Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01534

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01534

 

 

 

 Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/01955 дугаар шийдвэртэй,

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Г.Б-д холбогдох,

Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоот орон сууцанд өөрийн дүү Б.Т, Б.Б, Б.А нарын хамт 2002 оноос 20 гаруй жилийн хугацаанд амьдарч байгаа юм. Уг орон сууц миний өвөө Ц.Г, эмээ Д.Г нарын байр бөгөөд дүү бид нарын аав Г.Б аав, ээжтэйгээ энэ орон сууцанд хамт амьдарч байхдаа бидний ээж З.Атэй 1995 онд гэр бүл болж улмаар Чех Улсад ажиллахаар хоёулаа 1997 онд явж, өвөө, эмээ хоёр үлдсэн. Энэ үед аавын төрсөн эгч Г.А, Г.Б нар өөрсдийн гэр бүлийн хамт тусдаа амьдардаг байснаас гадна, аавыг гадаадад ажиллаж байх үед буюу 1998 оны 05 дугаар сарын 26-ны өдөр уг орон сууцыг эмээ Д.Г өөрийн нэр дээр хувьчилж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 6943 тоот гэрчилгээ авсан байна.

1.2. Миний аав Г.Б нь төрсөн 2 эгчтэй, айлын отгон хүү байсан учир өвөө, эмээ нар Монгол уламжлал, ёс заншлаа дагаж өөрсдийн орон сууцыг ганц хүүдээ өвлүүлнэ гэдэг байсныг бүгд мэддэг байсан байна. Аав, ээж 2 гадаадад ажиллаж амьдарч байх хугацаандаа 4 хүүтэй болсны ууган хүү болох миний бие 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чех Улсын Брно хотод, дүү Б.Т 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, дүү Б.Б 2000 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, дүү Б.А 2001 оны 09 дүгээр сарын 14-ний Польш Улсын Варшав хотод төрсөн болно. Бид нар гэр бүлээрээ 2002 оны 01 дүгээр сард Монгол Улсад ирэх болсныг мэдээд аавын том эгч Г.А тухайн үед шинээр ашиглалтад орсон Рояал кастлэ /Royal castle/ хотхонд шинэ байр эмээ Д.Г-т худалдан авч өгснөөр эмээ өөрийн орон сууцаа чөлөөлж манай гэр бүлд үлдээсэн ба бид орон сууцандаа ам бүлээрээ амьдарч байтал аав минь 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэнэт нас барж, дүү бид нар өнчирч хоцорсон юм. Аавыг нас барсны дараа эмээ Аав нь бурхан болсон ч санаа зоволтгүй, байрыг чинь отгон ач хүү Б.Аад өвлүүлж үлдээнэ гэж бидэнд хэлсэн. Гэвч эмээ Д.Г уг орон сууцыг шилжүүлж өгч чадалгүй 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нас барж, аавын төрсөн эгч Г.А, Г.Б нар хууль ёсны өвлөгч болсон бөгөөд бид нар эмээгийн хүсэл ёсоор дүү Б.А-д шилжүүлж өгнө гэдэгт итгэж байсан юм.

1.3. Гэтэл эмээг нас барснаас хойш 1 жил өнгөрөөгүй байхад буюу 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр том эгч Г.А нас барснаар өвлөх эрх нь Иргэний хуулийн 529 дугаар зүйлийн 529.1 дэх хэсэгт заасны дагуу түүний төрсөн хүү Э.С, Ж.О нарт шилжсэн болно. Г.Б , Э.С, Ж.О нар уг орон сууцыг хуульд заасны дагуу өвийн журмаар хүлээж авах талаар ямар ч яриа гараагүй, эмээ Д.Г-ын нэр дээр байдаг уг орон сууцны 6343 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь эх хувиараа Э.С ах дээр хадгалагдаж байгаа зэргээс өвлөх эрхээсээ татгалзаж, өөрсдөө шийдвэр гаргаж эмээгийн хүсэл ёсоор дүү Б.Аад шилжүүлж өгөх юм байна гэсэн ойлголттой бид нар явж ирсэн юм. Түүнчлэн Г.Б эгч 2022 оны 10 дугаар сард манай ээж З.А рүү утсаар ярьж Э.С дээр байгаа баримт бичгүүдийг авч орон сууцыг Б.А руу шилжүүлж авахгүй бол бусад ач, зээ нар нь булаацалдаж магадгүй шүү гэж сануулж байснаас үзэхэд тэрээр хуульд заасан хугацаанд өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ оруулах өргөдөл нотариатчид гаргаагүй нь юм. Гэтэл энэ 12 дугаар сарын эхээр намайг ажил дээрээ байхад Г.Б эгч над руу утсаар ярьж Танай байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг би өөрийн нэр дээр гаргуулж авсан. Та нар байраа даруйхан чөлөөлж өгөөрэй. Би Г.А эгчийн миний нэр дээр байдаг 6 компанийн өрийг танай байрыг зарж барагдуулмаар байна гэж хэлсэн. Г.Б-д бидний амьдарч байгаа орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлтийн Ү-2203001921 дугаарт бүртгэж, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 001009400 дугаар гэрчилгээ олгожээ.

