Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Н.Н түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н-ын Н-д холбогдох 1705018390333 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо Зүүн нарангийн .... дугаар гудамжны ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар 19 хоногийн хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Н-ын Н-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Н нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 дугаар байрны 1 дүгээр орцны 9 давхарт иргэн Д.Мөнгөншагайгийн нүүр хэсэг рүү гараараа цохиж хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөн биед нь хүч хэрэглэн довтлон халдаж, куртик, малгайг хүч хэрэглэн хууль бусаар авч хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Торгоны зам” зочид буудлын 302 тоотод иргэн Г.Гансүхийн биед хүч хэрэглэн довтолж, хоолойг нь боон ЛЖ К-4 загварын гар утас, 16.000 төгрөгийг хүч хэрэглэн хууль бусаар авч хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сарын 19-нөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 61-825 тоотод иргэн С.Баттулгын биед хүч хэрэглэн халдаж, нүүр хавирга хэсэг рүү өшиглөн гараараа цохиж, Самсунг Галакси Нөт 5 загварын гар утсыг авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авч хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн  11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зүүн Ард Аюушийн 2 дугаар гудамжны 78 тоотод иргэн Б.Батбаяртай маргалдаж улмаар нүүрэн тус газарт өшиглөж эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сарын 19-нөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 61-825 тоотод иргэн С.Баттулгын биед хүч хэрэглэн халдаж, нүүр хавирга хэсэг рүү өшиглөн гараараа цохиж, зүүн доод зовхинд цус хуралт, үүдэн доод зүүн 1-р шүдний сулрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

1. Шүүгдэгч Н.Н нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 13 дугаар байрны 1 дүгээр орцны 9 давхарт иргэн Д.Мөнгөншагайгийн нүүр хэсэг рүү гараараа цохиж хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөн биед нь хүч хэрэглэн довтлон халдаж, куртик, малгайг хүч хэрэглэн хууль бусаар авч хохирол учруулсан болох нь:

Эд зүйлийн үнэлгээ “Куртик эрэгтэй 95.000 төгрөг, малгай эрэгтэй 15.000 төгрөг”. /хэргийн 1 дүгээр хавтас 5 дугаар хуудас/

Хохирогч Д.Мөнгөншагайгийн “Би 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байгаад манай ах Болдбаатар гэртээ ирээгүй хоёр хоносон болохоор ахыгаа 28 дугаар байрны орцны жижүүрээс асуухаар орсон чинь жижүүрийн өрөөнд манай ахын найз Н- гэх залуу Ижлээ гэх ахтайгаа хамт сууж байхаар нь манай ах Болдбаатар орж ирсэн үү гэсэн чинь орж ирээгүй гээд жаахан халамцуу байсан.

... Н- намайг наашаа хүрээд ир ээ гээд лефтний арын хогийн пункерын тэнд аваачаад үгийн зөрүүгүй шанаа руу гараараа цохиод элэгдээд газар унасан чинь хэвлий хэсэг рүү өшиглөөд зодсон. Тэгэж байхдаа миний өмсөж байсан куртик, малгай зэргийг аваад чамайг хүнд хэлэх юм бол ална шүү гээд намайг орхиод явсан. Тэгэхдээ өөрийнхөө өмсөж явсан куртикныхаа дотрыг над руу шидчихээд явахаар нь би хэсэг тэндээ хэвтэж байгаад гараад гэр рүүгээ  хариад бие өвдөөд байхаар нь хэвтэж байгаад орой нь бие өвдөөд болохгүй болохоор нь түргэн дуудаж үзүүлсэн чинь Гэмтлийн эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн. ... Шанаа руу гараараар нэг удаа, элэг рүү гараараа нэг удаа, хэвлийн доод хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж зодсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 7-8 дугаар хуудас/

“... Миний биед тухайн үед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Н-д дээрэмдүүлж зодуулсанаас болоод Гэмтлийн эмнэлэгт 1 хоног хэвтэн эмчилгээ хийлгэхдээ эход харуулсан эмнэлгийн бичгээ шүүх эмнэлгийн эмчид үзүүлсэн чинь дүгнэлт гарсан байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 9-12 дугаар хуудас/

