Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01562

 

МАГАДЛАЛ

2023 08 07 210/МА2023/01562

 

Б.Г, Г.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/03123 дугаар шийдвэртэй,

Б.Г, Г.Э нарын нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/00385 дугаар шийдвэрээр Б.Г, Г.Э нараас 160,613,435 төгрөгийг гаргуулж, Ж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд барьцаалуулсан Б.Г-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот байрлах 1 өрөө орон сууц, мөн Б.Г, Г.Э нарын өмчлөлийн Н дүүрэг, ** дүгээр хороо,  **а гудамж, 4 тоот, Ү-220700**** тоот дугаартай 645 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн **а-2 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай газар, Ни **а-3 тоот 500 м.кв талбайтай газар, Ни 54а-4 тоот 476 м.кв талбайтай газрыг Н-аас 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр болон 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжлээд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хурааж авсан.

1.1. Шийдвэр гүйцэтгэгч нь намайг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуудан эд хөрөнгүүдийн үнийн санал бичүүлж авахад хувийн сууцыг 120,000,000 төгрөгөөр, Н дүүргийн үйлчилгээний обьект болон газрыг 900,000,000 төгрөгөөр тус тус үнэлэсэн. Гэтэл хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, М.Дамдинсүрэнгийн гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 31.4 м.кв талбайтай орон сууцыг 92,800,000 төгрөгөөр, М ХХК-ийн өдрийн хөрөнгийн үнэлгээгээр Н дүүрэг, 4 дүгээр хороо, Ни *а гудамж, ** тоотод байрлах 645 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Ни **а-2 тоотод байрлах нэгж талбарын 1867029717**** тоот дугаартай 500 м.кв талбайтай газар, Ни **а-3 тоотод байрлах 1867029710**** тоот нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай газар, Ни **а-4 тоотод байрлах нэгж талбарын 126041**** тоот дугаартай 476 м.кв талбайтай газрыг тус тус 519,651,800.00 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна.

1.2. Манай 31.4 м.кв талбайтай орон сууц ** дугаар хорооллын дунд замын дэргэд хотын төвийн Б зэрэглэлийн бүсэд байрладаг ба Н дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгө зүүн бүсийн аймгийн төв зам дагуу байрладаг, нийтэд үйлчилгээ үзүүлэх худалдаа үйлчилгээний зориулалттай зоогийн газар болон 8 нэрийн хүнсний дэлгүүр, кофе шоп зэрэг стандартаар барьж байгуулсан газар нь аж ахуйн зориулалт бүхий 2,000 м.кв талбайтай, урдаа зогсоолын орчинтой учир 900,000,000 төгрөгөөр арилжаалах хөрөнгө юм. Эдгээр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байхад шийдвэр гүйцэтгэгч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-220700**** тоот дугаартай үл хөдлөхийн гэрчилгээнд 2018 онд бичигдсэн хувийн сууц, иргэн бүрт олгодог газар гэж хөрөнгийн зориулалтыг буруу тодорхойлж үнэлэхийг шинжээч томилох тухай тогтоолд заасны улмаас зах зээлийн үнэ цэнийг үнэгүйдүүлэх шалтгаан болсон байна. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг бид нарт тайлбарлаж үнийн санал аваагүй, шинжээч томилж үнэлүүлж байгаагаа мэдэгдээгүй, шинжээчийн үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудыг зөрчсөн байна.

Иймд, Ф ХХК болон М ХХК нарын хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 385 дугаар шийдвэрээр Г.Э, Б.Г нараас 160,613,435 төгрөгийг гаргуулж Ж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 65 дугаар байр, 14 тоот, 31.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, Н дүүрэг, ** дүгээр хороонд байрлах Ниийн **а-4 тоотод байрлах 635 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн **а-2 тоотод байрлах 500 м.кв талбайтай газар, **а-3 тоотод байрлах 500 м.кв талбайтай газар, **а-4 тоотод байрлах 476 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байсан.

Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Б.Г, Г.Э нарт шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх мэдэгдэл хугацаа тогтоож өгсөн ч тухайн хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан. Ингээд үл хөдлөх эд хөрөнгө болон газруудыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг хийсэн ч үнийн талар харилцан тохиролцоогүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөдлөнгийн шинжээч томилсон юм.