Г.Б нь бидний 20 гаруй жил байнга тасралтгүй амьдарч байгаа, өвөө эмээ нараас бидний эцэгт өвлөгдөх ёстой эд хөрөнгө болох энэ орон сууцыг өвлөж авах талаар урьд өмнө нь ямар ч асуудал гаргаж тавиагүй мөртлөө бидний эмээг нас барснаас хойш 1 жил 7 сар гаруйн хугацаа өнгөрсний дараа гэнэт өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан үүнийгээ талийгч эгч Г.А-гийн өрийг дарахын тулд байрыг зарж борлуулахаас өөр аргагүй байдалд хүрснээс шалтгаалсан мэтээр тайлбарлаж байгаа нь үнэмшилгүй байна.

Өвлөгдсөн эд хөрөнгийн өмчлөх эрхийн тухай улсын бүртгэлд бүртгүүлэхэд үндэслэх гол баримт бичиг нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд зааснаар өвлөгчид олгосон өвлөх эрхийн гэрчилгээ байх ёстой. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, өвлүүлэгчийн эд хөрөнгийн өмчлөгч болохыг нотлох баримтыг нотариатчаас өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгоход үндэслэл болгох баримт бичиг болохыг хуульчилсан байна. Гэтэл эмээ Д.Г-ын нас барсныг гэрчлэх 000026**** тоот гэрчилгээ, дээрх орон сууцны өмчлөх эрхийг эмээ Д.Гын нэр дээр бүртгэсэн 1998 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6343 дугаартай гэрчилгээ нь эх хувиараа түүний зээ хүү Э.С-д хадгалагдаж байхад ямар аргаар өөрийн өвлөх эрхээ баталгаажуулсан баримт материалыг бүрдүүлэхдээ нотариатчийг хууран мэхэлж, төөрөгдөлд оруулан хууль бус арга хэрэглэсэн гэж үзэж байгаа болно. Аль тойргийн нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг миний хувьд мэдэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх явцад нотариатч нь Г.Б-тай үгсэн хуйвалдаж хууль зөрчсөн ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Бид нотариатын үйлдлийн талаар тусдаа нэхэмжлэл гаргана.

Иймд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Г.Б нь Ц.Г, Д.Г нарын 2 дахь охин болж 1960 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэндэлсэн бөгөөд өөрийн төрсөн эгч, дүү, эцэг эхийн хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоотод оршин суудаг байсан. 1995 оны Өмч хувьчлалын тухай хууль батлагдсантай холбоотой амьдарч байсан Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоотод байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хувьчлан авах боломж бүрдсэн тул Г.Б нь холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн 1998 оны 05 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх Д.Г-ын нэр дээр гаргуулж авсан байдаг.