Гэрч Д.Хишигдуламын “... Хаана ямар хүнд зодуулчихсан юм гэж асуусан чинь 28 дугаар байрны Ижлээгийн дүүд нь зодуулчихлаа би зүгээр байж байсан чинь намайг зодоод миний куртик, малгай дээрэмдээд, энэ куртикыг өмс гээд нэг хар өнгийн  куртик өгсөн гээд харуулж байсан. Тэгээд бие нь муудаад байхаар нь орой нь түргэн дуудсан чинь түргэний эмч ирээд Гэмтлийн эмнэлэг аваад явсан. Тэгээд маргааш нь араас нь очих гэсэн чинь шинжилгээгээ өгчихөөд гараад гэртээ эмчилгээ хийлгэ гэж байна гээд хүрээд ирсэн. Тэрнээс хойш гэрээрээ эмчилгээ хийлгээд 3 хоног хараадах гэж хэлсэн байна. ... Гараараа шанаа руу нь цохиж унагаад, дараа нь газар унасан чинь хөлөөрөө өшиглөөд зодоод байсан гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 17 дугаар хуудас/

Гэрч Д.Хажидмаагийн  “... Н- гэх залуутай нэг байр руу хүнтэй уулзах гэж ороод нөгөө хүн нь байхгүй байсан чинь буцаад явж байхдаа хамт явсан залуу нь байрны хажуугийн хогийн пункерын хажууд өмсөж явсан малгай пункерыг нь авах гээд зодож биед нь гэмтэл учруулаад тэгээд малгай куртикыг нь аваад явсан гэж өөрөө надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 19 дүгээр хуудас/

Гэрч Б.Ижилбаатарын “... Зан байдлын хувьд архи уучих юм бол их түрэмгий зантай хэний ч үгэнд ордоггүй, дээрэлхүү зантай болчихдог, эрүүлдээ бол зан сайтай, урд өмнө хутга, дээрэм, хүчингийн хэргээр 5 удаа ял шийтгэл эдэлж байсан өнгөрсөн зун 7 дугаар сард хуулийн тэгшитгэлээр шоронгоос суллагдсан. ... Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 22-23 дугаар хуудас/

Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Өвчний түүх /хэргийн 1 дүгээр хавтас 145-152 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Торгоны зам” зочид буудлын 302 тоотод иргэн Г.Гансүхийн биед хүч хэрэглэн довтолж, хоолойг нь боон ЛЖ К-4 загварын гар утас, 16.000 төгрөгийг хүч хэрэглэн хууль бусаар авч хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Гансүхийн “Би 2018 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Торгоны зам гэсэн хаягтай зочид буудлын 302 дугаарт өрөө авч орж амарсан.  Ингээд 15-ны өдрийн өглөө 06 цагийн орчимд гаднаас хаалга тогшоод байхаар нь би хаалгаа тавьж өгөөгүй бөгөөд орондоо хэвтэж байхад ресепшин гаднаас түлхүүрээрээ онгойлгон хоёр залуугийн хамтаар орж ирсэн бөгөөд нөгөө хоёр залуу нь ресепшинд миний найз гэж хэлсэн байсан. Ингээд ресепшин нь хаалга онгойлгож өгчихөөд өөрөө шууд доошоо буугаад явчихсан. Тэгтэл тэр хоёр залууг гайхаад орноосоо өндийхөд нэг нь миний хажуугаар орж ирээд хэвтэх гэхээр нь босох гэтэл араас хоолой боосон. Ингээд би боолгуулаад ухаан алдах гэж байхад нөгөө залуу нь миний утсыг ширээн дээрээс аваад миний кодыг хэлүүлж утас нэгээд өөрийнхөө сим картыг миний утсанд хийгээд намайг цуг дагуулан авч гарсан бөгөөд Дүнжингараваас лавлагаа аваад банк орж данснаасаа мөнгө авч өг гэхээр нь би эмнэлэг орчихоод ирье гээд тэр хоёр залуугаас бултсан.  ... Буудлын ресепшн залуу над руу утасдаад чиний өрөөнд өглөө хоёр залуу хоёр хүүхэнтэй ирчихээд байна гэхээр нь би цагдаа дагуулаад буудалдаа очсон.

