан орж ирдэг, тааз, шаланд ус нэвтэрсэн байсан. Цахилгааны гэмтэлтэй улмаас өрөөнд гэрэл цахилгаан байхгүй шаардлага хангахгүй байсанд удаа дараа нэхэмжлэгч Б.Бөд гомдол гаргаж өрөөнүүдийн обой цаасыг шинээр сольж наалгасан. Угаалгын өрөөний сангийн ажил дутуу, крант байхгүй, 00 суултуур таг дутуу, ваннаар доод айлд ус алддаг, цахилгааны монтаж гэмтэлтэй, өрөө хооронд цахилгаан байхгүй эдгээр асуудлуудыг шийдэж өгөөгүй тул миний бие өөрийн зардлаар шаардлагатай зүйлсийг худалдан авч, засварчин хөлслөж тус бүрийн эвдрэл гэмтлийг засуулж ажилд оруулсан. Энд гарсан бүх зардлыг тооцож, нэхэмжлэгч гэх Б.Бөөс нэхэмжлээгүй болно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Н.У-ээс 6,060,090 /зургаан сая жаран мянга ерэн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,099,910 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 111,911 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Хариуцагч 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн нэхэмжлэгч Б.Бийн төлөх ёстой үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар 3,160,000 төгрөгийг төлсөн.
4.2. Мөн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ОСНААГ-аас нэхэмжилсэн орон сууц ашиглалтын зардал болох дулааны төлбөр 649,910 төгрөгийг тус тус төлсөн. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6,580,000 төгрөгөөс дээрх төлбөрт төлсөн 3,809,910 төгрөг /3,160,000+649,910=3,809,910/-ийг хасч тооцоолгүй шийдвэр гаргасан.
4.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2-т нэхэмжилж буй дүнгээс хариуцагчийн төлсөн дээрх зардлуудыг /3,160,000+649,910/ хасч тооцохыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул шүүх хасч тооцох нь зүйтэй гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ үндсэн нэхэмжилсэн дүнгээс хасч тооцолгүй, буруу аргачлалаар тооцож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргаж буйг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчээс 13,160,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагч 2,770,090 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Хариуцагчийн маргаж буй ашиглалтын зардал болон татварыг хасаагүй гэх үндэслэлээр гомдол гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцахад татвар болон ашиглалтын зардлыг хассан байдаг. Талуудын анхны тохиролцоогоор нэхэмжлэгч нь хариуцагчид 4 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хямдруулж 158,000,000 төгрөгөөр худалдахдаа татварыг хариуцагч төлөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэл гаргах үед аман тохиролцооноос буцаж, татварын төлбөрийг нэхэмжлэгч төлөөгүй гэж маргасан. Хэргийг судлахад 93.55 м.кв орон сууцыг 158,000,000 төгрөгөөр худалдаж авах боломжгүй. Зах зээлийн үнээс хямдруулсан учраас татварыг хариуцагчаар төлүүлэхээр тохиролцсон. Уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл талууд маргаагүй. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.У-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 13,160,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 2,770,090 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, *** байрны ** тоот, 93.55 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 158,000,000 төгрөгөөр хариуцагч Н.У-т худалдахаар тохиролцсон бөгөөд мөн өдөр хариуцагч Н.У-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, хариуцагч 151,420,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж зөв дүгнэсэн боловч төлбөрийн үлдэгдэл 6,580,000 төгрөгөөс алданги тооцсон нь буруу байгааг давж заалдах шатны шүүх залруулан шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
4.1. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсны татварт 3,160,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд 649,910 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд уг төлбөрийг үлдэгдэл 6,580,000 төгрөгөөс хасч тооцоход 2,770,090 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
4.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ. гэж, мөн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 3.6-д хэрэв хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги тооцох-оор заасан байна. Иймээс талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр бичгийн гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзнэ.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. гэж зааснаар үлдэгдэл 2,770,090 төгрөгөөс алданги тооцоход 1,385,045 төгрөг болно.
Иймд хариуцагч Н.У-ээс орон сууцны үлдэгдэл төлбөр 2,770,090 төгрөг, алданги 1,385,045 төгрөг, нийт 4,155,135 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.
5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/01198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...6,060,090 /зургаан сая жаран мянга ерэн/... гэснийг 4,155,135 гэж, ...7,099,910... гэснийг 9,004,865 гэж,
2 дахь заалтын ..111,911... гэснийг 81,433 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,908 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.БЯМБАСҮРЭН