Уг орон сууцанд Г.Б-ын бага дүү Г.Б-ы гэр бүлийнхэн 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд Г.Б нь 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан. Хариуцагч Г.Б-ын эх Д.Г нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 84 насандаа өвчний улмаас, төрсөн эгч Г.А нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ийнхүү төрсөн эгч Г.А, төрсөн дүү Г.Б нар нас барснаар Г.Б нь эх Д.Г-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 21 дүгээр байрны 9 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны дагуу өвлөгч болсон тул өв нээгдсэн газрын нотариатчид хүсэлтээ гаргаж Нийслэлийн тойргийн нотариатч М.Х-раас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 0056 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ-г авсан. Иймд Г.Б нь хууль ёсны ганц өвлөгч, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Г.Б ын отгон дүү Г.Б нь 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд Г.Б нь өв нээгдэх үеэс 10 жилийн өмнө нас барсан. Мөн Г.Б , Г.Б, Г.А нарын эх Д.Г болон талийгч эмээ Д.Г нар нас барахдаа ямар нэгэн гэрээслэл үйлдээгүй, талийгч эмээ Д.Г амьд ахуйдаа ...аав нь бурхан болсон ч санаа зоволтгүй, байрыг чинь отгон ач хүү Б.Аад өвлүүлж үлдээнэ... гэж хэлсэн, амласан гэх үйл баримт нь гэрээслэлийн хэлбэрийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй тул Г.Б, түүний гэр бүлийн гишүүд, нэхэмжлэгч Б.Ц ийг хуульд зааснаар болон гэрээслэлээр өв залгамжлах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй. Иймд Б.Ц нь хууль ёсны ганц өвлөгч болох Г.Б ын өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Г.Б эгч ээжийг өнгөрөхөөс 1 сарын өмнө ирсэн. Ээжийг хэвтэрт байхаас нь эмнэлгээр ганцаараа явж байсан. Г.А эгч Г.Б мөнгө хэрэг болохоор гүйж ирдэг хүн. Ээжийг сахиулаад хэрэггүй гэж байсан. 2010 онд манай нөхрийг бурхан болоод 49 хоноогүй байхад шөнө 2 цагт манай нөхрийн үнэтэй машиныг авч байсан. Гэрчилгээг хадам ээж амьд байхдаа Г.А хоёулаа нотариат дуудаад Б.Аагийн нэрийг нэмүүлье, юу ч болоо билээ гэхэд нь би ээж минь бие чинь муу байхад юун нотариат явах гээд Э.С-г дуудаад гэрчилгээг нь өгсөн. Г.А эгч Г.Б-аа би чамд 3, 4 байр өгсөн бүгдээр нь чи тоглосон. Энэ 4 хүүхдийн байраар нь тоглоод үзээрэй гэж хэлэхэд Г.Б эгч надад хамаагүй, би оролцохгүй гэж хэлж байсан. Г.А эгчийн нас барснаас хойш надтай 2, 3 удаа утсаар ярьсан. Ээжийн нэр дээр юу юу байна. Чи ээжийг сахиж байсан, мэдэж байгаа. Ээжийн нэр дээр юу байгааг чамаас асуугаад гэрчилгээг Б.А-гийн нэр дээр болгоё гэхээр нь тэг тэг гэсэн. Ээжийн регистрийн дугаарыг хэл, бичиг баримтыг Б.Аагийн нэр дээр шилжүүлье гэхээр нь Г.С-тэй ярихад Г.Б эгч чинь хуурамч юм хийх гэж байгаа байх, битгий өг гэхээр нь за гээд өнгөрсөн. Гэтэл гэнэт байрнаас гар гэж хэлсэн. 2000 оноос хойш байрны бүх төлбөр миний дансаар төлөгдсөн. Г.Б эгчийг ийм асуудал гаргана гэж бодоогүй, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ийн хариуцагч Г.Б-д холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0056 тоот нотариатчийн Өвлөх эрхийн гэрчилгээ-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг үнэлэх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу холбогдох байгууллагуудаас шүүхийн журмаар гаргуулсан бичмэл нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Г.Б нь өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байсан тул нэхэмжлэгч Б.Ц Монголын нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянан шалгаад хууль зөрчигдсөн нөхцөл байдлыг тогтоож нотариатч М.Х-т сануулах сахилгын арга хэмжээ авч 03 дугаартай тогтоол гаргасан ба М.Хишигбаатар уг тогтоолыг хүлээн зөвшөөрсөн талаарх нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой болох нь тодорхой байхад үнэлээгүй нь хуулиар хүлээсэн үүргээ шүүх биелүүлээгүй гэж үзэж байна.

5.2. Миний төлөөлүүлэгчийн одоо ээж, дүү нарын хамт амьдарч байгаа Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоот орон сууцанд түүний өвөө, эмээ, аав Г.Б нарыг амьдарч эхлэх буюу 1988 онд хариуцагч Г.Б нь гэр бүл зохиож тусдаа амьдарч байсан ба түүний том хүү Э.А 1986 онд төрсөн байдаг. Гэтэл уг орон сууцанд хариуцагч эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдарч байсныг нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-д хариуцагчийг уг байранд өөрийн төрсөн эгч, дүү, эцэг эхийн хамт амьдарч байсан мэтээр зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн байна.