... Уг хоёр залуугийн нэг нь өмнөх орой нь буюу 14-ний өдрийн 23 цагийн орчимд найз Оргилын машинд сууж явсан юм шиг байсан. Найз Оргилтой хамт явж байсан найзынх нь танил юм шиг байсан. Тэгээд Оргил нь найз маань эмнэлэгт хэвтэхээр ирсэн энд буудалд оруулсан өглөө авна гэснийг нь сонсож миний нэрийг тогтоож авсан юм шиг байсан. Өглөө ресепшнд миний нэрийг Сүхээ гээд найз маань байгаа эмнэлэгт хэвтэж хагалгаанд орох гэж байгаа өрөөндөө үхчихээгүй байгаа хурдан хаалгыг нь тавь хаалгыг нь тогшоод онгойлгохгүй байна гээд хаалга гаднаас онгойлгуулсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 80-81 дүгээр хуудас/

“... Энэ өдрийн орой манай найз Оргил над дээр ирж хоол цай дөхүүлж өгсөн. Эхлээд Оргил ганцаараа орж ирсэн ба гарч яваад эргэж ирэхдээ Оргил Баатраа гэх найзтайгаа орж ирж тамхи өгсөн. Энэ үед Н- гэх хүн нь тэр хоёртой хамт яваа бололтой үүдэн орж ирсэн. Нөгөө гурав удаагүй буцаад гараад явсан.

Ингээд 15-ны үүрээр 06 цагийн орчимд хаалга хүчтэй нүдээд Сүхээ, Сүхээ гээд орилоод байсан. 30-40 минут нүдсэн би хаалгаа тайлж өгөөгүй. Ингээд хэсэг чимээгүй болсоны дараа буудлын ресепшин манай өрөөний хаалгыг тайлж өгчихөөд яваад өгсөн. Араас нь Оргилтой хамт явж байсан Н- гэгч нь  нэг согтуу залуутай ороод ирсэн. Би босоод гарах гэтэл Н- суул даа юм яръя гээд байсан. Би ярих юм байхгүй, одоо эмнэлэг явлаа гэхэд Н- нь миний араас боож аваад мөнгө, төгрөг эд зүйлсээ гаргаад ир гэсэн. Би боолгуулаад гарыг нь тавиулах гэж оролдтол Н- миний нүүр рүү нэлээн хэдэн удаан цохиж авсан ба би боолгоод муужирах гэж байх үед нөгөө хамт орж ирсэн залуу нь Н-гийн гартай ноцолдож байж намайг салгуулсан. Тэгээд би босоод хамраас гарсан цусаа цэвэрлэж байхад Н- миний цэнэглэж байсан утсыг аваад кодоо хэл би утсаар чинь хүнтэй яриадхая гэсэн. Тэгээд би кодоо хэлж өгсөн. Ингээд утсаар залгах гэснээ шууд миний симийг гаргаж хаяад өөрийнхөө симийг гаргаж миний утсанд хийгээд яриад байсан. Хэнтэй ярьсаныг мэдэхгүй.

... Тэгээд хэсэг байж байгаад байгаа мөнгөө өгчих гэсэн. Тэгэхээр нь би надад мөнгө төгрөг байхгүй гэхэд чи хөдөөнөөс ирчихээд яахаараа мөнгөгүй байдаг юм гэсэн.