Ийнхүү хөндлөнгийн шинжээч томилоход Н дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 519,651,800 төгрөгөөр үнэлсэн бол Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг 92,800,000.00 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжпэгч нар нэхэмжпэлийн шаардлагадаа барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэсэн боловч баримтаар нотлоогүй, харилцан тохиролцуулах ажиллагааг хийгээгүй гэж маргасан хэдий ч Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үнийн санал авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шинжээч томилж, эд хөрөнгөд үнэлгээг зохих ёсоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нар манай байгууллагад хандаж өөрсдийн эрхэлдэг бизнест эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул 50,000,000.00 төгрөгийг 12 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн тул бид зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй 50,000,000.00 төгрөгийг олгосон. Мөн зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн 2019 оны 04 сарын 10-ны өдрөөс 12 сар, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 6 сарын хугацаагаар гэрээг сунгасан боловч зээлдэгчид өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Ингээд Баянзүрх дүүргийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/00385 тоот захирамжаар зээлдэгч нараас 160,613,435.00 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Г, Г.Э нар өөрийн нэхэмжпэлийн үндэслэлийг нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжпэл болон нэхэмжпэлд хавсаргасан нбтлох баримт, хариуцагчийн хариу тайлбараас үзвэл шинжээч хууль зөрчиж үнэлгээ гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Зээлдэгч нар Н дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах үйлчилгээний обьектоо газрын хамт 900,000,000.00 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг барьцаа хөрөнгө нь бүрэн баригдаж дуусаагүй буюу 70 хувийн гүйцэтгэлтэй учир зах зээлийн үнийн дүнгээс хямдаар үнэлэгдэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэснээс хойш төлбөр төлөгч нар удаа дараа хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж, хугацаа авч, өнөөдрийг хүртэл төлбөр төлөхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжпүүлэх боломж олгож, нэхэмжпэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Г, Г.Э нарын гаргасан хариуцагч Н-т холбогдох Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220403**** тоот дугаартай 31.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Н дүүрэг, ** дүгээр хороо, Н **а гудамж, ** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220700**** тоот дугаартай 645 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Н дүүрэг, ** дүгээр хороо, Ни **а-2, нэгж талбарын 1867029717**** тоот дугаартай 500 м.кв талбайтай газар, Н дүүрэг, ** дүгээр хороо, Ни **а-3, нэгжталбарын 1867029710**** тоот дугаартай 500 м.кв талбайтай газар болон Н дүүрэг, ** дүгээр хороо, Ни **а-4, нэгж талбарын 126041**** тоот дугаартай 476 м.кв талбайтай газрыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/Ш32023/01949 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.

 5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд дараах үндэслэлээр гомдолтой байна. Үүнд:

5.1. Анхан шаты шүүх Н-т холбогдох дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нар шүүхэд үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь Б.Г, Г.Э нар Н-аас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг шинжээч нар үнэлсэн үнэлгээтэй танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заасны дагуу шүүхэд үнэлгээнд гомдол гаргасан байдаг. Түүнээс биш нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол мэдэгдэл гардаад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан дуудлага худалдааны үнэлгээнд гомдол гаргаагүй харин нэхэмжлэгч Б.Г, Г.Э нар үнэлгээнд гомдол гаргасан.

5.2. Анхан шатны шүүх М ХХК-ийн үнэлгээний тайлан буюу шинжээч үнэлгээг үнэлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлгүй хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Н дүүрэг, ** дүгээр хороо, Ни **а-2 тоотод байрлах 500 м.кв талбайтай газрыг 31,112,500 төгрөгөөр, **а-3 тоот 500 м.кв талбайтай газрыг 31,112,500 төгрөгөөр, **а-4 тоотод байрлах 476 м.кв талбайтай газрыг 29,619,100 төгрөгөөр, нийт 91,844,100 төгрөгөөр үнэлж, Н дүүрэг, ** дүгээр хороо, Ни **а-4 тоотод байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 519,651,800 төгрөгөөр үнэлсэн байна. Хэрэгт авагдсан М ХХКомпаний үнэлгээний тайланд барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 519,651,800 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тайлангийн 4.1.3-т газрын эрхийн үнэлгээний дүгнэлтэд Н дүүрэг, ** дүгээр хороо, Ни **-2 тоотод байрлах 500 м.кв талбайтай газрыг 31,112,500 төгрөгөөр, **а-3 тоотод байрлах 500 м.кв талбайтай газрыг 31,112,500 төгрөгөөр, **а-4 тоотод байрлах 476 м.кв талбайтай газрыг 29,619,100 төгрөгөөр, нийт 91,844,100 төгрөгөөр, тайлангийн 4.1.4-т Өртгийн хандлагыг аргаар тооцсон үнэлгээний нэгдсэн дүн хэсэгт тус бүр гэрчилгээтэй 3 газрын үнэлгээг нэмээд нийтэд нь 91,844,100 төгрөгөөр, Н дүүрэг, 4 дүгээр хороо , Ни **а гудамж, 4 тоотод байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 630,435,900 төгрөг нийт 722,280,000 төгрөг байна гэжээ. Үнэлгээчний тооцолборын хүснэгт, тайлангийн 4.3.-т үнэлгээний дүгнэлтээс харахад үл хөдлөх эд хөрөнгийн хөрөнгийг үнэлэхдээ 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 630,435,900 төгрөг, 3 газрыг 91,844,100 төгрөг, өртгийн хандлагын үнэлгээ 722,280,000 төгрөг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний 70 хувийн гүйцэтгэлтэй бүрэн бус учраас нийт 4 үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 722,280,000 төгрөгөөс 30 хувь бууруулаад барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 519,651,800 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл бодитоор оршин байгаа 1476 м.кв талбайтай 3 газрын өртгийн хандлагын үнэлгээ 91,844,100 төгрөг гэнэт тооцоолборын явцад үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт 4 үл хөдлөх эд хөрөнгийг бүгдийг 30 хувь бууруулан тооцсон байна. Харин тайлангийн тооцоолбороор тооцон үзэхэд 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 630,435,900 төгрөгийг 30 хувь бууруулан тооцоход уг хөрөнгө 441,305,172 төгрөг болох бөгөөд 3 газрыг 91,844,100 төгрөгийг нэмэхэд нийт хөрөнгөний үнэлгээ 533,149,272 төгрөг болж байгаа нь 3 газрыг 13.497.472 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээчин 4 үл хөдлөх эд хөрөнгүүдийг үндэслэлгүй 30 хувь буруулснаар Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасныг зөрчиж, дураараа хямдруулан үнэлсэн байхад шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч нар М ХХКомпаний үнэлгээчин 4 үл хөдлөх эд хөрөнгийг нийт 519,651,800 төгрөгөөр үнэлж ойлгомжгүй байдал үүсгэсэн бөгөөд улсын эрхийн бүртгэлийн газарт бүртгэлтэй 4 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй үл хөдлөл эд хөрөнгүүд байхад ганцхан үнэлгээ өгсөн нь өмчлөгч нар гомдолтой байна. Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан зарчмуудыг мөрдөх үүрэгтэй байна.

