Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Н.Н-,

хохирогч Л.А-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Н-ийн Н-д холбогдох 1805055421261 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ........ дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр хотхон ... дүгээр байрны .... тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Их Монгол овогт Н-ийн Н-.

 

Шүүгдэгч Н.Н- нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо “Олуулаа” нэртэй караокены гадна маргааны улмаас хохирогч Л.А-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Н.Н- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.А-мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бичил хороололд байрлах “Олуулаа” караокед манай найзын найз охин Отгонлхамын төрсөн өдрийг тэмдэглэж байхад нь очоод байж байтал Бүлтүүш гэх хочтой Н- гэх залуу нэг найзтайгаа ирсэн. Шөнө 00 цаг болж байхад караокеноосоо гарах гэтэл Н- согтсон байсан бололтой намайг үгээр шоглоод байхаар нь үл ойлголцож байхад манай найзууд салгасан. Удалгүй гарахаар болж манай найзууд тооцоо хийж үлдэхэд би шатаар дээшээ өгсөөд явж байтал Н- ирээд яаж учраа олох уу гаръя гээд бид хоёр караокены гадаа гараад би Н-тай гар бариад зогстол гэнэт намайг цохиход ухаан балартаад юу болсон талаар санахгүй байна. Сэрээд хартал нүд хавьцаа хөндүүрлэсэн, их цус гоожсон байхаар нь гэмтлийн эмнэлэг очоод үзүүлэхэд яс чинь хугарсан байна, шүүх эмнэлэгт ханд гэхээр нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Мөрдөн байцаалтанд байх хугацаанд тухайн үед үзүүлж байсан эмчилгээний зардал, эм тарианы мөнгө 300.000 төгрөг авсан. Цаашид учрах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Н.Н- нь Д.А-тэй үл ялих зүйлээс хоорондоо маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Гэрч Д.Одонжаргалын “... Тэгээд би найз залуу А-болон найз Сараа, Чинбаа нартай караокеноос гартал караокены гадаа Бүлтүүш хоёр найзтайгаа зогсож байгаад Бүлтүүш шууд манай залуу А-дээр ирээд за хөгшөөн хоёулаа ийшилж байгаад учраа олъё гээд А-, Бүлтүүш хоёр хоорондоо маргалдаад зодолдсон. Тэгээд би тэр хоёрыг салгаад Бүлтүүшид чи манай залууг хэтэрхий зодчихлоо одоо болно, наад хүн чинь жоохон хүүхэд гээд хэлтэл Бүлтүүшийн хоёр найз нь ирээд Бүлтүүшийг хөгшөөн одоо боль чи хэтэрхий аймар зодчихлоо гэж хэлээд салгаад аваад явсан. Тэгээд бид нар Гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд энд ирсэн. ... Манай найз залууг Бүлтүүш газар унагаж байгаад нүүрэнд нь өшиглөж гараараа цохиж зодсон. Яг хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна. Манай найз залуугийн хамарнаас цус гарч далийсан, зүүн нүд  нь хавдчихсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хуудас/

Гэрч М.Чинбатын “... Караокены өрөөнд Бүлтүүш, А-хоёр маргалдаад гарсан, гараад тус караокены шатан дээр Бүлтүүш хэл амаар А-ийг өдөж хоёулаа нэг нэгээрээ зодолдчихъё гээд Бүлтүүш дайраад байсан. ... Үгийн зөрүүгүй Бүлтүүш А-ийг шатнаас чирж буулгаад газар чирээд газар унагаж өшиглөсөн, дэвссэн. А-ийн нүүр нил цус болсон байсан. ... Нүүрэн тус газарт нь газар унагаж байгаад өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/

Гэрч Б.Отгонлхамын “... Бүлтүүш А-ийг аваад гараад ир би одоо зодолдохгүй гэхээр нь би яах гээд байгаа юм гэж хэлээд гадаа гаргаад тооцоо хийгээд гараад иртэл А-ийг Бүлтүүш зодсон байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/

Хохирогч Л.А-ийн “2018 оны 10 дугаар сарын 24-ний 21 цагийн Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах Олуулаа нэртэй караокед багийн найз Отгонбаярын эхнэр Отгонлхамын төрсөн өдөр болсон. Ороод удаагүй байж байхад Отгонлхамын багийн найз гэх Бүлтүүш, Төөтөө гээд хоёр эрэгтэй хүүхэд ирсэн. Бид хэд 0,75 граммын 2 шил архи хүний нэг нэг шил пиво уусан. 21-00 цагийн хооронд караокед суусан. Гэтэл Бүлтүүш гэх залуу үгээр ахын дүү гээд шоглоод байсан. Караокены өрөөнд үлдсэн зүйлийг нь аваад хурааж байсан чинь чихэрнээс наад бандидаа өг маргааш хичээлтэй л байлгүй дээ наад бандидаа сайн өг гэж хэлсэн. Тухайн үед их маргалдаагүй хажууд байсан хүмүүс салгасан. ...Хоёулаа одоо тэгээд яаж учраа олох бэ гэж Бүлтүүш хэлсэн. Хажууд байсан хоёр банди та хоёр тэгвэл одоо энд зодолдоод учраа ол гэж хэлсэн чинь миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Би нэг мэдсэн чинь газар унасан. Болсон явдлыг үүнээс хойш санахгүй байсан. Газар унасан байхад хөлөөрөө нүүр рүү  өшиглөөд байсан. Ингээд найз охин Одонжаргал, Отгонлхам Отгонбаяр нар гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. ... Хамар хугарсан. Зүүн нүдний ухархайн яс дотогшоо цөмөрсөн, хагалгаанд яаралтай орно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12910 дугаартай:

“1. Л. А-ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү, доод ханын гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн нийлмэл хугарал, зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 17 дугаар хуудас/

Н.Н-гийн яллагдагчаар өгсөн “... Зүүн гараараа баруун талын шанааны хэсэгт нэг удаа цохисон. Цохиулсаны улмаас А-газар унасан. Унах үедээ баруун мөрөн дээр нь дарсан. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэсэн  мэдүүлэг /хэргийн 57-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Н.Н- нь Л.А-тэй үл ялих зүйлээс хоорондоо маргалдан улмаар  түүний зодож биед зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү, доод ханын гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн нийлмэл хугарал, зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, Н.Н-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэргээс үзвэл хохирогч Л.А-эд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт нийт 310.700 төгрөгийн баримт авагдсан байх тул шүүгдэгчээс хохирогчид уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй.

Хохирогч Л.А-ээс шүүх хуралдаанд “цаашид эмчилгээ хийлгэхэд гарах зардлын талаар” эмчлэгч эмчийн бичиж өгсөн баримтуудыг гаргаж өгчээ.

Энэ баримтуудаар шууд учирсан хохирол, цаашид гарах хор уршгийг бодитой гэж үзэх тооцох боломжгүй тул хохирогч Л.А-нь цаашид гарах гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

  

Шүүгдэгч Н.Н- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасан болно.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Н- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Н.Н-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их Монгол овогт Н-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Н- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-гаас 310.700 гаргуулж хохирогч Л.А-эд олгосугай.

 

7. Хохирогч Л.А- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.           

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.АЛТАНХУЯГ