... Н-тэй хамт явсан залуу бол надад гар хүрсэн асуудал байхгүй. Харин намайг боолгож байхад Н-гээс салгасан. Н- надаас бэлнээр 16.000 төгрөг, миний гар утасны хамт аваад явсан. Гар утсыг маань танихгүй хүнд 45.000 төгрөгөөр зарсан байсныг би олж мөнгийг нь өгч утсаа авсан байгаа. Надад ямар нэгэн хохирол бол одоо байхгүй болно” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 15-16 дугаар хуудас/

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан “ LG K-4 маркийн  гар утас 228.000 төгрөг”. /хэргийн 1 дүгээр хавтас 82-86 дугаар хуудас/

Гэрч Б.Цэрэндэжидийн “... үүрээр найз нь гэж ирсэн 2 залуу нь буцаж ирээд нөгөө Гансүхийн өрөөний хаалгыг нүдээд байсан. Нэлээн нүдээд байсан. Ойр орчмын хүмүүс уурлахаар нь би очоод яах гээд байгаа юм бэ гэж асуухад нэг нь би өдөр ирсэн ш дээ, найз дээрээ орох гэсэн юм гэхээр нь би хаалгыг нь онгойлгож өгчихөөд явсан. Үүрээр ирсэн 2 залуу өрөөнд нь үлдсэн. Өрөөнд нь хэсэг байж байгаад гарч яваад дахиад 2 хүүхэн дагуулаад өрөөнд нь орсон. Тэгэхээр нь би Гансүх рүү залгаад өрөөнөөсөө гарах юм уу өрөөнд чинь орсон хоёр залуу дахиад 2 хүүхэн дагуулаад ирлээ гэхэд Гансүх  “наадуул чинь дахиад ирсэн юмуу наад хоёр чинь намайг боож байгаад миний утсыг авсан юм, битгий гаргаарай, би цагдаа дагуулаад очъё” гэхээр нь би “за, гаргахгүй байж байя” гэсэн. Удалгүй цагдаа нар ирсэн ба араас нь Гансүх нь ирсэн. Өрөөнд орсоны дараа бол ямарч чимээ гараагүй. Харин гарсаных нь дараа өрөөнийх нь хивсэн дээр нэлээд цус болсон байсныг цэвэрлэсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 26-28 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. 2018 оны 09 дүгээр сарын 19-нөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 61-825 тоотод иргэн С.Баттулгын биед хүч хэрэглэн халдаж, нүүр хавирга хэсэг рүү өшиглөн гараараа цохиж, Самсунг Галакси Нөт 5 загварын гар утсыг авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авч хохирол учруулсан, С.Баттулгын биед хүч хэрэглэн халдаж, нүүр хавирга хэсэг рүү өшиглөн гараараа цохиж, зүүн доод зовхинд цус хуралт, үүдэн доод зүүн 1-р шүдний сулрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч С.Баттулгын “2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр би Сансарт явж байтал өмнө нь дотно харилцаатай байсан Энхбат гэж эмэгтэй над руу утсаар яриад чамайг дайлах гэсэн юм гээд гэртээ дуудсан. ... Батчимэг Энхбат хоёр болохоор архинаас уусан. Ингээд цаг орой ч болсон би Энхбатын хүүхэдтэй нь тоглож байгаад муудаад унтаад өгсөн. Тэгээд шөнө 02-03 цагийн орчимд нэг хүн намайг татаад орноос унагаад зүүн талын хавирга зүүн шанаа хамар руу өшиглөсөн. Тэгээд би юу болов гээд ухаан орсон  бөгөөд Энхбат, Батчимэг хоёр боль гээд байх шиг байсан. Тухайн үед хоёр танихгүй залуу байсан. Нэг нь наадхаа алчих гээд байсан. Тэгээд Батчимэг, Энхбат хоёр тэр хүмүүсийг гаргаад явуулчих шиг болсон. Тэгээд би халаасаа уудлаад үзтэл миний гар утас байхгүй байсан бөгөөд утас хаана байгаа талаар Энхбатаас асуухад миний гар утсыг хайж байгаа орны доороос миний Нокиа гар утсыг гаргаж өгсөн. Ингээд 10-15 орчим минутын дараа цагдаа ирсэн. Тэгээд цагдаад бичиг баримтаа үзүүл гэхэд би өөрийнхөө үүрч явсан хар өнгийн үүргэвчийг үзтэл түрийвч маань бас байгаагүй. Түрийвчинд маань иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, Хаан банкны виза карт автобусны карт, бэлэн 230.000 орчим төгрөг байсан. Цагдааг ирэхэд бол би нилээд согтолттой байсан бөгөөд эрүүл болохоороо өргөдлөө өгөөрэй гэж байсан.

