Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01548

 

 

 

 

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01548

 

  

Ж.Б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/01674 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Б-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Н-т холбогдох,

Т маркийн **-** Б** улсын дугаартай автомашиныг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Миний бие 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зарын дагуу Т.Г-оос АЖ15003**** тоот арлын дугаартай, Т маркийн тээврийн хэрэгслийг 12,840,000 төгрөгөөр худалдаж авсан.

1.1. Миний бие Т.Г-ыг танихгүй, зарын дагуу холбогдож, бичгээр гэрээ хийхгүйгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн авсан. Уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаанд бүх татвар, хураамжийг төлж, эзэмшил, ашиглалтандаа байлгаж байна.

Гэвч Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврын дагуу Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.А 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр надтай уулзаж, миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх талаар мэдэгдсэн. Уг өдөр 01 дугаартай эд хөрөнгө битүүмжпэх тухай тогтоолыг үйлдэж, миний өмчлөлийн **-** Б** улсын дугаартай, АNН15003**** тоот арлын дугаартай, Т маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн. Тус хөрөнгийг битүүмжилсэн шалтгааныг шүүхийн шийтгэх тогтоолд энэ машиныг худалдан борлуулж, хохирол барагдуулах талаар заасан гэх тайлбар хэлсэн. Тодруулбал, төлбөр төлөгч Д.Г, Д.О, Д.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг барагдуулахын тулд тус этгээдүүдийн хөрөнгийг худалдан борлуулах агуулгатай шүүхийн шийдвэр гарсан байна. Уг этгээдүүдийн бусдад учруулсан хохирлыг миний өмчлөлийн тээврийн хэрэгслээр барагдуулж байгааг ойлгохгүй байна.

1.2. Уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт холбогдолгүй этгээдээс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өмчлөлдөө шилжүүлж авсан байтал 2021 онд гарсан шүүхийн шийдвэрээр миний өмчлөлийн тээврийн хэрэгслээр хохирол барагдуулах гэж байгааг ойлгохгүй байна. Шийдвэр гаргахдаа миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг бичсэн нь санамсаргүй алдаа гарсан байж болзошгүй гэж үзэж байна. Миний бие бусдад шүүхээр тогтоогдсон өр төлбөргүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зүйлгүй. Иймд миний өмчлөлийн **-** Б** улсын дугаартай, ANH1500**** тоот арлын дугаартай, Т маркийн тээврийн хэрэгслийг 2241**** дугаартай гүйцэтгэх баримт бичгийн битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасч өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1032 дугаар шийтгэх түүхийн тогтоолоор 7,265,839,072 төгрөг гаргуулах шийтгэх тогтоолын дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны 2241**** дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан **-** Б** улсын дугаартай тээврийн хэрэгсэл тухайн төлбөр төлөгч нарын хохиролд тооцуулахаар гаргасан шүүхийн шийтгэх тогтоолд нэрлэн заасан хөрөнгө юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тухайн тээврийн хэрэгсэл нь Баян-Өлгий аймагт байсан. Манай байгууллагаас Баян-Өлгий аймаг руу 2022 ны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22410255/05 тоотыг явуулж, Баян-Өлгий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн тээврийн хэрэгслийг битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг нэхэмжлэгчид үлдээсэн. 389 төлбөр авагчийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар Н-тхолбогдох **-** Б** дугаартай АNH15003**** тоот арлын дугаартай Т маркийн тээврийн хэрэгслийг 2241**** дугаартай гүйцэтгэх баримт бичгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасах тухай Ж.Б-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.1. Эд хөрөнгө битүүмжлэх, хураах нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах ажиллагаа болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8.2-т заасан бөгөөд тус ажиллагаатай холбоотой буюу эд хөрөнгийн өмчлөлийн маргаан гарсан тохиолдолд өмчлөлийн талаар шүүхэд гомдлоо гаргах эрхийг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зохицуулсан байна. Иймд шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Мөн хэрэв хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх харьяалан шийдвэрлэхгүй гэж үзэж байгаа бол анхнаасаа иргэний хэрэг үүсгэхгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан.

4.2. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн /ШЦТ/1032 дугаар хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын дагуу битүүмжилсэн буюу шүүхээс нэгэнт уг асуудлыг шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж дүгнэсэн. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлтйн 122.1 дэх хэсэгт зааснаас үзвэл нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргаж, хууль ёсны эрхээ хамгаалуулах эрхтэй байна.

Дээрх шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор төлбөр төлөгч Д.Г, Д.Б, Д.О нараас 7,265,889,273 төгрөгийн төлбөрт нэрлэн заагдсан 35, 36 хөрөнгийг худалдан борлуулж, төлбөр барагдуулахаар 392 иргэнд олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Манай байгууллагад 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа үүсгэж, эхэлсэн. 39-98 улсын дугаартай тээврийн хэрэгслийг төлбөр төлөгч нарын төлбөр барагдуулах эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах нэхэмжлэл гаргасан. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, 3 шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа. Тухайн хөрөнгө Баян-Өлгий аймагт байдаг. Баян-Өлгий аймаг руу албан даалгавар явуулсан. Эд хөрөнгийн өмчлөгч гэх хүн хөрөнгөө аваад зугтаагаад алга болсон. Тээврийн хэрэгсэл олдохгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, түүний гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээв.

 2. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Н-т холбогдуулан Т маркийн **-** Б** улсын дугаартай автомашиныг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2020/МШМ/145 дугаар магадлалаар шүүгдэгч Д.Б, Д.Г, Д.О нараас 7,265,839,273 төгрөг гаргуулж нэр бүхий 389 хохирогчид олгох, **- Б** улсын дугаартай Т маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгч нарын хувьд ногдох хэсгээс төлбөрийг албадан гаргуулахыг даалгаж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 770 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Хан-Уул дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 22410789 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, дээр дурдсан тээврийн хэрэгслийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжилж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлджээ.

 3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн шийдвэрийг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2020/МШМ/145 дугаар магадлалаар ял шийтгүүлсэн шүүгдэгч Д.Б нь Баянгол дүүрэг, шүүгчдэгч Д.Г болон Д.О нар нь тус тус Хан-Уул дүүрэгт орших суух бүртгэлтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн хэлтэс харъяалан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасныг буруу гэж дүгнэхгүй юм. Иймд анхан шатны шүүх энэ маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хамаарахгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

3.2. Нэхэмжлэгч Ж.Б-ны өмчлөлийн дээрх тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай 01 тоот тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д заасантай нийцжээ.

Өөрөөр хэлбэл, Ж.Б-ны өмчлөлийн тээврийн хэрэгслийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх байгууллага битүүмжилснийг хууль зөрчсөн гэж дүгнэхгүй юм.

 Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр явуулсан гэж дүгнэх боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/01674 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 Д.БЯМБАСҮРЭН