Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч О.Ч- түүний өмгөөлөгч Э.Туул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Даалай овогт О-ын Ч-эд яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805042021227 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “.............” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг ...  дугаар хороо ........ дүгээр гудамжны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Даалай овогт О-ын Ч-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.Ч- нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ч- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Б.Б-ийн “...Зам дагуу алхаж байхад хажуугаар согтуу 3 залуу зөрсөн.  Миний хажуугаар гарахдаа намайг Вьетнам байна гээд хэл амаар доромжлоод дайрч эхэлсэн. ...Тэгсэн чинь туранхай цэнхэр өнгийн цамц өмсчихсөн шар царайтай залуу зам цэвэрлэж байсан хүний шүүрийг аваад миний араас шидсэн. Тэгэхээр нь миний дургүй хүрээд яагаад байгаа юм бэ гэж хэлээд ойртоход намайг сахалтай ахимаг 30 орчим насны хүн намайг зайл гээд түлхсэн.

          Тэгэхээр нь би буцаагаад түлхсэн. Тэгсэн чинь жижиг биетэй бондгор залуу над руу гүйгээд ойртоод ирэхээр нь би барьж аваад газар бөгсөөр нь татаж суулгасан. Тэгсэн чинь замын цаанаас бараан царайтай намхан туранхай залуу бас гүйгээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би зугтчихсан.  ... ахимаг насны хүн миний толгойг доош доошлуулаад байж байсан чинь жижиг бондгор залуу нь миний нүд рүү гүйж ирээд цохичихсон. Тэр даруйдаа миний нүднээс цус гарсан. Тэгээд намайг цохисон залуучууд зугтаах гэхээр нь би нэг туранхай шар залууг нь барьж аваад ажил руугаа чирж оруулах гээд зууралдаж эхэлсэн. ... Эмчилгээний зардал 2.500.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг, алданги 1.720.000 төгрөг нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/          

          “Надад эмчилгээний зардал гэж 1.750.000 төгрөг өгсөн байгаа. Одоо би дахиж эмчилгээ хийлгэнэ. Тэр эмчилгээ болон бусад зардал нь ойролцоогоор 2.762.000 төгрөгний эмчилгээ шаардлагатай байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

          “... Отгонбаатар намайг заамдаад зогсож байхад Ч- ирээд миний нүд рүү цохисон. Намайг ноцолдож байхад энэ тэндээс хэн нь мэдэгдэхгүй цохиод газар унагаагаад байсан. Хохирлын мөнгөө гаргуулж авмаар байна. Ирээдүйд миний гэмтсэн нүдэнд асуудал тулгарвал яах вэ гэж бодоод байна. Миний нүдэнд гэмтэл учруулсан хүнийг хариуцагчаар татаж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 137 дугаар хуудас/

 

          Гэрч Г.Даваадалайгийн “Би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээ 9 цаг өнгөрч байхад утас дугараад Б- над руу залгаад гараад ир гээд дуудахаар нь би гарч очиход Б- үл таних дөрвөн хүнтэй маргалдаад зогсож байсан. ... Б-ийг өндийх зуур хар цамцтай залуу нь хоолойг нь боосон. Саарал фудволктой нэг залуу нь Б-ийн гарнаас нь барьчихсан байсан. Тэр үед Б- дахиж тонгойсон. Жижиг махлагдуу залуу нь нүд рүү нь цохисон. Тэр хавьд байсан машинтай байсан хүмүүс цагдаа дуудлаа гээд байсан чинь нөгөө танихгүй залуучууд хаяад зугтаах гэж байхаар нь жижигхэн туранхай залууг нь барьж үлдсэн. ... Би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9798 дугаартай:

          “1. Б.Б-ийн биед ухайрхайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зовхинд шарх, баруун бугалга, гуя, шилбэнд цус хуралт, баруун, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

          2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 27 дугаар хуудас/

 

          Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “Зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт дээд зовхинд шарх гэсэн гэмтлүүд нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/

 

          Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өвчний 17427 дугаартай түүх. /хэргийн 164-177 дугаар хуудас/

 

          О.Ч-ийн яллагдагчаар өгсөн “ Надтай цуг явж байсан хүмүүс цохиогүй ээ. Би л халдаж цохисон. Би Б-ийг газар унагаасан учир би учруулсан байх. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэсэн мэдүүлэг /хэргийн 94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч О.Ч-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч  Б.Б- “...Хохирогч нь цаашид хамрын хугарлаа засуулах зардлаа  урьдчилан нэхэмжилсэн бөгөөд өмгөөлөгчийн зардал, олох байсан орлогоо тооцож нэхэмжилсэнийг яллагдагч төлсөн болохыг мөн хохирогчтой эвлэрэн хэлэлцэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүсэлтээ харилцан илэрхийлж байна” гэсэн  баримтанд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хэргийн 197-198 дугаар хуудас/

Иймд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Ч- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Даалай овогт О-ын Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ч-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  О.Ч- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  О.Ч- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, О.Ч- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал  хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ч-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