... Би маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 88-89 дүгээр хуудас/

Гэрч Б.Батчимэгийн “... Ингээд цагийг нь мэдэхгүй байна, харанхуй болсон байсан би ч нилээд муудсан. Энэ үед Н- уурхайн дарга гээд нэг хүнтэй хамт ирсэн бөгөөд тэр хоёр ирэхдээ 1 шил 0,75 литрийн Соёрхол архи авч ирсэн. Тэгээд Энхбат бурханыхаа доороос 2,5 литрийн ундааны савтай нэрмэл архийг Н-д өгсөн. ... Тэгээд Баттулга 2 утас, түрийвч алга болсон байна гэхээр нь би цагдаа дууд гэсэн.  ...Нөгөө утас нь бол точтой утас байсан бөгөөд тэр утсыг нь олоогүй. Энэ талаар дуудлагаар ирсэн цагдаа мэдэж байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 90 дүгээр хуудас/

Гэрч Н.Энхбатын “ ... Тэгээд Батчимэг рүү Н- гээд найз нь залгасан бөгөөд Н-г хүрээд ир гээд дуудчихсан юм.  ...Тэгээд Баттулга Н- хоёр маргалдах гээд байсан бөгөөд би хоёулаа миний найзууд байж битгий маргалдаад бай гэж хэлж байснаа санаж байна. Тухайн үед би өөрөө ч гэсэн нилээд согтсон байсан юм. Тэгээд өглөө боссон чинь Баттулгын нүд нь хөхөрчихсөн байсан бөгөөд танай найз чинь намайг цохьчихоод явчихлаа гээд байсан. ... Баттулга Н-тэй маргалдаж муудалцсан. Н-д зодуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 92 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11484 дугаартай:

“1. С.Баттулга-н биед зүүн доод зовхинд цус хуралт, үүдэн доод зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 96 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн  11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зүүн Ард Аюушийн 2 дугаар гудамжны 78 тоотод иргэн Б.Батбаяртай маргалдаж улмаар нүүрэн тус газарт өшиглөж эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Батбаярын “Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ ажилтай өнжиж байхдаа 1 пиво уугаад эхнэр Нандинчимэгтэй байж байсан чинь найз Мягмардагва хөл нь хугарсан гэртээ харьж байсан чинь хөл нь өвдөөд амрах гээд манай гэрт орж ирээд хэвтэж байсан.

... Эрдэнэ-Олзод намайг шалан дээр унагаасанд би өндийх гэхэд Н- миний эрүүний зүүн хэсэг рүү гутлаараа 1 өшиглөсөнд миний амнаас цус гараад ухаан балартсан. Нэг ухаан орсон чинь нил цус шалаар асгарчихсан. Эрдэнэ-Олзод, Н- 2 явчихсан. Энх-Оргил үлдсэн байсан. Тэгээд би ГССҮТ-рүү очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад эрүү хугарсан, буйл задарсан гэмтлүүд учирсан гээд эмнэлгийн анхны тусламж аваад гэртээ харьсан.

... Эрдэнэ-Олзод намайг цохиж зодсон зүйл байхгүй. Бид хоёр хамт газар унаад л би өндийх гэсэнд Н- намайг ганцаараа өшиглөж зодсон.

... Би Н-гээс өөрийн биед учирсан гэмтлүүдийг эмчлүүлэх зардал мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Эмчилгээний зардал мөнгөө гаргуулчихвал өөр санал гомдол гэх зүйлгүй. Одоогоор миний эмчилгээний зардал ойролцоогоор 1.000.000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ гарсан байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 124-126 дугаар хуудас/

Гэрч Т.Эрдэнэ-Олзодын “Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр урьд хамт шоронд хоригдож байсан найз Н- намайг хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь хамт Батбаярынд очъё бид хоёр жоохон асуудал маргаантай байгаа юм хамт очиж хоёулаа ярилцъя гээд замаараа 1 шил 05 литрийн Хараа архи аваад 12 цагийн үед санагдаж байна Батбаярынд бид хоёр очсон чинь Батбаярын гэрт Батбаяр эхнэр, найз нарыхаа хамт согтуу, тэр найз нь тасраад унтчихсан, эхнэр нь бас согтуу байцгааж байхаар нь Н-д бид хоёр ороход хамт бас нэг танихгүй залуу орж ирсэн.