5.3. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шийдвэрт тусгаагүй, буцаан олгохоор шийдвэрлээгүй. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд шийдвэр гүйцэтгэгчийн Шинжээч томилох тухай 11/389, 11/390 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 100200300941 дугаар дансанд улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага ихэсгэснийг хүлээж аваагүй шүүх хуралдааныг үргэлжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэртээ тусгалгүй шийдвэрлэсэн байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 6. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар тайлбар гаргаагүй болно.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.Г, Г.Э нар нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 26ы өдрийн 101/ШШ2022/00385 дугаар захирамжаар хариуцагч Б.Г, Г.Э нараас 160,613,435.89 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон 3 газрыг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, 1 өрөө орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус тус битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцжээ.

3.2. Улмаар хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үнийн санал авахаар албан бичиг хүргүүлсэн боловч төлбөр авагчаас шинжээч томилуулах хүсэлт ирүүлсний дагуу Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, М.Дамдинсүрэнгийн гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах, 31.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ф ХХК-ийг, Н дүүргийн ** дүгээр хороо, Ни **а-2 тоотод байрлах 500 м.кв талбайтай газар, **а-3 тоотод байрлах 500 м.кв талбайтай газар, **а-4 тоотод байрлах 476 м.кв талбайтай газар, 645 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгын үнэлгээг тогтоолгохоор 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцжээ.

3.3. Шинжээч Ф ХХК-ийн үнэлгээчин Н.Ц М ХХК-ийн үнэлгээчин Б.Э нар Сангийн сайдаас олгосон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээдүүд байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч нарт хуульд заасан эрх, үүргийг нь 2022 оны 11 дүгээр сарын 18ы өдөр тайлбарлан танилцуулсан байна.

4.1. Шинжээчээр томилогдсон Ф ХХК, үнэлгээчин Н.Ц нь үнэлгээний тайландаа үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг бүрэн тусгаж /зориулалт, байршил, хэмжээ, шинж байдал г.м/, үнэлгээг хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байх тул үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. Шинжээч нь үнэлгээний тайландаа үнэлэгдэж буй орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн гэж тусгасан байх тул шинжээч зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй болно. Иймд Ф ХХК-ийн үнэлгээг хууль зөрчсөн, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх байдал хэргийн баримтаар нотлогдоогүй учраас шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4.2. Харин шинжээч М ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 40/Ш дугаартай үнэлгээний тайланд Н дүүргийн ** дүгээр хороо, **а-2 тоотод байрлах, 500 м.кв талбайтай газрыг 31,112,500 төгрөгөөр, **а-3 тоотод байрлах 500 м.кв талбайтай газрыг 31,112,500 төгрөгөөр, 54а-4 тоотод байрлах 476 м.кв талбайтай газрыг 29,619,100 төгрөгөөр, 645 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгыг 519,651,800 төгрөгөөр тус тус тооцсон атлаа дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн нийт үнэ цэнийг 519,651,800 төгрөг гэсэн нь ойлгомжгүй байх тул үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

4.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2023/15641 дугаар захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгохоор заасан байх тул шүүх улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

 5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/03123 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н дүүргийн ** дүгээр хороо, Ни **а-2 тоотод байрлах, 500 м.кв талбайтай газар, 54а-3 тоотод байрлах 500 м.кв талбайтай газар, **а-4 тоотод байрлах 476 м.кв талбайтай газар, 645 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний М ХХК-ийн 40/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, М.Дамдинсүрэнгийн гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах, 31.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг үнэлсэн Ф ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ...үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Гоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Д.БЯМБАСҮРЭН