Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2018/1009/З |
Дугаар | 221/МА2019/0256 |
Огноо | 2019-05-08 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2019/0256
“Т м” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0074 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0074 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.8 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т м” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 696, 698 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, “Т м” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-........, ХV-.........., ХV-........., ХV-.........., ХV-............., ХV-.........дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Т м” ХХК давж заалдах гомдолдоо: “... 1. “Талс маргад” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-........, ХV-........., ХV-.........., ХV-............, ХV-..........., ХV-............ тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээсэн 2016 оны шүүхийн шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь сайн дураар биелүүлээгүй тул 2018 онд захиргааны хэргийн анхан шатны шүүхээс албадан гүйцэтгүүлэх захирамж гаргаж, Кадастрын хэлтэс нь 2018 оны 08 дугаар сарын 14-нд сэргээсэн баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг зөрчин үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзээгүй.
Манай компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр А01/03 тоотоор биднээс үл хамаарах шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах боломжгүй байсан бөгөөд 2013 онд батлуулсан “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан баримтад хамруулж сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүссэнийг Кадастрын хэлтэс хүлээн авч сунгуулах өргөдлийг хүлээн авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх манай компанийг “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлуулаагүй нь тогтоогдож байна гэж эсрэгээр нь үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 14-өөс хойш буюу 2018 онд “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г холбогдох сумдын Засаг даргаар батлуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь манай компани нь өөрсдөөс үл хамаарах шалтгаан буюу төрийн захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас 2013 оноос 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Иргэний хуулийн 79 дугаар зүйлийн 79.2 дахь хэсэг, 79.7 дахь хэсэгт заасан хугацааны тасалдал үүссэнийг харгалзаж үзээгүй.
2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь манай хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхдээ хугацааг тодорхой зааж өгөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсгийг зөрчсөнийг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй нь хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Дээр дурдсанчлан хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2013 оны 06 дугаар сарын 24-өөс 2018 оны 08 дугаар сарын 14-ийг хүртэлх хугацааг тооцогдохгүй бөгөөд 2013 онд батлуулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө нь шинэчлэн батлагдсан төлөвлөгөө билээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/074 дүгээр шийдвэрт манай компанийн хайгуулын 6 тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтыг үндэслэсэн нь хэт нэг талыг баримталж, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, 22.4 дэх хэсгийг тус тус хэрэглээгүй нь хуулийн хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан сунгуулах өргөдлийг хүлээж авдаг шат дамжлага, дарааллыг тодруулахгүйгээр анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргээ дутуу гүйцэтгэж, 37.1 дэх хэсэгт заасны дагуу сунгуулах өргөдлийг хүлээж авдаг хариуцсан мэргэжилтнээс гэрчийн мэдүүлэг аваагүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4 дэх хэсгийг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хэмээн дүгнэсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт гаргасан болно. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт нөхцөл, шаардлагыг маш тодорхой зааж өгсөн билээ.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0074 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээв.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 696, 698 дугаар шийдвэрүүдээр “... “Т м” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ сумын нутагт байрлалтай ашигт малтмалын хайгуулын ХV-........., ХV-..........., ХV-.........., ХV-..........., ХV-........., ХV-........... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй” гэсэн үндэслэлээр сунгахаас татгалзжээ.
Нэхэмжлэгчээс дээрх “696, 698 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын ХV-........., ХV-..........., ХV-.........., ХV-..........., ХV-........., ХV-........... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... манай компаниас үл хамаарах шалтгаан буюу төрийн захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.7-д заасан хугацааны тасалдал үүссэн, шүүхийн шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 555 дугаар шийдвэрээр манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээсэн ... 2013 онд манай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгоогүй бол тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдах байсан, 2013 оны буюу 7 дахь жилийн “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г шинэчлэн батлагдсан төлөвлөгөө гэж үзэж байгаа, 7 дахь жилийн үйл ажиллагааг огт явуулаагүй тул хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус” гэсэн үндэслэлээр маргасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.2-т “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад батлуулахаар хүргүүлнэ” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбараас үзвэл нэхэмжлэгч “Т м” ХХК ХV-........., ХV-..........., ХV-.........., ХV-..........., ХV-........., ХV-........... тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 7 дахь жилийн хугацааг сунгуулах хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргахдаа шинэчлэн боловсруулж, батлуулсан “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг” хавсаргаагүй, харин 2013 оны “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө”-г /нэр нь өөр/ хавсаргасан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тус компанийн ирүүлсэн 2013 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө”-г шинэчлэн батлуулсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө биш гэж үзэж ашигт малтмалын газарт тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй, тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заажээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, ... нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна”, 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хуульд зааснаас үзвэл байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь тухайн төслийг хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхөн сэргээх, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болох магадлалтай сөрөг үр дагаврыг хянах илрүүлэх зорилгоор боловсруулагдахаар байх тул тухайн цаг үеийн нөхцөл байдалд нийцсэн байх шаардлагатай юм.
Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгч нараас “... тусгай зөвшөөрлийн 6 дахь жилдээ батлуулсан төлөвлөгөө, одоо 7 дахь жилд хэрэгжих учир 2013 онд батлуулсан төлөвлөгөөг үндэслэн хариуцагч хугацаа сунгах байсан” гэх тайлбарын тусгай зөвшөөрлийн 6, 7 дахь жилтэй холбоотой хэсэг үндэстэй боловч 2013 оноос хойш 5 жилийн дараа байгаль орчин, хүн хүч, техник технологи өөрчлөгдөөгүй гэж үзэх, тухайн үеийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулагдсан төлөвлөгөө гэж үзэх үндэслэлгүй төдийгүй өнөөгийн орон нутгийн удирдлага, эрх бүхий этгээд болох сумын Засаг дарга дээрх төлөвлөгөөг баталж, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн шинэчлэн батлуулсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгаагүйг буруу гэж үзэх боломжгүй байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “... нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй, өргөдлийг хүлээж авдаг хариуцсан мэргэжилтнээс гэрчийн мэдүүлэг аваагүй, хэт өрөөсгөл дүгнэлт гаргасан” гэх гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлгүй.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0074 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т м” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