... Батбаяр согтуу байсан болохоор хөл алдаад бөгсөөрөө хойшоо суусан чинь Н- миний хажуугаар гараад Батбаяртай барьцалдаж аваад өшиглөөд, өнхөрөлдөөд зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би Н-г салгаад аваад гарсан. Маргааш нь билүү нөгөөдөр нь Батбаяр эрүү хугарчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батбаяр, Н- нарыг таньдаг болохоор эвлэрэг гэж бодоод Батбаярт эмчилгээнд нь нэмэрлэж нийт 1.050.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 128 дугаар хуудас/

Гэрч С.Нандинчимэгийн “ ... би дундуур нь ороод унтаж байгаа хүмүүсийг тайван орхи гэсэн чинь Олзод намайг түлхэхээр нь би унасан чинь Батбаяр босч ирээд жирэмсэн хүн түлхлээ гээд босоод ирсэн. Араас нь Мягаа босох гэхээр нь би чи хөл муутай юм байж хэвт гээд хэвтүүлээд эргээд харсан чинь Батбаярын нүүр нь цус болчихсон сууж байсан. Тэгэхээр нь юу болвоо яачив гэсэн чинь Олзод, Н- хоёр гараад явчихсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 130 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №849 дугаартай:

“1. Б.Батбаярын биед эрүү ясны хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 137 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэргүүдийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр, 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө тус тус гэмт хэрэг үйлдсэн тул гэмт хэрэг үйлдсэн этгээд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд нь шинээр тоолно гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Нгийн хувьд хэргийн  хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. 

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Н.Нгийн урьд ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар гэмт хэрэг тус бүрд нь оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг нь тогтоох нь зүйтэй.

 

Хохирогч Д.Мөнгөншагай нь “одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэсэн /хэргийн 1 дүгээр хавтас, 12 дугаар хуудас/, хохирогч Г.Гансүх нь “Надад ямар нэгэн хохирол бол одоо байхгүй болно” гэсэн мэдүүлэг, /хэргийн 2 дугаар хавтас 15-16 дугаар хуудас/ хохирогч Б.Батбаяр нь “Эрдэнэ-Олзод надад элдэв асуудал гаргаад яахав дээ гээд 1,2 сая төгрөг эмчилгээндээ зарцуулаарай гэж өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас, 19 дүгээр хуудас/ өгсөн тул шүүгдэгч Н.Н нь дээрх хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Харин хохирогч С.Баттулга нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй ба бие маань өөрөө эдгэсэн байгаа, гар утасны мөнгө 220,000 төгрөг, бэлэн мөнгөтэй түрийвч зэргээ нэхэмжилнэ” гэжээ. /хэргийн 2 дугаар хавтас, 140 дүгээр хуудас/

Иймд шүүгдэгч Н.Нгээс үнэлгээгээр тогтоогдсон С.Баттулгын Галакси нөт 5 гар утасны үнэ болох 270.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Баттулгад олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Н-гийн үйлдсэн хэргийн шинж чанар, түүний удаа дараа ял шийтгүүлж байсан, засарч хүмүүжээгүй байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Н-г 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны хүртэл цагдан хоригдсон, 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс өнөөдрийг хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон нийт хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцвол зохино.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Н-ын Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Н.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн 1.000.000 төгрөгийн торгох ялаар тогтоож, уг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 66  хоногийн хорих ялаар  тогтоож уг ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн Н.Нгийн эдлэх ялыг 5 жил 66 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н.Нд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Н.Нгийн энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон 241 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Нгээс 270.000 төгрөг гаргуулж хохирогч С.Баттулгад олгож, бусад хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Н.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