Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 134/ШШ2016/00089

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Г-ийн нэхэмжлэлтэй П-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 46 тоот тушаалаар тус сургуулийн физикийн багшийн ажилд томилогдсон. Түүнээс хойш тасралтгүй 7 жил тус сургуульд ажиллаж байна. Ажиллах хугацаандаа физикийн багш, мэргэжлийн боловсролын тэнхмийн эрхлэгч, ерөнхий эрдэм инженерийн суурь онолын тэнхмийн эрхлэгч, сургалтын албаны дарга, сургалтын албаны менежер, сургалтын алба хариуцсан менежерээр ажиллаж байгаад Говьсүмбэр аймаг дахь П захирлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/56 тоот тушаалаар ажлаас халагдсан. Иймд дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа болно.

          1.Тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажилдаа хариуцлагагүй хандаж сахилгын зөрчил гаргасан гэж үзээд ажлаас халсан. Би өөрийгөө сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхгүй байна.

          2.Би 2015 оны 09 дүгээр 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж өнөөг хүртэл энэ гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байсан. Уг гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг тухайлан заагаагүй тул хөдөлмөрийн гэрээг шууд зогсоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

          3.Хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ажилтан Д.М менежер Ц.М 2014-2015 оны хичээлийн жилд төгссөн сурагчдын Б маягт, үнэмлэхний хуулбарын хамт шалгаж байх хугацаандаа надаас бичилт хийгдээгүй үнэмлэх засвартай, үнэмлэхээ аваагүй, суралцагчдын бичиг баримттай танилцан үлдсэн бүх үнэт цаас, бичилт хийсэн үнэмлэх, ромбо зэргийг хураан авч бичиг хэргийн ажилтан Жаргалмаад хүлээлгэн өгсөн. Захирал С.У нь та алба хариуцаж байгаа учраас танд хариуцлага тооцно гэхэд нь би нэг ч удаа сануулах арга хэмжээ авагдаж байгаагүй, би заавал сургалтын алба хийх шаардлагагүй, арга хэмжээгээ авахуулаад багшаа хийе, бас эмнэлэгт хэвтэх гээд дугаараа хүлээж байгаа гэж хэлсээр байтал намайг ажлаас халсанд гомдолтой байна.

          Иймд намайг Говьсүмбэр аймаг дахь П сургалтын алба хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах, 2015-2016 оны ээлжийн амралтын цалинг гаргуулах шаардлагыг нэмэгдүүлсэн гаргажээ.

 

  Нэхэмжлэгч Л.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нь намайг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Говьсүмбэр аймаг дахь П Сургалтын алба хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2015-2016 оны ээлжийн амралтыг олговрыг бодож олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон тул би 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаасаа миний бие татгалзаж байна гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М болон түүний өмгөөлөгч Л.Д нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу хоорондоо сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож талууд болон зохигчид хоорондоо эвлэрэх болсон тул бидний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж тайлбар гаргаж байна гэв.

 

Зохигчид хоорондоо: ...Нэхэмжлэгч Л.Г нь нэхэмжлэлийн анхны шаардлага болох ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах шаардлагаасаа татгалзаж /2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл/, хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П нь нэхэмжлэгч Л.Г 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн Сургалтын алба хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоох, 2015-2016 оны ээлжийн амралтын олговрыг бодож нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлагыг хүлээн зөвшөөрч зохигчид тохиролцсон тул энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

                  Нэхэмжлэгч Л.Ганчимэг нь Говьсүмбэр аймаг дахь П холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2015-2016 оны хичээлийн жилийн ээлжийн амралтын олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэмэгдүүлсэн боловч талууд дараах байдлаар эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул  тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШЗ2016/00540 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон,  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч Л.Г нь нэхэмжлэлийн анхны шаардлага болох ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах шаардлагаасаа татгалзаж /2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл/, хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П нь нэхэмжлэгч Л.Г2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Говьсүмбэр аймаг дахь П Сургалтын алба хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоох, 2015-2016 оны ээлжийн амралтын олговрыг бодож нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлагыг хүлээн зөвшөөрч зохигчид харилцан тохиролцсон байна.

 

Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

          Мөн талууд эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар  харилцан тохиролцож, хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П  нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35 100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулахаар заажээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШЗ2016/00540 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Г нь нэхэмжлэлийн анхны шаардлага болох ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах шаардлагаасаа татгалзаж /2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл/, хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П нь нэхэмжлэгч Л.Г-ийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Говьсүмбэр аймаг дахь П Сургалтын алба хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоох, 2015-2016 оны ээлжийн амралтыг олговрыг бодож нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлагыг хүлээн зөвшөөрч, зохигчид хоорондоо эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П улсын тэмдэгтийн хураамжинд 35 100 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 4.Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 5.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.НАРАНЧИМЭГ