5.3. Б.Ц нь өөрийн эмэг эх Д.Г-ыг нас барах үед түүний охин Г.А, Г.Б нар хууль ёсны өвлөгч байсан гэдэгт маргаагүй, гагцхүү Г.Б нь хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй учир Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дэх хэсэгт зааснаар уг орон сууцыг өвлөхөөс татгалзсан гэж үзэж байгаа ба энэ тохиолдолд уг хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т зааснаар нас барагчийн ач, зээ нар өвлөгдөх эд хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна. Б.Ц болон түүний төрсөн дүү Б.Т, Б.Б, Б.А нар нь талийгч Д.Г-ын ач хүү болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх " ...нэхэмжлэгч Б.Ц талийгч Д.Г-ын өвлөгч, өвлөх эрхтэй гэх үндэслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага гаргах эрхтэй талаараа нотлоогүй, хэрэгт энэ талаараа нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Шүүх ингэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дугаар зүйлийн 531.1, 531.1.2-т заасныг баримталсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл гэж үзэж байна. Хариуцагч Г.Б нь өвлөх эрхийн гэрчилгээ авах үед өвлөх эрхээсээ татгалзсан байсан ба өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо нотариатч хууль зөрчсөн болох нь тогтоогдсон байхад шүүх ингэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү давж заалдах гомдол гаргаж байгаа хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатын шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж тодруулсан байдаг. Хариуцагч талаас Б.Ц-ийг хууль ёсны өвлөгч биш учир нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхгүй этгээд гэж татгалзсан. Учир нь хариуцагч Г.Б ын дүү, нэхэмжлэгч Б.Ц-ийн эцэг н.Б нь 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан. Иргэнийн хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт заасан өв нээгдэх үеэс 10 жил өнгөрсөн байх тул н.Билэгсайханы хүү Б.Ц-ийг өвлөгч гэж үзэх боломжгүй. Мөн н.Гандолгор буюу Г.Б ын эх нас барахаасаа өмнө ямар нэгэн гэрээслэл үлдээгээгүй. Иймд Б.Ц нь түүний хууль ёсны болон гэрээслэлээр өв залгамжлах, тухайн шаардлагыг гаргах эрхгүй этгээд юм.

Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах эрхийн шаардлага нь нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Шаардлагын хариуцагчаар Г.Б байх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүхээс тодруулсан. Нотариатын үйлдсэн үйлдэл байхад яагаад Г.Б-ыг хариуцагчаар татсан бэ гэхэд нэхэмжлэгч тал хариуцагчийг солихгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн хариуцагч Г.Б нь нотариатын үйлдэлд буруугүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэж байна. Маргаан бүхий орон сууцанд тусдаа гарах хүртэл эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдарч байсан гэдгийг шүүхийн шийдвэрт бичсэн нь хуулийн заалт зөрчсөн гэж үзэхгүй. Г.Б өвлүүлэгчийг нас барах хүртэл нь түүнтэй амьдарч байсан нь өв хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзлаа гаргаагүй тул тухайн хөрөнгийн өвлөгч болж шилжиж байгаа.

Иймд Г.Б нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан тэргүүн ээлжийн өвлөгч юм. Нэхэмжлэгч Б.Ц нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан ачинцар буюу хоёр дахь ээлжийн хүн учир Г.Б-тай маргах боломжгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 7. Давж заалдах шатны шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Г.Б-д холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх тодруулаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгчийн эмээ Д.Г нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 21 дүгээр байрны 09 тоот, 29 м.кв, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч ба 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 84 настайдаа нас барсан байна. /хх 6-7/

Д.Г 4 хүүхэд төрүүлсэн бөгөөд хүү Г.Б 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, охин Г.А 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус нас барсан ба охин Г.Дэлгэрсүрэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, түүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. /хх-9, 11, 37, 39/

Охин Г.Б эх Д.Г-ыг нас барснаас хойш 1 жил 5 сарын дараа өв хүлээн авах хүсэлтийг Нийслэлийн тойргийн нотариатч О.Ариунаад, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг Нийслэлийн тойргийн нотариатч М.Х-т тус тус гаргасан, нотариатч М.Хишигбаатар 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. /хх 34-35, 38/

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

Хэрэгт Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны Засаг даргын хоёр тодорхойлолт авагдсан ба өвлүүлэгч Д.Г-ын оршин суух хаягийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 97 дугаар тодорхойлолтод тус хорооны С хотхоны 4**-4** тоот гэж, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаар тодорхойлолтод тус хорооны Б хотхоны 1**-1** тоот гэж зөрүүтэй байдлаар тодорхойлсон байна. /хх-40, 87/ Өөрөөр хэлбэл, өвлүүлэгч нас барах хүртэл хаана хэнтэй хамт амьдарч байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс өвлөгч өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзсан эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

4. Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаагийн улмаас шүүх маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгч хууль хэрэглэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон дахин хянан хэлэлцүүлэхээр буцаав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/01955 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.БЯМБАСҮРЭН