Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Мөндөлт овогт Б-ын Б-т яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805060941280 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, халх, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, Галт тэрэгний найруулагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Сүхбаатар өртөөнд Галт тэрэгний туслах найруулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг ............ сум ....... баг ............ гудамж .......... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2002 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 146 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар,

2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 21Б дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулсаныг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 9 дугаартай шүүгчийн захирамжаар 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21Б шийтгэх тогтоолоор  оногдуулсан хорих ялаас 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлж 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр суллагдсан, Мөндөлт овогт Б-ын Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Love”  баараны тамхины өрөөнд Т.Б-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгаас хотод ирээд хоёр найзтайгаа уулзаж хороололд байрлах “Love” нэртэй бааранд орж 0,5 литрийн Соёрхол хоёр шил архи ууцгаасан. Удалгүй манай хоёр найз гарч бүжиглэе гэхэд нь гаралгүй сууж байгаад тамхины өрөөнд орж тамхи татчихаад буцаж ширээн дээрээ ирж найзуудыгаа харж суусан. Дахин тамхи татахаар тамхины өрөөнд ортол зохион байгуулагч гэх өндөр залуу тамхи татаад зогсож байхаар нь доторх зохион байгуулалтынх нь талаар ярилцаж байхад дөрвөн залуу орж ирчихээд чанга инээлдээд ярилцаад байхаар нь эргэж хартал нэг залуу нь над руу харсан байсан. Би нөгөө залууг ахын дүү гараад ярьчих гэтэл өөдөөс уурлаад ирэхээр нь барьж аваад нэг удаа мөргөтөл хамраас нь цус гарсан бололтой нүүрээ бариад газар унасан. Хажууд байсан зохион байгуулагч гэх залуу хамгаалагчаа дуудаж нөгөө залууг нойлын өрөө рүү дагуулаад явахаар нь араас цуг орчихоод байж байтал нөгөө залуу цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд нөгөө залуу бид хоёрыг дагуулаад эрүүлжүүлэх байранд авчран эмчид нөгөө залуугийн хамрыг үзэхэд хамар нь хугарсан байж магадгүй, гэмтлийг эмнэлэг яв гээд явуулж, намайг байцаасан” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Т.Б-ийн “2018 оны  11 дүгээр сарын 27-ноос 28-ны шилжих шөнө би найз Билгүүнтэй хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Love бааранд ороод хүний гурав гурван шил пиво уусан. Билгүүн  ширээнд сууж үлдээд би ганцаараа тамхины өрөө рүү ороход 2 хүн байсан. Нэг нь намайг гар гээд хөөсөн. Тэгэхээр нь би чадахгүй гээд тамхи асаасан. Тэгэхэд намайг татаж  2 мөргөсөн. Би манараад тонгойход дахин цохисон. Миний хамраас  цус гарахаар нь би ариун цэврийн өрөөнд хамрынхаа цус тогтоогоод цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг зодсон залуу бид хоёрыг цагдаагийн газар авч ирсэн. ... Эмчилгээнд гарсан зардалаа гаргуулмаар байна. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/

          “Уг залуу миний хамар руу нэг удаа мөргөсөн. Тэгээд миний хамарнаас цус гарч би газар унасан. Тухайн үйл явдал хурдан болж өнгөрсөн. Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/

 

          Гэрч Ч.Мятав-Очирын “... Цэнхэр өнгийн фудволктой махлаг залуу араас орж ирсэн. Тэгээд залуучуудыг түр гаргаад байж бай, хүнтэй юм ярьж байна, дараа нь ороод ир гэсэн. Тэгэхэд нөгөө залуу нь чадахгүй яахаараа гардаг юм гээд хоорондоо маргалдсан. Тэгээд би юм ярьж байсан хүнээ гаргачихаад эргээд харахад уг хоёр залуу газар унасан байсан. Тухайн үед араас нь орж ирдэг алаг цамцтай 20 гаран насны залуугийн хамарнаас цус гараад тамхины өрөөний үүдэн хэсэгт цус болсон байсан. Уг залуугийн хамарнаас нь нэлээн их цус гарсан байсан. Би хамгаалагч дуудаж цэнхэр фудволктой арай ахимаг насны залууг холдуулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

         

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14234 дугаартай:

          “1. Т.Б--н биед баруун хоншоорын хөндийн урд ханын хугарал, баруун ухархайн доод ханын хугарал, хамар, ясны хугарал, баруун зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 17 дугаар хуудас/

 

          Б.Б-ын сэжигтнээр өгсөн “... Би тамхины өрөөнд орж хүнтэй юм яриад тамхи татаж байсан. Тэгэхэд хэдэн залуучууд орж ирээд чанга яриад байхаар нь би ах нь энд юм ярьж байна, та нар гараад байж бай, дараа нь орж ирээд ярьчих гэхэд нэг залуу нь над руу уурласан. Тэгэхээр нь би уг залууг чи яагаад байгаа юм бэ гэхэд уг залуу та ганцаараа байгаагүй ш дээ гэсэн. Тэгээд хоорондоо маргалдаад миний урдаас ухас гэхэд нь би барьж авах гэж байна гэж бодоод урдаас нь барих гээд хоорондоо мөргөлдөөд уг залуу газар унасан. Тэгээд уг залуугийн хамарнаас цус гарсан. Хамар нь хавдсан байсан. Уг залуу  00-н өрөөнд ороод цусаа угаагаад цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирж уг залуу бид хоёр хамт цагдаа нартай хамт цагдаагийн газар ирсэн. ...” гэсэн мэдүүлэг / хэргийн 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч  Т.Б-оос “Түвшинбаатар овогтой Б- миний бие 1/14-ний өдөр эмчилгээний зардал 300.000 төгрөг авсан нь үнэн болно. Цаашид Б-а овогтой Б-т гомдол саналгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан болно” гэсэн хүсэлт /хэргийн 74 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Б.Б- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасан болно.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мөндөлт овогт Б-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Б- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